Л.ГЭРЭЛМАА: ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗООРИЙН БУЮУ В1, ГУРВААС ДЭЭШ ДАВХАРТ ЭРХЛЭХГҮЙ
2020-10-16 12:31:12 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмааг Байцаагчийн нэг өдөр буланд урьж, өдөр өнжүүлэх үйлчилгээ, тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа. -Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд ямар шаардлагууд тавигддаг вэ. Тогтоосон стандарт байдаг уу? -Энэ оны 3 дугаар сард БСШУСС-ын тушаалаар өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг батлан гаргасан. А/152 дугаар тушаалаар. Энэ нийтлэг шаардлага ерөнхий болон тусгай шаардлага гэсэн хэсгээс бүрдэж байгаа. -Ерөнхий болон тусгай шаардлагын талаар та дэлгэрүүлж ярихгүй юу. Жишээ нь, энэ үйл ажиллагааг анх эрхлэх гэж байгаа тохиолдолд хаана хандах ёстой вэ? -Ерөнхий шаардлагад үйл ажиллагаа явуулж байгаа тухайн байгууламжийнхаа гадна талд хаягаа байршуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийг дэмжсэн ямар ажил зохион байгуулах вэ гээд үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг хамруулсан байгаа. Шинээр өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тухайн аймаг, дүүргийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг урьдчилсан хяналт шалгалт хийж, энэхүү нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн дүүрэг, аймгийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөр хэлэлцээд өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулахыг дэмжих эсэх талаарх шийдвэрийг гаргах юм. Дэмжсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийнхээ ЕБС-д хандаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Мөн эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу гэрээ хийж, хүүхдийг хамруулна. -Хүүхдийн тоонд хязгаар тогтоосон уу? -Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь бүлгийн зохион байгуулалттай байх ба нэг бүлэг 15 хүртэлх хүүхдийг хамруулна. Бүлэг бүр багш, багшийн туслах ажилтантай байна. -Тэгвэл тусгай шаардлагад ямар асуудал хамаарч байгаа вэ? -Тусгай шаардлагад орчин, үйлчилгээ, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон хүний нөөцөд тавигдах шаардлагууд хамаарч байгаа. Тухайлбал, өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаа тухайн барилга байгууламжийн 3 хүртэлх давхарт байрласан байна. Зоорийн буюу В1 давхарт өдөр өнжүүлэх үйлчилгээг эрхлэхгүй. Өрөө тасалгааны нийт талбай нэг хүүхдэд 5 мкв-аас багагүй талбай оногдохоор байх зэрэг нарийвчилсан асуудлууд тусгагдсан. -Өнгөрсөн жил нэр бүхий нэг өдөр өнжүүлэхийн багш хариуцлага алдсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн яригдсан. Ер нь хүүхдэд эрсдэл үүсгэхгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? -Энэ нийтлэг шаардлага нь хүүхдэд эрсдэлгүй, аюулгүй орчинг бүрдүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Орчны тухайд гэхэд хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, хичээл давтах, хооллоход зориулсан ширээ, сандал, хувцасны өлгүүр, шүүгээ гээд шаардлагатай тавилга хэрэгсэлтэй байна. Эдгээр тавилга хэрэгсэл нь бүрэн бүтэн, хөдөлгөөнгүй буюу тогтвортой байрлуулсан, хүүхэд бэртэх, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн, аюулгүй байдлыг хангасан байна гээд маш нарийн тусгагдсан байгаа. Өрөө тасалгаа нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, агааржуулалтын систем, камертай байна. Камерийн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаанд хадгална. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон суултуур, гар угаагууртай, байнгын бүрэн ажиллагаатай байна. Ажилтнуудад зориулсан суултуур, ариун цэврийн өрөө тусдаа байх. Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаанд хүн амьдрах, гадны хүн оруулахгүй гээд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон шаардлага тусгагдсан. -Орчноос гадна үйлчилгээний асуудал маш чухал. Энэ тал дээр ямар шаардлагууд тавигдаж байгаа вэ? -Өдөрт хүүхдэд нэгээс доошгүй удаа эрүүл, шим тэжээллэг халуун хоол, цайгаар үйлчилнэ. Мэргэжлийн тогоочтой байх ба хүүхдийн хоолны цэсийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үндэслэн боловсруулж, жор, технологийн дагуу хийнэ. Тухайн хоол хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичигтэй, шинжилгээ баталгаажилттай, хаяг, шошго бүрэн бүтэн, стандартын шаардлага хангасан байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шаардлага хангасан нөхцөлд хадгалах, бэлтгэсэн хоол, хүнс бүрээс өдөр бүр дээж авч хадгалах, сав суулгыг тогтмол угааж цэвэрлэн ариутгах гээд бүхий л нөхцөлүүд уг шаардлагад бий. -Цар тахлын энэ үед цэвэрлэгээ, ариутгалд илүүтэй анхаарах ёстой байх? -Сургууль, цэцэрлэгүүдэд өнөөдөр ямар шаардлага тавигдаж байна, яг тэр шаардлага өдөр өнжүүлэх үйлчилгээнд тавигдана. Хүүхдэдээ маск зүүлгэж хүргэж өгнө, өглөө бүр халууныг нь хэмжүүлнэ, ханиах, найтаах, халуурах гээд амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл сургууль, өдөр өнжүүлэхэд явуулахгүй байх. Өдөрт нэгээс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийхдээ шинжилгээ баталгаажилттай, батлагдсан бодисыг ашиглан зааврын дагуу хийнэ гэж заасан. -Багш, ажиллагсдын эрүүл мэндийн асуудал бас их чухал? -Тэгэлгүй яахав. Багш жилд 1 удаа, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтэд оролцдог ажилтнууд 6 сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд орох ёстой. Түүнчлэн ундны усны чанар, аюулгүй байдалд жилд 1 удаа мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна. Зөөврийн усан хангамжтай тохиолдолд ундны ус зөөх, хадгалах сав нь хүнсний зориулалтын, угааж цэвэрлэхэд хялбар байхаас гадна ундны усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж, угааж, халдваргүйжүүлнэ. -Ярилцсанд баярлалаа.
Ган болсон аймгуудын малчдад тулгараад буй асуудлыг шийдвэрлэх талаар шуурхай уулзалт зарлалаа
2020-10-16 07:14:13 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон. Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм. Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байгааг малчид хэлж байв. Иймээс ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалтыг Баасан гарагт 09:00 цагаас зарлалаа. Энэхүү уулзалтад тухайн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцоно. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт; Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэг дэх хэлэлцүүлэг/; Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.
Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа
2020-10-16 06:49:38 Нийтлэгдсэн: Улс төр
Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 453 хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгууль сонгогчдын ирцийн босго байхгүй. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна. Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулна. Мөн нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого явуулах хуультай. Энэ дагуу Багануур дүүрэгт 11 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт хяналтын тооллого хийж байгаа бол Багахангай дүүрэгт хоёр хэсэгт санал хураалт явуулснаас нэг хэсэгт, Баянгол дүүрэгт 77 хэсэгт санал хураалт явуулснаас 39 хэсэгт, Баянзүрх дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 51 хэсэгт, Налайх дүүрэгт 13 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт, Сонгинохайрхан дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 52 хэсэгт, Сүхбаатар дүүрэгт 42 хэсэгт санал хураалт явуулснаас 21 хэсэгт, Хан-Уул дүүрэгт 60 хэсэгт санал хураалт явуулснаас 30 хэсэгт хяналтын тооллого, Чингэлтэй дүүрэгт 44 хэсэгт санал хураалт явуулснаас 22 хэсэгт хяналтын тооллогыг тус тус явууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох гэж байна. Сонгогчийн санал авах ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны Пүрэв гарагт өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл явагдана. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн хороод хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгогчдыг эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинд саналаа өгөх бололцоогоор нь хангахаар ажиллацгааж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм. Сонгуульд оролцож буй нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг ажиглахаар бүртгүүлж, үнэмлэхээ аван бэлтгэлээ хангалаа. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болно. Та бүхэн саналаа өгөхөөр очихдоо амны хаалтаа зүүж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс бага насны хүүхэд дагуулж очихгүй байхыг хүсье. Эрхэм сонгогчид оо! Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс Та бүхэндээ хандан уриалж байна. Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй