С.Амарсайхан: 200 ортой Эрдэнэт Медипас эмнэлгийг улсын өмч болгоно

УОК-ын өнөөдрийн хурлаар Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2015 онд ашиглалтад орсон 100 гаруй тэрбум төгрөгийн эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц үнэ төлбөргүй шилжсэнийг улсын өмчид буцаан авах шийдвэрийг гаргажээ. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: - Анх ковид дэгдэж эхлэхэд байхад 1000 гаруй орж дэлгэж байсан ч өнөөдөр бараг 22 мянган ор дэлгээд байна. Үүний тал хувь нь орон нутагт бий. Өчигдөр гэхэд 500 гаруй ор нэмж дэлгэлээ. Орон нутгийн эрүүл мэндийн нөөцийг нэмэгдүүлэх, зөвхөн орон нутагт гэлтгүй нийслэлд шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй байна. Эрдэнэт Медипас эмнэлэгийн 200 ортой байгууламжийг 2015 онд 69,9 тэрбум төгрөгөөр барьж, 50 айлын орон сууц, дэд бүтэц бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр 18 жилийн хугацаатай гэрээ байгуулан хувийн байгууллагад шилжүүлсэн ч өнөөг хүртэл улс нэг ч төгрөг аваагүй. Ийм нөхцөл байдалд улсад нэг ч гэсэн ор хэрэгтэй байна. Эмнэлгийг улсад буцаан авах бүрэн боломжтой, бид үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг нэрийдлээр Эрдэнэт үйлдвэрээс 12,7 тэрбум төгрөгийг бэлнээр авч ашигласан бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар 120-130 тэрбум төгрөгийн эмнэлэг юм. Орхон аймгийн эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн үндэслэлээр улсад буцаан авах шийдвэрийг гаргалаа. Нэг ч төгрөгийн төлбөргүйгээр энэ том барилгыг хувьдаа аваад дээрээс нь бэлнээр хэдэн тэрбумыг авч, буцаагаад 6 тэрбумыг төлбөр гээд шилжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй байна. Ийм нөхцөл байдалд улсад нэг ч гэсэн ор хэрэгтэй байна. Эмнэлгийг улсад буцаан авах бүрэн боломжтой, бид үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.

ГАДААДААС ИРСЭН ИРГЭДИЙГ ТУСГААРЛАН АЖИГЛАХ ТҮР ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Сүүлийн 24 цагт коронавируст халдвар Улаанбаатарт 1043, орон нутагт 945 нэмэгдлээ. 5286 хүн эдгэрлээ. Маш хүнд 384 иргэн байна. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус хуралдааны эхэнд өглөө. Мөн улсын хэмжээнд 27 мянган ортой. Энэ орны 50 орчим хувийг коронавируст халдвартай иргэдийг эмчлэхэд зориулж байна. Нэмж ор дэлгэх боломж хомс. Ор дэлгэсэн ч ажиллах хүчний нөөц хангалтгүй байна, мөн ор нэмж дэлгэвэл эрүүл мэндийн байгууллага үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд хүндрэл гарахаар байна гэж тэрбээр танилцуулав. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүлээж буй 200 өвчтөн байна. Хүнд, хүндэвтэр өвчтөнөө эмнэлэгт эмчилж, эндэгдэл гаргахгүй байхад эрүүл мэндийн салбарт анхаарч байна гэв. Гэсэн ч нөөц боломж гаргаж, нийслэл болон орон нутагт 684 ор нэмэхээр болжээ. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Заалны үйлчилгээ, амны хаалтаа авдаг үйлчилгээ сөргөөр нөлөөлж байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ халдвар авч байна. Иймд Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах, дархлаа дэмжих буюу гурав дахь тунд хамрагдах зохион байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг саналыг саналыг тавьжээ. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа. Мөн дельта хувилбарын тархалтын оргил үеийн хугацаанд хүндрэл, нас баралтаас сэргийлэх зорилгоор халдвар авсан иргэдийг эмчлэх эмнэлгийн ор, тусгаарлан эмчлэх байр болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг хуваарилан ажиллуулах төлөвлөгөөнд нэн даруй тодотгол хийж, эрсдэлт бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, халдвар авсан хүүхдийн эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам тогтмол ажиллуулах, боломжит эмнэлэгт коронавируст халдварын өдрийн эмчилгээний тасаг нээх, бөөрний дутмагшмал гэсэн оноштой тогтмол хяналтад байдаг хүн халдвар авсан тохиолдолд диалезын тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллах боломжийг судалж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. Сургууль-гэр-сургууль-гэр маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллгааг 2021 оны аравдугаар сарын 1-нээс 22.00 цагаас хойш ажиллахыг хориглож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо. Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглолоо. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам-ыг хүчингүй болголоо. Гадаадаас ирсэн иргэдийг ирэх сарын 15-аас тусгаарлахгүй, онгоцны буудал дээр ПГУ шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

СЕХ: Сонгуулийн үйл ажиллагаанд халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримталж ажиллана

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах явцад коронавируст халдвар /КОВИД-19/-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх, сонгуулийн сурталчилгааны болон сонгогчийн санал авах ажиллагааны үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдэд дээрх түр журмыг мөрдлөг болгохыг зөвлөж, Хэнтий аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороодод хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг, чиглэл өглөө. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай, Хэнтий аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Ц.Идэрбат нарт хүргүүлж, түр журмын хэрэгжилтийг хангаж ажиллахдаа онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас гадна бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоогоо хангаж, хамтран ажиллах шаардлагатай гэж үзлээ. Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллуулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдох зардлыг хариуцаж, сурталчилгааны үед сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах, танхимд зохион байгуулсан тохиолдолд байр, танхимыг 2 цаг тутамд ариутган цэвэрлэж, 30 минут тутамд танхимын агаар сэлгэх, хүн хоорондын зай /1,5 м-ээс багагүй/ барих, оролцогч бүрийн биеийн халууныг хэмжиж, амны хаалттай байлгах, нэг удаагийн бээлий өмсөх, 18 нас хүрээгүй хүнийг сурталчилгааны ажилд оролцуулахгүй байх зэрэг түр журмын зохицуулалт мөрдөгдөх юм. Түүнчлэн нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулан шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Хүний суурь эрх болох сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахих нь өнөөгийн нөхцөлд нэн чухал байнагэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

0-5 насныханд 100 мянган төгрөг өгөх, 5-аас дээш насныханд хуримтлал үүсгэх хувилбарыг судалж байна

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 1-нд буюу долоо хоногийн дараа эхэлнэ. Чуулганаар 2022 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах юм. Сангийн яам төслөө боловсруулж дуусжээ. Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар төсвөө хэлэлцээд, УИХ-ын даргад өргөн барих юм. Ирэх оны улсын төсвийн нийт зардал 16 их наяд төгрөг байна. Хэдийгээр зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт манай экспортын бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа ч ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа эдгээрийн үнийн өсөлтөд найдаагүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм. Гэхдээ нүүрсний экспортыг 36 сая тонн буюу энэ оныхоос (15.9 сая тонн) даруй хоёр дахин өсгөж, төмрийн хүдрийн экспортыг 8.5 сая тонноос 9.5 сая тонн болгохыг зорьж байна. Алтны экспортыг Монголбанк энэ оныхтой ижил буюу 20 тонн байна гэж үзсэн байна. Ирэх онд манай улсын нийт импорт 6.3 тэрбум ам.доллараас 7.2 тэрбум ам.доллар болж өсөх тооцоог Сангийн яам хийжээ. Энэ онд төсвийн алдагдал ДНБ-ийн 8.8 хувьтай тэнцэж байгаа ч ирэх онд 5.1 хувь руу буулгана. Харин Засгийн газрын өр ДНБ-ийн 70 хувиас хэтрэхгүй гэсэн таазанд тулсан хэвээр байх нь. 2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ТООНУУД Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна. Улаанбаатар хот энэ онд ийм хэмжээний буюу 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байв. Гэвч хотын түгжрэлийг өнөө хэр шийдээгүй тул энэ эх үүсвэрийг улсын төсөв рүү татахгүй. Харин хөгжлийн түгжрэл болсон замын асуудлаа шийдэх үүргийг хотын удирдлагуудад өгсөн байна. Ирэх онд халамжид 3 их наяд төгрөг зарцуулна. Үүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Гэхдээ хүүхдийн мөнгийг ирэх оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Харин 50/50 хувь байх уу 60/40 хувь байх уу гэсэн тооцоог эцэслээгүй байна. Мөн 0-5 хүртэл насны хүүхдүүдэд сар бүр 100 төгрөг өгч, 5-аас дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх гэх мэтээр насаар нь зааглах хувилбарыг Засгийн газар судалж байна. Учир нь 0-5 насны хүүхдүүдэд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдгийг судалгаагаар тогтоожээ. Хүүхэд бүрд сард 100 мянган төгрөг олгодог энэ халамжийг шууд зогсоохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Судалгаагаар халамжийн энэ бодлогыг үргэлжлүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гарчээ. Гэхдээ хүүхдийн мөнгө нь орлого бий болгодог халамж биш. Засгийн газар Төрийн сангаас буюу татвар төлөгчдийн мөнгөөр энэ халамжийг олгож байгаа тул удаан хугацаагаар энэ мөнгийг олгох нь улсын төсөвт том дарамт болох нь тодорхой. Ирэх онд хийх шилжих хөрөнгө оруулалт нийт 1.5 их наяд төгрөг байна. Тээвэр логистикийн бэрхшээлийн улмаас энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийх олон ажил хойшилжээ. Бараа материалын үнэ өссөн тул тендерт шалгарсан зарим ААН тендерийг хэрэгжүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна. Иймд шилжих буюу энэ онд эхэлж, ирэх онд үргэлжлэх хөрөнгө оруулалтын ажлууд буурсан дүнтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа. Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайдын хувиар албан ёсны айлчлал хийсэн нь харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг хэлэв. Дайны хүнд хэцүү цагт Монгол Улсын үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг сайнаар дурсаж явдаг, ахан дүүсийн харилцаатай улсууд гэдгийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэмдэглэв. Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар дүрэмд суурилсан зохицуулалт, энхийн шугамаар шийдэх шийдлийг эрхэмлэдэг гэдгээ хэлээд, энэ чиглэлээр Монгол Улс байр сууриа илэрхийлж байхыг хүсэв. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар санал солилцлоо. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.