БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ

БНСУ-ын Засгийн газраас COVID-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх зургадугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тус улсын хилээр нэвтрэх журамд дараах өөрчлөлтийг оруулахаар болжээ. 1. Дипломат /А-1/, Албан /А-2/, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу /А-3/ болон Солонгос гаралтай /F-4/-аас бусад урт хугацаанд оршин суух визтэй гадаад иргэд БНСУ-ын хилээр гарахаас өмнө харъяа Гадаадын иргэн харьяатын газраас дахин орох зөвшөөрөл /re-entry/ авах шаардлагатай. Дахин орох зөвшөөрөл авалгүйгээр БНСУ-ын хилээр гарсан тохиолдолд суугаа орны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу урт хугацааны визийг цуцална. 2. Дахин орох зөвшөөрөл авч БНСУ-ын хилээр гарсан иргэд хилээр буцаж нэвтрэх үед сүүлийн 48 цагийн дотор халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг өвчний шинж тэмдэггүйг гэрчилсэн эмчийн магадлагааг шаардана. Эмчийн магадлагаа нь англи эсвэл солонгос хэл дээр байх ба эрх бүхий эмнэлгийн байгууллагын эмч үзлэг хийж, гарын үсгээ зурж тамга дарсан, огноо тодорхой бичигдсэн байна. Эмчийн магадалгаа аваагүй иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болно. 3. БНСУ-ын хилийн чанад дах дипломат төлөөлөгчийн газрууд тодорхойлолт авсан гадаад иргэдээс эмчийн магадлагаа шаардахгүй боловч эрүүл мэндийн асуулгын хуудсыг бөглүүлнэ. Эх сурвалж:Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яам

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно

С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд доорх хуулийн заалтын дагуу хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Үүнд: Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 /263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ Эрүүгийн хуулийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 /2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 /1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ Эх сурвалж: ШЕЗ

Л.Орхон: Монголын улс төрчид бусдын хоолыг булаадаг луйварчдын баг болчихсон

УИХ-д бие даан нэр дэвшихийг горилогч Техникийн ухааны доктор, профессор Л.Орхонтой ярилцлаа. -Уул уурхайн салбар эрчимжиж, Монгол Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа ч нөгөө талдаа байгалийн нөхөн сэргээлт хийлгүй үлдээснээс сүйтгэгч нэр зүүх болсон. Та хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарах ямар асуудал байгаа гэж боддог вэ? -Монгол Улсад өнөөгийн байдлаар 50 гаруй төрлийн 3000 гаруй орд байгаа ба нийт нутаг дэвсгэрийн 5.5 хувийг эзэлдэг. Уул уурхайн салбар нь Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг боловч нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд мөн нөхөн сэргээлт хийлгүй зөвхөн олборлолт явуулж уурхайн овоолгыг шинэ технологи гарахаар олборлоно гэсэн компаниуд бас байна. Жишээ нь: Эрдэнэтийн УБҮ, зарим нэг алтны компаниуд. Эсрэгээрээ нөхөн сэргээлтийг маш сайн хийж гүйцэтгэдэг компаниудад Багануурын нүүрсний уурхай, Монполимет, Бороо гоулд гэх мэт. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөл бүрийн төсөл, судалгаа явуулдаг боловч, төрийн бодлогод нөлөөлдөг түүнээс улбаалж хууль, эрх зүй боловсронгуй болдог эсэхийг үнэндээ сайн мэдэхгүй юм. Хэрэв хууль байдаг бол тэр нь ямар ч байсан хуулийн цоорхойг ашиглан хэрэгждэггүй гэж миний бие боддог. Тиймээс хуулиа боловсронгуй, товч тодорхой, иргэдэд ойлгомжтой байж, хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ. -Төр түшилцэх хүн туршлагатай байх ёстой гэсэн үгээр шинэ хүмүүсийг сонгох боломжийг хаах явдал байдаг. Төр түшилцэхэд олон жилийн туршлага хэрэгтэй юу эсвэл төрдөө үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэл чухал уу? -Ер нь төр түшилцэнэ гэж ярихаас илүүтэй иргэд сонгогчдыг төлөөлж байгаа төлөөлөгч гэвэл зохистой юм болов уу гэж боддог. Мөн төрд ард иргэддээ үйлчилдэг, үнэнч, сэтгэлтэй, сэтгэлгээтэй, эх оронч, эрдэмтэн, инженер хүн байх ёстой. Туршлагатай хүн гээд сайн зүйл дагуулахгүй, муу муухай зүйлийг хаацайлж,бүлэглэл хамгаалагч болж буйг бид харсаар байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, шударга хүнийг олон нийт үгүйлж байна. -Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Олон хүн ирээдүйнхээ төлөө ийм алхам хийж байгаагаа онцолдог? -Тийм ээ. Миний бие энэ талаар боддог ч үгүй байлаа. Гэвч сүүлийн хоёр жилд өнгөрсөн 20 жилд юу болов гээд уншаад судлаад үзсэн чинь энэ улс төр гэдэг чинь бөөн булхай луйварчдыг баг болчихсон, бусдын хоолыг булаагаад сууж байхыг мэдэрсэн. Ийм хүмүүсийн үнэн төрхийг олон түмэнд тайлбарлаж ойлгуулж өгөх хэрэгтэй гэдгийг ухаарч энэ алхмыг хийж байна. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Намын дотор болж буй үйл явдлыг олон нийт дэлгэсээр байна.Тэд юу хийж, ямар арга замаар төрийн эрхэнд гарах гэж байгааг би хэд хэдэн харж байна. 1. Намдаа гомдсон хүмүүс байна 2. Намаа шантаачилж буй хүмүүс 3. Хэн нэгний гар хөл бологсод 4. Хамгийн ноцтой нь өс хонзонгийн талбар болгож байгаа явдал юм. Ер нь энэ 30 жил бид хүссэн хөгжилдөө хүрч чадав уу, бидний сонгосон ардчилал энэ мөн үү гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Олон хүн үгүй л гэж хариулах байх. Тиймээс энэ жил олон бие даагчид ийнхүү гарч ирж, нийгмээ энэ хүмүүсээс цэвэрлэхийг хүсч байна. Нэг ёсондоо бие даагчид гэдэг бол нийгмийн захиалга юм. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Одоо иргэд, сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж байгаа. Иймд ЗӨВ хүнээ л сонгоосой гэж хэлэх байна. Учир нь: Нам гэж байхгүй харин эрх ашиг, бүлэглэл гэж бий гэж миний бие Facebook, Twitter-ээр бичиж байсан. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. -Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье, баярлалаа.

Монгол Ардын Нам сонгуулийн хандивын аянаа эхлүүллээ

Монгол Ардын нам УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ ямар нэгэн байдлаар хандив, дэнчин авахгүйгээ мэдэгдэж, зөвхөн мэдлэг боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, төрд ажиллах чадвартай 76 хүнийг нэр дэвшүүлж, хуулийн хүрээнд сонгуулийн зардлаа бүрдүүлэхийг үүрэг болгосон. Иймд иргэд, сонгогчид, МАН-ын гишүүд, дэмжигчид хүчээ нэгтгэх хандивын аянд нэгдэж, Төрийн банкны 340102000012 дансанд хандив өгөхийг тус намаас уриаллаа. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая, хуулийн этгээдийн хувьд 20 сая төгрөг хүртэл байх бөгөөд банкны гүйлгээний баримтад регистрийн дугаар, нэр, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тодорхой бичих ёстой. Хэрэв хандив өгсөн иргэн хуулийн этгээдийн эдгээр мэдээлэл тодорхой бус байвал хандивыг буцаан шилжүүлэх аж. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулиар дараах этгээдүүд хандив өгөхийг хориглоно гэж заасан. Үүнд: гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага; гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн; 18 нас хүрээгүй хүн; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд; үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага; байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд зэрэг багтаж буй юм. Хүчээ нэгтгэх хандивын аянаар цугларсан хандивын тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй эргэн мэдээлэх юм байна.

У.Хүрэлсүхийн санал болгосон баг

МАН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад цонхоо цэлийтэл нээжээ гэж дүгнэж болох юм. Хуучин кадруудаа шинэчлэн, залуу үеэ дэмжих, олон нийтийн хүлээлтэд нийцсэн сонголтыг санал болгох, эмэгтэйчүүдийн дуу хоолойг чухалчлах тухайд У.Хүрэлсүх яалт ч үгүй дэвшил гаргажээ. Энэ тухайд статистик харвал 76 нэр дэвшигчийн 42 нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа бол 29 хүнийг анх удаа УИХ-д нэр дэвшүүлжээ. Харин 16 буюу 21.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд 78.9 хувь нь эрэгтэй, 21.1 хувь нь эмэгтэй, 60 орчим хувийг залуучууд эзэлж байна. Харин ажил мэргэжлийн хувьд 38.2 хувь нь эрх зүйч хуульч, 30.3 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 17.1 хувь нь инженер, 6.6 хувь нь багш, 6.6 хувь нь бусад, 1.3 хувь нь эмч мэргэжилтэй хүмүүсээс бүрджээ. УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч. Тиймээс МАН эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй гээд салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэж байгаа аж. Байлдагчаас генерал, асрагчаас Гавьяат эмч, Харвард, Йеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдийг ард түмний төлөөлөл болгон илгээсэн нь энэ. Судалгааны дүн шинжилгээ, нийгэм, олны хүсэлтийг онцгойлон авч үзсэнээр МАН-ын дарга У.Хүрэлсүх Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, туршлагатай, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн амлалтдаа хүрсэн төдийгүй шинэ цаг үе, шинэ сорилт нөхцөлийг харгалзан үзсэнийг харж болохоор байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Бүх зүйлийг хуулийн дагуу хийнэ гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдийг тодруулахдаа ч энэ байр суурьтаа бат зогсож, хууль шүүхийн байгууллагад шалгуулж байгаа болон болж бүтэхгүйтэй нэр холбогдсон цөөнгүй хүнийг намын нэрээр сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн юм. Тухайн хүмүүс ч намынхаа удирдлагын шийдвэртэй санал нэгдсэн. Энэ бол улс төрийн намд байх том соёлын нэг буюу МАН нэг гарт зангидагдаж, зарчим, үнэт зүйлийнхээ төлөө нэг зүгт харж чаддагийг харуулсан явдал байлаа. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд төдийгүй үүнээс ч олон жил төр түшилцсэн УИХ-ын 20 гишүүн энэ удаагийн сонгуульд өнжихөөр болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нарыг нэр дэвшүүлээгүй. Ийнхүү 20 гишүүнийг энэ удаагийн сонгуульд өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд бүрдүүлэх орон зай гаргаснаас гадна олон нийтийн дунд явуулсан рейтингийн судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр байв. Тэгвэл МАН-ын шинэ дүр төрх, имижийг хэн бүрдүүлэх вэ. Салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой шинэ залуу үеийг оруулж ирэх бодлогын хүрээнд өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлжээ. Энэ хүлээлтэд нийцсэн хүмүүсийн төлөөллөөс танилцуулбал Гавьяат эмч Ж.Чинбүрэн. Түүний нэрийн өмнө хавдрын гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тэргүүлэх зэргийн өвчлөл болсон хавдартай тэмцэх шаардлага улс орны өмнө зүй ёсоор тулгараад байгаа билээ. Тийм ч учраас хавдрын өвчлөлийн уг гарвал ба эмчилгээ, оношилгоо, шаардлагатай дэмжлэг зэргийн тухайд Ж.Чинбүрэн эмчээс өөр биеэр үзсэн мэт сэтгэл гарган ажиллах хүн үгүй гэхэд болно. Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг болсон талаар эдийн засагчид төдийгүй улстөрчид ч ам уралдан ярьдаг. Энэ нь мэдээж амьдралаас урган гарсан дүгнэлт бөгөөд энэ салбарт дэлхийн хөгжлийг дагаж өөрчлөгдөх, хүндээ чиглэсэн бодлого явуулах шаардлага аль хэдийнэ бий болсон. Тэр дундаа зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр хэмжээнд байдаг манай улсад энэ тухайд реформ хийж, төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Тийм ч учраас энэ чиглэлээр төрд хүчтэй дуу хоолой болж чадахуйц өндөр боловсролтой, практик туршлагатай хүнээр МАН шарк Г.Амартүвшинг нэрлэлээ. Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу манай улсын хувьд энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон. Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны мэргэжилтнийг төрд ажиллуулахын тулд залуу судлаач Г.Дамдиннямыг МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшүүлэхээр илгээлээ. Цаашилбал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нарын өндөр боловсрол, арвин туршлагатай залуусаар намаа төлөөлүүлэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлжээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд Улс төрийн намаас нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалт бий. Бий гэсний учир нь өнгөрсөн хугацаанд энэ заалт цаасан дээр бичигдсэн хэдий ч амьгүй байсаар өдийг хүрсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, манай улсад эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд харьцангуй бага. Тэр дундаа улс төрийн намууд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх, төрийн бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэх боломжийг төдийлөн олгодоггүй байв. Ийм хуучинсаг байдалд Ардын нам шинэчлэл хийхийг эрмэлзэж ирсний илрэл нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтээс шууд харагддаг. Өөрөөр хэлбэл, тус сонгуульд МАН 16 эмэгтэйг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн бол энэ удаад ч мөн дээрх квотоо хадгалж үлджээ. Энэ бол Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг мөрдөж, бусад намд үлгэрлэсэн жишээ юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон. Нөгөө талаас дэлхийн чиг хандлагыг дагасан нь бас нэгэн дэвшил байлаа. Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан төдийгүй бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүмүүжил зэрэг тэр бүр олны анхааралд өртдөггүй ч өрх гэр, иргэн бүрийн өмнө тулгамдсан деталь асуудалд ч төрийн бодлого, шийдвэр дутагдаж байдаг. Гэрийн хэрэг төрийнх гэдгийн адилаар энэ бүхэнд анхаарал хандуулах эзэд нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарыг дахин дэвшүүлж буй нь олон нийтийн дундах судалгааны дүнг харгалзан үзсэн төдийгүй хийсэн ажлынх нь үр дүнтэй шууд холбоотой ажээ. Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ийм байж гэмээнэ парламентаас зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэсэн У.Хүрэлсүхийн амлалт бодит болж, МАН жанжин шугамаа алдалгүйгээр, нэр дэвшигчдээ тодруулсан. Гагцхүү МАН-ын дэвшүүлсэн бодлого хэрэгжиж, эхлүүлсэн ажил үргэлжлэх эсэх нь иргэд сонгогчдын гарт шилжлээ. М.Өнөржаргал

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.