ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛ УЛСАД ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭСЭН МИНИЙ БАЙР СУУРЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
2021-03-19 10:47:26 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд явуулж байсан албан бичигт дурдсан асуудлуудыг Рио Тинто компани цаг алдалгүй анхаарч, Оюутолгой төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ. Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм дөнгөж томилогдоод удаагүй байхдаа буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй анхны цахим уулзалт хийж байсан билээ. Өнөөдрийн уулзалтын үеэр тэрбээр Оюутолгой төслийн хамтын ажиллагааны шинэ хуудас эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд энэхүү төслийг Монгол Улсад илүү үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мөн илэрхийллээ. Өнөөдрийн цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Болормаа нар оролцсон бол Рио Тинто компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Бизнес хөгжил эрхэлсэн захирал С.Мөнхсүх, Рио Тинто Монголиа ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцов.
Өнөөдөр төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудад цас орж, шуурна
2021-03-19 09:34:37 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Өнөөдөр төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудад нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Маргааш20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. Хур тунадас:Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи:Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур:Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Энэсарын 24-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд нутгийн зүүн өмнөд, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-21-нд говь, талын нутгаар, 22-23-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлнэ
2021-03-18 15:03:41 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг Цагдаагийн ажил-эрх зүй, Шинжээч мөрдөгч, Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Эдийн засгийн мөрдөгч бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадагбилээ. Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ. Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа А.Амарсайхантай ярилцлаа. -ТандОрчин үеийн Зэвсэгт хүчний 100 жил, Монгол цэргийн өдрийн мэндийгхүргэе. Дээд боловсролтой иргэдэд зориулсан бакалаврын хоёр жилийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ? -Баярлалаа. Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Дотоод хэргийн их сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын 14 хөтөлбөрөөр элсэлт зохион байгуулах тухай Их сургуулийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/69 дугаар тушаал баталсан. Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг хоёр жилийн хөтөлбөрт хамруулж Цагдаагийн ажил эрх зүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Эдийн засгийн мөрдөгч, Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил, Шинжээч мөрдөгч гэсэн дөрвөн чиглэлээр мэргэшүүлэн сургахаар төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08.00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд тухайн хөтөлбөрийг сонирхож буй иргэд Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mnцахим хуудсанд нэвтэрч, элсэлтийн бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна. -Тухайн хөтөлбөртямар мэргэжилтэй иргэд хамрагдах боломжтой вэ.Хөтөлбөрийн гол шалгуур нь юу бол? -Дээрх хөтөлбөрт хамрагдаж, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэдийн хувьд өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүнг харгалзана. Тухайлбал, өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүн төрийн өмчийн сургууль төгссөн бол 2.5, төрийн бус хувийн өмчийн сургууль төгсөгчийн хувьд 3.0-аас доошгүй байна. Энэхүү хөтөлбөрт эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, хөдөө аж ахуй мал эмнэлзүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах зэрэг бакалаврын аль нэг чиглэлээр боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлнэ. Эдгээрээс өөр мэргэжлээр төгсөгчийг бүртгэхгүй. (Тухайлбал, эрх зүйн боловсролтой иргэн тухайн чиглэлээр цагдаагийн байгууллагад ажил эрхлэх боломжгүй учраас дахин суралцах шаардлагагүй.) Мөн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сорви, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв хөгжилтэй байх нь үндсэн шалгууруудын нэг гэж болно. Хөтөлбөрийн тусгай шаардлагад эрэгтэй, 17-25 хүртэл насны, 170 см буюу түүнээс өндөр, ял шийтгүүлж байгаагүй, иргэдийг элсүүлдэг талаар сануулах нь зүйтэй болов уу. -Дээрх таны дурдсан мэргэжлийг эзэмшсэн иргэд бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсэн суралцах хугацаанд ямар чадварыг эзэмших вэ? -Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Хүний хөгжил гэсэн бүлэгт Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тогтолцоотой уялдуулан шинэчлэн үндсэн болон хавсарга мэргэжлээр зэрэг суралцах хөтөлбөрийн системийг бий болгох , түүнчлэн дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль зүйн чиглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлж, эдийн засаг, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэнэ. хэмээн дурдсан байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль нь Цагдаагийн ажил-эрх зүй /D103201/ бакалаврын хөтөлбөрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 03 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байна. Дээр дурьдсан бодлогын баримт бичиг болон мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн мэргэшсэн төрийн тусгай алба хаагчийг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэхэд манай сургуулиас хэрэгжүүлж буй хоёр жилийн бакалаврын хөтөлбөр чухал ач холбогдолтой. Өнөөдөр практикт үндэстэн дамнасан зохион байгуулалттай экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил шаардах гэмт хэргүүдтэй тэмцэх мөрдөгчид нийгэмд эрэлттэй байна. Иймд мэргэшсэн мөрдөгчдийг бэлтгэх зорилгоор өмнөх эзэмшсэн боловсролд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд богино хугацаанд мэргэшүүлэхээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй иргэдэд зориулан энэхүү хоёр жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийг зохион байгуулж байна. -Тус хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй, дээд боловсролтой иргэдийг хэзээнээс мөрдөгчөөр бэлтгэж эхэлсэн бэ? -Дотоод хэргийн их сургууль нь Цагдаагийн ажил-эрх зүй бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан Цагдаагийн ажил-эрх зүй мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлсэн бөгөөд анхны төгсөлтөө 2019 онд хийсэн. Өдгөө төгсөгчид маань цагдаагийн байгууллагуудад үүргээ нэр, төртэй биелүүлж байгаад баяртай байна. Мэргэшүүлэх бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт хамрагдсан суралцагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, криминалистик болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, шинжилгээ хийх ур чадварыг эзэмшинэ. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ. Мөн тухайн хөтөлбөр нь криминалистикийн мэдлэгтэй тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэх юм. -Шалгуурт тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, бусад нэмэлт шалгалт өгөх талаар журамд тусгасан байсан. Энэ талаар тодруулна уу? -Элсэлтийн журамд зааснаар эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулна. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэдийг хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан гэсэн таван чанараар эрэмбэлнэ. Тус шалгаруулалтаар 100 онооны 50 хувь буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид дараагийн нэмэлт шалгалтад хамрагдана. Дараагийн сэтгэлзүйн сорил, ярилцлага хийх шалгалтаар сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэн бодох чадварыг шалгадаг. Ингэхдээ мэргэжлийн сонголт, сэтгэлзүйн хандлагын түвшингээр тус тус тодорхойлдог. -Төгсөгчидцагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажилланагэж байсан. Тэгэхээр ажлын байр нь бэлэн гэж ойлгож болох уу? -Цагдаагийн ажил-эрх зүй хөтөлбөрт мэргэшүүлэх хоёр жилийн бакалаврын хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нь цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана. Тэд суралцах хугацаандаа цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшдэг. Цагдаагийн ерөнхий газраас онц төгсөгчдийг цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнадаг. Ингэснээр цагдаагийн дэслэгч цолноос цагдаагийн ахлах дэслэгч цол хүртэлх гурван жилийн хугацааг хэмнэх гэх мэт давуу тал үүснэ. Мөн өмнө нь дээд сургууль төгссөн иргэн суралцах арга барилын хувьд тогтсон байдаг тул давуу тал олонтой гэж болно. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй дээд боловсролтой иргэд аливаа аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг мэргэшүүлэх чиглэлээр богино хугацаанд цагдаа, мөрдөх албаны эрдэмд шамдана суралцана гэдэгт итгэлтэй байна.
МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ДАРГА НАР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
2021-03-18 10:47:45 Нийтлэгдсэн: Улс төр
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын хэсгийн дарга нарын цахим уулазлт 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй цаг үед ч сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Спутник-V вакцины эхний ээлжийн тунг хүлээн авч, иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Хамтын хүчээр цар тахлыг таслан зогсоож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын үйлдвэрлэл, худалдааны чуулга уулзалтуудад ОХУ-ын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах, Оросын томоохон хотуудад хамтарсан бизнес форум, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах санал дэвшүүлэв. Уулзалтаар худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөл эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэлээ. Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан бүтээлч ажил, арга хэмжээ хамтарсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга нар онцлов.
PCR ШИНЖИЛГЭЭНИЙ БОЛОН ХУРДАВЧИЛСАН ОНОШЛУУР АВАХ ХӨРӨНГИЙГ НӨӨЦ САНГААС ГАРГАНА
2021-03-18 10:42:07 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Товч мэдээ - PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгохтой холбоотой хяналтыг банкуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зайнаас, эрсдэлд суурилсан хэлбэрээр тавих болов. Мөн банк, санхүүгийн салбарт цахим гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох зохицуулалтыг хууль, тогтоомжид оруулахаар төлөвлөлөө. - Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлав. Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Зөвлөлд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн холбоог төлөөлсөн орон тооны бус гишүүд ажиллах юм. - Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг хэлдэг. Монгол Улс хэдийгээр саарал жагсаалтаас гарсан ч виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна. - Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Европын Холбоо, тэр дундаа Словак Улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг. Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна. - Автозамаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ. Словени Улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй