Монгол, Азербайжаны гадаад худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав
2021-10-22 08:53:25 Нийтлэгдсэн: Улс төр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн сайд Микаил Жаббаровтай өнөөдөр цахимаар уулзав. Уулзалтаар Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхлын бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сайн эхлэл болж буйг cайд нар онцлов. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар: Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, Хөгжлийн цаашдын шинэ боломжийг тодорхойлох, Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа бэрхшээлийг арилгах үүрэг бүхий хамтарсан мэргэжилтний уулзалтыг тогтсон хугацаанд зохион байгуулах замаар хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх Худалдаа, эдийн засгийн харилцааг дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэж байна. Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө
2021-10-21 12:32:07 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байлаа. Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгууллаа хэмээн тэрбээр мэдээллээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал ажилласнаас гадна, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 253 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3022 төрийн албан хаагч ажиллажээ. Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч тэдгээрийн ажиглагч, иргэд сонгогчдод хяналт тавих, ажиглалт хийх боломжоор бүрэн хангаж ажилласан бөгөөд санал авах, тоолох, дүн гаргах, хяналтын тооллого хийх үйл явц хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналтаа тавин ажилласан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцолсон. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нийт 148хэсгийн хороонд хяналтын камер ажиллуулж, нэгдсэн сүлжээнд холбосон техникийн шийдлийг хэрэгжүүлж сонгуульд оролцож буй нам, эвсэл, тэдгээрийн ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд сонгогчдын зүгээс санал авах, тоолох үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь буюу тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.6-д тус тус заасны дагуу ирц тавь буюу түүнээс дээш хувьд хүрээгүй 18, 28 дугаар тойргийн нийт 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн 50752 сонгогчоос 46.65 хувь нь буюу 23677 сонгогч, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн 114010 сонгогчоос 48.89 хувь нь буюу 55739 сонгогч оролцлоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нийт 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54,2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд, хүрсэн бөгөөд нийт 148 хэсгийн 59.4 хувь буюу 88 хэсгийн ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна гэсэн мэдээллийг өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 78 дугаар зүйлийн 78.4, 78.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нөхөн сонгуулийн дүнг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107 дугаар тогтоолыг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 108 дугаар тогтоолыг тус тус гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэдгийг СЕХ-ны дарга онцлоод Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлд заасны дагуу Тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэлээ. СЕХ-ны даргын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн. Дараа нь шинээр сонгогдсон гишүүд Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Энхбаярын Батшугар, Цагаанхүүгийн Идэрбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдлаахэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ
2021-10-21 11:56:20 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улс-Ногоон хөгжил НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгааг хэлэв. Мөн нүүрснээс өөр эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэргүй орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмэгдүүлэхийг зорьж байгааг тодотголоо. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна. Цаашид шинэ технологи, инноваци нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэн энэ хувийг 27.2 хувь болгохыг зорьж байгаа юм. Монгол Улс Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас багагүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа донор орнууд, олон улсын байгууллагуудын туршлага, зөвлөгөө, шууд болон шууд бус санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй юм. Хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банк, НҮБ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Дэлхийн банк групп зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна. Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саийд: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхдээ олон сорилт, бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэхдээ олон боломж бас нээгдэж байгаа. Та бүхний зоримог алхмыг Азийн хөгжлийн банк бүрэн дэмжиж байна. Ялангуяа эрчим хүч, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр тухайлан дэмжинэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нөөц ихтэй танай улс дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашид экспортлох боломж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дэд захирал Уша Рао-Монари: Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсын анхаарлын төвд байгаад талархал илэрхийлье. Тэрбум мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш зөв алхам. Нийт иргэн, түүний дотор эмэгтэйчүүд, залуучуудыг татан оролцуулах нь зүйтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улс орнууд хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрнэ. ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон: Уур амьсгалын өөрчлөлт цөлжилт, шар шороон шуурга, байгалийн гамшигт үзэгдэл гээд олон хор хохирол учруулж байна. Даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтээ нэмэхэд анхаарах нь зүйтэй. Дэлхийн улс орнууд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлаар асуудлаа ярилцан, тодорхой үр дүн гаргах нь чухал байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, малын тоо толгойн зохистой харьцааны менежмент бүрдүүлэх, хог хаягдлын үйлдвэр болон дулаан, эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад шаардагдах хөрөнгийг нэмэх шаардлагатайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв. Монгол Улсын ногоон хөгжлийн алсын хараанд ойн аж ахуйн оролцоо, Ногоон эрчим хүчний шийдлийг өргөжүүлэх, Тогтвортой бэлчээрийн зохион байгуулалт болон ногоон эдийн засгийн төрөлжилт сэдвээр хэлэлцүүлэг хийх юм. Урьдчилсан хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн хөгжлийн банк, НҮБ хамтран зохион байгуулж байна.
Б.Жавхлан: Замын-Үүдэд манайхаас шалтгаалахгүй халдварын таван тохиолдол илэрсэн тул урд хил 10-14 хоног хаалттай байх нөхцөл үүслээ
2021-10-20 09:19:44 Нийтлэгдсэн: Улс төр
Урд хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр Урд боомтууд дээр хүндрэлтэй асуудлууд гарч байна. Замын-Үүд боомтод манайхаас шалтгаалахгүйгээр коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн /2021.10.19/. Үүнтэй холбоотойгоор нэлээн хатуу арга хэмжээ авч байгаа юм байна. Зөвхөн Эрээн гэлтгүй Шивээ хүрэнгийн боомтоос цааш 80-аад км-т байдаг сууринд ч халдварыннэг тохиолдолбүртгэгдсэн мэдээлэл авсан. Замын-Үүдэд бүртгэгдсэн халдварын тохиолдын хавьтлуудыг тодорхойлох зорилгоор 10-14 хоног ажиглана гэж байгаа. Энэ хугацаанд манай урд хил хаалттай байх нөхцөл байдал үүсээд байна. Харин Гашуунсухайт боомттой холбоотой сайн мэдээ байгаа.Өнөөдөр /2021.10.19/ нүүрс ачсан 409 машин урагшаа гарсан байна.Энэ бол сүүлийн 5-6 сарын хугацаанд сонсогдоогүй тоо. Үүнийг нүүрс тээврийн жолооч нарын бөмбөлөгөн систем үр дүнгээ өгч байна гэж харж байна гэв.
Г.Занданшатар: Дараагийн зуунд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө хамтран зүтгэе
2021-10-20 08:52:00 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жил олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2021.10.19/ боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К болон хоёр талын Монгол, Орос судлаачид, эрдэмтэн, профессорууд оролцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт зочид оо, Эрхэмсэг ноён Элчин сайд Искандер Кубарович Азизов, Хатагтай, ноёд оо! Ардын хувьсгалтай чацуу түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Оросын хамтын ажиллагаа-100 жил сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Халх голын байлдаан, Дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдэд манай хоёр улс ах дүүгийн барилдлагаагаа бодит үйл ажиллагаагаар нотлон харуулж, чин сэтгэлээсээ харилцан дэмжлэг үзүүлж ирсэн түүхээр бид бахархдаг. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой хэдхэн хоногийн дараа 11-р сарын 5-ны өдөр тохионо. 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, Ардын засаг тогтсоны дараахан буюу 11 дүгээр сарын 5-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон. Тиймээс зуун жилийн өмнөх энэхүү хувьсгал ах дүүгийн найрсаг харилцааны эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Өнгөрч буй зуун нь хоёр ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцсэн тэмцлийн зуун, хамтран хөдөлмөрлөсөн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн зуун байсан. Сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулсан, нийгмийн харилцааны бүхий л салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааны дүнд найрамдал, нөхөрлөлөө бэхжүүлсэн 100 жил байлаа. Аливаа улсуудын харилцааны хувьд бүтэн зуун гэдэг богино хугацаа биш юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх Монголын сайхан хэлц үг бий. Халх голын байлдаан, Дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдэд манай хоёр улс ах дүүгийн барилдлагаагаа бодит үйл ажиллагаагаар нотлон харуулж, чин сэтгэлээсээ харилцан дэмжлэг үзүүлж ирсэн түүхээр бид бахархдаг. Өнгөрсөн зуунд ЗХУ болон ОХУ-ын их, дээд сургуулиудыг нийтдээ 70 шахам мянган монгол залуус суралцан төгссөн юм. Миний бие тэдний нэг болж, өдгөөгийн Байгалийн улсын их сургуульд суралцсан оюутны он жилүүдээ өнөөдөр эргэн дурсахад таатай байна. Манай сургуулийг Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, Д.Моломжамц, академич Б.Ширэндэв, Ерөнхий сайд асан Д.Содном нарын зэрэг 800 гаруй монгол иргэн төгссөн бөгөөд тэдний дотор Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга 5, Сангийн сайд 10, Монголбанкны ерөнхийлөгч тав байдгаар бид бахархдаг. Энхийн цагт ОХУ-ын их дээд мэргэжлийн сургууль төгссөн Монгол Зөвлөлтийн барилгачид, инженер техникийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчид, эмч бүхий л салбарын мэргэжилтнүүд Монгол орны өнцөг булан бүрт өрнөсөн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Орос, Зөвлөлтийн ард түмний сэтгэл зүтгэл шингэж, сүндэрлэн боссон уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, цахилгаан станцууд, Дархан, Эрдэнэт зэрэг хотууд, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын манай улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлдэг. Монгол, Оросын ард түмний найрамдал, нөхөрлөл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны гэрэлт хуудас болсон нэгэн үйл явдал 1981 онд тохиосон билээ. Энэ онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг сансарт ниссэнээр Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон болсон юм. Эх орондоо боловсрол, соёл, шинжлэх ухааны шинэ үрийг тарьж, ургуулан цэцэглүүлэх, их бүтээн байгуулалт өрнүүлэн, улс орноо хөгжил дэвшилд хөтлөх гэгээн үйл хэргийн эзэд болсон шинэ үеийн эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтан, төр нийгмийн зүтгэлтнүүд ОХУ-д суралцан, эрдэм боловсрол эзэмшсэн билээ. Ахмад үеийнхэн маань дэлхийн хэл болсон орос хэлээр дамжуулан хүн төрөлхтний соёлтой танилцаж, эрдэм боловсрол эзэмшсэн. Энэ сайхан түүх энэ цаг үед ч үргэлжилж, орос хэлийг сурах үйл явц хүүхэд залуусын дунд өрнөж, ОХУ-ын их, дээд сургуулиудад олон монгол хүүхэд суралцаасай гэж би хүсдэг. Энэ дашрамд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн босгон дээр ОХУ-ын Засгийн газраас монгол оюутнуудад олгодог тэтгэлгийн тоог 600-д хүргэхээр шийдвэрлэсэнд маш баяртай байгаагаа илэрхийлье. Хатагтай, ноёд оо, 1990-ээд оны эхээр хоёр улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн амаргүй жилүүдэд хоёр улсын харилцааны хүрээ тодорхой хэмжээгээр хумигдсан ч хамтын хүч чармайлтаар богино хугацаанд сэргэж, тогтвортой хэмнэлдээ орсон. Хоёр улсын хооронд 2009 онд Стратегийн түншлэлийн, 2019 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтож, хамтын ажиллагаа маань бүхий л салбарт амжилттай хөгжиж, хоёр улсын хөгжил, дэвшилд чухал хувь нэмэр оруулсаар байна. Дараагийн зууныг ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭРЧИМТ ХӨГЖЛИЙН ЗУУН болгохын төлөө хамтран зүтгэцгээе. Гэхдээ хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа санасан хэмжээнд хүрэхгүй, боломж нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг зориуд тэмдэглэж хэлье. 1990 онд Монгол Улс нийт 660.7 сая ам.долларын экспортыг гадаад улс орнуудад хийсний 519.6 сая нь ОХУ-д ногдож, экспортын бүтцэд ОХУ-ын эзлэх хувь 78.6 хувьд хүрч байсан. Энэ хэмжээ 1991 онд 68.3 хувь болж буурсан. Харин 1992 онд 58.5 хувь болж, БНХАУ 17.8 хувийг эзэлдэг болсон бол 2019 онд БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь, ОХУ-ынх 0.9 хувь болсон байна. Тэгвэл Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.45 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 57.3 сая ам.доллар, импорт 1.4 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын худалдааны баланс -1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын экспорт 50 сая ам.доллар, импорт 847.5 сая ам.доллар болж, алдагдал тууштай буурахгүй байна. Энэ байдлыг өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, уламжлалт сайн харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь 100 жилийн түүхэн харилцааг өртөөлөн үргэлжлүүлж яваа бидний үеийнхний үүрэг юм. Тарифын болон тарифын бус элдэв хориг саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа сайн нөхдийн хувиар хэлэлцэн зөвшилцөж, уялдуулан зохион байгуулах нь манай ард түмнүүдийн нийтлэг эрх ашигт нийцнэ. Монгол Улс, ОХУ-ын найрамдалт харилцааны өнгөрсөн 100 жил эрх чөлөө, тусгаар тогтнол, соёл, шинжлэх ухаанаа сэргээн мандуулсан зуун байсан. Дараагийн зууныг ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭРЧИМТ ХӨГЖЛИЙН ЗУУН болгохын төлөө хамтран зүтгэцгээе. Хатагтай ноёд оо, Хоёр улсын гадаад харилцааны түүхэд чухал байр суурь эзлэх энэхүү ойг хамтарсан төлөвлөгөө гарган, жилийн туршид өргөн хүрээнд тэмдэглэж байна. Энэ нь хоёр улсын харилцааны гайхамшигт түүхийг бүтээсэн ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, хойч үеийн хүүхэд залуучуудад уламжлуулан, сайн харилцааны цаашдын хөгжлийн суурийг батжуулах зорилготой юм. Үлдсэн хугацаанд хоёр талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлал, соёл, хүмүүнлэгийн арга хэмжээ олон байгаа. Айлчлал, арга хэмжээний үр дүнд хоёр улсын харилцаанд оролцогч, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, судлаачид хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, илүү бодит үр дүнд хүргэх, шинэ агуулгаар баяжуулахад чиглэсэн олон чухал санаачилгууд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монгол, Оросын харилцаа улам бүр цэцэглэн хөгжиж, хоёр ард түмний зуун дамжсан найрсаг нөхөрлөл, бат найрамдал үеийн үед бэхжихийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Бага хурлын ажиллагаанд амжилт хүсье. Эх сурвалж: parliament.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй