А.Ариунзаяа: Хүүхдийг 2 наснаас нь эхлэн цэцэрлэгт хамруулах бодлогоо үргэлжлүүлэх ёстой

​ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийг гурван наснаас нь эхлэн цэцэрлэгт хамруулах тухайБоловсролын багц хуульд орсонзаалт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулна гэж үзэж байна. Тэрээр өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй Жендэр ба хөгжил чуулганыг нээж үг хэлэхдээ ийнхүү саналаа хэллээ. ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Монгол Улсад Цалинтай ээж хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлээгүй, 0-3 насны хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд сард 50 мянган төгрөг олгодог. Гэтэл цагийн ажил эрхэлье, ойр зуурын ажил хийгээд мөнгө олъё гэсэн ээжүүдэд энэ 50 мянган төгрөгийг олгохоо шууд зогсоодог. Энэ нь ээжүүдийн ажил хөдөлмөрийг дэмжинэ гэхээсээ илүүтэй Үгүй ээ, чи хүүхдээ хараад гэртээ сууж бай гэсэн бодлого болж байна. Хоёрдугаарт,21 дүгээр зуунд зөвхөн эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ суух цаг биш. Нөхөр нь, эрэгтэй хүн хүүхдээ хараад, эхнэр нь ажлаа хийгээд явж болдог нийгэм. МУИС-ийн хуулийн гуравдугаар курсийн оюутан Үндсэн хуулийн цэцэд энэ хөтөлбөр эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан байна гэсэн гомдол гаргаснаар Цалинтай эцэг эх хөтөлбөр болгон өөрчилсөн. Хүүхэд харах хүртээмжийг нэмэгдүүлж байж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Цаашдаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажил хөдөлмөр эрхэлснээс нь үл хамааран тэтгэмж явж байж энэ бодлого нь хөдөлмөр эрхлэлтийг ч, хүүхдийг ч дэмжсэн бодлого болох юм гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байна. Учир нь сургууль цэцэрлэг хаагдахад ээжүүд ажлаасаа гараад хүүхдээ харж байна. Өнөөдөр Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцэж байна. Эрхэм хүндэт гишүүд минь ээ, гурван наснаас эхэлж хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэсэн томъёолол явж байна. Хоёр наснаас нь хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлогыг үргэлжлүүлэх тал дээр Засгийн газрын хуралдаанд үүнийг эсэргүүцэж би бодлоо хэлж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөрт Яслийг хөгжүүлнэ гэсэн бодлого бий. Яслийг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Хүүхэд харах хүртээмжийг нэмэгдүүлж байж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Хүүхэд харах үйлчилгээ манай яаманд эргээд ирж байна. Тэр чиглэлд өөрийн салбарын зүгээс хувь нэмрээ оруулахад хичээн зүтгэнэ гэлээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КАТАР УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

​ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 8-ны өдрөөс Катар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай албан ёсны хэлэлцээ хийж, Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд Султан бин Саад Аль-Мурайхи, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад Бин Ахмад Бин Твар Аль-Кувари нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, газрын тос, батлан хамгаалах, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн, Катарт мах, махан бүтээгдэхүүн экспортлох, газрын тосны чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх, мөн катарын талын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн нөхцөлийн асуудлаар ярилцав. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Султан бин Саад Аль-Мурайхи-тай уулзах үеэр Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаанд тулгарч буй зарим асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцахын сацуу ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад Бин Ахмад Бин Твар Аль-Кувари-тай хийсэн уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол, Катарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас Катар Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Катарын хувийн хэвшлийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах, Монгол Катарын бизнес форумыг 2022 онд зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Айлын талаас Монгол Улсад хөрөнгө оруулах, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа нотлохын зэрэгцээ Монгол Улсын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид болон бизнес эрхлэгчдийг Катар Улсад хүлээн авч, бизнес форум зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. ​

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА М.В.МИШУСТИНТЭЙ УТСААР ЯРИВ

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярив. Ерөнхий сайд нар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцлов. Энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсныг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалыг үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг хоёр талаас эрчимжүүлэхээр ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авч буй, тухайлбал, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өрийн асуудлыг шийдвэрлэх, тээврийн тарифыг үе шаттай чөлөөлөхөөр ажиллаж байгааг тэмдэглэв. Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссаны дараа санхүүжилтийг хамртан шийдвэрлэх боломжийн талаар ярилцав. Роснефть компанитай хамтарсан компани байгуулж, Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудалд шатахуун нийлүүлэх асуудлыг шийдвэрлэснээ дурдаад тус компани манай улсад шатахууны нийлүүлэлтээ тохирсон хуваарийн дагуу тогтвортой нийлүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Оросын тал энэ асуудалд анхаарахаа илэрхийллээ. Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, эрчим хүчний төслүүдэд Оросын аж ахуйн нэгжүүд оролцох нь нээлттэйг Монгол Улсын Ерөнхий сайд тэмдэглэв. Хилийн боомтуудын дэд бүтцийг бэхжүүлж, үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Ульхан зэрэг боомтод онцгойлон анхаарал хандуулж, тээвэр логистик, худалдааг саадгүй явуулах гүүр болгох нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцнэ гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн тухай хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг хэлэлцэн тохиролцохоор болов. Боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйгаа Ерөнхий сайд нар тэмдэглэж, эдгээр салбарын боловсон хүчнийг ОХУ-д үргэлжлүүлэн бэлтгэх, Монгол дахь орос хэлний сургалтыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нарын ярилцсан асуудлыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэх зорилгоор Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахаар тогтлоо. Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрлийн ойр нягт холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

​ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.Тэрбээр байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Франц Улстай хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэн, Элчин сайд Себастиан Сүрүнд ажлын өндөр амжилт хүсэв. Элчин сайд Себастиан Сүрүн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай батлан хамгаалах, иргэний аюулгүй байдал, уул уурхай, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн Францын тал Монголын баг тамирчдыг 2024 онд Парис хотноо зохион байгуулагдах Зуны олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.