МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2020 ОНЫ 117 -Р ЗАХИРАМЖААР БАЙГУУЛСАН ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

#Хөвсгөл аймагнь Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан. Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдлаа. Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлын эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай. БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулах нь зүйтэй гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлов. Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 12-16 метрийн гүнд, эргээс 30 метр орчмын зайтай байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэх. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсгийн хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү болон холбогдох бусад албаныхан оролцлоо.

Финландын Гадаад хэргийн сайдтай сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой өнөөдөр цахим уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, шинжлэх ухааны салбарын салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо сайд Б.Батцэцэг илэрхийлэв. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар сайд нар ярилцав. Эх сурвалж: ГХЯ

Том мөнгөн дэвсгэрт гаргах судалгааг хийхийг Төв банканд үүрэг болголоо

Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа. Г.Занданшатар төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гаргахад судалгааны ажил хийхийг Төв банканд үүрэг болголоо. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн схемийг боловсруулж, цар тахлын энэ үед эдийн засгаа тогтвортой байлгаж, ирэх өвлийг өнөтэй давахад төрийн мөнгөний бодлогод анхаарч ажиллах хэрэгтэйг захилаа. Түүнчлэн Монголбанк 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 1,8 их наяд төгрөгийн зээлийг гаргаж, ханшаа тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэн сайн ажиллаж байгааг тэмдэглэв. Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтайг онцлов.

“ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ” ГАРГАНА

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус төслийн хэрэгжилт 30 хувьтай байна. Цар тахлаас улбаатай элдэв саад бэрхшээл тохиолдож буй ч улс орны эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэг хоног, нэг цагаар ч болов хойшлох, саатах ёсгүй гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо. Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлах зэрэг хүндрэлтэй асуудал байгаа ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна. Цаашид түүхий эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгааг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Аливаа томоохон төсөл хөтөлбөрийн цаана зөвхөн эдийн засгийн өсөлт, санхүү мөнгөөр хэмжигдэхгүй нийгмийн үр өгөөж үлэмж их байдаг. Ялангуяа, стратегийн чухал ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг оролцоо чухал учраас илүү хичээж ажиллах хэрэгтэй. Төслийн ач холбогдолтой харьцуулахад дээрх тулгамдсан асуудлууд бол шийдвэрлэх боломжтой ажил. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг энэ сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой хэмээн Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцоллоо. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам-ын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.