КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
2021-06-21 09:19:23 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.06.18) УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. Цаашид цар тахлын нөхцөл байдал үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй хэмээн Засгийн газар үзжээ. Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийг хангаж хамгаалах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, ажлын уялдаа холбоог сайжруулах, тандалт судалгаа, илрүүлэлтийг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум байхаар баталсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд санхүүгийн хүндрэл үүсгэхээр байгаа нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай гэж үзсэн байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, холбогдох бусад байгууллагын саналд үндэслэн төслийг боловсруулжээ.
Т.Аюурсайхан: Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарна
2021-06-18 11:02:28 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.06.17) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ноён Зафер Атешийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож ирсэнтэй холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдэх ажил их байгааг дурдаад, Монгол, Туркийн парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна. 2018 онд Монгол УИХ-ын дарга Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж, Турк Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр талууд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, аялал жуулчлал, ачаа тээврийн хүчин чадлыг сайжруулан хамтын харилцааг эдийн засгийн агуулгаар харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Хархоринд нисэх буудал барих, Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах асуудалд Туркийн талаас анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүслээ. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш найрсаг дотноор хүлээн авч уулзсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханд талархаж, ахан дүүсийн найрамдалт харилцаатай Монгол Улстай улс төр, хууль тогтоох байгууллага, худалдаа, эдийн засаг, соёл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Нэн ялангуяа, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулах сонирхолтой байна гэв. Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Жирэмсэн болон хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй хүн гэрээсээ ажиллаж болох заалтыг Хөдөлмөрийн хуульд оруулахыг дэмжив
2021-06-18 10:19:33 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 159 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хөдөлмөрийн тухай хууль болон дагалдах хуульднэмж оруулахаар дэмжигдсэн зүйл, заалтууд: Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага, Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, Ажилтан мэдээллээ хамгаалуулах эрхийг тусгасан агуулгатай 44, 45, 46 дугаар зүйл Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, Ажилтны нууц хадгалах үүрэг, Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зохицуулсан агуулга бүхий 73, 74, 75 дугаар зүйл Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэсэн 101 дүгээр зүйл Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. гэсэн 128 дугаар зүйл Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно. гэсэн 140 дүгээр зүйл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 23 дугаар зүйлийн 23.1.14 буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх. гэсэн заалт Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 48.2.Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна. гэсэн хэсэг Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно, 20 жилд ажлын 2 өдөр, 25 жилд ажлын 4 өдөр, 31 жилд ажлын 6 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 9 өдөр. гэсэн зүйл Хөдөлмөрийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах, Ажил байдлын тодорхойлолт авах харилцааг зохицуулсан 47, 49, 51, 52 дугаар зүйл тодруулбал, төслийн 49 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгажээ. Мөн ажил, амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах ур, чадвар, чадамжийн шаардлага, талууд харилцан тохиролцсон бусад нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд нэмж зохицуулсан агуулгыг тусгахын зэрэгцээ ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах эсхүл, эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээг дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болох агуулгыг тусгасан байна. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлжээ. Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Ерөнхийлөгчид зориулах ЦЭРГИЙН ПАРАДАД алхах цэргийн албан хаагчид бэлтгэлээ хангаж байна
2021-06-18 10:07:45 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-нд морин цагт тангараг өргөнө. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээд байна. Бид энэ талаарЗэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахадЕрөнхийлөгч тангараг өргөсний дараа УИХ болон ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Цэргийн парадад Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцоно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа. Цэргийн парадад оролцох цэргийн албан хаагч нарын тоог хэлэх боломжгүй гэлээ. Жагсаал зохион байгуулах төсвийн тухайд албан ёсны мэдээлэл байхгүй бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсанСоёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөсөн байна. МОРЬТ ЦЭРГИЙН ГУРВАН САЛБАР ОРОЛЦУУЛАХААР 3 АЙМГААС МОРЬДЫГ ТАТАЖ БАЙНА Тэгвэл Зэвсэгт хүчний долоо хоног тутмын Соёмбо сонинд гарсан мэдээллээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэжээ. Тодруулбал энэ жилийн Цэргийн ёслолын жагсаалд Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид, Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг, ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв, Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр, Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав, Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр, Хил хамгаалахын ерөнхий газраас гурав, Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр, Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг, Цагдаагийн ерөнхий газраас гурав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг, Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох юм. Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулах юм. Мөн Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй. Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна. Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөсөн. Жагсаалын нэгдсэн бэлтгэл энэ сарын 11-ний өдрөөс ирэх сарын 9-ний өдрүүдэд хуваарийн дагуу явагданагэжСоёмбо сонинд мэдээлжээ
Х.Булгантуяа: Ковидын эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулмаар байна
2021-06-16 16:30:16 Нийтлэгдсэн: Улс төр
Коронавирусийн халдвар авсан иргэд нэг удаадаа эм тан авахад 100-200 мянган төгрөг зарцуулж байна. Хэрвээ мөнгөгүй хүн бол иргэд эм тангаа ч авч чадахгүй байдал хүрэх нь, зарим эмээ иргэддээ хөнгөлөлттэй, үнэгүй олго гэх шүүмж цахим орчинд хөвөрч байна. Энэ асуудлыгУИХ-ын гишүүн Х.БулгантуяаНийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр хөндлөө. Тэрбээр Ковидын үед эмийн үнийг нэмж байгааг яриад сууж байна гэдэг үнэндээ биш байна. Үнэ нь хэд дахин өсчихсөн. Хэрвээ эрүүл мэндийн шаардлага хангахгүй эм байгаа бол иргэдэд өгөөд хэрэггүй. Эсвэл шаардлагатай бол эрүүл мэндийн даатгалд оруул. Ер нь эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг юунд зарцуулах гээд ковидын үед хадгалаад байгаа юм бэ гэлээ. Эрүүл мэндийн сайд Л.ЭнхболдАрбидол эмийг хүний эмийн зөвлөлөөр хэлэлцээд Тавин ус компани Монголдоо үйлдвэрлэдэг болсон. Одоогоор энэ эмнүүд маань даатгалын хөнгөлөлтөд орох эсэхийг судалж байна гэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй