ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
2021-06-23 10:21:11 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой Яаралтай тусламжийн төв байгуулж байна. Энэ төв эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авах бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх юм. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв. Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн газруудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө. Мөн төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, дархлаажуулалтын явц, гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байгааг шалгалаа. Дүүргийн дөрвөн байршилд явуулын амбулатори ажиллаж байна. 16-17 насны 300 орчим хүүхэд вакцинд хамрагдсан. Эмнэлзүйн шинж тэмдгээс нь хамаарч хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр эмнэлгийн ачаалал эрс буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд танилцууллаа. Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч, ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой гэж Шадар сайд хэллээ.
Монгол, Сингапурын бизнес эрхлэгч нарын хамтарсан ээлжит цахим уулзалт болов
2021-06-22 11:55:13 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол, Сингапурын хооронд бизнесийн ажил хэргийн уулзалт жил дараалан амжилттай хэрэгжиж, хоёр тал бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг судалсаар ирсэн. Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийг Сингапурын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Сингапурын Бизнесийн Холбоо нар хамтран 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Singapore Mongolia Business Matching Webinar-Assessing Mongolia and Singapore Markets Virtually ээлжит цахим арга хэмжээг зохион байгуулав. Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын нөхцөл байдлаас гадна oдоогоор даяарчлагдаж буй олон улсын нөхцөлд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна. Сингапурын туршлага, боломжоос хуваалцаж Монгол, Сингапурын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд 180 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон өргөн хэмжээний цахим арга хэмжээ болсноороо онцлог байв. Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Сингапурын Бизнесийн Холбоо болонМҮХАҮТ нарын хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсныг талууд мэдэгдэв. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөтгөх боломжийг нээж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарах юм.
2020 онд улсын төсвийн орлого 10 их наяд, алдагдал 4 их наяд төгрөг байжээ
2021-06-22 09:26:17 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын дарга Г.ЗанданшатартМонгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан өргөн барьсан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гарган, танилцуулжээ. Танилцуулгад улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн 1,000 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,336 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг хамруулсан байна. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 онд 10,444.2 тэрбум төгрөгт хүрч,нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4,440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн тогтворжуулалтын санд 66.2 тэрбум, Ирээдүйн өв санд 914.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үр нөлөөгөөр эдийн засаг 2020 оны эхний хагаст огцом суларсан хэдий ч ААН, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлдтөсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр сүүлийн хагас жилд идэвхжил сэргэж, жилийн дүнгээр эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5.3 хувиарагшсан байна. Тайлант онд эдийн засгийн идэвхжил сул байсан тул Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг дэмжиж, мөчлөг сөрсөн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нь ДНБ-ий агшилтыг хязгаарлахад хувь нэмэр оруулсан байна. Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор Номад бондыгарилжаалж, Мазаалай болон Чингис бондын нийт 568.2 сая ам.доллар буюу 1,622.1тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 онд 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 6.4 хувиар буурсан ч гадаад худалдааны тэнцэл 2,282.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2 зүйл бүхий Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд 1.Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая /зургаан их наяд найман зуун хорин есөн тэрбум хорин зургаан сая гурван зуун мянган/ төгрөгөөр баталсугай. 2.Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 10,735,610.8 сая /арван их наяд долоон зуун гучин таван тэрбум зургаан зуун арван сая найман зуун мянган/ төгрөгөөр баталсугай хэмээнзаасан гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Төсөл: Засгийн газрын нөөцийг нэмж, ЭМД-ын сангийн хөрөнгийг ковидын эсрэг зарцуулна
2021-06-22 09:23:43 Нийтлэгдсэн: Улс төр
Коронавируст халдвар /ковид-19/-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Шадар сайд С.Амарсайхан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хуулийн төслийг энэ сарын 18-нд өргөн барив. Хуулийн төслийг дараах гурван үндэслэлээр боловсруулжээ: Нэг.Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна. Хоёр.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40.0 тэрбум байхаар баталсан. Гэвч энэ сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүсвэл санхүүгийн хүндрэл үүсгэхээр байна. Иймд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай. Гурав.Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай. КОВИД-19-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батална. Хэмжих нэгж: сая төгрөг Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа дараах эрх, үүрэгтэйбайна Захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар баталж, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн санал болгосноор даргыг нь томилж, чөлөөлнө. Захиргаа нь энэ хууль болон дүрэмд заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах эрхтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай. Хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулна. Хил орчмын тээвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг шуурхай, боловсронгуй болгох саналыг эрх бүхий этгээдэд гаргах, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах, зохион байгуулалтын болон санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулна. Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хуульд нийцүүлэн харилцаа тогтоож хамтран ажиллана. Иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ мэдээллийг гаргуулан авах; чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлэх эрхтэй. Мөн байгууллага, объектэд саадгүй нэвтрэх, албан тушаалтан, иргэдэд шаардлага тавих эрхтэй. Коронавируст халдвар /КОВИД-19/-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: Өмнөх заалт: 7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө. 7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Шинэ заалт: 7.2. Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө. Өнөөдөр УОК-ын Шуурхай штабад болсон хурлын үеэрУИХ-ын гишүүн М.ОюунчимэгКовидын эсрэг хуулийг батлаад санхүүжилтийг бүрэн шийднэ гэж ойлгож болохгүй. УИХ зардалд хяналтаа тавих нь зөв гэж байр сууриа илэрхийлэв. Харин УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Бид Сангийн яам, УОК-ын ажлыг уялдуулах гэж энэ хоёр байгууллагын дунд цаг их алдаж байна гэсэн юм. МөнУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ хууль батлах, төсөв батлах хоёр том эрх мэдэлтэй. Гэвч Ковидын хуулиар энэ эрхийг гүйцэтгэх засаглалд өгчихсөн. Энэ эрхийг УИХ-д буцаан авчрах хэрэгтэй. Сайд нарын дураараа төсөв зарцуулдаг байдалд Сангийн сайд та эргээд буруутан болно шүү гэдгийг сануулъя гэсэн юм. УИХ 2020 оны дөрөвдүгээр сард Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулан, хуулийг сунгасан юм. Энэ хуулийн төсөл ирэх арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ.
С.Амарсайхан: Тодорхой байршлуудад 1,500 ор дэлгэнэ. Хүчилтөрөгчөөр бүрэн хангах 1,000 орчим баллон захиалсан
2021-06-21 09:31:53 Нийтлэгдсэн: Улс төр
Шадар сайдын ажлын алба Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өчигдөр өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Коронавирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв. Дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцоллоо. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч, хүндэрч байгаа нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч орны хүрэлцээ муу байна гэв. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэнбөгөөд хүчилтөрөгчийн аппаратаар хангах асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан юм. Нөхцөл байдал амаргүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллана. Өнөөдрөөс эхэлж тодорхой байршлуудад 1,500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1,000 орчим баллон захиалсан байгаа. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ. Энэ үeэр худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар Мэргэжлийн хяналт,Цагдаагийн eрөнхий газраас мэдээлэл өглөө гэжМонгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй