УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН “ШУУРХАЙ” АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо. Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам тээврийн салбарууд системийн хувьд хэвийн ямар нэгэн доголдол гараагүй гэдгийг хэллээ. Бусад Хил хамгаалах, цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарууд хэвийн ажилласан байна. Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар Шуурхай ажлын хэсгийг цахимаар хуралдуулж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг чиглэл болголоо. Тухайлбал: - Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах, - Үйлчилгээ нээсэн аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлд онцгой анхаарах, - Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх - Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн. Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байна. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ХүрэлбаатарЭнэтхэг улсаас вакцин оруулж ирэхээр бэлтгэл ажил ид явагдаж байнагэж мэдээллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэ талаар бичжээ. Өнөөдөр Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр. Бид газар зүйн хувьд хол оршдог ч түүх, соёлын хувьд ойр явж ирсэн оюуны хөрш орнууд юм. Энэ харилцаагаа ч өнөөдөр хадгалж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Хамтран Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Уг төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа юм. Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг ёсоор болгоож Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн. Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна. Уламжлалт найрсаг энэхүү харилцаагааг бид хадгалж цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн байна. Эргэн сануулахад Энэтхэгийн Засгийн газар Монгол тэргүүтэй долоо улсад дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаа үнэ төлбөргүй өгөхөө өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Гадаадад гацсан иргэдэд тусламж олгоход Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилгоор уг тогтоолын төсөлд, Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан боловч нэн даруй тусгай үүргийн нислэгт хамруулах боломжгүй, өдөр тутмын орлого, орон байргүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хоол хүнс, түр байраар хангах, мөнгөн тусламж олгох асуудлыг судалж, шийдвэрлэх, Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Хорих анги, баривчлах, цагдан хорих, түр болон албадан саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон ахмадын асрамжийн газар, цэргийн анги, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байранд халдвараас хамгаалах арга хэмжээ авах, халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих, Гадаадад байхдаа коронавирусний халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах, улмаар эх орондоо ирэх боломжийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, Хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан болон баримт бичиг, бүртгэлийн зөрчлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд хүнс, ус, түлээ түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах арга хэмжээ авах зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий төрийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдад үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалж, хангаж ажиллахыг үүрэг болгох, Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од : Залуучуудаа АЛТ болгоё

-Монголын Залуучуудын Холбооны 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. -Баярлалаа. 100 жилийн түүхтэй, Төв Азийн ууган залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн босгон дээр надад итгэл хүлээлгэж МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон Монголын нийт залуучууд болон Өнгөрсөн 100 жил МЗХ-г үүсгэн байгуулж, удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд болон идэвхитэн гишүүд тэдний гэр бүлийхэнд, МЗХ-ны Гүйцэтгэх хорооны хамт олондоо Монголын залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Мөн МЗХ-г өнгөрсөн 100 жилийн турш дэмжин ажиллаж ирсэн Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье. МЗХДАХИНШИНЭЭРТӨРЖБАЙНА -Гадаад болон дотоод онцгой нөхцөл байдал үүссэн хүнд үед та болон танай баг шинээр ажиллаж эхэлж байна. Энэ хэрээр үе үеийн шилдэг залуучуудыг нэгтгэдэг энэхүү том байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт шийдлийн он жилүүдийг таныг болон танай багийнхныг угтаж байгаа байх? -Бид энэ жил өнгөрсөн 100 жилийнхээ алдаа оноо, ололт амжилтыг дүгнэж, дараагийн 100 жилийнхээ бат бөх ганхашгүй суурийг тавин дахин шинээр мэндэлж байна. МЗХ цаашдын үйл ажиллагаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон ТББ-ын тухай хуулийн хүрээнд, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030, Монгол Улсын алсын хараа-2050, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр-тэй уялдуулж ажиллана. МЗХ-ны дүрмээр холбооны Ерөнхийлөгч дөрвөн жилээр сонгогддог бөгөөд нэг удаа улиран сонгогдох боломжтой. Тэр утгаараа 2012 оноос хойш МЗХ-г тэргүүлж ажилласан А.Мөнхбатын сонгуульт ажлын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас МЗХ-ны VI их хурал хуралдсан. Бид өнөөдөр өмнөх удирдлагуудаа шүүж, буруутгахгүй, цаг хугацаа хамгийн зөв шүүлт гэдэг. Залуучууд өнгөрсөнтэй биш ирээдүйтгээ ажилладаг байх хэрэгтэй. Энэ удаагийн үндэсний хэмжээний VI их хурал маань V их хурлаасаа нэг дахин их төлөөлөгч оролцож, анх удаа цахимаар хуралдсан. Манай баг 100 жилийн түүхт Монголын Залуучуудын үндэсний хэмжээний цорын ганц энэ байгууллагын үйл ажиллагааг бүрэн шинэчилж, алдагдсан нэр хүндийг буцаан сэргээх, залуучуудын хөгжлийн төлөө бодлогын дорвитой арга хэмжээ авч томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай цаг үед энэ байгууллагын удирдлагаар сонгогдлоо. Манай холбоо үеийн үед нийгмээ, залуучуудаа сэрээсэн, манлайлсан залуучуудынхаа бахархал болсон байгууллага байсан. МЗХ-ны цаашдын бүх үйл ажиллагаа судалгаан дээр үндэслэсэн, хийх арга замтай, гарах үр дүн нь тодорхой, тэр нь нийгэмд нээлттэй байх бөгөөд залуучуудын холбооны дансыг ч шилэн болгож жил бүр санхүүгийн тайлангаа залуучууддаа тайлагнадаг байна. Корона бол боломж -Цаг үеийн нөхцөл байдлаас болж, олон нийтийн арга хэмжээ тасалдаж, бизнест хүндрэл үүсч байгаа. Та бүхний хувьд онцгой нөхцөл байдал хэрхэн нөлөөлөхөөр байна вэ? -Би хувьдаа Ковид-19 вирус дэлхий дахинд маш хүнд сорилтыг тулгаж, хэмжээлшгүй уй гашууг авчирсан боловч нөгөө талаараа хүн төрөлхтөнд их ухаарал, боломжийг авчирсан гэж боддог. Мэдээж энэ цар тахлыг хүн төрөлхтөн ялан дийлнэ. Тэр үед хүн төрөлхтний амьдралд маш том өөрчлөлт, дэвшил гарсан байх болно. Ялангуяа боловсролын систем болон хөдөлмөрийн зах зээл бүрэн өөрчлөгдөхөөр байна. Бидний ажил, амьдралын хэв маяг ч маш ихээр өөрчлөгдөж байна. Тэр шинэ өөрчлөлт, дэвшлийг холбооны үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Нэн түрүүнд МЗХ-ны дансыг шилэн болгож, үйл ажиллагаагаа цахимжуулж, бичгийн цаас хэрэглэдэггүй анхны байгууллага болно. Бичгийн цаасыг халж цахим хэлбэрээр ажил хийдэг болсноор цаасны үндсэн түүхий эд зуу, зуун сая модоо хамгаалан байгаль дэлхийдээ үлдээснээр дэлхийн цаг уурыг тэнцвэржүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй бөгөөд дэлхийн дулаарлаас үүдсэн байгалийн гамшгуудаас урьдчилан сэргийлэхэд тустай. Засгийн газраас төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой. www.e-mongolia.mnсайтыг ажиллуулж эхэлсэн нь хүнд суртал, авлигаас ангижирч, иргэдийн маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн сайхан ажил болсон нь сайшаалтай бөгөөд цаашид 11250 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар өгдөг болохоор зорьж буйд нь амжлт хүсье. Ковид 19 гэх энэхүү вирус нь 150 жилийн түүхт дэлхийн боловсролын одоо буй системд эрс шинэчлэл хийж магадгүй байна. Цахим сургалт нь дэлхийн боловсролыг гэрээсээ авах боломжийг бүрдүүлсний дээр боловсрол эзэмшихийн тулд зарцуулдаг сургалтын төлбөрөөс бусад зардлыг хэмнэж, танхимын сургалтаас 40-60 хувь бага цаг зарцуулдаг тул залуучуудад өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг илүү их болж байна. Гэхдээ технологийн тэгш бус хүртээмжтэй байдал, газар нутгийн байршил, гэр бүлийн орлогын хэмжээ зэргээс хамааран цахим сургалт нь үр өгөөжөө бүгдэд ижил тэгш өгч чадахгүй байгаа тул Засгийн газраас анхаарах шаардлага байна. МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй -Өнгөрсөн жилүүдэд МЗХ-ны талаар багагүй шүүмжлэл өрнөж байсан гэдэгтэй та санал нийлэх байх. Тухайлбал, улстөржсөн үйл ажиллагаа явуулдаг, шагналыг хавтгайруулдаг гэх мэт. Та энэ талаар юу хэлэх вэ? НАМЗХ, АЗХ гэх мэт улстөрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага болон бусад клубууд, олон нийтийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ? -МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй. Гэхдээ НАМЗХ, АЗХ болон бусад бүх улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын залуучууд бүгд манайд харьяалагддаг. Тийм учраас бид томоохон хөтөлбөр хэрэгжилтэнд оролцох боломжийг нь бүрдүүлнэ. МЗХ бол Монгол Улсын иргэн, 16-40 насны залуучуудыг нэгтгэдэг, үндэсний хэмжээний цорын ганц төв байгууллагын хувьд энэ насны бүх залуучуудыг улс төрийн намын харъяалал, шашин шүтлэгийг үл харгалзан нэгтгэж тэдний эрх ашигт нөлөөлөх аливаа асуудалд шийдвэр гаргах үйл явц болон хэрэгжилтэнд оролцож, биелэлтэд хяналт тавин ажиллахад нь тэгш боломж, идэвхитэй оролцоогоор ханган ажиллана. Энэ боломж 2018 оны 1-р сарын 01-нээс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр боломжтой болсон байгаа. Мөн МЗХ залуучуудын сонирхлын клубууд болон залуучуудын иргэний нийгмийн бүх байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж тэдний оролцоотойгоор Залуучуудын хөгжлийн бодлогын баримт бичиг болон Залуучуудын хөгжлийн индексийг боловсруулахад мөн Залуучууд судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажиллана. Шагнал эзнээ олдог, эзэн нь шагналаараа бахархдаг байх ёстой -Шагналтын тухайд МЗХ-100 жилийнхээ ойн хүрээнд шагналын загвар болон нэр төрлөө өөрчилж байгаа. Шагнал олгох журмаа ч мөн бүрэн өөрчилж, шагнах шалгуур үзүүлэлтээ чангатгасан. Шаардлага хангасан хүнийг бахархалтайгаар шагнадаг байна. Би өөрийн бүрэн эрхийн хугацаандаа МЗХ-ноос нэг жилд олгодог байсан шагналтын тоог 90 хувь буруулна. Шагналын материалыг цахимаар хүлээн авч, шагналын хороо хуралдан олгох эсэхээ шийддэг журам батлагдсан бөгөөд шагналд тодорхойлсон материалууд болон шагнагдсан хүний мэдээлэл олон нийтэд ил цахим хэлбэрээр манай залуучуудын холбооны үндсэн сайт болохwww.izaluu.mnсайтад байршина. Шагнал эзнээ олдог, шагнал авсан хүн шагналаараа бахархдаг байх ёстой. Залуучуудын хөгжлийн Түдэв танхим байгуулна -Та бүхэн 100 жилийнхээ ойд олон ажил хийхээр төлөвлөж байгаа байх. Онцлог ажлаасаа товч дурдвал? -100 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд эхнээсээ хэрэгжүүлж эхлээд байгаа. Баяр наадмын гэхээс ээ илүү залуучуудынхаа оюун санаа, хөгжил рүү чиглэсэн ажлууд хийнэ. Жишээ нь:МЗХ 100 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Л.Түдэв гуйан нэрэмжит Монголын хамгийн том Цахим номын сан болон залуучууд хөгжлийн Түдэв танхимыг холбоондоо нээнэ. Л.Түдэв агсан бол манай МЗХ-той салшгүй холбоотой хүн. МХЗЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд, залуучуудын хэвлэлийн редакцийг удирдаж байсан. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргаж байсан энэ агуу хүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан сурталчлах, тэдгээрээс суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. -100 жилийн түүхтэй байгууллагын хувьд олон улсын харилцаа, гадаад хамтын ажиллагаа яг одоо ямар түвшинд байгаа вэ? -МЗХ-ны ерөнхийлөгч статусаараа Дэлхийн залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч байдаг. Төв Азийн анхны залуучуудын байгууллага гэдэг утгаараа Монголын залуучуудын байгууллагын гадаад харилцаа өргөн, идэвхтэй байсан. Бид догдолдсон гадаад харилцаанд онцгойлон анхаарч, зорилго, чиглэл нэгтэй дэлхийн бүх орны залуучуудын байгууллагатай хамтын ажиллагаатай байхыг зорино. Өөрсдөө хөгждөг, бусдаас суралцдаг, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцдаг байна. Залуучууд хөгжинө гэдэг бол улс хөгжинө, цаашлаад дэлхий хөгжинө гэсэн үг. Тийм учраас хамтын ажиллагааг өргөжүүлж, санамж бичиг зурсан, тав арван хүн харилцан аялсан төдийгөөр дуусчихдаг биш тодорхой хийх ажлуудаа гэрээгээр баталгаажуулдаг, гэрээнийхээ биелэлт, үр дүнг гаргахын төлөө хөөцөлддөг байна. -Залуучуудын эрүүл мэнд, боловсрол мэдээж анхаарал татсан асуудал. Холбооны зүгээс энэ тал дээр хэрхэн ажиллах вэ? -Өсвөр үеийнхнийг хөдөлгөөний хомсдол, илүүдэл жингээс сэргийлж, архи, тамхи бусад хорт зуршлаас хол, эрүүл амьдралын дадал, хэв маягийг мөрдүүлж сургах нь насанд хүрсэн хойно нь асуудлыг шийдвэрлэхээс нийгмийн болоод эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй. Боловсролын салбарт реформ хийх цаг болсон -Бэлтгэгдсэн гарч буй боловсон хүчний чадамж хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчдын шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс Монголын боловсролын салбарт реформ хийх цаг болсон. Эс бөгөөс Монгол Улс дэлхийн хөгжлөөс хоцорсоор байх болно. Залуучуудын ажил мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд салбарын яамд, ажил олгогчид, их дээд сургуулиуд, МСҮТ-үүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Эдгээр асуудал дээр төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд боловсролын салбарынхныг манлайлан ажиллана.Монгол улс цаашдаа байгалийн баялагтаа найдаж биш залуучуудынхаа чадварт түшиглэж хөгжих ёстой гэж боддог. Байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлох биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог болохын тулд, залуучуудаа өндөр хөгжилтэй орнуудад хар ажил хийлгэхээр явуулах биш дэлхийн хэмжээний өндөр чадвартай боловсон хүчин болгохын тулд Залуучуудаа АЛТ болгоё хөтөлбөрийг МЗХ-оос санаачлан хэрэгжүүлнэ. Залуучуудаа өөрийнхөө, гэр бүлийнхээ, нийгмийнхээ, эх орныхоо, эх дэлхийнхээ хариуцлагатай эзэн нь байгаарай гэж хүсье. Дагаж биш дагуулж хөгжицгөөе. Эх сурвалж. Залуу үе сэтгүүл

Улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тус тус тусгажээ. Иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан ажиллаж хүрсэн амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд чухал Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан ажиллаж хүрсэн амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд чухал гэж төсөл санаачлагчид үзжээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.