Коксжих нүүрсний шууд худалдааны үнэ буурсаар байна
Эх сурвалж: Platts Report
Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний худалдан авалт буурахын хэрээр дэлхийн коксжих нүүрсний зах зээл суларсаар байна. Үүний зэрэгцээ коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээсээ өндөр байгаа нь байдлыг улам дордуулж буй. Ирэх сард нүүрс нийлүүлэлтийн хөлөг онгоцуудын ачилт дүүрэн байх төлөвтэй байгаа ажээ. “Бүхий л компаниудад ачааны усан онгоцонд ачуулах нөөцийн нүүрс байна” гэж Австралийн худалдааны нэгэн компани мэдэгджээ. Коксжих нүүрсний хувьд Австралийн боомт дээрх FOB нөхцөлтэй (нийлүүлэгч талын боомт дээр ачих хүртэлх үнэ) үнэ 1.5-2 доллараар буурч, 142-156 ам.доллар/тонн хүрчээ.
Энэ оны хоёрдугаар улирал буюу 4-6 дугаар сард коксжих нүүрсний CFR нөхцөлтэй (худалдан авагч талын боомт дээр хүргэж өгөх үйлчилгээ багтсан үнэ) үнийг 172 ам.доллар/тонноор тогтоосон нөхцөлд ч нүүрс худалдан авах гангийн үйлдвэр Хятадад алга байна гэж Хонконгийн нэгэн худалдааны компани мэдэгджээ. Нүүрсийг 170 ам.доллар/тонн CFR үнээс дээгүүр үнэлсэн нөхцөлд Хятадад борлуулахад тун хүнд байгаа гэжээ.
Хятадын гангийн үйлдвэрүүд зөвхөн 165 ам.доллар CFR үнээр сайн чанарын коксжих нүүрс худалдаж авах сонирхолтой байгаа ажээ. Гангийн нийлүүлэлтийн илүүдэл нь Хятадын үйлдвэрүүдийг коксжих нүүрс авахгүй байхад нөлөөлж буй ажээ. Зөвхөн арматурын төмөр гэхэд 8 сая тоннын нөөц байгаа аж. Дөрөвдүгээр сарын эхээр ачигдах Австралийн коксжих нүүрсний CFR үнэ 170 ам.доллар/тонноос ч буурах нь бараг тодорхой болоод байна. Гол асуудал нь нүүрсийг худалдан авах санал ирэх нь улам бүр багасч буй явдал юм. Харин Оросын Мечел, дөрөвдүгээр сард Хятадад нийлүүлэх нүүрсээ 158 ам.доллар/тонн CFR үнэлгээтэйгээр санал болгожээ.
Коксжих нүүрсний зах зээл муудаж байна
Эх сурвалж: Baiinfo report
Коксжих нүүрсний зах зээл бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, борлуулалт буурахын хэрээр улам бүр муудсаар байна. Ихэнх борлуулагчид нүүрсний зах зээлийн ирээдүйн талаар гутранги үзэлтэй байна. Хятадын Шандонгт борлуулалт суларч, агуулах дахь нөөцийн хэмжээ дүүрэн байгаа тул коксжих нүүрсний зах зээл суларсаар байна. Иймээс зарим нүүрсний орд нөөц арвин байгаагаас үүдэн олборлолтоо бууруулж байна. Худалдан авагчид илүү хямд үнэтэй дотоодын нүүрс авах буюу боомтоос шууд худалдаа хийхийг илүүд үзэж байна.
Японы ган, төмрийн үйлдвэрлэл буурчээ
Эх сурвалж: http://www.coalguru.com
Хятадаас гадна Японы гангийн үйлдвэрлэл буурч эхэлжээ. Японы ган, төмрийн холбоо (JISF) ган, төмрийн зах зээлийн ээлжит 19 дүгээр тоймыг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан байна. Энэхүү тойм судалгаагаар өнгөрсөн хоёрдугаар сард гулдмай ширэмний үйлдвэрлэл 6.35 сая тонн байжээ. Энэ нь өмнөх сарынхаас нь 666 мянган тонн буюу 9.5 хувь, харин өмнөх оны мөн үеийнхээс 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Төмрийн бүтээгдэхүүний үнэ буурсан нь сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь анхны тохиолдол болж байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хугацаанд уг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 74.8 сая тоннд хүрсэн нь өмнөх санхүүгийн жилийн үзүүлэлтээс 2.1 хувиар өссөн дүн юм. Гэхдээ өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлийн байдлаар өмнөх сарынхтай адилаар ган хайлуулах 33 зуухны 27 нь сул зогсолт хийсэн байдалтай байв. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар тус улсын гангийн үйлдвэрлэл 8.3 сая тонн байсан нь өмнөх сарынхаасаа 546 мянган тонноор багасч 6.2 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурсан дүн ажээ. Энэ нь сүүлийн гурван сарын хугацаан дахь анхны үйлдвэрлэлийн бууралт болж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 297 мянган тонн/өдөр байсан нь өмнөх сарын 285.9 мянган тонн/өдөр үзүүлэлтээс 3.9 хувиар их үзүүлэлт ажээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд уг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 97.8 сая тоннд хүрсэн нь өмнөх санхүүгийн жилийн үзүүлэлтээс 0.7 хувиар дээшилсэн дүн ажээ.
“Рио Тинто”, “Экстрата” ажилчдаа дахин цомхтгож магадгүй байна
www.coalguru.com
Барилга, Ойн аж ахуй, Уул уурхай, Эрчим хүчний холбооны төлөөлөл уул уурхайн салбарт ажиллаж буй өөрийн гишүүддээ санаа зовних болсноо мэдэгдсэн байна. Учир нь “Экстрата компани 100 ажилтнаа цомхтголд оруулах тухай зарласан билээ. Тус компани Брисбэн дэх төвөө хааж, New South Wales рүү нүүсэн байна. Холбооны хэвлэлийн төлөөлөгч Стив Смиф, “Экстрата” ажилчдаа халж байна, мөн “Рио Тинто” ч Куэнсландын төв хэсэг болон New South Wales муж дахь нүүрсний уурхайнуудынхаа ажилчдыг халж байна. Бид “Рио Тинто”-гийн уурхайд ажиллаж буй гишүүддээ санаа зовниж байна гэж мэдэгджээ. Тэрбээр “Рио Тинто”, “Экстрата”-гийн санхүүгийн нөхцөл байдал муугүй байгааг сануулжээ. Эдгээр компани ажилчдынхаа цалинг хасч, хөдөлмөрийн нөхцөлийг бууруулж болзошгүй. Ийм алхам нь манай гишүүдийн аж амьдралд шууд нөлөөлөх болно гэж мэдэгдсэн юм. Мөн “Рио Тинто”, “Экстрата” хоёрыг ажиллах хүчнийхээ тоог дахин цөөлж мэднэ хэмээн ярьсан байна.
UBS: Ирэх жилүүдэд Хятадын нүүрсний импорт буурахаар байна
www.platts.com
Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс өнгөрсөн жил 289 сая тонн нүүрс импортолсон нь хамгийн оргилд тооцогдохуйц хэмжээ болж мэдэх тухай Швейцарийн хөрөнгө оруулалтын банк UBS өнгөрсөн лхагва гаригт мэдэгджээ. Учир нь тус улсын дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж буй тул далайн тээвэрлэлт бүхий нүүрсний импорт ирэх жилүүдэд буурахаар байна. Базельд төвтэй тус банк Хятадын нүүрсний импорт энэ онд өмнөх онтойгоо харьцуулахад 6.3 хувиар буурч 271 сая тоннд хүрнэ гэж тооцож байна. Улмаар 2014 онд үргэлжлэн буурч 257 сая тонн, 2015 онд 229 сая тонн болох юм байна. UBS мөн Хятадын дотоодын эрчим хүчний нүүрс болон импортын уг төрлийн нүүрсний хоорондох үнийн зөрүү арилж эхэлж буйг тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, энэ үйл явц нь тус улс руу нүүрс экспортолдог Австрали, Индонез, Өмнөд Африк зэрэг улсад томоохон цохилт болохоор байна.
Саяхан Хятад Австралийн эрчим хүчний нүүрсийг дотоодын нүүрснээсээ ч хямдаар авсан боловч нарийн шалтгаанаа тайлбарлаагүй. Тухайлбал 5500 ккал/кг илчлэгтэй Хятадын нүүрс 520 юань/тонн буюу 82 ам.доллар/тоннын FOB үнэтэйгээр Чинхуандаод худалдаалагдаж байхад тус боомт руу ачигдаж ирсэн 5500 ккал кг илчлэгтэй Австралийн нүүрс 83.5 ам.доллар/тонн CFR үнэтэйгээр худалдаалагдаж байна. UBS Өмнөд Африк, Америк зэрэг орон ажиллах хүчин болоод олборлолтын зардал зэрэг хүчин зүйлийн улмаас цаашдаа Хятадад тогтвортой нийлүүлэгч байх боломжгүй болсныг онцолжээ.
Хятадын Гаалийн мэдээгээр Хятад улс өнгөрсөн онд 289 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн онтойгоо харьцуулахад 57.9 хувиар өссөн дүн ажээ. Энэ дунд эрчим хүчний нүүрс 35.14 хувийг эзэлж байна. Хятадын эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез 33.05 хувь, Австрали 38.18 хувь, Өмнөд Африк 12.4 хувийг тус тус хангажээ. Олон улсын нүүрс борлуулалтын компанийн нэгэн мэргэжилтэн ирэх жилүүдэд Хятадын импортын хэмжээ багасна гэдэгтэй санал нэгтэй байна. Гэхдээ тэрбээр бусад хүчин зүйл болох, импортын болон дотоодын нүүрсний үнийн ялгаа, Хятадын мөнгөний бодлого, валютын ханш зэрэг нь Хятадын “гол нүүрс хэрэглэгч” гэсэн байр суурьд ихээхэн нөлөөтэйг онцолсон юм.
Хятад нүүрс импортлохоос татгалзаж байна
www.platts.com
Ган, кокс, төмрийн хүдрийн үнэ буурч буй тул Хятадын компаниуд коксжих нүүрс импортлох нь эрс багасчээ. Энэ даруйд Азийн зах зээлд гаргадаг ихэнх ангиллын коксжих нүүрсний үнэ өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдэхүйц буурчээ. Зах зээл тун таагүй байна гэж нүүрс худалдаалагч компаниудын төлөөлөл ярьсан байна. Тэдгээрийн нэгэн төлөөллийн үзэж буйгаар Хятадын худалдан авагчид дотоодын нүүрс болон боомтын нөөцөөс нүүрс татах сонирхолтой байгаа ажээ. Зах зээл уналтад орох хандлага ажиглагдаж буй нь кокс, ган болон төмрийн хүдрийн үнэ огцом доошлох хандлага ажиглагдсантай холбоотой байж болох юм. Таншаний нарийн төмөр бэлдэц (billet) ердөө тавхан өдрийн дотор 90 юань/тонн буюу 17.90 ам.доллар/тонноор буурч 3190 юань тонн болжээ. Хуйлсан гөлмөн төмөр (hot rolled coil) энэ хооронд Гуандунд 6 хувиар үнэ нь буурч 4035 юань/тонн болжээ. Таншаньд кокс өмнөх сартайгаа харьцуулахад 10 хувиар буурч 1665 юань/тонн болжээ. Харин импортын төмрийн хүдрийн үнэ ердөө хоёрхон өдрийн дотор 8 хувиар буурчээ.
Бээжингийн худалдааны нэгэн компанийн мэдэгдсэнээр коксжих нүүрсний үнэ цаашдаа унана, гэхдээ их уналт ажиглагдахгүй ажээ. Хятадын олборлолт энэ гуравдугаар сард эргээд сэргэх төлөвтэй байгаа ажээ. Гэвч Хятадын хайлуулах үйлдвэрүүдийн агуулах 15 өдрийн хангалттай нөөцтэй байгаа тул үнийн таатай нөхцөл бүрдэх хүртэл хэсэг хугацаанд хүлээх хэрэг гарах ажээ. Сайн чанарын коксжих нүүрс өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Хятадын боомтууд дээр 3-4.50 ам.доллараар буурчээ. Тодруулбал Австралийн нүүрсний үнэ 3 доллараар буурч CFR үнэ нь 176 доллар/тонн, харин FOB үнэ нь 161 ам.доллар/тонн болсон байна. Импортын нүүрсийг 71 хувийн CSR, 21.5 хувийн дэгдэмхий, 9.3 хувийн үнслэг, 0.5 хувийн хүхэрлэг зэрэг үзүүлэлтийн дагуу үнэлдэг. Эдгээр үзүүлэлтийн дагуу “Экстрата”-гийн Oaky Creek, Wollombi Oaky North, “BHP Billiton Mitsubishi Alliance”-ийн Peak Downs, Saraji, Illawara Goonyella, “Peabody”-гийн North Goonyella, “Teck”-ийн Elkview Standard, “Anglo American”-ы German Creek болон Moranbah North, мөн “Рио Тинто”-гийн Hail Creek зэрэг ордын нүүрсийг тооцдог байна. Нүүрсний худалдаачид Австралийн топ брэндүүдийн нүүрсээ Хятадад 170-175 ам.доллар CFR үнээс дээгүүр үнэлгээтэйгээр худалдаалахыг эрмэлзэж буй ажээ. Гэвч тэдний зарим нь энэ хэмжээнд хүргэж зарж чадах эсэх нь эргэлзээтэй байгааг мэдэгджээ.
Б.Төгс
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn
Нийт сэтгэгдэл: 1
-
Mongoliig hyamaruulah gej guriij bhgui yu zah zeel ni baa yum chin awch l taarna
Зочин 2013-03-27 23:14:28 122.201.18.142 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.