Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 12 аймгийн 48 суманд өвөлжилт хүндэрч, дээрх нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газраа 60-130 см зузаан нягтарч хатуурч цасан бүрхүүл тогтжээ.
Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 16 аймгийн 83 суманд малын бэлчээрлэлт хүндрэх төлөвтэй байна.
Өвөлжилт хүндрээд байгаа аймгуудын нөхцөл байдал ямар байгаа, цаашид авах арга хэмжээг тодорхойлохын тулд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт өчигдрөөс эхлэн ажиллаж байна.
ОБЕГ-ын даргын удирдамжаар ажиллаж буй уг ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудад 01 дүгээр сарын 10-ныг дуустал ажиллах юм байна.
Өнөөдрийн байдлаар уг Ажлын хэсгийнхэн Өвөрхангай аймгийн Зүйл, Бүрд, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр суманд ажиллаж байна.
Ингээд Ажлын хэсгийн ахлагч, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараас утсаар тодруулга авсан юм.
- Өвөрхангай аймгийн дээрх сумдад нөхцөл байдал ямар байна вэ?
- Ажлын хэсэг өчигдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Бүрд, Хархорин суманд ажиллалаа. Өнөөдөр Хужирт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр сумдад ажиллана. Эдгээр сумдад цас ихээр орж, өвөлжилт туйлын хүндэрсэн байна.
Цасны зузаан их, нягт нь 0,20-0,30 гр/см3 байгаа нь олон жилийн дундажтай харьцуулахад 2 дахин их байна. Мал бэлчээрлэх боломжгүй болж цас их орж, нягтаршсанаас малын шилбэ шархлах, туурай бэртэх хүндрэлүүд гарч байна.
- Өвс, тэжээл хэр хүрэлцээтэй байна вэ?
- Тус аймагт байрлах Улсын нөөцийн цэг, салбаруудаас өвс, тэжээлийг худалдан борлуулж эхлээд байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж цаашид нөөцийн өвс, тэжээлийг нэмж байршуулах шаардлага тулгарч байна гэсэн хариултыг өгсөн юм.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах уг Ажлын хэсэг нь гамшгийн эрсдлийн үнэлгээ хийж, гамшгийн хэмжээнд хүрсэн аймаг, сумдын тоог тодруулах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь асуудлыг шуурхай шийдвэрлэж, цаашид малчдад хэрхэн туслах, төр засгаас орон нутаг руу хандсан ямар арга хэмжээ авахыг тодруулах юм.
Өнөөдрийн байдлаар өвөлжилт хамгийн их хүндэрч, олон сумдыг хамарсан аймаг нь Өвөрхангай аймаг юм. Тус аймгийн хувьд 19 сумын 11-д нь ийнхүү өвөлжилт хүндэрсэн мэдээтэй байна.
Ажлын хэсгийнхэн томилолтынхоо үеэр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд цаг хугацаанд нь шуурхай, оновчтой, хүртээмжтэй зарлан мэдээлж байгаа эсэх, аймаг, орон нутаг дахь Улсын нөөцийн цэг, салбарын үйл ажиллагаа, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч буй аймгуудын дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж заавар зөвлөгөө өгөх юм. Үүнээс гадна өвөлжилт хүндэрсэн аймгуудын отор нүүдэл хийж байгаа малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаад үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.
Мөн мал өвөлжилт, үүссэн нөхцөл байдал, тохиолдож буй хүндрэл, бэрхшээлтэй танилцаж, хаагдсан зам давааг нээх, цэвэрлэх зориулалттай техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэр гаргаж ажиллана.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.