ТБХ: 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ
2021-10-20 08:49:01 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.19) хуралдаан 9 цаг 9 минутад 11 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх, нийтийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж ирсний дотор зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгааг танилцуулгад дурдав. Энэ нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 пунктээр нэмэгдүүлэхээр байгаагийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар сэргээж, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, санхүү, шинэчлэлийн бодлогын багц арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх нөлөөлөлтэй байгааг Сангийн сайд танилцуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг Алсан хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хуримтлалтай хүүхэд арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. Хуримтлалтай хүүхэд арга хэмжээг Ирээдүй өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах өөрчлөлтийн талаар Ш.Раднаасэд гишүүн тодруулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны нийт эх үүсвэр 228 тэрбум төгрөг байсан, одоо эх үүсвэрт нь өөрчлөлт оруулж байгаа хэмээн тайлбарласан. Тодруулбал, дотоодын НӨАТ-ын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт тооцдог байсан бол энэ удаа уул, уурхайгаас орох орлогыг нь нэмэгдүүлээд, дотоодын НӨАТ-ын эх үүсвэрийг хассан гэлээ. Урьд нь АМНАТ-ын орлогын 5 хувь Орон нутгийн хөгжлийн санд ордог байсан бол одоо 10 хувь болж нэмэгджээ. Ингэснээр нийт эх үүсвэр 40 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 253 тэрбум төгрөг болж байгаа гэлээ. Хуваарилалтын хувь, өмнө нь Төсвийн тухай хуулиар хүн ам, нутаг дэвсгэрийн алслалт, нягтрал, орон нутгийн хөгжлийн индекс, татварын идэвх, санаачилга гэсэн 4 төрлийн итгэлцүүрээр тооцдог байсан бол шинэ хуулиар 3 итгэлцүүрээр тооцож, хуваарилахаар болсныг тайлбарлав. Ингэснээр аймгуудад өмнө нь хуваарилагдаж байсан хувь хэмжээ буурахгүй гэдэг тайлбарыг Сангийн яамнаас өгсөн. Сурагчийн, багшийн, сургуулийн чанар болон амжилтын дэвшлийг үндэслэж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлэх болно Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээний өөрчлөлтийн талаар хэд хэдэн гишүүн тодруулга авсан. Төрийн албан хаагчдын 60-70 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт байдгийг Л.Энх-Амгалан сайд хэлсэн. Боловсролын салбарын тухайд энэ жилийн төсвийн шинэчлэлийн хүрээнд хувьсах зардал дээр өөрчлөлт орж байгаа гэдэг хариулт өглөө. Тодруулбал, өмнө нь боловсролын хүртээмжийн асуудалд ихээхэн анхаардаг байсан хандлагыг өөрчилж, чанарт анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Сурагчийн, багшийн, сургуулийн чанар болон амжилтын дэвшлийг үндэслэж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлэх болно гэлээ. Боловсролын салбарын ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авдаг цалин буурахгүй, харин хувьсах зардлын шинэ өөрчлөлтөөр урьд нь цалин дээрээ нэмж авдаг байсан орлого, үр дүнгийн урамшууллууд цалингийн нэг хэсэг болж нэмэгдэх бололцоо нээгдэж байгаа юм байна. Цаашдаа, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, төрийн өмчит компаниудаас авахаар төлөвлөсөн ноогдол ашгийн талаар болон НӨАТ-ын хувь хэмжээ, буцаан олголтын талаарх бодлогын талаар тодруулж, Сангийн сайдаас дэлгэрэнгүй хариулт авсан. Нийт 50 мянга орчим төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэдэг зарим төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр холбогдох тооцооллыг хийсэн байгааг Ц.Сандаг-Очир гишүүн тодотгоод, энэ арга хэмжээний зохион байгуулалт, үр нөлөөний талаар лавлав. Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй, цар тахлын нөлөөлөлтэй ийм цаг үед нэг ч албан хаагчийг ажилгүй болгох эрсдэлтэй алхам хийхгүй гэдгийг Сангийн сайд хэллээ. Дээрх тооцоолол, мэдээлэл нь дунд болон урт хугацааны зорилго, хөдөлмөр эрхлэгчид хамгийн ээлтэй байх загварыг сонгож, бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг онцлон тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төсвийн зардал, Засгийн газрын өрийн хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, алт, зэс, нүүрсний борлуулах үнийг багаар төсөөлж, төсвийн орлого бүрдүүлэх тооцоог дутуу төлөвлөж байгааг шүүмжилсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, Б.Жавхлан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, төслүүдийг дэмжиж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн илэрхийлээд Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг өмнө нь тэгшитгэн хуваарилдаг байсныг өөрчилж буйг дэмжиж байгаа гэлээ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аймагт байгаль орчны нөхөн сэргээлт хийж иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогоос тодорхой хэсгийг тухайн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа аймгуудад нэмэлтээр тус тус хуваарилахаар өөрчлөлт оруулж байгаа нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сумдын Орон нутгийн хөгжлийн санд хийх шилжүүлгийн суурь дүн 30 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн гэдгийг онцоллоо. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангахад тал бүрдээ анхаарах шаардлага байгааг Ж.Батжаргал гишүүн тэмдэглэсэн. Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний худалдан авалтыг дэмжих, зах зээлийг нь хамгаалах, борлуулалтыг дэмжих чиглэлд төр засгаас анхаарах, бодлогын арга хэмжээ авах шаардлага байгааг тэрбээр хэлж байлаа. Түүний энэ байр суурийг Х.Булгантуяа гишүүн дэмжиж, цар тахлын энэ хүнд нөхцөлд бизнес, аж ахуй эрхлэгчдээ дэмжих шаардлагатай, төрийн худалдан авалтыг дотоодоосоо хангах бодлогыг авч хэрэгжүүлэх хүлээлт бий. Харин төслүүд дээр энэ талаар огт дурдаагүй байгааг хэлж, цаашид энэ чиглэлээр бодлогын түвшинд зорилт тавьж, арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж үг хэлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь 69.2 хувийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2021-10-19 09:12:26 Нийтлэгдсэн: Улс төр
Өнөөдөр болох байнгын хороо болон дэд хорооны хуралдааны хуваарийг хүргэж байна. 09.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд, хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 10.00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд, хэлэлцэх асуудал: Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн тайлан сонсох 11.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд, хэлэлцэх асуудал: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайлан /үргэлжилнэ/ 12.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд, хэлэлцэх асуудал: Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл Ажлын хэсэг байгуулах тухай /Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/ Байнгын хорооны тогтоолын төсөл /2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан 14.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд, хэлэлцэх асуудал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Бусад 15.00 цагт Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан: Жанжин Д.Сүхбаатар танхимд, хэлэлцэх асуудал: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа
2021-10-18 13:32:30 Нийтлэгдсэн: Улс төр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайд Ө.Батбаярыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хоёр талт хамтын ажиллагаа болон цаашид хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр санал солилцов. Сайд А.Ариунзаяа Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирсний дараа тус улсад төлсөн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх мөн олон улсын жишигт нийцсэн төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах зэрэг бусад олон чиглэлээр тус улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хэрэгцээ байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Элчин сайдаар томилогдоод байгаа Ө.Батбаяр нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хоёр талын хөгжүүлж байгаа хамтын ажиллагааг цаашид илүү өргөжүүлэх чиглэлээр ажиллах болно гэдгээ илэрхийллээгэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг өргөн барилаа
2021-10-18 13:24:07 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугар нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргажээ. Нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал, халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгахтай холбоотойгоор иргэний бүртгэлийн 253 итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3022 төрийн албан хаагч ажилласан байна. КОВИД-19-ийн улмаас тусгаарлагдсан, гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авчээ. 2021.10.10-ны өдөр явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь болж, сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрээгүй нийт 131 хэсэгт 2021.10.16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулсан байна. Ингэснээр 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд сонгогчдын 46.65 хувь нь, 28 дугаар тойрогт 48.89 хувь нь оролцжээ. 18 дугаар тойргийн 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54.2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна. Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирчээ.
Дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох хуулийн төсөл өргөн барилаа
2021-10-15 11:31:19 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Одоогийн байдлаар манай улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд нэмэгдүүлж 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн. Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог. Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү хууль батлагдан хэрэгжих үед 2018 онд батлагдсан хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд тэтгэврийн зөрүү үүсэх, үүнээс улбаалсан хохирол амсах эрсдэл үүсэхээр байна. Тиймээс энэхүү хуулийн төслийгУИХ-аар хэлэлцэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос өндөр насны тэтгэврийг тогтоон бодож байгааг 5 жил болгон өөрчлөхөд хуулийн өөрчлөлтийн хугацаанд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн авах тэтгэврийн хэмжээнд зөрүү үүсэж байгаа тул иргэдийн өндөр насны тэтгэврийг дахин тогтоох, энэ хугацаанд үүссэн зөрүүг нөхөн олгох харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү зохицуулалтад 2018 оны Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд орсон өөрчлөлтөөр тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хамаарах юм байна. Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй