УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
2020-09-18 14:27:51 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр хэд хэдэн асуудлаар санал хүргүүлж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.Баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад гантай байсан учраас өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзаж холбогдох арга хэмжээ авахад анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Уг албан бичигт: Монгол орны нийт нутгаар энэ жил зун зуншлага тааруу, өвс ургамлын гарц муу, ялангуяа баруун бүсийн зарим аймгуудын олон сумдын нутаг гантай байгаагийн улмаас өвөлжилт хүндэрч мал аж ахуй эрхлэгчдэд ихээхэн хохирол учирч болзошгүй байна. Энэ онд өвс тэжээлийн үнэ эрс өсөж, хүргэлт тээврийн зардал оруулан тооцвол урьд жилүүдийнхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Дорнод, Сүхбаатар зэрэг өвс тэжээл бэлтгэдэг аймгуудад 25 килограммаар пресслэсэн өвс 2019 онд 2 500 төгрөг байсан бол энэ жил 18 килограммаар пресслэсэн өвс 5 000-6 000 төгрөгт хүрчээ. Гэтэл Улаанбаатарын өвс тэжээлийн зах дээр нэг боодол өвс 11 000-12 000 төгрөгийн үнэтэй байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд тээврийн болон бусад зардал нэмэгдээд 20 000 мянга гаруй төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд танд дараах саналуудыг хүргүүлж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир цаг алдалгүй өвс тэжээлийн үнэ тогтворжуулахад чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх Өвс, тэжээл экспортлохыг хориглох тухай шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих Импортоор өвс тэжээл бэлтгэж нөөцлөхтэй холбоотой бодлого шийдвэр гаргаж, яаралтай хэрэгжүүлж эхлэх 1990-ээд оныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан баруун болон төвийн бүсийн аймгуудын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээж усалгаатай тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, ирэх оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах шаардлагатай байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шаргын услалтын систем, Булган аймгийн Баяннуур, Баянхонгор аймгийн Байдраг, Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Булган, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Увс аймгийн Баруунтуруун, Хархираа, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баянтоорой зэрэг сумдын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээхэд зориулж 2021 оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах нь тухайн бүс нутгийг өвс тэжээлээр хангахад чухал ач холбогдолтой юм. Дээр дурдсан асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар тусгайлан анхааралдаа авч ажиллахыг Ерөнхий сайд танаас хүсье. Ингэж шуурхай арга хэмжээ авч ажиллах нь өвс, тэжээлийн аж ахуйг хөгжүүлж, баруун болон төвийн бүсийн малчид, мал бүхий иргэдийг өвс тэжээлээр хангах, цаашлаад Монгол Улсын мал аж ахуйн салбарыг болзошгүй эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм. гэсэн байна.
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ
2020-09-18 12:09:16 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдагаа Шадар сайд илэрхийлэв. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронддипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдууланМонгол, Оросын санаачилга - 2021 арга хэмжээг хамтран зохион байгуулах, тэр үеэр бизнес форум, үзэсгэлэн худалдаа зэрэг цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн тул Элчин сайдыг бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ. Хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газар ажлаа идэвхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд дурдаж, энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөхөд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, 100 жилийн ойг хамтран тэмдэглэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэлээ. Харилцаа, хамтын ажиллагаанд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэгээ илэрхийлэв. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөөд байна. Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, Монгол-Оросын санаачилга-2021, Найрамдлын галт тэрэг цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх юм. 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монголсовцветмет нэгдэл, Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн юм гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ
2020-09-18 12:00:13 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
УУГАН НАМЫН УРДАА БАРЬДАГ ЗАЛУУСЫН НЭГ Г.УУГАНБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
2020-09-18 11:54:19 Нийтлэгдсэн: Улс төр
Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Өчигдөр Нийслэлийн Монгол ардын намын хороо нэр дэвшигчээ тодруулж, олон нийтэд танилцуулаад байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн 74 орчим хувь нь анх удаа нэр дэвшиж буй залуучууд байгаа нь анхаарал татаж байна. Боловсрол, мэдлэг, ажлын туршлагаараа үнэлэгдсэн, намдаа нэр хүндтэй залуус энэ удаагийн сонгуульд өрсөлдөх нь. Нийт 45 нэр дэвшигч НИТХ-ын сонгуульд нэр дэвшихийн дотор ууган намын урдаа барьдаг залуусын нэг Г.Ууганбаяр багтжээ. Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч Г.Ууганбаяр гэж хэн бэ? Намын залуу боловсон хүчин Г.Ууганбаяр нь эрхзүйч мэргэжилтэй. Төрийн чухал албанд ажиллаж, гар бие оролцож явсан залуу. 2012 онд Эдийн засаг, эрх зүйн зөвлөгөө ХХК-д мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, 2016-2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга, 2019-2020 онд Тавантолгой төмөр зам ХХК-д Төсөл, хөтөлбөр хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. Ажлын туршлага, мэдлэг боловсролоороо дээгүүр бичигдэх Г.Ууганбаяр НИТХ-ын сонгуульд БЗД-т нэр дэвших юм.
Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна
2020-09-17 09:53:37 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт Хонг Конг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө. Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй