ЭРЭЭНИЙ ХИЛИЙН АГУУЛАХАД БАЙГАА АЧАА БАРААГ НАЙМДУГААР САРД БАГТААЖ ОРУУЛЖ ДУУСГАНА
2021-08-02 10:04:10 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс Замын-Үүд хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтын ачаа барааны урсгалыг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг арилгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох чиглэл өгсөн юм. Ингэснээр боомт дахь импорт, экспортын урсгал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа байдал цэгцэрнэ гэж үзсэн. Засгийн газраас томилогдсон төлөөлөгчид тус боомтод ажиллаж хэд хэдэн асуудлыг шийджээ. Тухайлбал, ариутгалын автомат хоёр байгууламжийг ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгаж байна. Эрүүл мэндийн болон хамгааах хувцас солих цэг байгуулж жолооч нарын халдвар хамгааллыг сахиулж байна. Мөн Замын-Үүд суманд Нэг хаалга-Нэг өрх шинжилгээг зохион байгуулж, 10 хоног хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож халдварыг хумиж эхэлжээ. Замын-Үүд суманд ковид-19 цар тахлын идэвхитэй 45 кластер байсан бол тав нь бүрэн хаагдаж, 19 кластер халдвар идэвхигүй болжээ. Нэмэлтээр 50 вагон явуулж эхэллээ Эдгээр арга хэмжээний хүрээнд Эрээн, Замын-Үүд боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнийг холбогдох албаныхан хэллээ. Хилээр өдөрт нэвтрэх экспортын автомашины тоо 110, импортынх 150-170 болжээ. Мөн өдөрт 50 вагоноор Эрээний хил дээр гацсан ачаа барааг Улаанбаатар руу тээвэрлэж байна. Төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байна. Нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин ачаа хилээр нэвтэрч орж ирж байна гэсэн үг юм. Одоогоор Эрээний хил дээр задгай талбайд барааны бөөгнөрөл, ачаатай саатсан тээврийн хэрэгсэл байхгүй. Харин агуулахад удаан хугацаанд саатсан ачааг энэ наймдугаар сард багтааж Улаанбаатар руу тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ. Шадар сайд С.Амарсайхан эдгээр ачаа барааг наймдугаар сарын эхний 7 хоногт багтааж, оруулж дуусгах чиглэл өглөө. Мөн тээврийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудлыг шалгаж арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Замын-Үүд боомтод гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгож, импортын автомашинууд саадгүй нэвтэрч байна. Тус боомтод гадаргуун ариутгал стандартад хүрсэн, одоо гүний гаалийн ариутгалыг сайжруулбал БНХАУ-ын тал экспортын авто машины тоог нэмэх бүрэн боломж байгааг албаны хүмүүс хэлж байв. Экспортын автомашины тоог нэмэгдүүлэхийн тулд Эрээн хотын захиргаа, Онцгой комисстой яриа хэлэлцээ хийж байгааг Засгийн газраас Замын-Үүдэд томилогдсон төлөөлөгчид хэллээ. Боомтын өргөтгөл, Мэргэжлийн хяналтын лабораторийг хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Тус боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар суудлын 4000, том оврын 500 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв, ачаа тээврийнх гурав дахин нэмэгдэх юм. 2019 оны есдүгээр сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 20 гаруй хувиар хоцорч байгаа аж. Харин одоо барилгын материал тээвэрлэлт, хөрөнгө санхүүтэй холбоотой гацаа арилсан тул нөөц боломжоо бүрэн дайчилж хилийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа. Мөн Замын-Үүд боомтод баригдаж байгаа мэргэжлийн хяналтын лабораторийн барилгын ажилтай танилцаж энэ онд багтаан ашиглтад оруулах үүрэг өглөө. Тус лабортари ашиглалтад орсноор хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүний хяналт сайжирна гэж үзэж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Замын-Үүд чөлөөт бүс энэ оны наймдугаар сарын 14-нд нээлтээ хийж, байнгын ажиллагаатай болох юм. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
“Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэгч 68 ААН-ийн сул зогсолттой холбоотой"
2021-07-30 12:09:45 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр /2021.07.28/ Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооноос тус Дэд хорооны гишүүдэд хандаж тавьсан хүсэлттэй холбогдуулж цахим уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 123 тоот тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухыг 2021 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хоригложээ. Энэ шийдвэрээс улбаалан уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрч, энэ асуудлаараа Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүдтэй уулзах хүсэлт гаргасны дагуу тус Дэд хорооноос өнөөдөр холбогдох бүх талуудыг оролцуулан цахим уулзалт зохион байгуулсан юм. Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу барилгын материал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэдгийг судалгаагаар гаргасан. Энэ бүхнийг харгалзаж бид уулзах хүсэлт гаргасан гэлээ. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр товч танилцуулга хийхдээ Шадар сайдын тушаалын хэрэгжилтийг нэг жилээр сунгах асуудлыг Ажлын хэсэг дээр ярьсан талаар тэмдэглэсэн бол Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ Шадар сайдын тушаалын хэрэгжилттэй холбогдуулж Мидлинг буюу баяжуулсан нүүрс түлж барилгын материал, ус, ундаа үйлдвэрлэх, мах боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 68 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, сул зогсолтод шилжсэн. Эдгээр аж ахуйн нэгж үйлдвэрийн бүсэд байрладаг учир дэд бүтэц, төвлөрсөн дулаанд холбогдох боломж одоогоор байхгүй. Үйл ажиллагаа зогссоноос болоод зах зээл дээр нэг ширхэг нь 180 төгрөг байсан тоосго 500 төгрөгөөр өнөөдөр олдохгүй болсон. Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу барилгын материал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэдгийг судалгаагаар гаргасан. Энэ бүхнийг харгалзаж бид уулзах хүсэлт гаргасан гэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах байр суурь баримталж байгаа ч цар тахлын хүнд үед аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон шийдвэр гаргах талаас авч үзэж байна гээд цаашид хүхрийн хэмжээг стандарт түвшингээс илүү ялгаруулдаг Мидлинг баяжуулсан түлшийг ашигласан хэвээр байлгүй, технологийн шийдэл нэвтрүүлэх талаас саналаа хэлэв. Уг түлшний талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш А.Түмэнбаяр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний нийт орцын 95 хувийг Мидлинг буюу эрчим хүчний баяжуулсан нүүрс дангаараа эзэлдэг учир уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн түлж буй Мидлинг түлш агаарын бохирдолд нөлөөлөх нөлөөлөл нь сайжруулсан шахмал түлштэй адил байна гэсэн мэдээлэл өглөө. Холбогдох талуудын дээрх мэдээллүүдтэй холбогдуулж Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар зарим асуудлыг тодруулж, албан тушаалтнуудаас хариулт авав. Албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдийн тавьсан хүсэлтийн дагуу бизнес эрхлэгчдэдээ боломж олгосон шийдвэр гаргах талаас хариулт, саналаа хэллээ. Уулзалтын төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Уур үйлдвэрлэгчдийн холбооноос тавьсан хүсэлттэй холбогдуулж бүх талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулсныг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах талаар байр сууриа илэрхийлэв гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Б.Ууганбат: 12-17 насны хүүхдүүдийг вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна
2021-07-30 11:57:35 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Долдугаар сарын 22-28-ны хооронд тус дугаарт нийт 1274 дуудлага ирж, 1200 дуудлагад буюу 94.1 хувьд амжилттай үйлчиллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.44 минут байна. Үүнээс УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 11 буюу нийт дуудлагын 0.9 хувийг эзэллээ. Мөн дээрх хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 54 иргэн хандаж автомат хариулагчаас 18, оператор ажилтантай холбогдон 36 иргэн мэдээлэл авсан байна. Дархлаажуулалтын цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээстүгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Коронавирусийн халдвар авсан,ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ? -Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313 Баянгол дүүрэг 89121177 Чингэлтэй дүүрэг 70007105 Сүхбаатар дүүрэг 70003910 Хан-Уул дүүрэг 70043085 Баянзүрх дүүрэг 19001063, 70150065 Налайх дүүрэг 70233464 Багануур дүүрэг 70212903 Багахангай дүүрэг 70249103 Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. -Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү? -Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж, 09:00-12:00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд: Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай. Амралтын өдөр шинжилгээний гурван цэг ажиллана. -Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? -Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс өмнө вакцины I тунд хамрагдсанаар хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтох болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. 12-17 насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТех комернэти вакцины I тунд хамруулж байгаа. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН ҮЙЛ ЯВДАЛ ДАВХАЦСАН, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ АЙЛЧЛАЛ БОЛЛОО
2021-07-30 10:14:04 Нийтлэгдсэн: Улс төр
Японд Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн oлимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, КОВИД-19 цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм. -Цар тахлын энэ хүнд үед хүн төрөлхтний олимпийн их наадмыг Япон Улс зохион байгуулж байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцсон. 57 жилийн дараа Токио хотод дахин олимп болж байна. Цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлэх болон түүхэн талаасаа хүндэтгэл үзүүлэх нь чухал байсан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзаж, Хөшигийн хөндийд баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хот тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцжээ. Ойн хүрээнд Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, мөн Ерөнхий сайд Ё.Сүгаг Монгол Улсад айлчлахыг урьсан байна. -Олимпын наадамд оролцсон баг тамирчдаа дэмжиж уулзсан. Тамирчид маань гурван медаль аваад байгаад их баяртай байна. Эзэн хаантай уулзах үеэр болон олимпын нээлтийн үеэр улс орнуудын төр засгийн тэргүүнтэй уулзаж дипломат харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж гарсан. Энэчлэн олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо гэж Ерөнхий сайд дүгнэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийгээд буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх, эдийн засгийн төслүүдийн талаар санал солилцжээ. Мөн БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Эдгээр уулзалтын үеэр Солонго 1, 2 орон сууцны хороолол барих, Баянголын аманд түрээсийн орон сууц барих, 10 аймгийн төвийн дулааны станц барих зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцжээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлнэ
2021-07-29 10:41:24 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2021.07.28/ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, 60,1 хувь нь хоёрдугаар буюу бүрэн тундаа хамрагдаад байна. Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй, вирусын эсрэг 3.0 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна. Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим аж, ахуйн нэгжийн уг ажилд нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгалаа. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй