ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН СЕНАТОРУУДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын хорооны нэгдүгээр орлогч дарга И.М-С.Умаханов тэргүүтэй Холбооны Зөвлөл дэх Орос-Монголын парламентын бүлгийн гишүүн сенаторуудыг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов. Уулзалтад ОХУ-ын Холбооны Зөвлөл дэх БН Дагестан Улсын сенатор И.М-С.Умаханов, Өвөрбайгалийн хязгаарын сенатор Б.Б.Жамсуев, С.П.Михайлов, БН Буриад Улсын сенатор В.В.Наговицын, БН Тува Улсын сенатор Д.И.Оюн, Эрхүү мужийн сенатор А.В. Чернышев нар хүрэлцэн ирсэн бөгөөд ОХУ-ын Холбооны Хурлын дээд танхимын сенаторууд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд биечлэн зочилж байгаа нь Монгол, Оросын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжилд ОХУ-ын Парламентийн зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Ө.Энхтүвшин онцолж, талархал илэрхийлэв. Өнгөрсөн 2021 онд, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд өргөн хүрээнд тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулах олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон ОХУ-ын Парламентын дээд, доод танхимын удирдлагуудтай хийсэн уулзалтууд ихээхэн үр дүнтэй болсныг Элчин сайд цааш нь тэмдэглээд, төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн сенаторуудтай ойр дотно хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтой болохыг онцлов. Холбооны Хурлын дээд танхимын сенаторуудын зүгээс Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ зорилгоор парламент хоорондын хамтарсан комисс байгуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бүх талын дэмжлэг үзүүлж, ОХУ-ын бүс нутгууд, Монгол Улсын аймгууд хооронд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ нотоллоо. Талууд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, монголын махыг Оросын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашид тогтмол холбоотой ажиллах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд бүтээлчээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Б.Бат-Эрдэнэ: Иргэд амины орон сууцаа сайжруулахад зориулсан, орлогоосоо төлөх боломжтой зээлийг бий болгох ёстой

​ -Гэр хорооллын айлуудын байшин сууцыг инженерийн дэд бүтцэд холбох шийдлийг хэлэлцлээ- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гүнболд нарыг хүлээн авч уулзлаа. Мөн уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Орчин бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Энхмөнх нар оролцсон юм. Хоёр яамны удирдлагуудын уулзалтын зорилго нь агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах, хийж буй ажлуудаа танилцуулж харилцан санал солилцох байв. Уулзалтын эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ 2021 байдлаар ипотекийн зээлд хамрагдсан өрхийн 30 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн бол 70 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна. Гэр хорооллын иргэд орон сууцанд орох гэхэд урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд хүндрэлтэй, өрхийн орлого банкны шалгуурт хүрдэггүй зэрэг олон шалтгаан байдаг. Иймд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжих шаардлагатай. Айл өрхүүдэд эдийн засгийн дарамт үүсгэлгүй амьдарч буй байшин сууцанд инженерийн дэд бүтцийг шийдэх, хийн болон бусад шинэ технологийг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг салбарын яамд хамтран эхлүүлэх нэн шаардлагатай байна хэмээн онцоллоо. Мөн тэрбээр агаарын бохирдол, утааны асуудлаас гадна Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюул дагуулж байгааг дурдаад Ногоон стандартын эрхзүйн орчныг бүрдүүлж, төрөөс татварын бодлогоо гаргаж олон улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг нээхэд салбарын яамд хамтран ажиллах нь зүйтэй. Иргэд өрхийн орлогоороо зээлээ төлөх боломжийг бүрдүүлж өгснөөр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болно гэдгийг дахин тодотгов. Энэ үеэр Барилга хот байгуулалтын яамнаас танилцуулга хийсэн юм. Танилцуулгад Нийслэлийн гэр хороололд буй 220 мянган айл өрхийн нэг орчим хувь нь өөрсдөө бие даасан байдлаар цахилгаан, дулаан, бохирын дэд бүтцээ шийдсэн байдаг. Харин төрөөс бодлогоор гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд 25 байршилд 74 хэсэгчилсэн талбайд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх, эдгээрийн инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд жишээлбэл, Чингэлтэй дүүргийн VII хороонд дулаан, цахилгааны асуудлыг шийдвэрлэх Дэд төв байгуулж гэр хорооллын айл өрхийг дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа тухайг дурдсан юм. Танилцуулгатай холбогдуулан хоёр яамны удирдлагууд гэр хорооллуудыг бүхэлд нь нэг дор төвийн шугамд холбох боломжгүй. Иймд Дэд төвүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, захын хорооллуудын дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Улмаар Гэр хорооллын нийт айл өрхийн 100 мянга орчим нь монгол гэрт, үлдсэн 110 мянга гаруй нь байшин сууцанд амьдарч байна. Байшин сууцны чанарыг сайжруулж, дулаан алдалтгүй болгож стандартад нийцүүлэн барих, С ангиллаас дээш амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олгох, ногоон технологийг дэмжих, зээлийн хүүг бууруулах зэрэг цогц шийдлийг салбар яамд нэгдсэн бодлогоор гаргаж Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв. Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Төсөв хүрэлцээгүй, газрын асуудал маргаантай гэх мэт шалтаг тоочоод хойш суугаад байвал хэзээ ч урагшлахгүй. Тиймээс олон улсын туршлага, дотоод бололцоондоо тулгуурлан шийдэл гаргаж бодит ажилд хамтран ажиллахыг чухалчилж байгаа гэдгийг онцлон хэлээд жишээ болгож ӨМӨЗО-ны Ордос хотыг богино хугацаанд барьж, хүн амын төвлөрлийг сааруулах хүрээнд нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай зохион байгуулж байсан туршлагыг дурдсан юм.

Монгол, Франц улс хамтран ажиллах бизнесийн боломж, хөрөнгө оруулалтын талаарх цахим уулзалт болно

​​ Францын ажил олгогч эздийн холбоо буюу аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн байгууллага болон Иль де Франс мужийн Гадаад худалдааны хороо хамтран Төв Ази, Кавказын орнуудтай бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах боломж сэдэвтэй цахим уулзалт 2022 оны нэгдүгээр сарын 25-26-нд болно. УулзалтадМонгол, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан улсын төлөөлөл багтах юм. Цахим уулзалтад дээрх орнуудаас Франц Улсад суугаа Элчин сайд нар болон бизнесийн төлөөлөгчид өөр өөрийн орны хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнесийн хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл хийнэ. Мөн Францын аж ахуйн нэгжүүд олон улсад үйл ажиллагаагаа тэлэхэд төрөөс үзүүлж буй дэмжлэг, туслалцааны талаар холбогдох байгууллагуудаас танилцуулах юм. Цахим уулзалтад оролцох, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэлэнд дарна уу Эх сурвалж:Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам​.

МОНГОЛ, УКРАИНЫ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ КИЕВ ХОТОД ТЭМДЭГЛЭВ

​ Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг ойн өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 21-нд Украин Улсын Парламентын ордонд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Украин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Украины ВерховнаРадагийн Гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Мережко, Украин-Монголын найрамдлын бүлгийн дарга И.Кривошеев, Гадаад хэргийн дэд сайд Д.Сеник нар оролцов. Мөн Украины Геологичдын холбоо, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг томоохон байгууллага, улс төр, урлаг, соёл, бизнесийн төлөөлөгчид оролцлоо. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирснийг талууд хэлсэн үгэндээ тэмдэглэж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Украин Улсад амьдарч буй зохиолч, судлаач Ц.Цогтсайхан өөрийн олон жилийн судалгаан дээрээ үндэслэн Чингис Хааны өсвөр насных нь тухай өгүүлсэн уран зохиолын номыг орос, украин хэлээр бичиж Путь Цапли нэртэйгээр хэвлүүлснийг арга хэмжээний үеэр танилцуулав. Тэрбээр Монголын нууц товчоог украин хэлнээ орчуулж, Украины Дорно дахины судлалын хүрээлэнтэй хамтран хэвлүүлэхээр бэлтгэж байна. Монголын ардын урлагийн Хөх тэнгэр хамтлаг дипломат харилцааны 30 жилийн ойн арга хэмжээнд уран бүтээлээ толилуулсан нь Украинчуудын сонирхлыг ихэд татав.

Ерөнхий сайд “Оюу толгой”-д ажиллаж байна

​​ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Оюу толгой-н уурхайд ажиллаж байна. Тэрээр хөрөнгө оруулагч талтай хамтарсан мэдэгдэл хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Оюу толгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан байна. Цар тахлын хязгаарлалтууд нөлөөлсөн ч гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болжээ. Гүний уурхайн төлөвлөлт 2005 онд, бүтээн байгуулалт нь 2016 онд эхэлсэн юм. Огтлох малтлага гэдэг нь 1.2 км гүн дэх хүдрийн биетийг тэсэлж, олборлолтын түвшин уруу чулуулгийн өөрийнх нь хүндийн хүчээр буулгах үйл явцыг эхлүүлэх суурь юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.