Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг хуралдав

​​ УИХ-ын даргын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Туваан, Н.Учрал, Б.Энхбаяр нар ажиллаж байна. Тус ажлын хэсэг анхны хуралдаанаа өнөөдөр (2022.02.09) хийлээ. Хуралдаанд Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ зэрэг салбарын төлөөллүүд оролцов. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаарх үнэлгээ хийсэн, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж буй талаараа танилцуулав. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Дархлаажуулалт тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг нийт 12 хууль дээр салбар дундын ажлын хэсэг байгуулагдан судалгаа болон үнэлгээний ажлууд хийгдэж буй гэв. Оролцогчид тус хуулиуд болон тулгамдаж буй асуудал, шийдэх гарцуудын талаар ярилцаж саналаа хэллээ. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Засгийн газар хуралдаж байна

​ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл, Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө, Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

​ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нд болно. Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх юм. Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг тайлбарлах тухай хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээв

​ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан захидал илгээжээ. Сар шинийн баярын өмнө ирсэн уг захидлын эхэнд АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг хэмээн тэмдэглэжээ. Захидалд ...Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байгаагаа илэрхийлье хэмээн онцолсон байна. Түүнчлэн Монгол Улс нь 20 гаруй жилийн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж ирсэнд талархаж, ...Монгол цэргийн албан хаагчид олон улсад мэргэжлийн энхийг сахиулагчид, дайчид гэдгээрээ нэр хүндтэй болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаа хамтарсан цэргийн сургууль хийх зэргээр цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна хэмээжээ. Монгол цэргийн албан хаагчид мэргэжлийн энхийг сахиулагчид, дайчид гэдгээрээ олон улсаднэр хүндтэй болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн АНУ-ын зүгээс Монгол Улсад 1 сая гаруй тун Файзер вакцин тусламжаар олгож, цар тахалтай тэмцэх Монгол Улсын чадавхийг дэмжих ажлын хүрээнд амьсгалын аппарат, нэг удаагийн хувийн хамгаалалтын өмсгөл хандивлах, сэхээн амьдруулах болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж олон нийттэй харилцах сургалт явуулах зэргээр нийт 8 сая гаруй ам.долларын өртөг бүхий тусламжийг үзүүлсэндээ баяртай байдаг гэжээ. Харин Монгол Улсын зүгээс АНУ-ын ард иргэдэд цар тахлын үед хамгаалалтын хэрэгсэл тусламжаар өгсөнд Америкийн ард түмэн талархаж байгааг илэрхийлж, эдгээр нь КОВИД-19 цар тахлын улмаас ихээхэн хэмжээний хохирол үзсэн Аризона муж дахь Навахо омгийн иргэдэд ач тустай зүйл болсон гэдгийг дурджээ. АНУ-ын Энхтайвны корпусын 1500 орчим сайн дурын ажилтан Монгол Улсад ажилласан юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн захидалд энэхүү хөтөлбөрийг ойрын хугацаанд сэргээх болно гэдгийг илэрхийлжээ. Захидлын төгсгөлд, Манай хоёр улсын дипломат харилцааны чухал мөчийг тэмдэглэж буй энэ үед бидний хамтын ололт, амжилтыг эргэн харахад сэтгэл хангалуун байна. Ирэх он жилүүдэд бидний харилцааг улам бүр бэхжүүлэх болно гэдэгт итгэл төгс байна гэжээ.

Ц.САНДУЙ: МАНАЙ ТАМИРЧИД ХАМГИЙН ШИЛДЭГ ЦАНА ХӨЛӨГЛӨН ОЛИМПЫН НААДАМД УРАЛДАНА

Бээжин-2022 олимпын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монголчууд яг хэдүүлээ олимпын наадамд ирсэн, хэд нь улсын зардлаар яваа, манай тамирчдын бэлтгэл сургуулилт ямар байгаа талаар тэрбээр мэдээлэл өгч, өвлийн спортын хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.