УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН: ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ, НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА

Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа. 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсөж өнөөдөр 73 ам.долларт хүрч, 3.5 дахин өссөн. Дэлхийн зах зээлийн энэ өсөлт манай улсад нийлүүлэгддэг шатахууны хилийн үнэд нөлөөлж өнгөрөгч оны тавдугаар сард АИ-92 авто бензиний үнэ 202 доллар байсан бол энэ оны 8 сарын хил үнэ 733 доллар болж 262 хувиар өсөөд байна. Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн нуруунд үүрүүлэхгүйн тулд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, АИ-92 авто бензиний онцгой албан татварыг одоог хүртэл тэглэсэн хэвээр байна гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэллээ. Өнгөрсөн онд санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан олон улсын компанитай тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулж ажилласны үр дүнд бид үнийн өсөлттэй энэ жил гаруй хугацаанд үнэ хямд шатахуун хэрэглэсэн. Цар тахлын үе, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан, иргэдийн орлого буурсан үед, иргэдийн 60 хүртэлх хувийг вакцинжуулж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хүртэл өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг өсгөхгүй байх зөвшилцөлд хүрч энэ оны долдугаар сар хүртэл шатахууны үнэд өөрчлөлт оруулаагүйг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Манай улс одоогоор шатахууны 30 хоногийн нөөцтэй. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас АИ-95, АИ-98 авто бензинийг ирэх сард нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн учир тухайн төрлийн бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын China oil компанитай хэлэлцээр хийж, АИ-95, АИ-98 бензин авахаар болсон байна. БНХАУ-аас импортлох АИ-95, АИ-98 авто бензиний үнийн хувьд зөрүү гарахгүй, чанарын хувьд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн байна. Манай улсын урд, хойд хөршийн иргэд нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна.Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгджээ. Монгол Улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулснаар дотоодын газрын тос хэрэглээний 55-60 хувийг хангана.Одоогийн байдлаар технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн чиглэлийн дагуу УУХҮЯ, Сангийн яам хамтран Газрын тосны үйлдвэр баригдтал шатахууны үнийг тогтвортой байлгах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон онцолж байлаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

"ЗАМЫН-ҮҮД" ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДУЛААНЫ СТАНЦ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын туршилт тохируулгын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд чөлөөт бүс доторх цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд өртөөний 2630 кВА-ийн 10/04 кВ-ын тоноглолыг угсрах болон засварын ажлын зардлыг яаралтай шийдэх, усан хангамж, ариутгах татуургын станцын ашиглалтын зардлыг тооцон улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг өглөө. Замын-Үүд чөлөөт бүс дээр цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, авто зам, холбоо дохиололын барилга байгууламжуудыг барьж байгуулсан. Дулааны станцын нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас /2021.07.07/ гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус станцуудын туршилт тохируулгыг хийж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах юм бол дан ганц Замын-Үүд чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумыг хангах юм.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ СТАНЦУУДЫГ ШИНЭЧИЛЖ, АШИГЛАЛТЫГ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГАД ХАРИУЦУУЛНА

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх үндсэн дөрвөн чиглэлээр нийт 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 47 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа хэдий ч төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай бус байна гэж Шадар сайд дүгнэлээ. 2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр манай орны нутаг дэвсгэрийн 76 хувь газар хөдлөлтийн долоо болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ. 2020 оны эхний найман сарын байдлаар их бага хэмжээгээр 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн нь урьдчилан мэдээллэх станцуудын хэвийн ажиллагааг эрчимжүүлж, шинэ техник технологийг ашиглаж аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээгээ бүх түвшинд эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэрээр тодотгон хэлсэн юм. Иймд Барилга хот, байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж, салбар хоорондын уялдааг ханган үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг хангуулах, сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлж зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж сайжруулах чиглэлээр нарийвчилсан судалгаа тооцооллыг хийж, газар хөдлөлтийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж дуусгахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг өглөө. УОК-оос газар хөдлөлтийн мэдээллийг ард иргэдэд шуурхай дамжуулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвд дамжуулах системийг бүрдүүлж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлжээ. Энэ хугацаанаас хойш 3,5-аас дээш хүчтэй 58 удаагийн газар хөдлөлтийн мэдээллийг ОБЕГ-т ШУЗМТ-д илгээсэн байна. Монгол орны хувьд газар хөдлөлтийг бүртгэх станц хоорондын зай 250-300 км байгаа нь тухайн газар хөдлөлт дараачийн станцад 40-50 секундын дараа бүртгэгдэж байна. Сүүлийн үед хүчтэй газар хөдлөлтүүд нийслэл хотод мэдрэгдэж байгаа тул олон улсын жишгээр томоохон хот суурин газруудад чичирхийллийн хурдатгал бичигч багаж суурилуулан судалгаа хийх шаардлага тулгарчээ. Ялангуяа, Улаанбаатар хотод хурдатгал бичигч багаж байдаггүй бөгөөд нийслэл хотын сав газарт чичирхийллийг бүртгэх 10 акседдерометрийн станцын тоног төхөөрөмжийг байгуулах, газар хөдлөлтийн зарлан мэдээлэх станцуудыг шинэчлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай байгааг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэллээ. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх 3 станцыг худалдан авах тендер зарлагдаж хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа газар хөдлөлтийн станцуудыг хариуцаж хэвийн ажиллагааг хангах үүргийг Шадар сайд өглөө. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар газар хөдлөлт мэдрэгдсэн 12 аймгийн 960 барилга байгууламжид газар хөдлөлтийн нөлөөлөл ямар байдлаар илэрч байгаад нь хяналт тавихад 570 барилгад эвдрэл гэмтэл, 210 барилгад шинээр эвдрэл үүссэнийг тогтоожээ. Мөн сургууль цэцэрлэг, эмнэлэгт эрсдэлийн үнэлгээ хийхэд орон нутагт 1834 барилга, нийслэл хотод 7152 барилга байгууламж эрсдэл ихтэй байгаа аж. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэх паспортжуулах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжуудын мэдээллийн нэгдсэн сан үүсэх боломжтой гэдгийг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны хэрэглээний талыг хангана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд өчигдөр /2020.07.31/ ажиллав. Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн үе шатаас бүрдэнэ. Үүний EPC-1буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлж, 11 байгууламжийн суурийг цутгаж байна. Тухайлбал, цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил ид өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил эхэлжээ. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгчээ. Цар тахлаас үүдэлтэйгээр энэтхэг мэргэжилтнүүд монголд ирэхэд хүндрэл үүсч, ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын-Үүдээс үйлдвэрийн талбай руу ачаа тээвэрлэх үнэ хэд дахин өссөн зэрэг хүндрэл байгаа талаар төсөл гүйцэтгэгч ярьж байв. Гэхдээ төлөвлөсний дагуу EPC-1 багц ажлыг ирэх оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн JMC Projects India компанийн удирдлагууд танилцуулав. Өнөөдрийн байдлаар EPC-2, EPC-3 багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн зүгээс боловсруулж, Энэтхэг рүү илгээжээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ. Үйлдвэрийн төслийн талбайд ажиллах үеэр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариулав. 2020 оны 4 сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. -Шатахууны импортоос бүрэн хамааралтай манай улсын хувьд Газрын тосны үйлдвэртэй болох асуудал хамгийн чухал. Төслийн явц ямар байна вэ? -Засгийн газар 2017 онд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Экспорт-Импортын банкны нэг тэрбум долларын хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж, төлөвлөсний дагуу ажил хэрэгжиж байна. Манай улс жил бүр нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог ч шатахууны хэрэглээнд жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллараар эргүүлээд худалдан авдаг. Нэг ёсондоо, түүхий эдээ урагш зарчхаад, эргээд өндөр өртгөөр худалдан авдаг байдалтай олон жил боллоо. Бид зөвхөн нэг жилд л зардаг 2 сая тонн шатахууны өртгөөр /1.2 тэрбум ам.доллар/ боловсруулах үйлдвэрээ барих боломж бүрдсэн. Тиймээс Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах нь хамгийн чухал бөгөөд томоохон зорилт болсон. Үйлдвэрийн EPC-1 буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна. 2-4 дэх багц ажлууд бол анхдагч процессын байгууламжууд, цахилгаан станц, гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын бүтээн байгуулалт юм. Бид 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, энэ дагуу бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна. -Манай улсын газрын тосны батлагдсан нөөц ямар байгаа вэ? -Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор Петрочайна Дачин тамсаг компани 9 сая.тн орчмыг ашигласан. Үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн. Мөн өнгөрсөн сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болов. Хайгуулын дүнд Хөхнуур XVIII, Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. -Үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүний үнэ хямд байх боломжтой юу? -Түүхий тосоо өөрсдөө боловсруулснаар хамгийн гол нь гадаад зах зээлээс үл хамаарах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Мэдээж үнийн хувьд хямд байх нь тодорхой. Жижиглэнгийн үнэ бүрдэлтийн 70-80 хувь нь хил үнэ байдаг тул үүнийг үл хамаарах, хараат бус байдал гээд байгаа юм. Мөн үнэ бүрдэлтэд давхар нөлөөлдөг 20-30% болох татвар, үйл ажиллагааны зардал, ашгийн түвшин зэрэг өртөг дээр төрөөс бодлогын зохицуулалт хийх боломжтой болно. -Шатахууны үнэ өсчихлөө. АИ-95, АИ-98 бензиний хомсдол нүүрлэх нь гэсэн асуудлууд хөндөгдөж байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ? -Энэ онд Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн ачаалахгүйн тулд эдийн засаг сэргэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжих, вакцинжуулалтыг хүн амын 60 хувьд хүргэх зэрэг эерэг нөхцөл байдал үүстэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, хэлэлцээр хийж ажилласан. Төр, Засгаас ямар нэг хөнгөлөлт, санхүүжилт үзүүлээгүй. Төрийн өмчийн ААН-үүд болох Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой-гоос иргэд рүү чиглэсэн сайжруулсан түлш, цахилгаан, дулаан, уур, ус, хогийн үнийг тэглэх арга хэмжээ авсан. Шатахуун импортлогч компаниуд уг акцад нэгдэж бидний саналыг хүлээн авч, санаачилгатай ажилласан гэдгийг хэлэхийг хүсэж байна. АИ-92 авто бензиний онцгой албан татварыг 2018 оноос одоог хүртэл тэглэсэн хэвээр байгаа. Гэвч, та бүхэн мэдэж байгаа, 2020 оны 4 сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. Улс орнууд Сингапурын биржийн арилжаатай уялдуулж, харьцуулсан байдлаар газрын тосны үнээ зарладаг. Роснефть компаниас авч буй шатахууны үнэ ч Сингапурын үнэтэй дүйдэг. Ер нь бол, цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын China oil компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна. -Баярлалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.