УИХ-ын гишүүдэд зориулсан ээлжит сургалтыг зохион байгуулав
2020-11-03 09:33:30 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн хамтран 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан ээлжит сургалтаа зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэв. Тэрбээр, УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар танилцуулав. Энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын дарга асан, Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Д.Дэмбэрэл Улсын Их Хурлын гишүүний ёс зүй сэдвээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа сэдвээр тус тус танилцуулга хийсэн бөгөөд Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мэдээлэл, сургалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Т.Аубакир, Б.Баярсайхан, О.Цогтгэрэл, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хариулт өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүд уг сургалтыг зайлшгүй хэрэгтэй мэдээллийг багтаасан чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд цаашид энэ төрлийн сургалт, мэдээллийг тогтмол хийж байхыг санал болгов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ковид-19 цар тахалын халдварын тоо эрчимтэй өсч байгаатай холбогдуулан Холбооны Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр халдварын дэгдэлтийг тогтоох зорилгоор хөдөлгөөний хязгаарлалт, бусад нэмэлт арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн талаар нийтэд танилцуулав. Хөдөлгөөний хязгаарлалт, нэмэлт арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 3-наас 11 дүгээр сарын 30-ныг дуустал мөрдөнө. Тухайлбал, 1. Оройны 20:00 цагаас өглөөний 06:00 хүртэл гарах хөдөлгөөний хязгаарлалттай бөгөөд дараах нэн шаардлагатай тохиолдолд гэрээс гарахыг зөвшөөрнө. (2020.11.12-ныг дуустал мөрдөж, шаардлагатай тохиолдолд 11 дүгээр сарыг дуустал сунгана.) Хүний амь настай холбоотой, эсвэл эд хөрөнгө аюул, эрсдэлд орсон тохиолдолд, Гэр бүлийн хойшлуулах боломжгүй хэрэгцээ, үүрэг хариуцлагыг гүйцэлдүүлэх, хэн нэгэнд шаардлагатай асаргаа сувилгаа, дэмжлэг үзүүлэх шаардлагатай тохиолдолд, Өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангах зүйл дутагдалтай нөхцөлд, түүнийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлэх, Нэн шаардлагатай нарийн мэргэжлийн ажилтан үүрэгт ажлаа биелүүлэх шаардлага үүссэн тохиолдолд, Биеийн тамир, физологийн амралт хөдөлгөөн хийх, нохойтой болон нохойгүй гадаа гүйх, дасгал хийх, 2. Харилцан 1 метр зай барих дүрэм сахина. Нэг гэрт амьдардаггүй бол задгай гадаа талбайд харилцан 1 метр зай барих, дотор бол нэмэлтээр хүн бүр маск зүүх үүрэг хүлээнэ. Бага насны хүүхэд (6 хүртэл нас) маск зүүхгүй байж болно. Метро, автобус, автобусны буудал, онгоцны буудал зэрэг нийтийн тээврийн хэрэгсэлд масктай үйлчлүүлнэ. Такси болон автомашинаар зорчихдоо нэг гэрт хамт амьдардаггүй бол нэг эгнээнд 2-оос илүү зорчигч сууж болохгүй. Тусгай хэрэгцээт иргэдийн тээвэр, хүүхдийн цэцэрлэгийн автобусанд энэ дүрмийг мөрдөхгүй. 3. Хуримын үйл ажиллагааг хориглоно. Шашны нийгэмлэгүүд халдварын эрсдлийг багасгах өөрийн дүрэм журамтай байдаг. Дотор танхимд бүгд маск хэрэглэнэ. Харин оршуулах ёслолын үйл ажиллагааг 50-аас илүүгүй хүнтэй зохион байгуулна. Ажлын байранд албан хаагчид хоорондын зайг 1 метрээс багагүй зай барих, зай барих боломжгүй, эсвэл плекси шилэн хаалтгүй бол маск зүүх ёстой. Ажил олгогч боломжтой гэж үзвэл гэрээс ажиллуулна. 4. Үйлчилгээ, зоогийн газар, зочид буудал түр хугацаанд хаалттай. Зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн болон бэлэн хоолыг ирж авах хэлбэрээр ажиллаж болно. Бар, шөний клубууд хаалттай. Зочид буудлууд аялал, жуулчлалын зорилгоор ирэх зочдыг хүлээн авахгүй, харин ажил мэргэжлийн шаардлагаар томилолтоор явж буй зочдыг хүлээн авч болно. Худалдааны газруудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд үйлчлүүлэгч, ажилтан масктай нэвтэрч, 10мкв нэгж талбайд нэг үйлчлүүлэгч байхаар тооцож хязгаарлана. 5. Чөлөөт цаг өнгөрүүлэх төвүүдийг үйл ажиллагааг түр зогсооно. Кино театр, концерт, музей, фитнес төв, нийтийн бассейн зэрэг газрууд бүгд 11 дүгээр сарын 30-ныг дуустал хаалттай. Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно. Үүнд харилцан контакттай спортын төрөл буюу хөл бөмбөг зэрэг хамаарна. Харилцан контактгүй бие даан спортоор хичээллэгчийг зөвшөөрнө, спортын төвүүдэд сонирхогчийн спортыг хориглоно, харин задгай гадаа талбайд бол голф, теннис, хөнгөн атлетик зэрэг төрлийг зөвшөөрнө. Мэргэжлийн спортын үйл ажиллагаа үзэгчгүйгээр зохион байгуулагдана. 6. Цэцэрлэг, бага ангийн сурагчдийн хичээл хэвийн үргэлжилж, 10-14 насны дунд ангийн сурагчид хичээлийн үеэр маск зүүнэ, ахлах ангийн хичээл болон их дээд сургуулиуд зайны сургалтанд шилжинэ. 7. Ахмадын асрамж, сувиллын газрууд ирэх эргэлтийн тоог хязгаарлана. Хоёр өдөрт нэг удаа эргэлт хүлээн авах дүрмийг 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл мөрдөнө. Эргэлтээр очих хүн шинжилгээний бичигтэй байх эсвэл шаардлага хангасан нарийн шүүлтүүртэй масктай нэвтэрч болно. МОНГОЛ УЛСААС АВСТРИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг Улсын тусгай хамгаалалтад авах зорилт тавьжээ
2020-11-02 11:37:43 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч, судлаач нарт зориулсан 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Мөн 2016-2019 онд 3,000 гаруй га талбайд техникийн, 1,500 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Түүний дотор байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр анх удаа Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийж байна. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 33 аж ахуйн нэгжийн ашиглалтын болон хайгуулын 44 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хоггүй цэвэр Монгол аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх төхөөрөмжийг 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай зургаан газарт нийлүүлж, Яндангаа хөөлье аяныг эрчимжүүлж байгаа зэргийг яамны удирдлага танилцуулав. Ирэх дөрвөн жилд: Улаанбаатар хотод агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах Таваас доошгүй аймагт сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах Эко жорлон арга хэмжээг хэрэгжүүлэх Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 8,000 га талбайг нөхөн сэргээх Ойн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг Улсын тусгай хамгаалалтад авах Хөвсгөл нуурын ёроолын бохирдлын эрсдлийг бууруулах, хамгаалах Жуулчдын тоог нэг саяд хүргэх зэрэг зорилт тавьжээ. Цаашид Аялал жуулчлалын сан бий болгох, Ойн газар байгуулах, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг зөвхөн байгаль хамгаалахад зарцуулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгохыг Ерөнхий сайдаас хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг яамны ажилтан, албан хаагчдад захилаа. Мөн: 30 гаруй мянган га талбайд хийх ёстой нөхөн сэргээлтийг үе шаттай эхлэх Байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулах, хянахад чиглэсэн 21 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй, ил тод, шуурхай үйлчлэх 1950-аад оноос хойш Хөвсгөл нуурт живсэн 50 орчим тээврийн хэрэгсэл, техникийг гарган авах, шаардлагатай бол бусад улс, олон улсын байгууллагатай хамтрах Туул голын бохирдлыг багасгахын тулд голын сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд, Харгиа цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг цэгцлэх Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах, ус, хөрсний бохирдлыг бууруулахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ахалдаг Үндэсний хороо, төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулах Хог боловсруулах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах, ард иргэд, хүүхэд залууст хог хаяхгүй байх дадал, хэвшил суулгах байнгын ухуулга, сурталчилгаа хийх Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслийг үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих зэргийг үүрэг, чиглэл болголоо. ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мишээл экспо төвд болж байгаа ITM-2020 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг сонирхож, бизнес эрхлэгчидтэй уулзав. Үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор 18 аймгийн төлөөлөл оролцож үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл, Ногоон зээл, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрын стандарт зэргийн талаар мэдээлэл солилцон, Аяллын хөтөч-Ажлын байр-ны өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, хээрийн аяллын тогооч нарт зориулсан сургалт явуулах юм. 21 дэх удаагийн энэ үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил уриан дор хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2020 оны аравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд үргэлжилнэ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Б.ШҮРЭНЦЭЦЭГ: “ЭЭЖ” нэвтрүүлэг аймаг бүрээс 9 ээжийг алдаршуулна
2020-11-02 11:22:59 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Төр мэдээллийн агентлаг ээжүүдийг алдаршуулах ЭЭЖ үндэсний контентийг бэлтгэн хүргэж байгаа. Уг бүтээл нь ээж хүний сургаал залбирал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын түүх, дурсамжийг мөнхөлж, нийгэмд эерэг өөрчлөлт, хандлагыг бий болгох зорилгоор бүтээгдэж буй хөрөг нэвтрүүлэг юм. Уг нэвтрүүлэг нь эх үрсийн нандин холбоо, ээжийн туулсан амьдрал замнал, хөдөлмөр бүтээл, тэсвэр хажуужил, зан чанар, сургаал, дурсамжийг дуу, дүрсний нийлэмж болоод сэтгүүлчийн өгүүлэмжээр үзэгчдэд хүргэдэг, гэр бүлийн нандин архивыг бүтээх оюуны бүтээл аж. Тэгвэл уг нэвтрүүлгээ орон даяар хэрэгжих төсөл болгон зарлаж, 21 аймаг бүрээс алдар хүндлэлийн дээд болсон 9 ээжийг алдаршуулах юм байна. Тус нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Б.Шүрэнцэцэгтэй ярилцлаа. -Ээж нэвтрүүлэг төсөл болж 21 аймагт хэрэгжих юм байна. Яагаад төсөл болж хэрэгжих болов? -Эх хүн бол үр хүүхдэдээ хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ нь байдаг шүү дээ. Ижийн сургаал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, ерөөл, залбирлыг мөнхлөх зорилготой Ээж нэвтрүүлэг маань орон даяар төсөл болон хэрэгжих гэж байна. Манай баг 21 аймаг бүрээс 9 ээжийг алдаршуулахаар энэ төслөө эхлүүлж байна. Үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлсэн өнөр гэр бүлийн эзэн болсон тэр л ээжүүдийг оролцуулахыг зорьж байгаа. Ээж хэмээх эрхэм ачтануудыг шалгуур тавьж шүүх нь өрөөсгөл ч бүх ээжийг оролцуулах боломж хязгаарлагдмал. Юутай ч эгэл жирийн мянга мянган сайхан ээжүүдийн төлөөлөл тэд байх болно гэдэгт итгэлтэй байна. -Есийн тооны тухайд? -Монголчууд есийн тоог бэлгэшээдэг ард түмэн. Есийн тоог оюун ухааны хүчний дээд илэрхийлэл гэж үздэг. Бид нэвтрүүлгээрээ дамжуулан оюунлаг, хөдөлмөрч ээжүүдийнхээ үлгэр дуурайлал, сургаал, сургамжийг залуу ээжүүдэд хүргэхийг зорино. Нэг ёсондоо ээжүүдийн агуу ухаанаар дамжуулан нийгэмд эерэг хандлага түгээхийг хүсэж байгаа. -Бүртгэл хэзээнээс эхлэх вэ? Орон нутагт зураг авалт явагдах уу? Бүртгэл 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс эхэлж байгаа. Аймаг бүрээс 9 алдарт ээжээ бүртгэж дуусаад бид зураг авалтдаа орно. Ээж нэвтрүүлгийн өмнөх дугаарууд малчдын төв телевиз болох Малчин ТВ, National TV, TV10, OTV зэрэг телевизээр гарч байсан. Энэ удаа илүү олон ТВ-ээр гаргахаар төлөвлөсөн. Дээрх телевизүүдээс гадна Төр.мн (www.tur.mn)мэдээллийн сайтын тусгай буланд байршуулна. Мөн Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны гишүүн, мэдээллийн шилдэг 10 сайт дээр давхар нийтлэгдэж олон түмний хүртээл болно. Төсөл маань зөвхөн үздэг нэвтрүүлгээс гадна уншдаг хэлбэртэй байх юм. -Үзэхээс гадна уншдаг гэхээр? -Ээжүүдээ нэвтрүүлгээр алдаршуулахаас гадна номонд мөнхөлнө. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгээс гадна ээжүүдэд зориулсан хөрөг нийтлэлээс бүтсэн МОНГОЛ ЭЭЖ номыг хэвлэж, өргөн барина. Энэ хорвоогийн эрдэнэ болсон энэрэлт сайхан ээжүүдээ ЭЭЖ нэвтрүүлэгт оролцуулж, нэр алдар, дүрийг нь мөнхлөөрэй. Хэн бүхэнд нээлттэй байх болно оо. -Төслийн ажилд амжилт хүсье! -Баярлалаа.
Энэ сарын 9-нөөс Японы виз мэдүүлгийн цагийг утсаар товлодог болно
2020-11-02 09:40:32 Нийтлэгдсэн: Улс төр
Япон Улсын Элчин сайдын яам нь виз мэдүүлэгчдэд хялбар болгох үүднээс 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн утсаар виз мэдүүлгийн цаг товлох системд шилжинэ. Виз мэдүүлгийн цаг товлох нь үнэ төлбөргүй бөгөөд виз мэдүүлэх цаг товлохдоо аль болох өөрөө цаг товлох шаардлагатай. Аяллын групп виз мэдүүлэх тохиолдолд хамаарал бүхий этгээд төлөөлөн захиалга өгөх боломжтой. Виз мэдүүлгийн товлох утас энэ оны 11 сарын 9-ний өдрийн 14:30 цагаас ажиллана (11 сарын 17-ны өдрөөс хойших өдрийн цагийн товлоно). Иймд 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн зөвхөн утсаар урьдчилан цаг товлсон иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах боломжтой тул цаашид виз мэдүүлэхэд утсаар цаг товлож үйлчлүүлэх шаардлагатайг анхаарна уу. Жич:11 сарын 9-ний өдрөөс 11 сарын 13-ний өдөр хүртэл цаг товлохгүйгээр урьдын адил виз мэдүүлнэ. Виз мэдүүлэгч нь доорх журамтай сайтар танилцан виз мэдүүлэх цаг товлоно. Мөн виз мэдүүлэх өдрөө шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн консулын хэлтсээс олгосон цагтаа ирэхийг анхааруулъя. Товлосон цагаас хоцорсон тохиолдолд хүлээн авах боломжгүй бөгөөд дахин шинээр виз мэдүүлэх цаг товлох шаардлагатай. Эрүүл мэнд, хүмүүнлэгийн шалтгааны улмаас яаралтай мэдүүлэх шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны утсанд холбогдон хүсэлтээ гаргана. Виз мэдүүлгийн цаг товлох аргачлал Виз мэдүүлгийн цаг товлох өдөр цаг : Даваа - Баасан 14:30 - 17:00 (ЭСЯ-ны амралтын өдрүүдэд хүлээн авахгүй) Виз мэдүүлгийн цаг товлох утас : (+976)11-330085 (Монгол / япон хэлээр) Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны утас руу холбогдоно уу. Виз мэдүүлэх цагийг 30 минутаар тооцож товлоно. Жишээлбэл: 9:30, 10:00, 10:30 гэх мэт. Цаг товлохдоо виз мэдүүлэгч дараах мэдээллийг үнэн зөв өгөх шаардлагатай тул урьдчилан сайтар бэлдсэний үндсэн дээр цаг товлоно уу. Овог нэр Утасны дугаар Гадаад паспортын дугаар Япон Улсад урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр явах (суралцах, дадлагажих, ажиллах гэх мэт), уралдаан тэмцээнд оролцох, арга хэмжээнд оролцох, албан томилолтоор зорчих, аяллаар явах групп виз мэдүүлэгчдийн хувьд илгээгч компани, албан байгууллагын хариуцсан ажилтан төлөөлөн виз мэдүүлгийн цагийг товлож болно. Тухайн ажилтан нь виз мэдүүлгийн цаг товлохдоо групп аяллын бүх хүмүүсийн мэдээллийг өөрийн овог нэр, утасны дугаарын хамт бүртгүүлэх шаардлагатай. Албан паспорттай виз мэдүүлэгчээс бусад бүх хүн өөрийн биеэр товлосон цагтаа ирж виз мэдүүлэх шаардлагатай. 16 хүртэлх насны хүүхэд, 60-аас дээш насны иргэдийн тухайд төлөөлөн асран хамгаалагч болон гэр бүлийн гишүүд виз мэдүүлгийн цаг товлож болно. Төлөөлөн виз мэдүүлгийн цаг товлох хүн өөрийн овог нэр, утасны дугаарыг давхар бүртгүүлэх шаардлагатай. Дээрх иргэдийн тухайд төлөөлөн визийн мэдүүлэг өгч болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн Япон, монгол хэлнээс өөр хэлээр ярих иргэдийн тухайд өөрсдийн орчуулагчаар дамжуулан цаг товлох боломжтой бөгөөд виз мэдүүлэхдээ орчуулагчийн хамт өөрийн биеэр ирэх шаардлагатай. Түүнчлэн төлөөлөн цаг авч буй хүн виз мэдүүлэгчийн адил хувийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай. Виз мэдүүлгийн цаг товлох өдрөөс хойш 14 хоногийн дотор цаг товлох боломжтой.Зарим тохиолдолд виз мэдүүлэгчийн хүссэн цагт товлох боломжгүй. Хэрэв хүндэтгэх шалтгааны улмаас виз мэдүүлгийн цагаа цуцлах хүсэлтэй тохиолдолд нэн даруй ЭСЯ-нд мэдэгдэхээр виз мэдүүлгийн цаг товлосон утсаар холбогдон товлосон өдрийн өмнөх өдөртөө багтааж цуцална. Виз мэдүүлгийн цаг товлох утас ачаалал ихтэй үед зарим дуудлагыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай тул хэсэг хормын дараа дахин холбогдоно. Виз мэдүүлэг хүлээн авах өдөр Виз мэдүүлэх өдөр шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн ЭСЯ-ны зүүн талын консулын хэсэгт хамгаалалтын ажилтанд овог нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгнө. Хамгаалалтын ажилтан тухайн виз мэдүүлэгчийн цаг товлохдоо бүртгүүлсэн хувийн мэдээллийг шалган дотогш нэвтрүүлнэ. Хэрвээ урьдчилан цаг товлохдоо буруу мэдээлэл өгсөн тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй учир дахин шинээр цаг авах шаардлагатай болохыг анхаарна уу. Виз мэдүүлэгч товлосон цагаас 30 минутын өмнө консулын хэлтэст нэвтрэх боломжтой тул ЭСЯ-ны гадна талд дугаарлан хүлээх шаардлагагүй. Хүлээлгийн танхимд орсны дараа визийн мэдүүлгийг орох үедээ авсан дугаарын дарааллаар хүлээн авна. Визийн материал бүрэн бус тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээж авах боломжгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин цаг товлоно. Японы ЭСЯ энэхүү цаг товлох системийг анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд аль болох асуудал үүсгэхгүй байхад анхаарч ажиллах болно. Иймд та бүхнээс биднийг дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол Улс дахь Японы ЭСЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй