
Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг Засгийн газар дэмжсэнгүй. Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээс гадна хөл хориотой холбоотойгоор иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах талаарх эдийн засгийн бодлогын шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өгсөн. Арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байгааг Монголбанкны ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс нэн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд буй. Түүнчлэн МҮХАҮТ-аас бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналаа Засгийн газарт хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Өрх бүрт нэг сая төгрөгийн тусламж олгох нь зүйтэй
2020-11-17 17:51:48 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо. Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ. Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Түүнчлэн гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургүйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг санууллаа. Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ. ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах; Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох; Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх; Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах; Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.
242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон олгоод байна
2020-11-17 11:38:34 Нийтлэгдсэн: Улс төр
ХЭНТИЙ АЙМАГТ СЭЖИГТЭЙ ГУРВАН ТОХИОЛДЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл өглөө. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Гэхдээ PCR болон сорьцын шинжилгээ хийж баталгаажуулахаар Дорнод аймгийн вирус судлалын салбар лабораторид явуулж, гурван хүнийг тусгаарлаад байна. Түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ эцсийнх биш. Тухайлбал Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүнийх эерэг, харин PCR болон сорьцын шинжилгээгээр сөрөг гарч байсан юм. Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос оршин суугаа газар луу нь явуулах болсон тухай мэдээллийг Улсын онцгой комиссын гишүүд үгүйсгэлээ. Халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлуудын шинжилгээний хариу ямар гарахаас хамаарч хугацааг товлох юм. Цаашид УИХ-ын гишүүд, Улсын онцгой комиссын гишүүн биш хүмүүс баталгаагүй, бүрэн бус мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх тухай албан тоотыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар илгээжээ. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий байгууллага, салбарын ажилтан, албан хаагчдын автомашинд тусгай зөвшөөрөл олгосныг түр зогсоолоо. Ажилтнууд өмнөхийн адил ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлж зорчиж байх юм. Энхсаран сувилалд хууль тогтоомж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн эсэхийг шалгаж байгаа Ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Сувилалд тусгаарлагдсан 81 иргэнийг Дрийм, Кентавр, үйлчилгээний 17 ажилтныг Сүнжин гранд зочид буудалд шилжүүлсэн бөгөөд давтан шинжилгээний хариу сөрөг гарвал иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалтад гаргах юм. Маргаашаас нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 237 дэлгүүрээр буюу нэг хороонд 1-2 дэлгүүр байхаар тооцон борлуулж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгоод байна. Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхлэх юм байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар 18.00 цагт аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, үүрэг, чиглэл өгнөгэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрлээ
2020-11-17 11:17:03 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул өнөөдөр 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд бүрэн зогсолт хийхээр болж, хөдөлгөөнийг хорилоо. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярэнэ талаар Дархан-Уул, Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөн нягт байдаг. Тиймээс өнгөрсөн хоногуудад халдваргүйжүүлэх арга хэмжээг хийсэн. Гурав хоногт 10 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Нийт иргэдийн 50 хувийг тандалтад оруулахад түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ рүү шинжилгээ хийлгэхээр илгээсэн. Тухайн хүний ойрын хавьтал 60 гаруй хүнийг тусгаарлаж, дахин шинжилгээ хийхээр болж, бүх нийтийн тэг зогсолтыг 24 цаг хийхээр боллоо гэлээ. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч эцсийн хариу PCR шинжилгээгээр баталгаажна. Дархан-Уул аймгийн иргэдийг бүрэн шинжилгээнд оруулахаар ажиллаж байгаа гэдгийг Ж.Энхбаяр мэдээллээ. 24 цагийн хугацаанд яаралтай арга хэмжээг авч цаашид хэрхэхийг шийдэх бөгөөд иргэдтэй холбоотой яаралтай тусламж үйлчилгаа, хүнсний хангамжийг зохион байгуулж ажиллана гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Т.Азжаргал хэллээ.
Хэнтийд хулгайгаар нэвтэрсэн иргэдийн хавьтлуудыг тогтоон, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарчээ
2020-11-17 11:15:37 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Хэнтий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус аймаг нөхцөл байдлыг 11-р сарын 16-ны 22:00 цагт хяналтандаа бүрэн авсныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдэгджээ. Тухайн сэжигтэй хоёр тохиолдлыг PCR шинжилгээ хийлгэхээр 01:20 минутад ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн, хариу өнөөдөр орой /2020.11.17/ гарах юм байна. Үүссэн цагийн байдалтай холбогдуулан аймгийн ОБГ, ЦГ, Тагнуулын хэлтэс, ЭМГ, ЗӨСТ шуурхай ажиллаж хорио цээрийн дэглэм зөрчиж хулгайгаар нэвтэрсэн иргэдийн маршрутыг гаргаж, шууд хавьтал, хам /тохиолдол/ хавьтлуудыг тогтоон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан, улмаар тусгаарласныг мэдээлж, эцсийн хариу ХӨСҮТ-ийн лабораториас гарч Улсын онцгой комисс мэдээлэх юм байна. Хэнтий аймгийн онцгой комиссын хуралдаан өчигдөр 23:00 цагт эхэлж, хоёр цаг орчим хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12-р дугаар сарын нэгний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн ам олноор цугларах газрууд болох барааны зах, худалдааны төв, сүм хийд, бар, зоогийн газар, ресторан, караокены үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 хүртэлх хугацаанд зогсоож, архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг мөн хугацаагаар хориглов. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, мөн сумдын хүнсний дэлгүүрийг 09:00-19:00 цаг, эмийн сан, шатахуун түгээх станц, усан санг ердийн цагийн хуваариар ажиллуулах, Чингис хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон Эвт худалдааны төвийн түлээ нүүрсний худалдаанаас бусад худалдааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүллээ. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд /ганц бие эцэг/ байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо. Төрийн байгууллагын ажиллах цагийн хуваарийг 09:00-12:00, 14:00-16:00 хүнсний дэлгүүр, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 09:00-19:00 цагаар тогтоож, шатахуун түгээх станц, эмийн сан, усан санг ердийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллуулсугай. Үзвэр, үйлчилгээний газрууд болон олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон хугацаагаар хязгаарласугай. Бүх нийтийн бэлэн байдлын үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, хүнсний худалдаа эрхлэгч нарт үүрэг болгосугай. Хүнсний хэрэгцээт бараа худалдан авах, эмийн болон эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэдэд анхааруулсугай. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан аймаг, сумдын шуурхай штаб, шалган нэвтрүүлэх цэгийн томилгоог 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 16:00 цагийн дотор хийж баталгаажуулахыг Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа. Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үүссэн цагийн байдалд уялдуулан зарцуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгалаа. Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй