Орон нутгийн иргэдийг буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээ хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийн ажиллаж байгаа юм. Иргэдийг нэвтрүүлэх ажлыг Драгон, Лавай, Тэнгэр авто буудлууд дээр зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр буюу 12 дугаар сарын 01-ний 16:00 цагийн байдлаар 51 чиглэлд 41 тээврийн хэрэгслээр 1362 зорчигч, Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчжээ. Коронавирсут халдварын тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжинд үе шаттайгаар зохион байгуулж зорчуулна. ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ҮЕД ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ИРГЭД ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ 1. Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно. 2. Товлосон газраа, товлосон цагт очиж, шинжилгээгээ өгнө. 3. Шинжилгээний хариуг www.119.mn-ээс Шинжилгээний хариу авах цэснээс регистерийн дугаараар шалгаж авна. 4. Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбарааwww.eticket.transdep.mnрүү орж, захиална. 5. Билетээ захиалж авсны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж, нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна. 6. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай. 7. Очих газраа очиж, гэрийн тусгаарлалтад 14 хоног байх бадотны хүмүүстээ халдвар дамжуулж, бусдад тараахгүйн тулд заавар, журмыг сайтар баримтална. 8. Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж,Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана. Эх сурвалж: ОБЕГ

У.Хүрэлсүх: 4-р сар хүртэл сайжруулсан түлшийг 50 ХУВИАР ХЯМДРУУЛЖ БАЙНА

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна. Үүнд: 1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг. 2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ. 3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. 4. Ковид-19 цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ. 5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа анхаарахыг уриалав

Өвөлжилтийн нөхцөл байдал болон цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.12.01) аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцлоо. Уг цахим уулзалтад орон нутгийн удирдлагуудаас гадна Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар оролцов. Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу орон нутгийн удирдлагууд иргэдээ татан авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журмуудыг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Ихэнх аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна. Одоогийн байдлаар аймгуудад дунджаар 6-12 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвс, тэжээлийн нөөц, санхүүжилтийн асуудалд УИХ, Засгийн газрын зүгээс анхаарч, улсын нөөцөд байгаа өнжмөл өвс, тэжээлийг худалдаанд гаргах, отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж байгааг цахим уулзалтын үеэр хэлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар дэг журмыг чандлан баримталж, өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа аль аль талдаа анхаарал тавьж, хамтран ажиллахыг уриалав. Мөн энэ удаагийн цахим уулзалтаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм. Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ хуулийн төслийг орон нутгийн удирдлагуудаар дахин хэлэлцүүлж, саналыг нь тусгаж ажиллана. Түүнчлэн аливаа хуулийн төслийг хэлэлцэхдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан ард иргэдийн саналыг авч, хуульд тусгадаг болох шинэ жишгийг нэвтрүүлж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ

Дэлхий дээр зөвхөн Монголд байдаг монгол бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, зуд, халдварт өвчний улмаас хорогдож 2017 оны эхээр 3000 гаруй тоотолгой үлдээд байсан юм. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан хамтарч 2020 оны арваннэгдүгээр сард хийсэн тооллогоор монгол бөхөнгийн тоо толгой 8500 орчим болж өссөнийг тогтоожээ. Энэ нь тусгаар жижиг сүргүүдийн тоо орсон нэгдсэн дүн юм. Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга Бөхөнгийн тархац нутагт энэ зун зуншлага сайн байсан нь бөхөнд эергээр нөлөөллөө. Гэхдээ ийм байдал жил болгон тохиогоод байхгүй тул хамгааллын ажилд талууд анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай. Ялангуяа энэ өвөл цас их орж өвөлжилт хүндэрч магадгүй байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм. Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч тайвшрах болоогүйг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон. 2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөнтэй байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудны улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдож ердөө 3000 гаруй болж байсан гашуун түүх бий. Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид онцлон ярьж байна Эх сурвалж: WWF Mongolia

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.