“ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛТАЙ ХИЙЖ БУЙ ЯРИА, ХЭЛЭЛЦЭЭГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, Рио Тинто компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо. Энэ удаагийн цахим уулзалт нь Рио Тинто компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын анхны уулзалт байсан бөгөөд тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Саурат, санхүүгийн захирал Элиас Скарфидас, бизнес хөгжил эрхэлсэн захирал Аршад Сайед, Рио Тинто Монголиа ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар байлцсан байна. УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засаж сайжруулах тодорхой саналыг Засгийн газрын ажлын хэсгээс гаргаж зохих яриа хэлэлцээг эхлүүлээд байв. Гэсэн ч Австрали дахь Рио Тинто компанийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад 46,000 жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн үйл явдалтай холбоотойгоор талуудын яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан юм. Рио Тинто компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нь 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох бөгөөд зогсонги байдалд ороод байсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх чин хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаагаа Засгийн газрын ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг Рио Тинто компанид мэдэгдлээ. Засгийн газрын ажлын хэсгээс өмнө нь Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү цахим уулзалтын үр дүнд Рио Тинто компани аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн яриаг хэлэлцээг улам эрчимжүүлэн ажиллаж байна.

Шуурхай:Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар боллоо

Баянзүрх дүүрэгт коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, өнөөдрийн байдлаар 32 хүнээс халдвар илэрч, тус дүүрэгт нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Ойрын болон дам хавьтлыг олж тогтоох, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. НОК хуралдаж, нөхцөл байдал хүндэрвэл Тэг зогсолт хийх талаар мэдээлэл гаргасан билээ. Тэгвэл энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 15.00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шийдвэр гаргахаар болжээ. Засгаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно.

Хэвлэлийн эрх чөлөөний төлөө ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ байгуулагдлаа

Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумисан, ялын бодлогыг чангаруулах замаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох агуулгатай өөрчлөлтийг ХЗДХ-ийн яамнаас санаачлаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хяналтдаа авах зохицуулалт оруулах гэж байгаа нь сэтгүүлзүйн салбарын эсэргүүцэлтэй тулгараад байна. Өөрөөр хэлбэл эрх баригчид, хууль санаачлагчид Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг далайлган, айлгах, хэвлэлийн эрх чөлөөг төрийн хяналттай болгох гэсэн санаархлыг эрс эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн салбарынхан анх удаа өөрсдийн эрх ашгийг хөндсөн асуудалд өргөн бүрэлдэхүүнтэй нэгдэж байгаа юм байна. Үндэсний зөвлөлд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын телевизүүдийн холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын сайтын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо, Хангарди Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Эв нэгдэл төв зэрэг 21 эвлэл, холбоо одоогийн байдлаар нэгдэн дэмжээдбайна. Үндэсний зөвлөл нь Хууль, бодлогын судалгаа, Нөлөөлөл, Зохион байгуулалт гэсэн үндсэн гурван ажлын хэсэгтэй үйл ажиллагаа явуулах аж. Хууль, бодлогын судалгааны ажлын хэсэг нь гадаад улс орнуудын ижил төстэй хуулиудыг орчуулж, судлах, мэргэжлийн өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж хуулийн төсөл боловсруулан эрх баригчдад санал болгох үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөн, шинэчлэх шаардлага үүсээд удаж байгаа. Гэвч үеийн үед Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг эрх баригчид санаачлан боловсруулж, өргөн барьж байсан бөгөөд ингэхдээ ямар нэгэн хэлбэрээр төрийн хяналтад оруулах гэсэн зохицуулалт тусгагдаж ирсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарынхны эсэргүүцэлтэй тулгаран батлагдах боломжгүй болсоор өдийг хүрсэн. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө хуулийн төслөө боловсруулан санал болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Нөлөөлийн ажлын хэсэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийн салбарын хууль, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, хуулийн гажуудал, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, мэргэжлийн ёс зүй зэрэг салбарын асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх, Үндэсний зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажлыг шуурхай хүргэх үйл ажиллагаа явуулах аж. Зохион байгуулалтын ажлын хэсэг нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбар, редакциудад зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийг түгээх, хурал, уулзалт, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллах юм байна. Үндэсний зөвлөлд орох хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлчдэд бүртгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд зөвлөлд сайн дураар нэгдэх нь нээлттэй байх юм байна. Зөвлөлд орох сэтгүүлч, редакциуд Зохион байгуулалтын ажлын хэсэгтэй 99097968, 94111727 дугаараар холбогдон бүртгүүлэхийг Үндэсний зөвлөлөөс уриаллаа.

Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өчигдөр /12.17/ Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4-р сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 3 удаа сунгаад байна. Гэсэн хэдий ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна. Иймд цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага- сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал дүгнэлтийг үндэслэн Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгааг Шадар сайд Я.Содбаатар онцоллоо. Хуулийн төсөлд: Коронавируст халдвар /ковид19/- цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харгалзан зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмэх, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох, Төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх, Зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг тусгах, Цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалт нэмж тусгах, Цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах, Энэ хуулийн үйлчлэх хугацааг сунгах зэрэг нэмэлт, өөрчлөлт хийхээр хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүслээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.