PCR-ын хариугаа хүлээлгүй Улаанбаатараас Завхан руу явж байсан иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарсныг Архангайн постод илрүүлжээ

Өчигдөр коронавирусийн халдвартай иргэн өөр хүний бичиг баримтыг ашиглан Сэлэнгэ аймагт очсонтохиолдол гарсан талаар ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар мэдээлсэн. Гэтэл дахин нэг иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй орон нутаг руу зорчин явах замдаа шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэджээ. Тодруулбал,өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгсэн. Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэлрүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийгАрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах вэб сайт нээгдэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнwww.seoulcenter.mlsp.gov.mnвэб сайт нээгдлээ. Энэхүү цахим хуудас нь БНСУд ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг монгол, солонгос хоёр хэл дээр хүргэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд тулгарсан болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар сар тутмын статистик мэдээллийг инфографикаар нээлттэй хүргэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, яамдууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газар, агентлагуудын цахим холбоосууд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой Монгол улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал зэрэг олон хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Тус цахим хуудсаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Монгол улсын иргэн асуудлаа шийдүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэхгүй ХНХҮТ-ийнwww.seoulcenter.mlsp.gov.mnвэб сайтын Өргөдөл илгээх гэсэн хэсэгт өргөдлийн төрөл, дэлгэрэнгүй агуулгаа оруулж, холбогдох зураг, баримтуудаа файл хэсэгт хавсаргаад илгээхэд болно. БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн энэхүү вэбсайтаар монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх зорилгын хүрээнд бэлтгэн хүргэдэг Монгол хүний хөгжил цуврал подкаст, улирал тутмын Нэг цэг сэтгүүлийн цахим хувилбар зэрэг олон сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой. Эх сурвалж:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР "БОГДХАН" ТӨМӨР ЗАМЫГ СТРАТЕГИЙН ЗАМ ГЭЖ ҮЗНЭ

Богдхан төмөр зам бол стратегийн зам. Энэ нь зөвхөн Богдхан уулыг тойруулж төмөр зам тавих биш. Харин хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж байна. Тэрээр 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Богдхан төмөр замын трасстай газар дээр нь танилцан УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллалаа. Богдхан төмөр замын төсөл нь Мандал өртөөнөөс салаалж Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөтэй холбох төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ. Мөн төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахаар тооцоолжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ замыг дагасан хот төлөвлөлтийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймээс замын Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгов. Төмөр зам тавихын тулд УБТЗ ХНН-ийн зарим байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, зам сумыг багасгах, өөрчлөх зэргийг бодлогоор шийдэх, салбар төмөр замтай зайлшгүй холбогддог нефтийн агуулах, дулааны цахилгаан станц, гурил, хүнс, ачааны терминал, барилгын материалын болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд тулгарах хүндрэлийг шийдвэрлэх шаардлагатай тухай нийгэмлэгийн Замын ерөнхий инженерийн орлогч дарга Ш.Нямсүрэн танилцуулав. Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна, амаргүй шийдвэр гаргана. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хамтдаа төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Богдхан төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцоолсон байна. УБТЗ ХНН-ийн удирдах ажилтнууд төмөр замын тээврийг сэргээн хөгжүүлэх МОНП-1, МОНП-2 зээлтэй холбоотойгоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн тээвэрлэлтийн тарифыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Цай Вэньруй: БНХАУ Монгол улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 2021 оны Үхэр жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрийн зүгээс Монгол нөхөддөө баярын мэнд хүргэж байна. Улиран одож буй жил эгэл бус жил байлаа. Гэнэт тулгарсан цар тахалтай тэмцэхийн тулд Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, хоёр улсад эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болгож, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдалтай гэдгийг тод харууллаа. Хятад, Монголын харилцаа цар тахалтай хамтран тэмцэх явцад шинэ ахиц дэвшилд хүрлээ. Бидний чин сэтгэлийн яриа хэлэлцээний ачаар хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна. Өнгөрсөн оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин дарга ноён Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийж, хоёр улсын төрийн тэргүүн нар талуудын харилцаа, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талаар чухал тохиролцоонд хүрэн, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд тодорхой чиглэлийг гаргасан билээ. 2019 оны 9-р сард Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр талууд хоёр улсын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар чухал тохиролцоонд хүрснээр хоёр улсын харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд хүчтэй түлхэц өгсөн. Бидний санаа нэгдэн хамтран ажилласны хүчинд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна. Цар тахлын эсрэг тэмцлийн хүрээнд талууд Нэг бүс нэг зам санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил, үйлдвэрлэлийг сэргээх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж байна. Монголоос бэлэглэсэн 30 мянган толгой хонь Хятадад жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв болсон Хятад бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, талууд цар тахлын үед хилийн Ногоон гарц-ыг нээснээр хоёр улсын хамтарсан томоохон төслийн ажлууд амжилттай явагдаж байна. Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Монголын талын анхаарал хандуулдаг Хятад руу нүүрс экспортлох асуудалд өндөр ач холбогдол өгч хүчтэй дэмжлэг үзүүлснээр Монгол улсын цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах ажиллагаанд хувь нэмэр оруулсан. Бидний үнэн сэтгэлийн харилцан ойлголцлын хүчээр Хятад, Монголын найрсаг нөхөрлөл улам бүр гүнзгийрч байна. Цар тахлын үед, хоёр улсын ард түмэн урьд өмнөхөөс илүү найрсаг харилцаатай байлаа. Сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн Хятадад сайн санааны тусламж үзүүлж, Хятадын тал ч мөн лийрийн хариуд тоор гэдгийн адил цар тахлаас сэргийлэх, тэмцэх туршлагаа хуваалцаж, Монголын талд олон удаагийн эмнэлгийн эд материалын тусламж үзүүллээ. Монголын талын бэлэглэсэн гучин мянган толгой хонь Хятадад жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв болсон бөгөөд Хубэй мужийн ард иргэд Монголын ард түмэнд улаан цай хариу бэлэглэж, улмаар хонины хариуд цай хэмээх сайхан үйл явдал өрнөлөө. Өдгөө, дэлхийн бүх улс орнууд вакцинжуулах ажлаа эрчимжүүлж байна. Хятадын тал өөрийн ард иргэдийг вакцинжуулах яаралтай нөхцөл байдалд байгаа ч Монголын талд вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн. Нөхөд өө, Цар тахал арилж, Хятад, Монголын найрамдал мөнхөд орших болно. 2020 онд Хятад, Монголын харилцаа цар тахлын нөлөөг даван туулснаар шинэ хөгжилд хүрч, талуудын хамтын ажиллагаанд ололт, амжилт их байлаа. Хятад, Монголын найрамдал улам бүр гүнзгийрлээ. Энэ бүхэн Монголын ард түмний үнэн сэтгэлийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Би БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамыг төлөөлөн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2021 онд ч бид урьдын адлаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй хэмээх үзэл санааг баримталж, Монголын талтай хамтран хоёр улсын удирдагчдын тохиролцоог хэрэгжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах болно. Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд илүү их сайн сайхныг авчрах болно. Монгол Улс цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн аз жаргалтай, амар тайван байхыг хүсэн ерөөе! Хятад, Монголын харилцаа тасралтгүй шинэ шатанд хүрэхийг хүсэн ерөөе!Хятад, Монголын найрамдал мөнхөд оршиг! Шинэ оны мэнд хүргэе! БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй

Тавдугаар сарын 30, 31-нд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авна

Монгол УлсынСонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг Төв комиссын саналыг харгалзаж 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авахаар тогтлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг эцэслэн батлав.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.