ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01 ХҮРТЭЛ ХУГАЦААНД ОЛГОНО
2020-11-19 11:06:16 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд: - Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох. Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох - 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх - 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх - 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэх - 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх - Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтыг хэвийн явуулах - Ипотекийн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах - Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулан хүүг нэгтгэж тооцох зэргээр нэмэлт дарамт үүсгэхгүйгээр гэрээг өөрчилж хугацааг сунгах - Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх - Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг Ногоон бүс гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулах - Бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж халдваргүйжүүлэх - Оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх - Татвар, гаалийн байгууллага тайлан гаргах, татвар төлөх, гаалийн бүрдүүлэлт хийх зэргээ цахимжуулах - Татварын өртэй татвар төлөгч төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй бол хүсэлтийг нь харгалзан татварын өрийг тухай бүр нь суутгаж тооцох - Зээлийн батлан даалтын сан бизнесийг сэргээхэд ажлаа чиглүүлэх, идэвхжүүлэх - Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажил, үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн бол төлбөрийг шуурхай барагдуулах - Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байх - Бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгах - Төсвийн захирагч нар хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх - Үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв, санхүүгийн талаар авах арга хэмжээний саналаа танилцуулж шийдвэрлүүлэх - Халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах, хоорондын зай барих, амны хаалт зүүх, биеийн халууныг үзэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тухай байнга зөвлөх, иргэдийг соён гэгээрүүлсэн, үндэсний өв соёлыг харуулсан нэвтрүүлэг, контент нэвтрүүлэх - Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуульд заасан журмын дагуу хасч тооцох хуулийг нийтэд сурталчлах шийдвэр гаргасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр, засаг, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэд, үүрэг гүйцэтгэж байгаа бүх байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ. Хүнд үеийг эв нэгдэлтэй байж, халдварын тархалтыг зогсоож, хяналтдаа авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Товч мэдээ - Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 оны III улиралд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийнхийг 2022 оны III улиралд дуусгаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн барилгын ажлын зураг төслийг ирэх онд боловсруулж, 2024 онд барьж дуусгана. - Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км автозамын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замыг дуусгаж, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Улсын комисст хүлээлгэж өгөхийг даалгав. - Баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох талаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов. - Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг зогсоох, нөхөн сэргээлт хийх зэрэг үе шаттай арга хэмжээ авах санал боловсруулж хэлэлцүүлэхийг даалгав. - Байгаль орчин, аялал жуулалчлын яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд зургаан төрлийн зөвшөөрлийг энэ онд багтаан цахимаар олгож эхэлнэ. - Хөвсгөл нуурт живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов. - Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувь бууруулж, бусад томоохон хот, суурин газрын бохирдлыг үе шаттай бууруулах чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана. - Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн инноваци, дэвшилтэт техник, технологийг үе шаттай туршин нэвтрүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.
"Голомтод ажиллаж буй алба хаагчдад нийт 10 тэрбум төгрөгийн урамшуулал олголоо"
2020-11-19 11:02:49 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын чуулганы цахим хуралдаанд Шадар сайдЯ.СодбаатарУОК-ын мэдээлэл, COVID-19 халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэрШадар сайдЯ.Содбаатар 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүн дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон хэмээн хэллээ.
Говьсүмбэр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдахаар болжээ
2020-11-18 12:00:31 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Говьсүмбэр аймгийн Онцгой комисс шуурхай хурал зарласан талаар тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Хурлын шийдвэрийг шуурхай хүргэх болно гэжээ. Учир ньГовьсүмбэр аймагт шинжилгээ авахад нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар өнөөдөр 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Ингэснээр дотоодын коронавирусийн тохиолдол нийтдээ 30 болжээ. Тодруулбал,Улаанбаатар хотод 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол тус тус батлагдсан байна. Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраасИргэн та тайван байж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг сайтар дагана уу. Говьсүмбэрчүүдээ гэртээ байцгаая Маскаа зүүе Гараа ариутгая Хамтдаа Covid-19-ийн эсрэг нэгдэцгээе гэжээ.
Шууд: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
2020-11-18 11:53:55 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо гэсэн мэдээлэл худал мэдээлэл болохыг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү албан ёсны мэдэгдлийг бүрэн эхээр нь танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна. FACEBOOK цахим орчинд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягнаас Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо. Монгол Улсын Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, ард иргэд гадуур гарч эвлэлдэн нэгдэж чадахгүй болсон энэ үед Хятад-Монгол хилийн дэглэмийн гэрээгээ шинэчлэх гэж байна. Тухайлбал Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо. Ийнхүү Хятад улс Монгол Улсын нутаг руу хилийн шугамаа 19 км дотогш байрлуулж, Монгол Улс газар нутгаасаа Хятадын талд өглөө. Хөл хорионы үед хилийн шугамаа манай тал ухрааж, Хятадын тал урагшлуулах болсон байна гэсэн мэдээлэл тавьсан байна. -Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна, Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж хуульчлан баталгаажуулсан. -Монгол Улс нь БНХАУ-тай 4709.6 км хэсгээр хиллэдэг, 1962 онд хилийн гэрээ байгуулж, Монгол Улс улсын хилээ 1962-1964 онд одоогийн оршин байгаа газар орон дээр нь тогтоон тэмдэглэсэн. Түүнчлэн 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан. Мөн тус улстай хилийн дэглэмийн гэрээг 1988, 2010 онд шинэчлэн баталгаажуулж, Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөн ажиллаж байна. Цахим орчинд тавьсан энэхүү мэдээлэл нь олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн, нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Хил хамгаалах байгууллагаас үзэж, Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандах болно. Монгол Улс, БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй бөгөөд дээр дурьдсан мэдээлэл нь огт үндэслэлгүй, улсын хилийн шугам ямар нэгэн байдлаар хөдөлж, өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга,бригадын генерал Н.Ганболд
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй