Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүргийн PCR шинжилгээний лаборатори тун удахгүй иргэдэд үйлчилж эхэлнэ

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хүн бүр дор бүрнээ хичээж энэ цаг үед төр засгийн шат шатны байгууллагууд хэрхэн бэлэн байдал ханган ажиллаж байгаа талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа. Дүүргийн Засаг дарга бол тухайн дүүргийнхээ өдөр тутмын ажлыг хариуцдаг чухал алба. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдлын талаар эхэлье? Чингэлтэй дүүрэгт одоогийн байдлаар батлагдсан 43 тохиолдол байгаа. Шинэ тохиолдол бүртгэгдээгүй голомт үүсээгүй байна. Иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээ авах 3 цэг дүүргийн 39, 50, 72 дугаар сургуулиудад байрлаж байна. Иргэд цахимаар цагаа аван шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Мөн явуулын шинжилгээний баг ажиллаж байна. Батлагдсан тохиолдлын оршин суудаг хаягт айлуудаас давтан шинжилгээг авч байна. Одоогоор дам хавьтлаар тогтоогдож тусгаарлах байранд 45 хүн, гэрийн тусгаарлалтад 564 хүн байна. Цар тахлыг бид дотооддоо нэлээд хугацаанд барьж чадлаа. Гэвч одоо бид үүнтэй нүүр тулж, дасан зохицох шаардлага гарч байна. Цар тахал эрчимтэй тархаж, бид нүүр тулаад байна. Эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримталж байна вэ? Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын ор, хамгаалах хэрэгсэл, хангамж ер нь ямар байгаа бол? Цар тахлыг тархаахгүй, голомтын халдваргүйтлийг хумих чиглэлээр бүгд дор бүрнээ хичээн ажиллаж байна. Энэ зөвхөн төр засгийн, мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой ажил огт биш. Хамгийн гол зүйл бол иргэдийн ухамсар, хариуцлага. Мэдээж төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн дагуу халдваргүйжүүлэлт, ариутгал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр дагаж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Манай дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбартаа тусгайлан анхаарсан. Хэдэн хэдэн өрхийн эмнэлгийг шинээр барьж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Манай дүүргийн эрүүл мэндийн төв 250 орны хүчин чадалтай. Одоогоор 50 гаруй хэвтэн эмчлүүлэгчид байна. Коронавируст халдвартай холбоотой амьсгалын замын хүнд халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчлэх 25 ор нэмэлтээр дэлгэх боломж бидэнд бий. Ариутгал хамгаалах хувцас хэрэглэлийн 3 сарын нөөц байна. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой болсон. Эмч нарыг ЗӨСҮТ-ээс мэргэжлийн сургалтад хамруулж, бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Ингэснээр дүүргийн иргэд цаг алдалгүй шуурхай шинжилгээ өгч халдварыг тандах, илрүүлэх боломжтой. Энэ лаборатори 24 цагт 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай. Зөвхөн Ковид-19 халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх боломжтой. Тун удахгүй нээж иргэдэд үйлчилж эхэлнэ. Дүүргийн онцгой комиссын даргын хувьд тун хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай. Коронавирусийн халдвар тархсан эрсдэлтэй, эгзэгтэй энэ үед иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Амны хаалт зүүгээгүй хүн ч мэр сэр харагдах боллоо. Мэдээлэл, зөвлөмжийг байнга өгч байгаа ч иргэд хэт тайвшраад байх шиг? УОК, НОК-ийн гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу дүүргийн онцгой комисс ажилладаг. Иргэд анхаарал сэрэмжтэй байж өөрийгөө болон аюулт өвчнөөс хамгаалах сэтгэлтэй байна. Гэхдээ сэрэмжээ огтхон ч алдаж тайвширч болохгүй. Амны хаалтаа заавар зөвлөмжийн дагуу тогтмол зүүж, гараа ариутгаж, бусадтай зайнаас харьцах хэрэгтэй. Манай дүүргийн Тамгын газар болон бусад төрийн байгууллагууд ч дэглэмийг баримтлан иргэдэд үйлчилж байна. Дүүргийн шуурхай штаб 24 цагаар ажиллаж, бүх мэдээллийг авч, иргэдэд заавар зөвлөгөөг өгч байна. Сүүлийн үед халдвар тархах байдал ахуйн хүрээний, байр орон сууцанд голомтлон гарч байна. Сүүлд гэхэд нийтийн байрнаас тохиолдол олноор илэрлээ. Дүүргийн хэмжээнд хичнээн нийтийн байр байдаг вэ? Дүүргийн хэмжээнд одоогоор 7-19 дүгээр хороодод нийт 135 нийтийн байр байна гэсэн судалгаа бий. Эдгээр нийтийн байруудад халдвар тархаахгүй байх, ариутгал халдваргүйтгэлийг байнга хийх талаар зөвлөмж хүргэж ажиллаж байна. УОК, НОК-оос өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Мөн халдвар гарсан орон сууц болон тусгаарлан ажиглах байруудын хог тээвэрлэлтийг дүүргийн Тохижилт үйлчилгээний компани хариуцан ажилладаг. Хог тээвэрлэлтийг аюулгүй тээвэрлэх, устгах зэрэг ажлуудыг горимын дагуу хийж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан ажиглах байрнуудад өдөр бүр хяналт шалгалт ариутгалыг хийж, шаардлагатай тохиолдолд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд нээгдсэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн ихэссэн байна. Мөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR код нэвтэрсэн. Иргэд хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ? Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шат дараатай нээсэн. Үүнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн эрс ихэссэн. Дүүргийн хэмжээнд 8 болон 6 нэрийн 580 гаруй хүнсний дэлгүүр, 17 томоохон худалдааны төв, зочид буудал хоол үйлдвэрлэлийн 330, ахуйн үйлчилгээний 372, үйлдвэрлэлийн чиглэлээр 29 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа нээсэн байна. Эдгээр газруудад QRкод байршуулж иргэдийг QR кодоо уншуулах шаардлагыг байнга тавьж байгаа. Аж ахуй нэгжүүдийг ч кодыг зайлшгүй байрлуулах, хангалтгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах асуудал яригдаж байгаа. Гэвч иргэд QR код уншуулахгүй байх, буруу уншуулах, шаардлага тавихад бухимдах тохиолдол ч гарч байна. Иргэд кодоо уншуулах нь эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой. Үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR код уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахимаар шүүж, маршрутыг тодорхойлон ойрын харилцагчдыг шуурхай илрүүлэх боломжтой. Мөн үйлчилгээний байгууллагаар бага насны хүүхэдтэйгээ орох гэсэн иргэд байна. Хүүхдээ эрсдэлд оруулах өндөр магадлалтай учраас гэрээсээ гарахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадуур битгий гар гэсэн зөвлөмжийг байнга өгч байна. Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлууд бол эрсдэлийг бууруулах, голомтыг хумих, иргэдийг эрсдэлээс хамгаалахад чиглэж байгаа. Тиймээс иргэд та бүхнийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гадуур зорчсон тохиолдолд амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллыг баримтлан, зорчсон газрын QR кодоо уншуулж хэвшихийг уриалж байна. Ярилцсанд баярлалаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаарГазрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг хийлээ.Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, С.Ганбаатар, Ц.Туваан нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн төслийн зорилго, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, зөвхөн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр байхаар тодорхой болгож, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд уг хуулийн төсөл хүчин төгөлдөр үйлчилж байхаар тусгасан байна. Мөн үйлдвэрийн барилга угсралтад шаардагдах машин механизм, техник тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалыг хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлбэрийг хийхээр холбогдох зохицуулалтыг нэмж оруулжээ. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах, газрын тосны хайгуул, ашиглалт явуулах талбайг давуу эрхээр тус компанид олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрийн газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлага олгох, тухайн орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах зэрэг зарчмын зөрүүтэй 13 санал болон найруулгын шинжтэй нэг саналыг Ажлын хэсгийн зүгээс боловсруулсан. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал авч тусгасан гэдгээ Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэллээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тус байнгын хорооноос хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонссоны дараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр (цаашид газрын тос боловсруулах үйлдвэр гэх) байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойд гарах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн энэ хууль нь газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн 3.4 дэх заалтыг, барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх гэсэн 4.1.6 дэх хэсгийг, орон нутгийн удирдлага газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэсэн 4.1.7 дахь хэсгийг, газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлыг үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25.3.2-т заасны дагуу бүртгүүлж, мөрдөнө гэх 5.4 дэх заалтыг, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасныг үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн 6.5 дахь заалтыг, газрын тос боловсруулах үйлдвэр Засгийн газраас олгосон талбайд газрын тос хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна гэсэн 6.6 дахь заалтыг тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн хуулийн төслөөс дөрөвдүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг болон долоодугаар зүйлийг бүхэлд нь хасахаар тогтов. Хуулийн төслийн 6.2 дахь хэсгийг энэ хуулийн 6.1-т заасан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэж, 6.4 дэх хэсгийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасны дагуу олгогдсон талбайд өмнө нь хийгдсэн геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг зэрэг хайгуулын ажлын анхдагч болон боловсруулалт хийгдсэн тайлан, материал, мэдээллийг газрын тос боловсруулах үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тус тус өөрчлөн найруулах саналууд байнгын хорооны хуралдаанаар дэмжигдлээ. Үргэлжлүүлэн найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаарГазрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлэг өндөрлөлөө. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана гэлээ. Товч намтар Овог, нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29 Гэр бүл: Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг Боловсрол: - 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль - 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч - 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч - 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр Ажлын туршлага: - 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга - 2002 онд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал - 2006 онд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал - 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга - 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга - 2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч - 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга - 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч - 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн - 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.