Цуу ярианаас болж иргэд Яармагийн дэнжид бухимдаж өнжлөө

Үнэлэх
(0 үнэлгээ)

Хан-Уул дүүргийн дө­рөвдүгээр хорооны нутагт газар үнэгүй өгч байна гэсэн зарын дагуу Яарма­гийн гүүрний цаанаас Өлзийт хороолол хүртэл олон хүмүүс эгээтэй л наа­дам болж буй мэт цуг­ласан байлаа. Яарма­гийн төв замын урдаас Богд уулын бэл хүртэл урт олсоор хөл толгой нь мэдэгдэхийн аргагүй газ­рыг тэд хэржээ. Учрыг лав­лахад одоо иргэдэд олгох газ­рыг хүмүүсээс түрүү­лэн авч өөрийн өмч гэдгийг тэм­дэг­лэсэн нь тэр аж. "Хөл­тэй нь хөлхөж, хөл­гүй нь мөлхөөд ирлээ" гэдэг шиг дөн­гөж төрсөн хүүх­дээ тэвэрсэн эх, тул­гар бие­тэй бүсгүйчүүд, таяг­тай, тэр­гэнцэртэй, машин­тай, дугуйтай олон хүн ам уралдан газрын тухай ярьж байв. Хэн, хаанаас ямар учиртай газар олгож байгаа тухай лавлахад сонгуульд нэр дэвшсэн хүмүүс газар өгнө гэсэн. Тэр газраа авах гэж бай­на гэв. Энд ирцгээсэн хүмүүсийн ихэнх нь уржиг­дар шөнө ирж асар, майхнаа зоон газраа хүрээлээд авсан гэнэ. Урьд өдрийнх нь шө­нө том хар жийп машин хөлөг­лөсөн залуус айлуу­дын хаал­га цохин "Ард­чилсан нам" Яарма­гийн эмнэлгийн зүүн тийшээ газар өгч байна. Бушуу газраа авахгүй бол газар­гүй үлдэх нь байна" хэ­мээн зар тараасны хар­гай­­гаар ир­гэ­д ийн цугла­сан ажээ. Тэр ч бүү хэл үүгээр гудамж гарна, энд дэл­гүүр баригдана. Та наанаа газар авах юм бол бүх үйлчилгээндээ ойр­хон байх юм байна хэ­мээн ухуулж явжээ. Төв замтай ойр газар авахын тулд залуус шөнө гар чийдэн­гийн гэрэлд араа­тан мэт аяглацгаан цус нөжтэйгээ холилд­сон ту­хай ч ярьж байв. "Ард­чилсан нам гарчихлаа. Одоо та нар минь газар авах хэрэгтэй. Амлалтыг нь биелүүлээч" гэсэн хат­гаас хийж байгаа хүмүүс байсан юм. Тэнд байсан нэгэн цагдаа одоо­гоор 500 гаруй ма­шин 2000 хол давсан хүн ирсэн байна гэж байлаа. Газраа алдахгүй гээд гадаа хо­носон ахмад настай хү­мүүсийн даралт ихэсч, бие нь хавагнан хороо­ныхоо эм­нэл­­гийг зорь­жээ. Дээрх худал мэдээл­лийг УИХ-ын сонгуульд МАН-аас ухуулаг­чаар ажил­­лаж байсан иргэд тараа­сан гэх яриа байгаа. Тиймээс мэ­дээл­лийн та­лаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас тодруула­хад "Та нар ч гэсэн хур­дан очиж газраа ав. Ц.Оюун­гэрэл, Л.Болд нар сонгуу­лийн маргааш га­зар өгнө гэсэн шүү дээ" гэсэн юм.

Харин Хан-Уул дүүргийн Ард­чил­сан намын зүгээс дээрх үйл яв­дал­тай холбогдуулан мэдэгдэл хий­жээ. Мэдэгдэлд "Иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх талаар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ сон­гуу­лийн дүн баталгаажаагүй, УИХ-ын гишүүд нь бүрэн эрхээ хэрэг­жүүлж эхлээгүй байхад энэ асууд­лыг хууль, журмаас гадуур шийд­вэр­лэх эрх, үүрэг хэнд ч байхгүй. Али­ваа асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд эрх бүхий байгууллага нь бодлого, шийдвэрээ гаргаж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүл­дэг. Үүнээс өмнө хэн ч хууль, журмаас гадуур үйлдэл хийж бо­лох­гүй юм. Ардчилсан намын нэ­рийг барьж, иргэдийг хууль бус, эмх зам­бараагүй зүйлд турхирч бай­гаад харамсч байна" гэжээ. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас дээрх үйл явдлын талаар тодруулахад  "Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар ну­тагт хамаарагддаг бөгөөд тус га­зарт нийслэл, дүүргийн зүгээс шийд­вэр гаргаж газар олгодоггүй бо­­лохыг нийт иргэдэд анхааруулж бай­на. Энэхүү эмх замбараагүй үйл ажил­ла­гааг зохион байгуулж буй этгээ­дүү­дэд хуулийн дагуу ха­риуц­лага хү­лээл­гэхийг мэдэгдье" гэв.

Иргэдтэй уулзаад зогсож бай­хад цээж нүцгэн нэг залуу ирээд "МАН гарсан бол шууд газраа өгөх бай­сан. Энэ муусайнуудаас газраа нэ­хэмжлэхгүй бол олдохгүй шүү. Ямааны мах халуун дээрээ дээр шүү" гээд эргээд гүйчихэв. "МАН-ын цуу яриагаар шал дэмий хүрээд ирчихэж" гэж хэлснийхээ төлөө нэгэн эмэгтэй гурван бүсгүйд үсдүү­лэн, алгадуулж тэр хавьдаа шуу­гиан дэгдээгээд амжив. Дөрөв­дү­гээр хорооны Засаг дарга Т.Ган­болд "Энд газар өгөх боломжгүй. Ямар ч шийдвэр гараагүй байгаа" гэж хэлээд иргэдийн ад болов. "Газраа авъя. Э.Бат-Үүл баатар, Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар амлал­таа биелүүл" хэмээн хэсэг хүмүүс ори­лол­дов. Тэдний эсрэг "Ард­чил­сан на­мынхны эсрэг ард түмнийг тур­хирсан МАН-ын нэр дэвшигчид хамт ир" гэцгээж байлаа. Иргэд "Газраа өөрийн нэр дээр автлаа тэмдэгт газраа хононо. Манай найзууд гэрээ авч ирж барихаар Яармагийн эцсээс портер хөлслө­хөөр явсан" гэв. Олны хөлөөс зай­дуухан гудас дэвсэн суугаа эмээ­гээс тодруулга авахад "Өглөө зур­гаан цагт Солон­гост ажилладаг хүү маань утасдаад Яармагт газар өгч байгаа гээд манай найзууд бүгд очсон байна. Та газар авчих. Хоёу­лаа байшин барьж амьдарна" гэсэн гээд сууж байв. Тэрээр Зүүн­са­­лаа­ны эцсээс такси барин ирсэн аж. Мөн дүү­гийнхээ хүүхдүүдийг "Газар ав" гээд Дарь-Эхээс дууд­чих­сан байгаа гэв.

"Газраа өг. Үгүй бол долдугаар сарын нэгэн Ард­чилсан намын байрны гадаа бол­но шүү" хэмээн ха­ламцуухан хэ­дэн залуус шонгийн сүү­дэрт суунгаа орилно. "Улсын дар­хан цаазат бүсэд хамаардаг энэ газарт газар олгохгүй. Эртхэн гэртээ харьж амарвал дээр шүү дээ" гэж дүүргийн газрын алба­ны­хан тэднийг аргадаж, гуйх, бухим­да­хын хоо­ронд хэлж байхад дэргэд нь "Ард­чил­сан намаас гарсан ги­шүүд га­зар өгч байна. Ажлаа хаяад бушуу­хан ир" хэмээн зарим нь ийш тийш утас цохино. Иргэд

Үүссэн нөхцөл байдлын та­лаар тус дүүрэгт АН-аас нэр дэвш­сэн Ц.Оюунгэрэлээс тод­руул­лаа.

-Л.Болд гишүүн та хоёрыг сон­гуу­лийн өмнө Яармагийн иргэ­дэд га­зар олгоно гэсэн гэх юм. Үүнээс болоод эмх замбараагүй байдал үүсээд байна. Энэ талаар байр суу­риа илэрхийлэхгүй юу?

-Өчигдрөөс хойш Л.Болд ги­шүүн бид хоёрын нэрийг барин айлуудаар газар өгч байна гэсэн цуурхлыг хэн нь мэдэгдэхгүй хүн тараасан юм билээ. Манай на­мын­хан болон штабынхан, бид хоёр ч өөрсдөө мэдээгүй байхад ийм яриа дэгдсэн байна. Энэ талаар ямар хүмүүс цуурхал тараагаад байгааг тодруулж өгнө үү хэмээн За­саг дарга, цагдаа­гийн хэсэгт ханд­чихсан.

-Хоёр нэр дэвшигчээсээ газ­раа авъя гэсэн иргэд олон байна. Га­зар олгоно гэж амласан юм уу?

-Газар бол хуулиар олгогдох ёстой. Тэр хуулийн талаар бид ярьсан. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дээр "Иргэдийн газар өмчлөлийг бүрэн шийднэ" гэснийг иргэд мэдэж байгаа байх. Харин "Га­зар олгож байна" гэсэн хууль бус яриа дэгдээжээ. Үүнийг зохион бай­гуулалттай үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Энэ хууль бус мэ­дээл­лийг хаанаас тараагаад бай­на вэ гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

ХУД-ийн IV хорооны Засаг дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-ХУД-ийн IV хороонд газар өгч байна гэсэн мэдээлэл тарснаас болж иргэд олноороо ирсэн бай­на. Танай хорооны нутаг дэвс­гэрт газар олгох юм уу?

-Тийм зүйл байхгүй. Сон­гуульд унасан нөхдүүд ялагдлаа хү­лээн зөв­шөөрч чадахгүй иргэдэд ху­дал мэ­дээлэл цацсанаас болж ир­гэ­дийг олноор нь энд буулгаж бай­на. Энэ газар Дархан цаазтай бүс нутаг болохоор хуулиар зохи­цуу­лаг­­дана. Гэтэл бие биеийнхээ нэр хүн­дийг унагаж, өшөө авахын тулд ийм бусармаг зүйл хийж байгаа юм.

-Иргэд өчигдөр оройноос эх­лэн энд ирцгээсэн гэж байна. Та энэ талаар хэзээ мэдсэн бэ?

-Шөнө 02.00 цагаас хойш хү­мүүс над руу утасдсан. Газар олгох эрх зүйн орчин бүрдээгүй байгаа гэд­гийг хэлсэн. Газар өгч байна хэмээн айл болгоны хаалга нүдэж явсан тэд­гээр хүмүүсээс болж ийм байдал үүсчихээд байна. Зохион байгуу­лалт­тайгаар үүнийг хийж байгаа. Хэрэв тиймгүйсэн бол хэн тэр шөнөөр айлын хаалга цохиод явах вэ дээ. "Одоо бушуу­хан очиж буухгүй бол газаргүй болно шүү" гэсэн байгаа юм.

-Иргэдэд газар олгохгүй гэд­гийг тайлбарлаад байхад эндээс буцах хүн цөөн харагдаж бай­на?

-Зарим хүмүүс нөхцөл байдлыг ойлгоод буцаж байгаа хэдий ч хэ­лээд байхад ойлгохгүй хүмүүс ч бай­гаа юм. Манай хорооны иргэ­дээс гадна бүр танихгүй хүмүүс ч их ирсэн байна. Зохион бай­гуу­лалт­тай үйл ажиллагаа болоод бай­гаа гэдэг нь харахад л илт мэд­рэгдэж байгаа биз дээ.

-Иргэдийг өдөөн турхираад байгаа хүмүүс байна гэсэн үү?

-Тэгэлгүй яахав. Тийм хүмүүс жирийн иргэдийн дунд орчихсон явж байна. "Газар олгохгүй ээ" гээд намайг хэлэхээр иргэд үнэмшихгүй байгаа юм. "Байхгүй" гэж байгаад араар нь өөр хүмүүст өгчихнө гэсэн хардлага байна.

Цуу яриа дэгдээж буй хүмүү­сийн нэг гэгдээд буй Н.Ариун­жар­галтай уулзлаа.

-Таныг иргэдэд худал мэдээ­лэл тараасан гэж хүн болгон ярьж байна. Та уг мэдээллийг хаанаас авсан бэ?

-Өчигдөр ажлаа тараад л мэд­сэн. Өглөө бөөн хүн бужигнаад бай­хаар нь ирсэн. "Э.Бат-Үүл гуай утаагүйжүүлэх маягаар иргэдэд хоёр сая төгрөгт багтааж сэндвичэн барилга барьж өгнө. Лу.Болд ги­шүүн Яармагийн газрыг 400 айлд ол­гоно" гэсний үндсэн дээр хүмүүс ирчихээд байна. Албан ёсны зөв­шөө­рөл өгөөгүй байгаа. Лу.Болд гишүүний өндөр амлалтаас болоод иргэд замбараагүй ирээд байна л даа. Энэ талаар нэр дэвшигч нар мэдээлэл өгөх хэрэгтэй. Энэ ард түмний амлалт нэхсэн тэмцэл юм шүү. Би ч гэсэн юмыг яаж мэдэх вэ газар олдож магадгүй гээд явж байна" гэв.

Газрын маргааны талаар Нийс­лэ­лийн газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэлээс тодруулахад "Богд­­­хан уулын тусгай хамгаа­лалт­тай газрыг Нийслэлийн газрын ал­ба хариуцдаггүй. Тиймээс бид энэ та­лаар мэдэхгүй" гэв. Харин тус газрын Газар зохион байгуу­лал­тын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө хариуцсан мэр­гэжил­тэн Б.Баатаржаваас дараахь зүй­лийг тодрууллаа.

-Яармагийн дэнж дээр газар олгож байна гэх мэдээллийн дагуу иргэд тэнд эмх зам­ба­раа­гүй байдал үүсгэж байна. Тэнд га­зар олгох төлөвлөгөө байна уу?

-Энэ жилийн газар зохион бай­гуу­лалтын төлөвлөгөөнд тэнд га­зар эзэмшүүлэх асуудал тус­гаг­даа­гүй. Тэгээд ч Яармагийн дэнж буюу замын урд талын хэсэг тусгай хамгаалалттай газарт ордог. Дар­хан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалтын хязгаарлалтын бү­сэд ордог. Дүүргийн Засаг дарга эс­вэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар тусгай хамгаа­лалт­тай газар нутагт газар эзэмшүүлэх, өмчлөх асуудлыг шийдэхгүй.

-Тэгвэл тэнд газар эзэм­шүү­лэх асуудал байхгүй гэсэн үг үү?

-Байгаль орчны яамны харьяа Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаа гэдэг бай­гуул­лага тэр газрыг хариуцан ажил­­лаж байгаа. Нийслэл, дүүр­гээс тусгай хамгаалалттай газарт газар хуваарилах эрх зүйн болол­цоо байхгүй. Байгаль орчны яам ч тусгай хамгаалалттай газрыг иргэ­дэд хуваарилаад байх боломжгүй. Ир­гэд ямар мэдээллийн дагуу цуг­лас­ныг мэдэхгүй юм.

-Иргэд энэ талаар танай бай­гуул­­лагаас асууж лавлаж байна уу?

-Манай байгууллагаас олон хүн лавласан. Худал мэдээлэл гэдгийг тухай бүрт нь тайлбарлаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Газрын албаны даргаас тодруулга авах гэсэн боловч Цаг­даа­гийн хэлтэс, Замын цагдаагийн тасгийн дарга, бусад хамаарах ал­бадын дарга нартай хуралдаж бай­сан юм. Түүний дараа мэдэгдэл гар­галаа. "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн замын урд талд иргэдэд газар олгож байгаа тухай ташаа мэдээ­лэл олон нийтэд тарсан байна. Тухайн газар нь тусгай хамгаа­лалт­тай газар нутагт хамаарагддаг бөгөөд тус газарт нийслэл, дүүр­гийн зүгээс шийдвэр гаргаж газар олгодоггүй болохыг нийт иргэдэд анхааруулж байна. Энэхүү эмх замбараагүй үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье" гэжээ. Дүүргийн Засаг даргын тамгын газраас БОАЖЯ, Нийслэ­лийн Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд дүүргийн цагдаа нар иргэдийг та­рааж хүчрэхгүй байгаа тул нэмэлт хүч гаргаж өгөхийг хүсчээ.

Э.ЭНХБОЛД
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Нийтэлсэн: 2012-07-03 10:50:44

Нийт сэтгэгдэл: 3

  • Зочин

    yaagaad awch bolohgvi gj temtseed bai

    deegii 2012-07-03 11:31:34     58.142.222.17          (0)       (0)
  • Зочин

    yaagaad awch bolohgvi gj temtseed bai

    deegii 2012-07-03 11:31:35     58.142.222.17          (1)       (0)
  • Зочин

    mun teneg humuus shuu iim yumand itgeed baidag naadah chini hudlaa z***j baihad chin itgeed tawiad yawuuldag

    enhe 2012-07-03 14:02:29     202.170.65.137          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.