2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

​​ Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна. Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ. Товч мэдээ Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн хурдны зам автозамын төслийн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөл бүхий концесс олгох төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав. 2022 оны хоёрдугаар сард багтаан олон улсад нээлттэй тендер зарлахыг үүрэг болголоо. Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав. Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТАЙ ХОЛБООТОЙ ХОЁР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

​ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам, тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, 2013 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1-2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон тогтоол юм. Өнөөдрийн хурлаар тус тогтоолын биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр Монголын төмөр зам ТӨХК-д үргэлжлүүлэн олгохоор болж байна. Баруун, босоо чиглэлийн төмөр зам нь Арцсууриас Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 1255 км орчим төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсангаас Хөөт, Хөөтөөс-Бичигт чиглэлийн 420 км орчим зам баригдахаар төлөвлөсөн. Тиймээс Монголын төмөр зам ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болно. Үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2022 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, тээвэрлэлт хийнэ. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газар тендерийн бичиг баримтыг боловсруулж, ойрын хугацаанд зарлана. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын, Зүүнбаян өртөөнөөс 129 дүгээр километр хүртэлх хиймэл байгууламж болон дээд, доод бүтцийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд урьдчилсан дүгнэлт гаргасан. Төмөр замын барилгын ажил нь холбогдох хууль, тогтоомж болон дүрэм журамд нийцсэн Зүүнбаян төмөр зам ХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, Эрдэнэс Тавантолгой ХК 66 хувийг, Монголын төмөр зам ТӨХК 34 хувийг эзэмшдэг. Иймд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц эзэмших эрхийг цаашид тус компанид үе шаттайгаар шилжүүлнэ хэмээн хэллээ. Засгийн газрын хуралдаанаас Төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг ЗТХЯ-нд ажиллалаа

​ Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр (2022.01.19) Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 2021 онд нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрсэн байна.ХаринЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл-ийн зам барилгын ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн зам барилгын ажлыг мөн таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж буй аж. Нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгаа аж. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болохгүүр, хоолой хиймэл байгууламж,далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа гэж. Мөн ирэх оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулгынхаа үеэр ярилаа. Ажлын хэсгийнхэн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд тавьж буй хяналт шалгалтын тайлан гаргах, цаашид хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаж танилцуулах, барилгын ажлын явцыг 14 хоногоор багцалж, явцын мэдээллийг байнга өгч байх, цар тахлын үеийг бодолцож бараа, материалынхаа нөөц бүрдүүлэлтэд анхаарах, туслах замын асуудлыг нарийн тооцоолж шийдэх зэрэг үүрэг, чиглэл өглөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

​ Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2022.01.19)Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Гаалийн тухай хууль нь 2008 онд батлагдсан бөгөөд уг хуулиар Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Агаарын цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг хүлээн авч байна. Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой зөвшөөрлийг авах ажилд олон хоног зарцуулж байгаагаас буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвсэг техник, сум, галт хэрэглэл бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник (вагон, онгоц, автомашин) гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэнд зогсох, үүнээс шалтгаалж олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, цаашилбал өөр хоорондоо уялдаа холбоо бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг. Үүнээс шалтгаалан Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын болон дотоодын сургалт, бэлтгэлийг зохион байгуулахад шаардлагатай зэвсэг, техник, сум, галт хэрэглэл, ар талын материал хэрэгслийн хангалт, зохион байгуулалтын ажил тасалдах, буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн Төрийн болон албаны нууцад хамаарах бараа, материалыг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийхэд нууцын хадгалалт хамгаалалтын эрх зүйн эохицуулалтгүйгээс хилээр орж ирсэн бараа, материалын мэдээлэл гаалийн мэдээллийн системд илтээр хадгалагдаж үлдэх зэргээр хууль тогтоомж зөрчигдөх асуудал гарч байна. Иймд Гаалийн тухай хуулийн зохицуулалтад батлан хамгаалах чиглэлээр буцалтгүй тусламж болон худалдааны гэрээгээр нийлүүлэгдсэн барааг түргэвчилсэн бүрдүүлэлтээр гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгах хэрэгцээ, шаардлага байна гэжУлсын Их Хурлын гишүүн Н.Энхболдтанилцуулав. Мөн Монгол Улсын Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд манай улсад олон улсын чанартай цэргийн хээрийн сургууль, дадлагыг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тогтмол амжилттай явуулж байна. Энэхүү оролцож байгаа гадаад улс орны цэргийн багийн бүрэлдэхүүний зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхой мөнгөн дүнг байршуулах асуудал нь хүндрэл үүсгэдэг. Хүндрэл үүсэж байгаа гол асуудал нь төрийн сангийн тусгай дансанд түр байршуулах мөнгөн хөрөнгө юм. Дээрх хууль, эрх зүйн болон практик хэрэгцээ, шаардлагын үүднээс Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой ба улсын төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, хэмнэлт үүсэх юм гэж хууль санаачлагч танилцууллаа. Тэрбээр үргэлжлүүлэнГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагыг танилцуулав. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь мөн 2008 онд батлагдаж гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд цаг үеийн шаардлагаар 8 удаа холбогдох өөрчлөлтийг оруулсан. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Батлан хамгаалах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ, Зэвсэгт хүчний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Зэвсэгт хүчнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж тус тус заасан хэдий ч улс орны төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрэн бүрдүүлж, шинэчлэх боломж дутмаг байсаар ирсэн бөгөөд гагцхүү салбарын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар дээрх асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж ирсэн болно. Тодруулбал, 2016-2020 онд гадаад улс орнуудаас 200 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж, хүн тээврийн автобус, мөн Ковид-19 цар тахлын халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан. Цаашид онцгой албан татварыг төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй бөгөөд ойролцоогоор 5,1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар төлөх хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа юм. Иймд Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, бусад хэрэгслийг үе шаттай шинэчлэх, нөөц бүрдүүлэх уян хатан тогтолцоог бий болгох, худалдан авахад зориулсан төсвийн хөрөнгийг үр дүнтэй захиран зарцуулах арга хэмжээний хүрээнд импортоор оруулж байгаа цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад материал хэрэгслийг гаалийн тариф, гаалийн татвар болон холбогдох бусад татвараас чөлөөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хуулиар бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн болно хэмээн хууль санаачлагч танилцууллаагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг батлав

​ УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэж, хуулийн зохицуулалтын хүрээнд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 18, Байнгын хороодоос 19, Улсын Их Хурлын гишүүдээс 2, Монгол Улсын Засгийн газраас 26 буюу нийт 89 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа: 1.Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг тухай бүр хэлэлцэхээр; 2.ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр; 3.хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэхээр тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжлээ. Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тусгасан байлаа. 1/ Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл; 3/ Газрын багц хуулийн төсөл; 4/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 5/ Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 6/ Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 7/ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 8/ Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл; 9/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 10/ Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 11/ Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 12/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 13/ Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл; 14/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 15/ Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 16/ Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 17/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл; 18/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 19/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; 20/ Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 21/ Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 22/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 23/ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 24/ Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл; 25/ Төрийн өмчийн тухай хуулийн төсөл; 26/ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл; 27/ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл; 28/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл; 29/ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл; 30/ Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 31/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 32/ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл; 33/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 34/ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл; 35/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 36/ Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл; 37/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл; 38/ Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл; 39/ Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 40/ Улс төрийн намын тухай хуулийн төсөл 41/ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; 42/ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл; 43/ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл; 44/ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 45/ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 46/ Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 47/ Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл; 48/ Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл; 49/ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 50/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 51/ Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 52/ Шүүх байгуулах тухай хуулийн төсөл; 53/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 54/ Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл; 55/ Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.