Японд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 94 хүн гэмтжээ

Японы баруун хойд хэсэг Фүкүшима мужийн эрэгт 60 км-ын гүнд 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж хоёр хүн нас баран, 94 хүн гэмтжээ. Токио хотоос 275 км алсад барилгууд сүйдсэн бөгөөд нийслэл хот дахь хэдэн мянган хүн цахилгаангүй болсон байна. Цахилгаан пүрэв гарагийн үүрээр сэргэсэн ба цүнами болох сэрэмжлүүлэг дохиог унтраажээ. Фүкүшима мужид 2011 онд дэлхийн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг болж байсан ба цөмийн цахилгаан станцад гэмтэл учраагүй гэж албаныхан мэдээллээ.

Г. Занданшатар: Парламентад цахим шилжилт хийнэ

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. УИХ-ын дарга Г. Занданшатарын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгнээс онцлоё. Парламентад цахим шилжилт хийнэ E-petition цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдээс хуулийн төсөлд санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн 4 үндсэн функцтэй D-Parliament сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм. Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ. Монголоо мандуульятөслийг эхлүүлнэ Монголоо мандуулъя төслийг эхлүүлэхээр Улсын Их Хурал санаачлаад байна. Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг бэхжүүлэх нь Монголынхоо ирээдүй хойчсын өмнө бидний хүлээх журам үүрэг юм. Энэхүү төслийн зорилго нь үндэсний бахархалт өв соёлоо дээдлэх, уламжлалт зан заншлаа өвлөн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижрах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч ард түмэн болох, ядуурлаас салж, хөгжин дэвшихэд чиглэх болно. Энэхүү аяныг хот хөдөөгүй монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалъя. Парламентын ардчиллыг төлөвшүүлэх шинэ зорилт дэвшүүллээ Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно. Улмаар эдгээр 2 үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ болпарламентын төгөлдөршилбуюу парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухайасуудал юм. Парламентын ардчиллыг төлөвшүүлэх талаар 4 асуудлыг онцолъё гэж бодож байна. Нэгдүгээрт,Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид туршлага, сургамжийн аль алиныг хуримтлуулсан. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан парламентын засаглалд эргэлт буцалтгүй шилжсэн нь яахын аргагүй том ололт. УИХ-ын хяналт шалгалтын хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл мөн. Хоёрдугаарт,Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу? Нийгмийн кластерийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцооноос нэлээд хэмжээгээр хамаарч буйг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтойг сонгон хэрэглэх нь парламентын төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон. Гуравдугаарт,Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсныг улс төрийн намуудын зөвлөгөөнөөр намуудын төлөөлөл онцолж байсан. Дөрөвдүгээрт,Парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.

Замын-Үүд дэх Тээвэр  эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа

БНХАУ-ын Эрээн боомтоос Замын-Үүд рүү ачаа барааг чингэлэг тээврээр татан авах түр журмыг эсэргүүцсэн тээвэр эрхлэгчдийн төлөөлөлтэй Шадар сайд С.Амарсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар болон бусад холбогдох албаныхан уулзлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас урд хөрш гурван сар гаруй хугацаанд хилээ хааж, улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-тай зөвшилцөлд хүрснээр өдөрт 60-70 чингэлэг нэвтэрч байна. Өнөөдрийн байдлаар нийт 3000 гаруй чингэлэгийг татан авсан. Чингэлэг тээврээр ачаа барааг татан авч буй асуудал зөвхөн Монгол Улсын Засгийн газрын мэдээд шийдчихсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. БНХАУ-тай хиллэдэг ихэнх улс яг энэ зарчмаар ачаа бараагаа татан авч байна. Мэдээж задгай тээврээр урьдынх шигээ хуучин зарчмаар ачаа бараагаа татан авах боломж бүрдвэл нэг өдрийн өмнө ч гэсэн шилжихэд бэлэн байна. Та бүхэн нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай талаас халдвар хамгааллын дэглэм алдагдаж, Эрээн боомтод халдварын нэг л тохиолдол бүртгэгдвэл БНХАУ багадаа 28 хоногоор хилээ хаана. Тиймээс энэ ажлыг хэн нэгний бус, улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ачааг зөвхөн чингэлэгээр бус төмөр замаар мөн татан авч байна. Өдөрт 50 вагон татах боломжтой. Үүн дээр арматур, төмөр хийц том оврын бараа бүтээгдэхүүн авчрах боломжтой. Бид Хятадын талд задгай тээврээр ачаа оруулах саналыг тавьсан. Гэвч халдварын тархалт өндөр байгаа учраас зөвхөн чингэлэгээр тээвэрлэх санал тавиад буй. Иймээс үүнд нийцүүлж зохион байгуулалтаа хийж байна. Консулын газраар дамжуулаад чингэлэгийн тоог нэмж, хоёр талаас талбайгаа томсгоё, 200, 300-аар чингэлэгийн тоог нэмэгдүүлье гэж зөвшилцөөд тооцооллоо гаргаад Засгийн газраас шаардлагатай хөрөнгийг гаргахаар ярилцаж байна гэлээ. Тээвэр эрхлэгчдийн зүгээс Шадар сайдад хандан өнгөрсөн хугацаанд тээвэрчдийн амьдрал үндсэндээ зогссон гэдгийг учирлаад, цаашид ч урд хөрш хилээ бүрэн нээх эсэх нь тодорхойгүй байгаа учраас жолооч нарыг мэргэжлийнх нь дагуу ажлын байраар хангах боломж байгаа эсэхийг асууж байв. Хариуд нь Шадар сайд дээрх асуудлыг судалж ямар боломж, гарц гаргалгаа байж болохыг судлах Ажлын хэсэг байгуулахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт үүрэг болгосон юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ-ын хил гурван сар гаруйн хугацаанд хаалттай байсан. Энэ хугацаанд улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, үнийн хөөрөгдөл үүсэхэд хүрээд байсан юм. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын 196 дугаар тогтоолоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, халдвар, хамгааллын өндөр хяналтад, чингэлэг тээврээр ачаа бараа оруулахаар 2 улс харилцан тохиролцсон. Ингэснээр гурван сар гаруй хугацаанд гацаад байсан ачаа барааг чингэлэг тээврээр татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт 60-70, нийт 3200 гаруй чингэлэг тээвэр хилээр нэвтрээд байгаа юм.

Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоож, хариу арга хэмжээ авна

​ ​ Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд 1 тонн нь 141600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны 12 дугаар сараас хойш 7 удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна. ​ Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх баасан гаригт Шадар сайдад танилцуулахыг даалгав. Тэрбээр Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж үнээ зайлшгүй нэмэх шаардлага үүслээ гэхэд бүх компаниуд нэг зэрэг шахуу 30 хувиар үнээ нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн эсэхийг нэн даруй шалгах хэрэгтэй. Шалгахдаа бүх талын оролцоог ханган ажиллах нь чухал. Зайлшгүй үнэ нэмэхээс өөр гарцгүй байсан бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлэх учиртай. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан иргэд, аж ахуйн нэгжүүд цементийг их хэмжээгээр авч нөөцлөх зэргээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллах шаардлагатай байна. 2022 онд барилгын салбарт хийгдэх 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнийн хөөрөгдлөөс болж хойшлуулах, гацаахгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллах ёстой хэмээв. ​ Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, Ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчид болон төрийн өмчийг луйвардаж аваад, үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл аваад тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстойг Шадар сайд С.Амарсайхан эцэст нь сануулсан юм.

Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөн өрнүүлэхийг уриалав

​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Тэрээр, Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо монгол эрчүүдийнхээ талаар хэлэлцэн ярилцаж, эх орныхоо хөгжил дэвшилд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо, манлайллын талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлохоор улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Та бүхэнд Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч гүн талархал илэрхийлж байна. Улс орны хөгжил дэвшил, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага, манлайлал маш чухал үүрэгтэй. Монголчууд бид эрт дээр үеэс эрчүүдээ өрхийн тэргүүн, гэрийн эзэн хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай. Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур юм. Хатан зоригт монгол эрчүүд Хүннү гүрнээс эхлэн дэлхийн талыг төвшитгөн төр улсаа байгуулж, даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтоон, туурга тусгаар улсаа цогцлоон мандуулж, монгол хүн, монгол үндэстнийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн бахдам түүх, баатарлаг гавьяатай билээ. Бидний өвөг дээдэс монгол эр хүнийг эр зоригтой, эрдэм билгэтэй, холч ухаантай, уужуу сэтгэлтэй, тэсвэр хаттай, ёс жудагтай, шударга журамтай, андгай тангарагтаа үнэнч, эх хүнд элбэрэлтэй байхыг сургаж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг Эр хүн хэмээн өргөмжилж ирсэн түүхтэй. Монголчууд бид эрт үеэс хуурч мэхлэх, зусардаж зальдах, урваж шарвах, ихэрхэж баярхах, хүчирхийлэн дээрэлхэх, сархдад самуурах, хулгай дээрэм хийх, хов жив хөөцөлдөх зэргийг адгийн араншин, хүний мөс чанарт харш хэмээн цээрлэж ирсэн заншилтай. Нэр хугарахаар яс хугар хэмээн манай ард түмэн ярьдаг билээ. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэхүү ёс жудаг, зан заншил, үнэт зүйлсээ бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үеийн үед үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж байх учиртай. Харин бид өнөөдөр энэ зан заншил, захиа даалгавар, ёс жудгаа хэрхэн хадгалж, хэрхэн хамгаалж, хэрхэн авч яваа талаараа хэлэлцэн ярилцаж, тунгаан бодох цаг болжээ. Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан халамжилж, улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан нэр төртэйгөөр амьдрах ёстой. Эрх чөлөөт Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй байдаг хэдий ч эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү их үүрэг, хариуцлага хүлээж, илүү их ачааны хүндийг үүрэх учиртай. Иймээс монгол эр хүн эрүүл биетэй, саруул ухаантай, зөв сэтгэлтэй, зөв хандлагатай, үүх түүх, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажил амьдралтай, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг байх ёстой. Ингэхийн тулд эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудалд нь төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ эрчүүдийн өөрсдийн ухамсар, идэвх санаачилга, хариуцлагыг шинэ түвшинд гаргах шаардлагатай болжээ. Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Засаж залруулах зүйл ч их байна. Зарим нөхөд маань эрүүл мэнд, ахуй амьдралаа хөсөрдүүлж, эр хүн, эцэг хүнийхээ үүрэг, хариуцлагыг умартаж, гэр орон, ажил үйлсээ эзэнгүйдүүлж, хань ижил, үр хүүхэд, гэр бүлээ зовоож байгаа явдал цөөнгүй байна. Манай улсын хүн ам өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэг ёсондоо эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг юм. Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд энэ нь архи, тамхи, осол гэмтэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ. Манай эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд орж байна. Эр хүн хэр баргийн зовлонг даадаг, эр хүн өвддөггүй, эмэгтэй хүнээс долоон дор гэх зэрэг буруу үзэл, хэнэггүй байдал газар авснаас болоод эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмнэлэгт эмчлүүлэх, эрүүл мэнддээ тавих анхаарал харьцангуй сул байна. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал бөгөөд эрчүүдийн амьдралын чанарт төдийгүй өрх гэр, улс үндэстний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна. Энэ тухай өнөөдрийн чуулган дээр манай эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс тодорхой тоо баримтад тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй ярьж, ард иргэддээ сайтар ойлгуулна гэж найдаж байна. Цаашид төр засгаас ард иргэд, нэн ялангуяа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв амьдралын хэвшлийг бий болгох чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг бүх түвшинд эрчимтэй явуулах шаардлагатай байна. Эрхэм нөхөд өө, Эр амгалан бол гэр амгалан гэж манай ард түмэн хэлдэг. Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай. Энэ бол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг бөгөөд эр хүний, эцэг хүний эрхэм үүрэг юм. Охин үр аавын хайраар эрчүүдийн ертөнцийг төсөөлж, нуган үр эцгийн сургаалаар эр хүн болон хүмүүждэг жамтай. Иймээс эр хүн, эцэг хүн уур омог, хэл ам, хэрүүлийн бузраас ангид байж, бие сэтгэлийн тэнцвэрийг олж, тэнгэр шиг тэнүүн, уул шиг түшигтэй, үр хүүхэд, өрөөл бусдад үлгэр дуурайл болон эрийн хийморийг бадрааж, гэрийн жаврыг үргээдэг байх ёстой. Харамсалтай нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байгаа бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлджээ. Түүнчлэн жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс зүйгээ хангалттай ухамсарлахгүй байна гэж судлаачид дүгнэжээ. Нийгэмд гарч буй архидалт, донтолт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг сөрөг үзэгдэл эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг унагааж байна. Цаашид бид ийм байдлаар үргэлжлүүлэн амьдарч хэрхэвч болохгүй. Бурханы сургаальд нэг сайхан үг байдаг юм. Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол гэж. Тэгвэл бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин архи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна. Үр хүүхэдтэй минь, гэр бүлтэй минь, улс үндэстнийг минь ууж байна. Эх орны маань хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж манай ард түмэн хэлдэг. Үүнийг л бид дор бүрнээ ухаарч, улс үндэстнээрээ тэмцэх цаг болжээ. Бид байгаль дэлхийгээ хамгаалж, цөлжилттэй тэмцэхийн тулд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Ард түмэн маань ч үүнийг талархан дэмжиж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе. Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе. Хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эцэг эхээ, эх орноо гэсэн чинхүү сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя, тэнгэр заяат эрчүүдээ. Монгол эр хүн хэлсэн үгэндээ эзэн байж, зорьсон хэргээ бүтээж чаддаг зан суртахуунтай билээ. Монгол эрчүүд архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй амьдрах ёстой. Энэ бүхэн эрчүүд бидний хувийн зохион байгуулалт, сахилга бат, зөв амьдралаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай. Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Өнөөдрийн чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар тал бүрээс нь нухацтай сайн хэлэлцэж, эрчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ хэлье. Чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Морин дэл дээр ассан монгол эрсийн цог хийморь галын дөл шиг өөдөө байг. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.