Цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн зарлиг гарах асуудлаар ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэв
2021-10-01 10:46:55 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өчигдөр хуралдуулав. Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдбайгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж заасан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол орны хэмжээнд экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн гэдгийг хэлж, энэ чиглэлээр гаргасан тодорхой санаачилга буюу Тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэв. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАР ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ
2021-10-01 10:16:05 Нийтлэгдсэн: Улс төр
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын цахим семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа. Улсын Их Хурлаас шинээр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан уг хуулийг тайлбарлан таниулах, хуулийг даган гарах дүрэм, журмын төслийг танилцуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нараар хэлэлцүүлж тэдний санал, бодлыг тусгах нь энэхүү семинарын зорилго юм. Швейцарын хөгжлийн агентлагийн төслөөс зохион байгуулж байгаа цахим семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар удирдан явуулах бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжилж, бүх аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нарыг хамруулжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг даган гарах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах тухай, Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах тухай, Хурлын Зөвлөлийн ажиллах журам, Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм зэрэг нийт 14 дүрэм, журмын төслийг Улсын Их Хурал, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан мөрдүүлэх тул дүрэм, журмын төслийг орон нутгаар хэлэлцүүлж, санал авах ажлыг цаашид ч зохион байуулах юм байна.
У.Хүрэлсүх: Тэрбум мод тарих хөдөлгөөнд зэвсэгт хүчнийг татан оролцуулна
2021-09-30 10:56:56 Нийтлэгдсэн: Улс төр
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байна гэв. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна. Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг уулзалтад оролцогсод хэллээ. Тэд юуны өмнө мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэйг зөвлөлөө. Ой судлалын ухааны доктор Н.Батхүү: Тэрбум мод тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай. Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал: Ойн зурвас, төглийг түшиглэн төрөл бүрийн жимс, жимсгэнэ тариалах хэрэгтэй. Товчхондоо нэг тэрбум модны 10 хувь нь жимс, жимсгэний мод, бут байгаасай гэж хүсэж байна. Хөрсөө сайжруулах бордоо үйлдвэрлэх, суулгацаа дотооддоо бэлтгэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих хэрэгтэй. ШУТИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, My club-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам: Санаачилгыг дэмжиж байна. УИХ тогтоол гаргаж хуульчлах хэрэгтэй. Мэргэжлийн сайн дурын ажилтан бэлтгэж, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх нь үр дүнтэй. Соёолж компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн: Ойн тухай хуулийг шинэчилж, Хот, суурин газрын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Энэ хуулийн төсөлд дүүрэг бүр 5 га-гаас доошгүй талбайтай цэцэрлэгт хүрээлэнтэй байх, усалгаа үнэ төлбөргүй зэрэг олон чухал заалт байгаа. Мод үржүүлгийн газруудыг сайн дэмжих хэрэгтэй. Цэцэрлэгжилт компанийн захирал Ө.Магсаржав: Татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарах нь зүйтэй. Цэргийн алба хаагчдыг дайчлах нь зөв гэж бодож байна. Мод тарьж ургуулахтай холбоотой сургалтыг маш сайн хийх ёстой. МУИС-ийн багш Б.Оюунсанаа: Амаргүй зорилт. Гэхдээ үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүн, тоног төхөөрөмж бүхий бүсчилсэн ойн анги байгуулж, түүнийг түшиглэн жижиг аж ахуйн нэгжүүд ажилладаг байвал зүгээр. Удирдлага, зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг: Энэ хөдөлгөөнд 170 гаруй мянган малчин өрх идэвхтэй оролцох ёстой гэж бодож байна. Цөлжилт, бэлчээрийн доройтлоос болж нэг өрх гэхэд л жилд хоёр сая төгрөгийн орлогоо алддаг тооцоо бий. Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга: Манай их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид хамтраад хоёр дэд хөтөлбөр боловсруулж өгье. Ойн чиглэлээр суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлгээ түлхүү олгоё. 100 мянган ширхэг үрслэгээ бэлэн байна
Н.УРТНАСАН: АГНАХ АМЬТДЫН ТОО ТОЛГОЙГ ХОЁР ЖИЛД НЬ ХУВААВАЛ ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙНХЭЭС Ч БАГА БАЙГАА
2021-09-30 10:48:04 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Манай улс 8 төрлийн ан амьтныг агнах зөвшөөрөл олгодог. 2020 онд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ховор ан амьтныг агнуулаагүй. Энэ жил Засгийн газраас тогтоосон тоогоор буюу угалз 100, тэх120, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250 хүртэл тоогоор агнах зөвшөөрлийг олгоод байгаа юм. Мөн тул загас 540 хүртэл тоогоор барьж, буцаан тавих зөвшөөрөл олгожээ. Харин зэрлэг гахай агнах зөвшөөрөл энэ жил олгоогүй байна. Ховор ан амьтны агнуурын зөвшөөрөл, орлогын асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас тодрууллаа. -Ховор ан амьтныг агнах, агнуурын бүсийг хэрхэн тогтоодог юм бэ? -Амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай Амьтны тухай хууль 2012 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг мөрдөж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой 7 эрх зүйн актыг мөрдөн ажиллаж байна. Засгийн газрын 93 дугаар тогтоолоор батлагдсан Ховор ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох тусгай журмаар зохицуулдаг. 2012 оноос өмнө Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь агнуурын бүс байсан. -Одоо хичнээн агнуурын бүс байна вэ? -Шинэчлэгдэн батлагдсан хуулиар агнуурын бүсүүдийг тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 19 аймагт 171 агнуурын бүс байна. Нийтдээ угалз, тахь, бор гөрөөс, цагаан зээр, халиун буга зэрэг 8 амьтанд болон тул загасанд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Тул загасыг тусгай сонирхлын жуулчдад агнах биш барих зориулалтаар зөвшөөрөл олгож байна. -Агнуурын бүсийн менежментийг нь тухайн орон нутагт нь хариуцуулсан байдаг байх аа. Тухайн жилийн ан агнуурын тоо толгойг хэрхэн тооцож гаргадаг вэ? -Агнуурын бүсүүдийг 2012 онд батлагдсан шинэ хуулиар тухайн орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд менежментийг нь хариуцуулж өгсөн. Ингэж менежмеэнт хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн жилийнхээ ан амьтны нөөцийн судалгааг тогтоож, гаргана. Тухайн жилдээ ямар тоо толгойгоор агнах зөвшөөрлийг олгох вэ гэдгээ тогтоохын тулд нэгдүгээрт орон нутгаас ирсэн саналыг үндэслэнэ. Хоёрдугаарт, тухайн ан амьтны нөөцийн судалгаан дээр үндэслэж гаргадаг юм. Жил болгон Засгийн газрын тогтоолоор батлагддаг тоо хэмжээндээ зохицуулалт хийж, 19 аймгийн 171 агнуурын бүсэд хуваарилдаг. -Агнуур олгож байгаа тусгай зөвшөөрлийг олгодог нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Зарим тохиолдолд иргэд ховор ан амьтан агнах хүсэлт ирүүлдэг. Мөн тухайн менежментийг хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлт ирүүлдэг. Цаашдаа 2013 оны 93 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл амьтантай холбоотой, БОАЖ-ын яам төлбөр хураамжийг төвлөрүүлдэг мэтээр ташаа мэдээлэл их гардаг. Үүнд цэг тавьж, эцсийн мэдээллийг үнэн бодит байдлаар гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. -Агнах амьтдын тоо толгойг хэт нэмэгдүүлж зөвшөөрөл олгосон гэх асуудал тайлбар хийх хэрэгтэй болов уу? -Амьтны тоо толгойн хэмжээг хэвлэлээр гарч байгаа шиг эрс өсгөсөн явдал байхгүй. Тухайлбал, 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ховор ан амьтныг агнах ажиллагаа явагдаагүй. 2019 онд угалз 86, тэх 95, халиун буга 40 тоо толгойг агнах тусгай зөвшөөрөл олгогдсон байна. 2021 онд угалз 100, тэх 120, халиун буга 60 гэсэн тоо толгойгоор зөвшөөрөл өгсөн. 2020 онд энэ агнуур хийгдээгүйгээс үүдээд өмнөх хүсэлтүүд байсан. Хоёр онд хуваагаад үзэхээр 2019 оныхоос ч бага хэмжээтэй зөвшөөрөл олгосон байгаа юм. Иймээс баримтгүй мэдээлэл түгээж, ан агнуурын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг гүтгэх, янз бүрийн байдлаар ташаа мэдээлэлд автуулах байдлыг БОАЖЯ-наас эсэргүүцэж, бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. -Агнуурын амьтдын үнэлгээг хэрхэн тогтоодог вэ? -Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор Монголбанкны тухайн жилийн валютын ханшаар тооцдог байгаа. Жишээ нь, угалз 24.000, говийн алтайн тэх 13.000-14.000 гээд үнийг тодорхой тогтоогоод өгчихсөн. -Эдгээр төлбөр тооцоо хаана төвлөрдөг вэ? -Энэ талаар ташаа мэдээлэл их гардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ орлогыг төвлөрүүлэх чиг үүрэг байхгүй. Энэ бол орон нутагт төвлөрдөг орлого. 2018-2019 оны дүн мэдээгээр 7.5 тэрбум төгрөгийг Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгаа. 2018 оны үнийн дүнгээс 2019 онд 1.8 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсөн байгаа. -Цаашдаа салбар яамнаас үнэ үнэлгээ, тоо толгойн хэмжээн дээр ямар арга хэмжээ авах вэ? -Энэ талаар БОАЖЯ-ны байр суурь бодлого маш тодорхой байгаа. Нэгдүгээрт 2011 оны үнэлгээг өөрчлөх шаардлагатай. Биологийн олон янз байдлыэн үнэлгээн дээр судалгаа хийж 2021 онд нийцүүлсэн цаашдаа ямар үнэлгээ тавих вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж байна. Нийтдээ 354 биологийн олон янз байдлын үнэлгээг өөрчлөх шаардлагатай гэсэн судалгааг гаргасан.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ
2021-09-30 10:05:10 Нийтлэгдсэн: Улс төр
Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж Үндэсний зөвлөлийн Ажлын алба байгуулахаар боллоо. Мөн Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт-д нэмэлт өөрчлөлт оруулж, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор гэж нэмж, сэргээн байгууллаа. Дундын ашиглалттай болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, бусад туршилтын материал худалдан авах ажлыг хөнгөвчлөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад даалгалаа. Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах, улсын тусгай хэрэгцээний газарт авах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо. Мөн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах нь зүйтэй гэлээ. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 0-17 хүртлэх насны 69,796 хүүхэд байгаа нь нийт тохиолдлын 19 хувийг эзэлж байна. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл нь өндөр байна гэж Улсын онцгой комисс танилцуулав. Энэ сарын 24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 101 сургуулийн 146 багш, 54 ажилтан, 418 хүүхэд, 99 цэцэрлэгийн 99 багш, 108 ажилтан, 65 хүүхэд халдвар авч, хоёр сургууль цахимд шилжсэн байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг нэмэлт гуравдугаар тунд 297.620 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны тушаалаар 18 ба түүнээс дээш насны иргэдийг нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамруулж буй бөгөөд хамрагдсан иргэдийн халдвар авах эрсдэл бага байгаа учир иргэдийг дархлаа сэргээх тунд хамруулах ажлыг идэвхжүүлэхийг үүрэг болголоо. Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлднийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг бүртгэх, тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороодыг ажиллуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлдолон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулан илүү олон жил шимтгэл төлснийг урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тооцдог болгох зэрэг зохицуулалтыг тусгасан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн эрх хэвээр хадгалагдаж, эрх ашиг нь зөрчигдөхгүй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлдтэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно. Харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөгийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг 20 хоногоор нэмэгдүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэх, даатгуулагчийг ажлын байранд нь тогтвортой ажиллуулсан ажил олгогчид тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар гурван жилд тутамд нэг удаа хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгав. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлдүйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг тухайн сангийн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас багагүй байхаар, тэтгэвэр авагчид протез, ортопедын жишиг үнийг гурван жил тутамд 100 хувиар даатгалын сангаас олгохоор, үйлдвэрлэлийн осол гаргаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгалаа. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлддаатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна. Товч мэдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2022 оны төсвийн тухай, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар мэдээлэл сонссон байна. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар тус хуулийн төслийг танилцуулахаар боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт Үхрийн арьс товруутах өвчин шинээр оношлогдсонтой холбогдуулан Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад Үхрийн арьс товруутах өвчнийг нэмлээ. Үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан, өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. - Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн төрөл, чиглэлийг дахин судалж, зарим үйл ажиллагааг зөвшөөрөлгүй болгох, цахимжуулах, мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор эрх зүйн орчныг өөрчлөх ажлын хүрээнд Засгийн газрын байгууллагуудаас олгож буй тусгай зөвшөөрөл, эрх, лиценз, бүртгэлийн нэгдсэн судалгааг гаргаж дуусчээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй