
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.01.12/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалыг танилцуулж байна. 1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн Засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; -Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; -Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; - Бусад. 2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан,анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/; - Бусад. 3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: - Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий/. 4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; - Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; - Ажлын хэсэг байгуулах тухай /Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; - Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; - Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/; - Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд/.
Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ
2021-01-12 10:36:21 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар ДЦС-IV төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо. Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал гэсэн үг юм. Өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл төр хариуцах болсон. Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг даван гарахад энэ өргөтгөл чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр тэмдэглэж, гүйцэтгэгч компаниудад талархал илэрхийлэв. Мөн ойрын гурван жилд Тавантолгой, Чойбалсан, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, өргөтгөхөөр зорьж байгааг хэлэв. Энэ сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Тавантолгойн цахилгаан станцын зураг төслийн ажил эхэлсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тодотгов. Цахилгаан станцын өргөтгөлийг ДЦС-IV болон ОХУ-ын Уралын турбин завод компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр Ган цагаан өргөө, Морьтон, ББЗБ, Эрчим сервис, СММ, Монкран консалтинг, Бестпрайс, Ханжинбулаг, Шинэ эхлэл төсөөлөл, Ди Ти Юу компани ажиллажээ. ДЦС-IV компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэж байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хөвсгөлд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдэв
2021-01-12 10:09:01 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Өнөө өглөө буюу 2021.01.12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх суманд илүү хүчтэй мэдрэгдсэн ба Улаанбаатарт ч мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн юм. Эх сурвалж: m.emsc.eu АНУ-ын Геологийн албанаас(USGS) уг газар хөдлөлтийг 6.8 баллын хүчтэй байсан гэж тодорхойлсон ба энэ нь тус бүс нутагт урьд нь болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт хэмээн тодотгов. 1950 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл нуурын хойд талд 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм. Түүнчлэн 1991 оны арванхоёрдугаар сард нуурын баруун хэсэгт 6.4 баллын хүчтэй газар хөдөлж байжээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын талаар мэдээлэл өгөөгүй байна. Бид үргэлжлүүлэн энэ талаарх мэдээллийг тодруулан хүргэх болно. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах 10 алхам: 1. Аюулгүй орон зайг тодорхойлох- Байшин дотор хамгийн аюул багатай газар нь даацын хананы хажуу булан байдаг. Гэр дотроо хамгийн аюулгүй гэсэн 3-4 цэгийг тодорхойлж өрхийн гишүүн бүрт хэлж таниул. Мөн ажлын газар, сургууль, цэцэрлэг гэх мэт ихэнх цагаа өнгөрүүлдэг газруудынхаа аюулгүй орон зайг тодорхойл. 2. Тавилга, эд хогшлоо бэхлэх-Том тавилгууддаа дарагдаж бэртэхээс сэргийлж аль болох хананд нь бэхэл. Гарах гарцыг хааж болзошгүй тавилга бүү тавь, шилэн эдлэл хагарахаас сэргийл. Унтаж байхад орон дээр унаж, гэмтээх эд зүйл бүү тавь. 3. Сургалт, дадлагад хамрагдах-Газар хөдлөлтийн сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагд. Орон байраа орхин гарах дадлага сургууль хий. Сурснаа бусдадаа зааж сурга. 4. Бэлэн байдлын цүнхтэй болох-Гэртээ чүдэнз, лаа, гар чийдэн гэх мэт нөөц гэрэл үүсгэгч, аль болох удаан хадгалагдах илчлэг сайтай хүнс, ус, хоолны хэрэгсэл, радио, анхны тусламжийн цүнх, ариун цэврийн хэрэгсэл, дулаан хувцсаа нөөцөл. Чухал шаардлагатай бичиг баримтуудын хуулбараа ус нэвтрэхгүй газар хадгал. Тэдгээрийг хаана байрлуулсныг болон яаж ашиглахыг хүн бүр мэддэг байх. 5. Уулзах цаг, амьдрах газраа товлох-Газар хөдлөлтөөс үүдэн гар утас, цахилгаан холбоо тасарсан тохиолдолд гэр бүлийнхэнтэйгээ уулзах газраа товло. 6. Чичирхийлэл мэдрэгдэх үед-Барилга дотор байвал цахилгаан болон хий, усны шугамыг хааж аюулгүй газарт түр хүлээнэ. Чичиргээ зогссоны дараа байгаа газраасаа тайван гарч, аюулгүй талбайд оч. 7. 1-2 минутын дараа-Чичирхийлэл намдмагц гал гарч болох эх үүсвэрүүдийг шалгаж унтраа, гэр бүлийнхнээ эсэн мэнд эсэхийг тодруул. Цахилгаан шат хэрэглэж болохгүй. Уул хадтай газарт яваа бол чулуу унах хөрс нурахаас сэргийл. Гадаа яваа бол блокон хашаа нурах, самбар, хагарсан унаж ирэхээс болгоомжил. 8. 3 минут!!!-Хүмүүсийн эсэн мэнд эсэхийг шалга, гал түймэр гарахаас сэргийл. ойр орчимд гал түймэр гарвал чанга дуугаар хүмүүст мэдэгдэж, гал унтраах арга хэмжээ ав. 9. 5 минут !!!- Дүрвэж гарахдаа хийн зуухны хоолой, цахилгаан таслах хөшүүргийг дахин шалгах, бэртсэн, шархадсан хүмүүсийг аврах, анхны тусламж үзүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дамжуулж буй мэдээг анхааралтай сонс. 10. 10 минут өнгөрснөөс хойш-Хүчээ нэгтгэн гарсан галыг унтраа, аврах, яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд ор, цуу ярианд автахгүй бай, хохирлын мэдээг цуглуул, харилцан туслах сэтгэлтэй бай.
Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа: Хэл бол сэтгэхүйн зэвсэг
2021-01-11 15:29:57 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Их хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн эх хэлээ хайрлан хамгаалахгүй бол монгол хэл маань эвдэрч байна гэсэн товч сануулга бичсэнийг уншаад, өөрийн эрхгүй өвгөн багш үзэг цаас нийлүүлж, үүнийг бичихэд хүрлээ. Их Монгол улс, эзэн Чингисийн гал голомтыг сахиж, хадгалж хамгаалж яваа туурга тусгаар бүрэн эрхт Монгол улсын иргэн бүр Би Монгол хүн хэмээн ам бардам өгүүлэхийн язгуур үндэс нь монгол хэл, сэтгэлгээ, үндэсний бичиг юм. Энэ нь дэлхий олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад мөн хамаатай зүйл билээ. Монгол хэл маань өвөг монгол хэл , эртний монгол хэл, дундад үеийн монгол хэл, орчин цагийн монгол хэл хэмээсэн 4 үе шатыг туулан хөгжиж ирсэн түүхтэй. Монгол хэл бол эртний хэл, элбэг баян үгийн сантай, ардын аман зохиол болон бичиг номын асар арвин өв сантай, мянга гаруй жилийн тэртээгээс уламжилсан үндэсний бичиг үсэгтэй, сайтар боловсруулсан сонгодог бичгийн найруулгын хэм хэмжээтэй монголчууд бидний соёлын эрхэм нандин өв юм. Монгол хэл бол монголын язгуур соёл оршин байх уг үндэс, монгол сэтгэлгээг амилуулах зүрх судас нь юм даа. Хүн төрөлхтөний хэл гэж юу вэ? гэдэгт тун олон тодорхойлолт бий. Хэл бол сэтгэхүйнзэвсэг мөнгэсэн голнэгэн тодорхойлолт ёсоор монгол хэл бол монгол хүний сэтгэн бодох,ургууланухаарах зэвсэг багаж нь юм. Өөрийн үндэсний хэлээ сэтгэхүйн зэвсэг хэмээн эх хэлээ хайрлан хамгаалдаг нэгэн жишээг ярья. Ардын багш, профессор Ц.Өнөрбаян цөөнгүй жил Унгар улсад зочилж профессороор ажилласан хүн. Ц.Өнөрбаян багш хуучлахдаа, Унгар улсын бүх шатны сургуульд ороход, юуны өмнө хүний нүд тусах газар Эх хэл бол сэтгэхүйн эх гэсэн бичээс хадаатай байдаг. Унгар улс ингэж өөрийн хэлээ маш сайн хамгаалдаг. Тэнд би эрдмийн зэрэг хамгаалахдаа унгар хэлээр бичиж, унгар хэлээр ном хаялцсан шүү гэж ярьсныг онцлон хэлье. Манай сургуулиудад ийм бичээс хадвал бас л бөөн шуугиан болгох болов уу. Хоёр талын хөрш том гүрэн өөрийн хэл, бичгээ хэрхэн хамгаалдгийг харж, үзэж баймаар юм. Гэтэл тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар яваад элдэв хаяг, зар сурталчилгааг уншигч та бүхэн тогтоож хараарай. Гадны жуулчид ирээд гайхдаг байх даа. Мөн зурагт радиогоо асаагаад үзээрэй. Нэрнээсээ эхлээд харийн үсэг, үг. Зурагтын нэр ус, нэвтрүүлгийн нэрийг гадаад үсэг, үгээр бичлээ гээд Англи хэл сурчихгүй шүү дээ. Монголоо гэсэн сэтгэл дутаад байна уу, монгол хэлээ мохоо мэддэгийн гайгаар сайтар онолдуулсан эх хэлнийхээ үг мэддэггүй, ольё гэж чармайдаггүйн балгаар л ингэж бичдэг юм болов уу даа. Гудамж талбай, барилга байшинд хадсан зүйлсийг харахадүгүсэгнь монгол боловч, хэл найруулга нь биш л байх юм. Ийм жишээ хоёрыг хэлье. Сүүлийн үед барилга байшин ч их барих болж, Энд барилгын ажил явагдаж байна.Болгоомжил гэсэн анхааруулах бичээс эндтэндгүй л тохиолдоно. Уул нь Энд барилга барьж байна. Болгоомжил! гэж бичих учиртай. Барилга гэдэг үгийг гэр гэдэг үгээр солиод хэл дээ. Энд гэрийн явагдаж байна гэвэл их л инээдтэй сонсогдох байх даа. Харь хэлний хэлзүйн онцлогийг тэр чигээр нь хуулбарласны уршиг л юм даа. Бас нэг нүдний үзүүрт торсон жишээ бол Гандангийн дэнжийн баруун захад Их морьтон нэртэй зоогийн газар байх юм. Юу хэлснийг би л ухсангүй. Бодвол Үй олон морьтон, Үйтүмэн морьтон гэсэн санаа болов уу. Морьтон гэдэг нь морь унасан хүмүүс гэсэн үг. Арай том биетэй морь унасан хүмүүс гэж бичээгүй байлгүй. Энэ чинь л эх хэлний сэтгэлгээ, зүй тогтол алдарч байгаагийн нэг жишээ. Хүүхэд багачуудаас эхлээд, төрийн түшээд хүртэл эх хэлнийхээ боловсролд анхаарах цаг болжээ. Хамгийн гол эзэмших зүйл бол эх хэлнийхээ баялаг үгийн сан, тухайн үгийн гол болон салаа утга, найруулгын өнгө аяс түүнтэй холбогдсон монгол сэтгэлгээний онцлогийг сайтар эзэмших хэрэгтэй.Энд төрийн түшээд гэж цохон өгүүлсэн. Учир нь их хурлаар батлагдаж байгаа хуульд эх хэлний хэлзүйн зүй тогтол, үгийн утгыг эс хайхрсан зүйл тохиолдох боллоо. Аль ч үндэстэний хэлний зүй тогтол нь ямар ч нийгмийн байгууллаас үл хамааран өөрийн жамаараа оршдог зүйл. Эс үйлдэл гэсэн үгийг энд жишээ болгоё. Монгол хэлэнд үл, эс, бүү, битгий хэмээсэн үгүйсгэсэн утгатай сул үг байдаг бөгөөд зөвхөн үйл үгийн өмнө л хэрэглэгддэг зүй тогтолтой. Гэтэл үйлдэл гэсэн нэр үгийн өмнө хэрэглэх ямар ч боломжгүй. Харин үйлдэх, эс үйлдэх гэвэл эх хэлний зүй тогтолд нийцнэ. Хууль тогтоогч төрийн түшээд маань Монгол хэлний тайлбар толь эргүүлж, үгийн утгыг нягталж байгууштай. Нэлээд хэдэн жилийн өмнө гудамжинд босгосон Авлигыг үл тэвчье гэсэн уриалгын алдааг телевизээр шүүмжилсэн. Гэтэл маргааш нь авлигатай тэмцэх газраас хүн ирж, авлигын тухай хууль үзүүлэв. Уг хуульд ...авлигыг үл тэвчих ёс, суртахууны хүмүүжил олгох... гэсэн зүйл байв. Учрыг нь хэлж, засах учиртайг хэлсэн. Зассан эсэхийг мэдэхгүй. Монгол хэлний тэвчих гэдэг үг нь хүлцэж тэсвэрлэх, биеэ барих, хүслээ хорих, үйлдэхгүй байх гэсэн утгатай. Жишээ нь амьтны амь тэвчих, гэм нүглээ тэвчих, архи тамхийг тэвчих гэх мэт. Тэвчих хэмээсэн үгийн өмнө үл гэсэн үгүйсгэсэн сул үг хэрэглэвэл, тэвчихгүй байх, тухайн зүйлсийг үйлдэх гэсэн утгатай болно. Үг олдож, үхэр холдлоо. Сүүлийн үед газар аваад байгаа нэгэн алдаа бол заахын тийн ялгалын -г нөхцөлийг бараг -н гийгүүлэгчээр төгссөн үг болгонд залгах боллоо. Академич Ц.Дамдинсүрэн гуайн Шинэ үсгийн дүрмийн толь-д тодорхой заасан ёсоор хэлний гүн угийн -н гийгүүлэгчээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын -г нөхцөл залгах учиртай. Монгол бичгээ мэддэг хүнд бол бүр тодорхой_ их инхлэгээр төгссөн үгэнд л уг нөхцөлийг залгана. Яаж залгах ёстойг толь бичиг харалгүйгээр та өөрөө -н гийгүүлэгчээр төгссөн үгэнд -аар(-өөр, -ээр, -оор), -аас(-оос, -ээс, -өөс)гэх мэт урт эгшгээр эхэлсэн нөхцөлийг залгаж хэлэхэд -г гийгүүлэгч жийрэглэн хэлэгдэж байвал заахын тийн ялгалын -г нөхцөл залгана. Жишээ ан- ангаас, хадлан- хадлангаар, шан-шангаар, хүрээлэн-хүрээлэнгээс, зан-зангаар, баясгалан- баясгалангаар гэх мэт. Харин үнэн, сонин, өвчтөн, шалтгаан, он, мэргэжилтэн, ноён, хатан гэх мэт үгэнд өмнө өгүүлсэн урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад -г гийгүүлэгч жийрэглэн хэлэгдэхгүй тул үнэнийг, сониныг, өвчтөнийг, шалгааныг, оныг, мэргэжилтнийг, ноёныг, хатныг гэж заахын тийн ялгалын -ыг(-ийг)нөхцөл залгана. Төгсгөлд өгүүлэхэд энэтхэг, европ язгуурын хэл бол нэр үг голлодог, монгол хэлэнд бол үйл үг эрхэм нь байдаг. Тэрхүү нэр үг голлодог хэлний зүйлийг үгчлэн хуулбарлаж буулгах байдал газар авч, бүр хэвших шинжтэй боллоо. Энэ тухайд профессор Ц.Шагдарсүрэн багшийн Эх хэлээ эвдэхгүй юмсан номыг нямбай уншихыг зөвлөе. Судар шастирын яруу тансаг монгол үг хэллэг мартагдан балрахад харамсан үгүйлэхүй атлаа бичгийн хэлний үг найруулгаар бичсэн зүйлийг ойлгогдохгүй байна, хялбар болго гэдэг албаны хүмүүс ч байх юм билээ. Ойлгохыг хичээх нь монгол хүний зөв сэтгэлгээ байлтай. Газрын хөрсөнд булагдсан эртний олдворын зүйл олоход их л шуугиан болдог. Энэ нь ч зөв л дөө. Яг тэр эртний олдвор шиг судар шастирын утга гүн, үг яруу монгол үг хэллэг мартагдан балрахад харамсах хүн ховор л болоод байна. Үг хэл нь монгол боловч, хэлбэр хийц нь харийн хэлийг хуулбарласан утга уялдаа муутай бичвэр олширч, бас ямар ч хяналт хязгааргүй англи зэрэг хэлний үг хольж хутган ярих, бичих болж түүндээ чамирхах ч янз төрхтэй болж байгаа цагт эх хэлнийхээ төлөө дуугарсан, сануулсан, сэрэмжлүүлсэн Г.Мөнхцэцэг шиг төрийн түшээд олширвол мөн ч хэрэгтэй байна даа. Эрхэм их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг та эх хэл, монгол сэтгэлгээ, үндэсний бичгийнхээ төлөө их зүйлийг хийгээрэй. Энэхүү эрээвэр хураавар санаа бодлынхоо хойно, хэдэн жилийн өмнө бичсэн Хэлний экологи гэдэг өгүүллээ хавсаргалаа. Уншиж болгоогтун.
Б.Алтангадас: Халдваргүйтгэлийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ашигласны дараа хортой үлдэцгүй бодисоор хийх хэрэгтэй
2021-01-11 12:23:51 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Коронавирусын халдвар дэлхий нийтийг цочроож байгаа энэ үед айл өрх, албан байгууллага бүр тогтмол цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх нь хамгийн чухал болоод байна. Гэхдээ халдваргүйжүүлэлт хийхдээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь гол байгаа юм. Тиймээс хүний эрүүл мэндэд хоргүй Гипон халдваргүйжүүлэх бодисын талаар сонирхлоо. -Цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн асуудал чухал сэдвүүдийн нэг болоод байна. Халдваргүйжүүлэлтийн талаар, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдлаар хэрхэн халдваргүйжүүлэлтийг хийх вэ? -Манай улсад ариутгал, халдваргүйжүүлэх бодисын асуудлыг Эрүүл мэндийн яам, Химийн бодисын хордлого зохицуулах зөвлөл болон Халдварт өвчин судлалын үндэсний төв бүртгэж зохицуулж хяналт тавьж байдаг. Сүүлийн жилүүдэд химийн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр химийн бодисын хэрэглээ, тэр дундаа халдваргүйжүүлэх химийн бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл асар их болж байна. Мөн COVID19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн халдваргүйжүүлэх бодисын хэрэгцээ, үйлчлэх хүрээ, хор аюул зэргээс шалтгаалан хийх сонголтуудтай тулгараад байна. Халдваргүйжүүлэх бодисыг хаана, ямар үед ашиглах ёстой вэ? -Халдваргүйжүүлэх бодисыг өмнө нь зөвхөн өндөр эрсдэлтэй гэж үздэг байсан эмнэлэг, эмийн болон хүнсний үйлдвэрт ашигладаг гэсэн ойлголттой байсан бол одоо гэр орон, худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг банк санхүү гээд эрсдэл өндөртэй газруудад гадаргуугийн болон дотоод орчны агаарын халдваргүйжүүлэлтийг маш өргөн хүрээнд хэрэглэх шаардлага тулгарч байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гэр орондоо тогтмол цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхийг эрүүл ахуйчид сүүлийн үед зөвлөж байна. -Орчны агаарын халдваргүйжүүлэлтийн талаар товч мэдээлэл өгнө үү. -Орчны агаарыг халдваргүйжүүлэхэд ууршуулах аргаар халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн халдваргүйтгэлийн хаалга ашиглагдаж байна. Гэхдээ эдгээрт ашиглагдах бодис нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх шаардлагатай. Өнөөдөр хлор, спиртийн нэгдлүүдийн агууламж өндөр, халдваргүйжүүлэх идэвхтэй бодисуудыг угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд өргөнөөр ашиглаж байна. Гэвч тухайн барилга байгууламж дотор удаан хугацаагаар ажиллаж байгаа эмч сувилагч асрагч болон бусад ажилтан ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд тодорхой хэмжээний химийн бодистой агаараар амьсгалснаар удаан хугацааны буюу архаг өртөлт, хордлогод өртөх эрсдэл бий. Бидний дунд элдэв төрлийн хорт хавдар, астма, аллерги, харшилтай хүмүүс сүүлийн жилүүдэд их нэмэгдэж байгаа, энэ нь элдэв ахуйн цэвэрлэгээнд ашигладаг угаалгын нунтаг, шингэн, цайруулагч болон бусад хурц үнэртэй элдэв химийн бодисуудын замбараагүй хэрэглээтэй холбоотой байдаг талаар нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны салбарын эрдэмтдийн судалгаа маш их байдаг. Иймд гэр ахуй, ажлын байр болон өндөр эрсдэлтэй газруудад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, халдваргүйжүүлэх идэвхи өндөртэй бүтээгдэхүүнүүдийг сонгох зайлшгүй шаардлага гарч ирж байна. -Та иргэдэд халдваргүйжүүлэлтэд юуг анхааруулах вэ? -Мэдээж хамгийн чухал нь халдваргүйжүүлэх идэвхи сайтай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бодисыг хэрэглэхийг зөвлөнө. Одоо халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодисуудыг өндөр бохирдолтой, эрсдэлтэй газруудад тохирох найрлага, концетрацийн дагуу ашиглах нь зүйтэй. Тухайлбал, өндөр бохирдолтой гадаргуугийн халдваргүйжүүлэлтэнд, тухайн хэрэглээнд тохирох хүчтэй бодисыг ашиглахыг зөвлөдөг. Бохир ус цэвэрлэх байгууламжинд ашиглагддаг кальцийн гипохлорит буюу бидний мэдэх хлорын шохойг ахуйн орчинд ашиглах нь аюултай. Тэр хүчтэй бодисыг орчны агаарыг халдваргүйжүүлэх зорилгоор ууршуулсан тохиолдолд хлорын хийн хортой уураар дотор нь амьдарч буй хүн амьсгалах болдог. Хэрэглэгчид буюу жирийн иргэд хурц үнэртэй байх тусам сайн халдваргүйжүүлдэг гэсэн сэтгэхүй, ойлголттой байдаг. Гэвч энэ нь нөгөө талаараа хоруу чанар өндөртэй бодис хэрэглэж байх магадлал ихтэй. Учир нь зарим байгалийн болон нийлэг аргаар гаргаж авсан үнэрт бодисууд нь их хэмжээний чөлөөт хлор ялгаруулдаг, мөн ароматик буюу бензолын уламжлал агуулсан бодисууд байдаг. Эдгээр нь удаан хугацаагаар өртсөн тохиолдолд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Чөлөөт хлорын агууламж өндөртэй бидний мэдэх жавелион, клорсепт буюу натрийн дихлоризоцианид-уратын таблеткан бэлдмэлүүд, хлорамин, хлорын давхар исэл зэрэг бодисууд, бүх төрлийн спиртийг агаарт ууршуулж хэрэглэхийг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь тухайн бодисуудын идэвхтэй найрлагад байх хлорын нэгдлүүд нь өндөр тунгаар агаарт ууршсан тохиолдолд дээр дурдсан хордлого үүсгэж болно. Харин гадаргуугийн халдваргүйжүүлэлтэд ашиглахад үр дүнтэй юм. Танай компанийн үйлдвэрлэж байгаа Гипон халдваргүйжүүлэх бодисын талаар мэдээлэл өгнө үү? -Бид орчны агаар болон гадаргуугийг халдваргүйжүүлэхэд сүүлийн үеийн цахилгаан химийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлсан ГИПОН хэмээх халдваргүйтгэлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байна. ГИПОН халдваргүйтгэлийн уусмал нь Монгол улсад ашиглаж болох ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн туршилт, судалгаагаар халдваргүйжүүлэхэд ашиглаж болох нь батлагдсан. Уг бүтээгдэхүүний үндсэн найрлага болох гипохлорын хүчил нь хүчтэй халдваргүйжүүлэгч шинж чанартай боловч хүний эрүүл мэндэд хоргүй бодис. Япон зэрэг хөгжилтэй улс орнуудад цахилгаан химийн аргаар саармаг шинж чанартай, хүний эрүүл мэндэд дагалдах нөлөөгүй, маш бага агуулгатай байсан ч маш өргөн хүрээний бактер вирус устгах чадвартай бүтээгдэхүүн гарган авах технологийг хөгжүүлж чадсан байна. -Танай бүтээгдэхүүнийг хаана ашиглаж болох вэ? -Манай бүтээгдэхүүнийг эмнэлэг, цэцэрлэг, сургууль, оффис, ресторон, сургалтын төв, фитнесс, банк зэрэг хүн ам олноор цуглардаг газарт орчны агаар халдваргүйжүүлэх, мөн гэр ахуйн цэвэрлэгээ, элдэв үнэр дарах, арьс цэвэрлэх, гоо сайхан, нянгийн бохирдолтой гадаргуу халдваргүйжүүлэх (махны мод, хутга г.м), арьсны зарим төрлийн хүнд гэмтэл, өвчин, түлэгдэлт, шархлаа, нүдний зарим төрлийн халдвар, өвчний эмчилгээнд, зоонозын өвчний халдваргүйжүүлэлт, хүнсний зах, мал, амьтны ферм, бой, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүн халдваргүйжүүлэхэд, зарим төрлийн хортой бодис, хлорорганик пестицид, дэгдэмхий органик бохирдуулагчдыг саармагжуулах зэрэг маш өргөн хүрээнд ашиглах боломжтой. -Бусад улс оронд хэр өргөн ашиглагддаг вэ? -АНУ, Япон, БНХАУ, БНСУ, Канад, Европийн холбооны улсууд манай бүтээгдэхүүнтэй ижил физик химийн шинж чанартай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ашигласны дараа хортой үлдэцгүй бодисыг өргөн хэрэглэсээр байна. Уг бодисыг АНУ-ын Байгаль орчныг хамгаалах байгууллага (EPA), Хөдөө аж ахуйн байгууллага (USDA), Хүнс, эмийн байгууллага(FDA)-ын хэрэглэж болох халдваргүйжүүлэх бодис, пестицидийн жагсаалтад harmless буюу аюулгүй ангилалд 2017 оны 1811 тоот бүртгэлийн дугаартай оруулсан байдаг бол Японы Нийгмийн хамгааллын яамнаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ангилалд бүртгэсэн байдаг. 2002-2003 онд БНХАУ-д гарч байсан SARS (SARS-CoV) өвчний дэгдэлтийн үед ариутгал, халдваргүйтгэлийн зорилгоор ашиглаж байсан. 2019 оноос дэгдээд буй COVID-2019-ийн вирусын тархалтын эсрэг БНХАУ, Япон, БНСУ-д өргөн хүрээнд ашиглаж байна. Иймээс манай улсад энэ бүтээгдэхүүнийг ашиглаж одоо дэгдээд буй амьсгалын замын цочмог халдварын тархалтын эсрэг арьс, гадаргуу, орчны агаарыг ариутгах зориулалтаар ашиглахад тохиромжтой. -Гипон ашиглахад анхаарах зүйлс байгаа юу? -Гипон нь хүн болон хүрээлэн буй орчинд хоргүй бүтээгдэхүүн юм. Уг бодисыг ашиглахдаа нарны шууд тусгалтай газар хадгалахгүй байх, мөн саваа таглаагүй удаан орхих нь үйлчлэлийг бууруулдаг тул анхаарах хэрэгтэй. Тиймээс худалдан авснаас хойш аль болох хурдан ашиглах, нарны гэрэл тусахгүй хуурай сэрүүн орчинд агаар оруулахгүйгээр сайтар таглан хадгалахыг зөвлөдөг.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй