Татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 24-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэнТатварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийнхэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, УИХ-ын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн гишүүд төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 42 буюу 62.7 хувийн саналаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Хөл хорионы үед нууцаар PC тоглоомын газар ажиллуулж байжээ

Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт PC тоглоомын газар нууцаар үйл ажиллагаа явуулж байжээ. Тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өчигдөр /2020.12.24/ хэргийг илрүүлсэн бөгөөд тухайн PC тоглоомын газар байсан хүмүүс амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй, гар ариутгагч байрлуулаагүй мөн тоглож байгаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй зэрэг олон зөрчил илэрсэн байна. Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 226 дугаар тогтоолыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга А1320 захирамж гаргаж үйл ажиллагаа явуулах 15 байгууллагыг баталсан билээ. Захирамжийн биелэлтийг хангаж ажиллаагүй дээрх PC тоглоомын газрыг Зөрчлийн хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох аж. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих: Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаатай танилцав

​ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын нөхцөл байдалтай танилцлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Баруун туруун, Өлзийт товчоо, 22-ын товчоодын бэлэн байдал, зорчих хөдөлгөөн, алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалтай танилцаж, тэдний саналыг сонслоо. Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд иргэд хязгаарлалтын дэглэмийг мөрдөж байгааг албан хаагчид онцолсон юм. Шадар сайд шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, мал эмнэлгийн алба хаагчдын ажиллах нөхцөл байдалтай мөн танилцаж, холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөн нэвтэрч байна гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Эрдэнийн судар-ыг дээдлэн залах тухай 149 дугаар зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гаргалаа. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, Эрдэнийн судар-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж, дээрх зарлигийг гаргажээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ: Эрдэнийн судар-т тэмдэглэн үлдээсэн монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухаан-ыг хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт даалгав. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг улс орны түүхэн цаг үеийн онцлог, үйл явдалтай уялдуулан төрөл зүйлээр нь бүртгэн товчоолох, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь судалж тодорхойлох ажлыг Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдад хариуцууллаа. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүртээн дэлгэрүүлэх, хүн бүрийн үндэсний ухамсарт суулгаж, сэтгэлийн чинадад хүргэн дархлаажуулахад бодитой хувь нэмэр оруулж, олон талт ажлыг зохион байгуулж байгаа иргэд, байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн болон чөлөөт радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалав.

Ц.Туваан: Иргэдийн хувийн мэдээллийг нууцлах, эх орондоо буцаж ирэх эрхийг баталгаажуулна

​ УИХ-ын гишүүн Ц.Туваан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа. УИХ-аас2020 оны дөрөвдүгээр сард баталсан дээрх хуулийн үйлчлэлийг сунгаж, зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэмж тусгах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд: 1. Эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх (орох) үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх; 2. Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, тухайн хүний хувийн болон гэр бүлийн нууц задрах, нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалтад өртөх, гутаан доромжлуулах, цаашлаад тухайн хүний халдашгүй байдалд аюул учрах эрсдэл үүсгэхгүй байх зарчмыг баримталж ажиллах үүргийг хуульчлах; 3. Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, энэ хуульд нийцээгүй шийдвэр, арга хэмжээг УИХ-аас нэн даруй хүчингүй болгох, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, арга хэмжээ нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус шийдвэр, арга хэмжээг нийтээр дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр, арга хэмжээг гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцан арилгах; 4. Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үеийн олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ нь Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх; 5. Бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын дотуур байрны төлбөрийг сургалтын төлбөрийн нэгэн адил өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх; 6. Цар тахлын үед хязгаарлагдаж болзошгүй иргэдийн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хөндөхгүй байх, уул эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс цар тахлын үед өмгөөлөгчийн ажиллах журмыг батлах, иргэний эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг цахимаар хүргэх; 7. Иргэд цар тахлын үед шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах; 8. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх; 9. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, эх үүсвэрийг Засгийн газрын тусгай санд байршуулах, сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглох; 10. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үндэсний цахим мэдээллийн сан ажиллуулах, уг цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журмыг Засгийн газар батлах зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна. Төсөл батлагдснаар, цар тахлын үед иргэдийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлуулахаас хамгаалах боломж бүрдэнэ. Мөн оюутан сурагчдын дотуур байрны төлбөрийн асуудлыг шийдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шаардлагатай эмнэлэгийн тусламж үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийг баталгаажуулна. Үүнээс гадна зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд бодлогоор дэмжих, цар тахалтай тэмцэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүн Ц.Туваан хэллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.