“ТАВАН ТОЛГОЙ” Компанийхан дураараа дургив

Үнэлэх
(0 үнэлгээ)

-Төлөөлөн удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүд нь цалингаа 800 мянгаас нэг сая 300 мянган төгрөг болгожээ

Монголчуудыг алтанд умбуулж, амьдралыг нь сайжруулна гэсэн “Таван толгой” компанийн ТУЗ-ийнхөн цалингаа нэмжээ. Тэгэхдээ ажилчдынхаа биш өөрсдийнхөө. Үнэндээ баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд ямар хамаа байна хэмээн өнгөрөөж болох мэт. Гэвч Монгол Улс Үндсэн хуульдаа газрын хэвлий дээрхи болон доорхи баялаг ард түмний өмч гэж хуульчлан заасан байдаг. Гэтэл хоёр сая 800 мянган хүнийхээ амьдралыг хангалуун болгоно хэмээн амласан “Таван толгой” компанийн ТУЗ нь цалингаа нэмэхээр гэрлийн хурдаар үйл ажиллагааг нь  дэвжүүлсэн гэж үү.

Дэлхийн томоохон коксжуулсан нүүрсний ордын нэг гэгдэх “Таван толгой“ нь 300 метр гүн хүртэл 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болохыг “Норвест” корпораци урьдчилан тооцоолох гаргасан байдаг. Жилд 50-иас багагүй тн нүүрс олборлох “Таван толгой” компани нь төрийн өмч давамгайлсан компаниудын нэг. Олборлолтоо 2010 оны наймдугаар сарын 27-нд эхэлж, өнгөрсөн оны наймдугаар сарын 4-нд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн эл компани нь 2012 онд 3-4 сая тн нүүрс экспортлохоор байгаа.

Энэ нь дөнгөж 70 гаруй хувьтай ажиллана гэсэн үг. Харин 2016-2017 онд бүрэн хүчин чадлаараа ажиллана хэмээн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэлж байсан. Хэтийн төлөвлөгөө ёсоор нүүрсээ гар аргаар олборлох болон боловсруулах үйлдвэрээ 2013-2014 он гэхэд ашиглалтад оруулна гэж буй. 2017 онд жил тутамд гар аргаар боловсруулах ROM нүүрс боловсруулалтыг 20 сая тн хүртэл нэмэгдүүлэх зорилго тавьсан.

Түүгээр ч барахгүй эрчим хүчний хангамжийн тухайд 300МВ хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний үйлдвэр байгуулах гээд хийхээр төлөвлөсөн ажил их. Гэтэл байгуулагдаад хоёр жил гаруй болж буй эл үйлдвэрийн ТУЗ нь 2010 оны тавдугаар сарын 12-ны өдрийн тогтоолоороо даргынхаа сарын цалинг 390 мянгаас нэг сая 500 мянган төгрөг буюу  3.8 дахин нэмжээ.

Түүгээр ч барахгүй гишүүдийнхээ цалинг 320 мянгаас нэг сая 300 мянган төгрөг буюу 4,1 дахин, хяналтын зөвлөлийн гишүүнийхийг 220 мянгаас 800 мянган төгрөг болгож 3,6 дахин нэмжээ. Ингэснээр ТУЗ болон хяналт шалгалтын зөвлөлийн зардал огцом өсчихөж. Бодвол нэг тогооноос хоол идэж буй нөхдийн хэн нь хэнийгээ хянаж, ховлох вэ дээ хэмээн чимээгүйхэн нэмсэн юм байгаа биз. Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр тэдний “хөөрхөн” нууцыг МХЕГ-ынхан шалгалтаараа илрүүлчихэж.

Уг нь, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 51 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад хяналтын зөвлөлийн гишүүдийн урамшууллын доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөснөөр буюу 220 мянган төгрөгөөр тогтоосныг дөрөв дахин өсгөсөн нь хууль бус үйлдэл аж.
Түүгээр ч зогсохгүй хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 05 тоот тогтоолоор үр ашигтай ажиллуулах бодлого боловсруулж ажилласан ТУЗ-ийн гишүүдийн үр дүнгийн шагналыг цэвэр ашгийн нэг хувиар бодож, гишүүн бүрт тэнцүү хуваарилан олгосугай... гэсний дагуу цэвэр ашгийн нэг хувь 765257.5 мянган төгрөгийг зөвлөлийн есөн гишүүдэд хувааж, хүн тус бүрт 85028,6 мянган төгрөг олгосон байх юм.

Гэтэл энэ нь, бусад төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс хэт өндөр тогтоосон нь Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн  21 дүгээр зүйлийн  4.2-д “Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж Төрийн өмчийн хороонд оруулах; 4.3-д “Олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх”  зэрэг заалтыг хэрэгжүүлээгүй хөрөнгө мөнгөнд үрэлгэн хандсан гэсэн үг.

Үнэндээ дэлхийд нэгд орохоор нөөцтэй “Таван толгой” ХК нь 2011 онд нийт 144276,5 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс 201238,3 сая төгрөг оруулж, нийт орлогын төлөвлөгөөг 38,6 хувиар давуулан биелүүлсэн хэмээн ЭБЭХЯ-ныхан саяхан сайшааж байсан.

Тэгэхдээ нийт давсан орлогын 87,6 хувь нь нүүрсний борлуулалт гэсэн. Гэвч орлого нь нийт дүнгээр давж биелсэн ч коксны борлуулалтын орлогын төлөвлөгөөг 38,9 хувиар тасалсан аж. Тус компани өнгөрсөн онд 194004,5 сая төгрөгийн нүүрс, кокс борлуулж, үйл ажиллагааны бус орлогоор 1179,3 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

Ингээд борлуулсан бүтээгдэхүүний өртөгт 88055,6 сая, удирдлагын зардалд 1094,8 сая төгрөг зарцуулж, нийтдээ 80058,0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэмээн тайлан мэдээндээ дурджээ.

Гэвч өнөөх өөрөө өөртөө тушаал гарган цалингаа нэмэгсэд буюу Төлөөлөн удирдах, Хяналтын зөвлөлд удирдлагын зардлын 41,6 хувь буюу 455,8 сая төгрөг зарцуулсан байх юм. Гэтэл үйлдвэр сайн ажиллаж байгаа юм уу гэхээр тийм биш ээ. Тухайлбал, 2011 оны жилийн эцсийн байдлаар нийт авлага 71079,8 сая төгрөг болж өмнө оны мөн үеэс 52681,4 сая төгрөгөөр өсчээ. Нийт авлагын 98,0 хувь нь харилцагч байгууллагуудаас авах авлага гэнэ. Түүнчлэн 5822,3 сая төгрөгийн өртэй гарч, нийт өглөгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 13078,1 сая төгрөгөөр буурсан хэмээв. Өглөгийн 90,4 хувь нь байгууллагад өгөх, 3,7 хувь нь ногдол ашгийн, 3,3 хувь нь татвар, төлбөрийн өр, 1,4 хувь нь цалин болон бусад өр төлбөр байгаа гэнэ.

Уг нь, “Таван толгой” компани нь Өмнөговь аймгийн эрдэс баялаг ихтэй Таван толгой хэмээх ордыг түшиглэн байгуулагдсан. Эл орд нь олон хүнийг ажлын байртай болгож, эдийн засгийн хурдыг ч нэмэгдүүлнэ хэмээсэн удаатай. Монгол Улсын өмч эл ордыг дэлхийд таниулан, монголчуудад үр өгөөжийг нь өгөх учиртай ТУЗ-ийн гишүүд хоёр жилийн ажлынхаа үр дүнг дүгнэн өөрсдийгөө л “шагнасан” бололтой. Харин монголчуудаа хэзээ шагнах юм бол... Асууя.
 

Нийтэлсэн: 2012-06-18 10:06:05

Нийт сэтгэгдэл: 5

  • Зочин

    Tavan tolgoig omchilsan avligachid songuuliin daraa deelee nomrood shorond orohgui baihyg chini harts arduud chini harnaa za?

    Зочин 2012-06-18 10:27:23     122.201.18.141          (1)       (0)
  • Зочин

    ӨӨрсдпөө идэхээ бодоод байх юм. Ядахдаа яг уурхай дээр ажиллаж байгаа ядарсан хэдэн ажилчидийнхаа цалинг нэмэхгүй дээ зайлуул. Манай хурган дарга их өөдгүй зантай даа

    Зочин 2012-06-18 10:48:06     180.149.77.2          (1)       (0)
  • Зочин

    muuhai hvmvvs uym aa

    Зочин 2012-06-18 11:52:02     202.72.246.142          (1)       (0)
  • Зочин

    tsag n ireheer naaduul chin hiiisen nugliinhee id shidiig uznee8 odoo bish gehed ene nasand hiisen uiliin uriig n ug huuhed n uurne gej ***saa bodoj zuv amidarmar yumdaa

    Зочин 2012-06-18 12:49:57     182.160.43.40          (1)       (0)
  • Зочин

    Oron nutgiin 51%-n omchtei Tavan tolgoi kompaniig tom Tavantolgoi kompanitai anduurch holion bantang ni***j ogchdee. Setguulchid zov medeelel ogohgui baisnaas ard tumen hov jiv shig baidlaar medeelel avsaar baigaad tolgoi ergej guitsej bn shuu dee.

    Зочин 2012-06-18 13:56:38     202.131.242.130          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.