УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн чуулганаар Инновацийн тухай хуулийг батлан гаргалаа.
Инновацийн тухай хуулийг батална гэж 2005 оноос хойш өнөөг хүртэл ярьсаар ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дараахь бодлогын баримт бичгүүдэд туссан. Үүнд,
- Засгийн газрын баталсан “Үндэсний инновацийн хөтөлбөр” (2007)
- УИХ-ын баталсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого” (2008)
- УИХ-ын баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” (2009)
- УИХ-ын баталсан “УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт” (2009)
- Засгийн газрын баталсан “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр” (2011)
Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2011 оны 12 дугаар тогтоолын дагуу УИХ-ын гишүүн Н.Ганбямба нарын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийн төслийг нэгтгэн боловсруулахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг гарч ажиллан 2 хуулийг нэгтгэн боловсруулсны үндсэн дээр УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн 5 дугаар сарын 22-ны өдөр батлуулсан нь Монгол улсад инноваци, өндөр технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх чухал алхам боллоо.
Энэ хуулийн зорилт нь инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино
Манай улсын шинжлэх ухаан, технологийн салбарт зарим ахиц дэвшил гарч байгаа боловч олон улсын зах зээлийн стандарт, шаардлагад нийцсэн технологийн агууламж бүхий, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангалтгүй хэвээр, ирээдүйд үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдлэг, технологи цөөн гарч байна. Мөн тэдгээрийг үйлдвэрлэл, үйлчилгээнд авч ашиглах инновацийн тогтолцоо төлөвшлийн эхэн үедээ байгаа бөгөөд технологийн бизнес, үйлдвэрлэлийг эрхлэхэд шаардлагатай санхүүгийн үйлчилгээ, венч хөрөнгийн сангийн эх үүсвэр хангалтгүй байна. Технологийн бэлэн байдал болон инновацийн хууль эрх зүйн орчин сул зэрэг асуудлууд улсын өрсөлдөх чадварыг хамгийн хойш татаж байна.
Ийм учраас эдийн засгийн төрөлжилт, экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулдаг технологи, инновацийн компаниудыг олноор бий болгохын тулд шинжлэх ухаан болон аж үйлдвэрийн харилцааг шинээр бий болгоход чиглэсэн эрх зүйн орчныг цоо шинээр бүрдүүлэхэд Инновацийн тухай хууль онцгой үүрэг гүйцэтгэх юм.
Энэ хуулийн гол онцлог нь ЗӨВХӨН ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БУС харин ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГ ЦОГЦООР нь бүрдүүлэхэд чиглэсэн байгаа. Үүнд,
1-рт, Инновацийн УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-г бүрдүүлэх, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, инновацийн үйл ажиллагаанд оролцогч бусад байгууллага, орон нутгийн эрх үүргийг зааж өгсөн.
2-рт, Инновацийн ДЭД БҮТЭЦ-ийг хөгжүүлэх, ялангуяа хамгийн үр ашигтай хэлбэр болох Шиннжлэх ухааны паркийг байгуулах, удирдах, үйл ажиллагааг явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан
3-рт, Инновацийн үйлдвэрлэлийг дагнан явуулах аж ахуйн нэгж буюу ГАРААНЫ КОМПАНИ /старт-ап/ -ийн талаар, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэгийн хэлбэр, төрлийг зааж өглөө
4-рт, Инновацийн төсөл, үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүгийн аргаар дэмbna
жихэд чиглэсэн ВЕНЧ САН, засгийн газрын тусгай сан болох ИННОВАЦИЙН САНГ байгуулж ажиллуулах талаар тусгай бүлэг болон дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт орлоо.
5-рт, олон жилийн турш төсөв, татвар төлөгчдийн хөрөнгөөр манай их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлаар бий болсон, зах зээлийн шаардлага хангасан, эрэлттэй байгаа үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах асуудлыг тусгасан. Энэ зорилгоор их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дэргэдээ ГАРААНЫ КОМПАНИ байгуулах, өөрсдийн бий болгосон оюуны өмчөөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгч байна.
Инновацийн тухай хууль батлагдахыг манай эрдэмтэн судлаачид, инженер, зохион бүтээгчдээс гадна эдийн засагчид, хөгжлийн бодлого боловсруулагчид, гадаадын хөрөнгө оруулагчид ихэд сонирхон хүлээж байсан билээ.
Хууль гарсанаар шинэ мэдлэг, технологийг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах замаар нийгмийн баялаг бүтээх үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, зохицуулах эрх зүйн орчин бүрдэх бөгөөд улс орны эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт дараах эерэг үр дагаваруудыг авчирна гэж үзэж байна:
- Үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах замаар эдийн засгийг инновацийн чиг баримжаатай хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
- Инновацийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн механизм төлөвшинө.
- Шинжлэх ухаан технологи, аж үйлдвэрийн салбарыг харилцан уялдаатай, нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон эх үүсвэр болон хэлбэрүүд бий болно.
- Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагаа идвэхжиж инновацийн старт-ап компаниуд олноор бий болно.
- Эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнг бодитойгоор үнэлж, урамшуулах тогтолцоо бүрдэж, тэдэнд нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох боломж бүрдэнэ.
- Үндэстний бий болгосон оюуны өмч болон хүний нөөц гадаадруу гарахаас сэргийлнэ.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо
Нийт сэтгэгдэл: 1
-
GOOD JOB
Зочин 2012-05-29 17:00:58 202.131.232.34 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.