Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа

​ УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр УИХ-ын даргаас тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын баг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хуралдан, Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадаагүй зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг нэгтгэж, боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төслийн 2 дахь хэсэгт Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх гэсэн заалтыг шинээр нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулав. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Туваан, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2860 төгрөг болсон байгааг тодотгоод, 2016 оны Ардчилсан намын Засгийн газрын үед 1960 төгрөг байсныг дурдав. Өөрөөр хэлбэл 1000 орчим төгрөгөөр өссөн, цаашид үүнд ямар бодлого барьж ажиллахыг тодрууллаа. Тэрээр, Монгол Улс импортын хараат улс учраас ханш өсөхөд барааны үнэ нэмэгддэг. Өнөөдөр 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүний тэтгэврийг ам.долларт шилжүүлбэл 70 ам.доллароор багассан. Зөрөөд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Ирэх онд ам.долларын ханш ямар байх вэ хэмээн асуулаа. УИХ-ын гишүүүн Х.Булгантуяа, долларын ханш оны эхнээс уналттай байгаа бөгөөд энэ оны имфляцийн онилсон түвшин 8 хувь байгааг тэмдэглээд, ирэх онд 6 хувьтай байхаар онилж байгааг тодотгов. Ам.долларын ханшны хэлбэлзлийг инфляцийн түвшинд хадгалж байгаа гэв. Тэрбээр, Цар тахлын улмаас дэлхий даяар валютын ханш унаж байгаа ч Монгол Улсын хувьд, онилсон түвшиндээ хадгалж байна хэмээн хариуллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, энэ оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг 4.3 хувиар суларсан хэмээн тэмдэглэв. Харин өнгөрсөн онд 4.5, уржнан 8 хувь байсан, 2017 онд 2.8 хувиар чангарсан хэмээн дурдав. Тэрбээр, Ерөнхийдөө ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байгаа. Сүүлийн хоёр жил 4-5 хувиар суларч байгаа тул ирэх жил үүнээс илүү хазайж, савлахгүй гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт 6-8 хувь байх магадлалтай байгаа тул эдийн засаг сэргэж байнаа гэсэн үүднээс инфляцийг 6 хувь дээр онилсон хэмээв. Тэрбээр, өр төлбөрийн тэнцэл талаас валютын ханшинд юу нөлөөлж буйг тодруулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын асуултад хариулав. Худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 470 орчим сая ам.долларын алдагдалтай байгааг мэдээлэв. Нийт төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд тэрбум ам.доллар байсан үеэс багассан. Энэ оны сүүлийн хагас жилд нүүрсний экспорт сэргэж байгаа тул төлбөрийн тэнцлийн алдагдал буурах магадлалтай. Тиймээс ханшид дарамт байхгүй хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн, С.Одонтуяа, Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 6.6 хувь байсан, банкны системийн чанаргүй зээл 11.4 хувь байгааг тэмдэглэв. Аж ахуйн нэгжүүд орлого олж, зээлээ төлж чадахгүй байгаад Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй гэж байв. Мөн сүүлийн 26 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 10.1 их наяд төгрөг байсан бол сүүлийн дөрвөн жилд 22.3 их наяд болж огцом их хэмжээний мөнгө хэвлэсэн байгааг дурдав. Мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөснөөр мөнгөний бодлогоо алдаж байна гэж шүүмжлэв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Төсвийн бодлого, мөнгөний бодлого уялдаагүй явж ирсэн гэх Б.Пүрэвдорж гишүүний саналтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Сүүлийн 30-40 жил экспортын үйлдвэрээ хөгжүүлээгүй, импортоос хараат байж, уул уурхайгаа шүтсэн бодлого барьсан нь алдаа хэмээн тэмдэглэв. Ажлын байр нэмэхгүй, хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлээгүйн гор гарч байна хэмээн тодотголоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарын гишүүн үг хэлсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ, Ардын хувьсгалаас хойш Монгол Улс үйлдвэрлэгч орон болон хөгжиж байсан. Тэгвэл ардчилсан хувьсгалаас хойш үйлдвэрүүдээ хувьчилж, уул уурхайн экспортыг голлож импортлогч орон болж хувирсан. Энэ тогтолцооны өөрчлөлтийг засах шаардлагатай. Цаас тавиад л шийдэх асуудал биш. Монгол Улсын үйлдвэржилтийг унагаах бодлогод эцэс болгохоор УИХ-д Үйлдвэржилтийн байнгын хороо байгуулсан. Бодлого ярьж асуудлаа шийдэх хэрэгтэй байна хэмээсэн юм. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 34 нь буюу 61.8 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Иргэд кодоо хэлээд 3 хүртлэх хөнгөлттэй эмээ эмийн сангуудаас авах боломжтой

​ УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараар ахлуулсанажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очижхөнгөлөлттэй эмийнасуудлаар албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо. Ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль,Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.Уг хуулийн дагуу 2020 оны 11-р сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлээд байна.Ажлын хэсгийн гишүүд иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, шийдлүүдийг хэрхэн хийж байгаа талаар тодрууллаа. Тухайлбал хөнгөлөлттэй эмийн программ, хэвтрийн хүнд хэрхэн хөнгөлөлттэй эм олгох, хөнгөлөлттэй эмийн талаарх мэдээллүүд, аптекуудын хаяг байрлал зэргийг асууж тодрууллаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гаргахдаа зонхилон тохиолддог 111 өвчнийг сонгож Олон Улсын эмнэл зүйн аргачлалыг баримталж тогтоосон, e-barimt-н дээрх үнэ дээр тулгуурлан эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байна. Одоогийн байдлаар 1053 эмийн сан гэрээ хийж, хөнгөлөлттэй эмийг олгож байгаа бөгөөд энэ нь өмнөх үетэй харьцуулахад 60%-иар нэмэгдсэн байна.Мөнхэвтрийн буюу хуруугаа уншуулж эмийн жороо бичүүлж чадахгүй байгаа 19,600 гаруй иргэдийн асуудлыг програмд урьдчилан оруулж зохицуулалт хийсэн талаарааЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа. Хөнгөлөлттэй эмийг цахим жороор бичиж байгаа тул иргэд цаас барьж эмийн сан орох шаардлагагүй, кодоо хэлээд 3 хүртлэх эмээ эмийн сангуудаас авах боломжтой бөгөөд тухайн жорд бичигдсэн бүх эм нэг эмийн санд байхгүй байсан ч өөр, өөр эмийн сангуудаас кодоороо бичүүлж авах боломжтой. Цахим жорын хугацаа 7 хоног юм байна хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

У.ӨЛЗИЙЦЭЦЭГ: ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГҮНИЙ УС БАЙГАЛИАСАА ЭРДЭСЖИЛТ ИХТЭЙ НЬ ТОГТООГДСОН

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт, Бадрах Энержи компанийн ураны үйлдвэр орчимд судалгаа, шинжилгээ хийхээр ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсэг аравдугаар сарын 5-нд дүгнэлтээ танилцуулсан. Ажлын хэсэг нь Бадрах Энержи компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй хэмээн дүгнэсэн. Харин энэ үеэр ажлын хэсэгт багтсан МХЕГ-аас Улаанбадрах сум орчмын гүний худгууд дахь зарим хүнд металлын хэмжээ байгалиасаа өндөр гарсныг хэлсэн юм.Хөрс, усны шинжилгээ, судалгааны ажлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгтэй ярилцлаа. -ЗГХЭГ-аас томилсон ажлын хэсэгт МХЕГ орж ажилласан. Ямар шинжилгээ, судалгаа хийсэн талаараа товчхон танилцуулна уу? Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 131 дүгээр тушаалаар томилогдсон гуравдугаар дэд ажлын хэсэг нь хөрс, ус бохирдуулсан эсэхийг тодорхойлох зорилгоор БОАЖЯ, МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хими, химийн технологийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн, мэргэжлийн судлаачид, эрдэмтэн хамтран ажилласан. Улаанбадрах суманд Бадрах энержи компани 2011 онд газар доор хүхрийн хүчлээр уусгалт хийх туршилтыг явуулсан, үүнээс хойш туршилт, олборлолт явуулаагүйг та бүхэн мэдэж байгаа. Манай ажлын хэсгийн зорилго 2011 онд явуулсан туршилтаас ус, хөрсөнд ямар нэг нөлөөлөл үүссэн эсэхийг тогтоох, ер нь энэ бүс нутгийн хөрс, усны суурь нөхцөл ямар байгааг тогтоох зорилгоор дээжүүдийг авч, Геологийн төв лаборатори, Хан лаб, SGS олон улсын сүлжээ лаборатори, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд зэрэгцээ шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээг олон лабораторид зэрэг хийлгэдэг нь шинжилгээний үнэн бодит байдлыг хангах зорилготой байсан. Одоо манай улсад ажиллаж байгаа лабораториуд нь нарийн мэдрэмжит багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, чадавхи сайжирсан нь харагдсан. Туршилт явуулсан Өмнөдийн талбайгаас 12-85 км зайд орших нийт 16 худгийн уснаас дээж авсан. Эдгээрийн 2 нь 12 км-т, 5 нь 27-40 км-т, 9 нь 46-85 км-ийн зайд байсан. Энэ хавьд гадаргын ус байхгүй, туршилтын талбайгаас 10 гаруй км-т ганц ил задгай булаг байдаг. Энэ Баруунбаян булаг нь зуны улиралд заримдаа ширгэчихдэг, ус ихтэй үед эх адаг нь мэдэгдэхгүй болтлоо их талбайтай болчихдог булаг байгаа. Хөрсний тухайд мөн Өмнөдийн туршилтын талбай, Зөөгч овоо туршилтын үйлдвэр, Гүнсухайтын худаг, Модон шандын худаг, Баруунбаян булаг, Цэрэндулам, Ариунболд гэдэг малчин айлуудын гаднаас нийт 11 дээж авсан. Уран хамгийн ихээр агуулж байгаа Гүнсухайтын худаг туршилтын талбайгаас 23 км, Дэнгийн усны худаг 50 км, Өвгөн мод 25 км-ийн зайд байгаагаас харахад энэ бүс нутаг байгалиасаа буюу геологийн тогтцоороо ураны агууламж өндөртэй байгаагаас газрын доорх ус уран ихээр агуулж байгаа нь харагдаж байна. Хүн малын ундны усны зориулалтаар ашиглаж байгаа худгийн усны хувьд Гүнсухайт, Цэвүүн-1, Цэвүүн-2, Цагаан эргийн гэсэн дөрвөн худгийн ус маш хатуу, эрдэсжилт өндөртэй, сульфат, хлор, кальц, магнийн агуулга ундны усны стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их, заримд нь бүр 2-3 дахин их гарсан. Гүнсухайт, Дэнгийн ус, Өвгөн мод худгийн усанд уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их, Гүнсухайт, Цагаан эрэг, Цэвүүн-1, Цэвүүн-2 худийн усанд стронци зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-3 дахин их, Наймаа, Булаг шанд, Гүнсухайт, Хонгорын ус, Өвгөн модны худгийн усанд хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 40%-80% -иар их гарсан. Уран хамгийн ихээр агуулж байгаа Гүнсухайтын худаг туршилтын талбайгаас 23 км, Дэнгийн усны худаг 50 км, Өвгөн мод 25 км-ийн зайд байгаагаас харахад энэ бүс нутаг байгалиасаа буюу геологийн тогтцоороо ураны агууламж өндөртэй байгаагаас газрын доорх ус уран ихээр агуулж байгаа нь харагдаж байна. Туршилтанд хүхрийн хүчил ашигласнаас хүхрийн хүчлээр хордож байна гэсэн яриа их байгаа. Тэгвэл хүхрийн хүчлээр ус бохирдвол ус хүчиллэг болж, рН нь буурах, сульфатын ионы хэмжээ нэмэгдэх ёстой. Шинжилгээ хийсэн бүх худгийн усны рН 7-8 буюу сул шүлтлэг байсан (шүлтлэг чанар нь хүчиллэг чанарын эсрэг үзүүлэлт юм). Сульфатын ион их буюу 2.3 дахин их илэрсэн Гүнсухайтын худаг л туршилтын талбайгаас 23 км-т байна. Эндээс харахад хүхрийн хүчлээр газрын доорх ус бохирдсон гэх үндэслэл харагдсангүй. Булаг гэдэг нь хөрсний ан цаваар гадаргад гарч ирсэн газрын доорх усны илэрц юм. Ганц байгаа Баруунбаян булгийн ус маш их эрдэсжилтэй, маш их хатуулаг-тай, органик бохирдол ихтэй, булингартай, магни, сульфат, хлор, стронци, ураныг ундны усны зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-25 дахин их агуулж байгаа нь энэ булгийг тэжээж байгаа газрын доорх ус эдгээр ионуудыг ихээр агуулж байна гэсэн үг. Газрын доорх ус байгалиасаа ийм байгаа нь хөрсний чулуулаг эдгээр элементүүдийг агуулсан эрдсээс тогтож байна гэж ойлгож болно. Хөрсний хувьд зөвхөн хүнцэл хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартын үзүүлэлтээс их гарсан, бусад элемент нь зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Өмнөдийн туршилтын олборлолт хийсэн талбайд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа хэдий ч түүнээс ердөө 11 км зайд байрлах Баруунбаян булаг мөн 50 км-т орших Модон шанд худаг зэрэг газрын хөрсөнд 2 дахин их хүнцэл байгаа нь энэ нутгийн хөрс байгалиасаа хүнцэл ихтэйг харуулж байна. -Байж болох хэмжээнээс ийм их өндөр байгаа нь хүний болон малын эрүүл мэндэд яг ямар нөлөө үзүүлэх вэ? Хатуулаг өндөртэй усыг удаан хугацаанд унданд ашиглавал зүрх судас, бөөрийг өвчлүүлэх, бүр үхэлд хүргэх ч аюултай. Тиймээс дээрх худгуудын усыг хүн, малын ундны усны хэрэглээний зориулалтаар ашиглахгүй байх, ашиглах тохиолдолд цэвэршүүлж ашиглах шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжинд удаан хугацаанд уран агуулсан ус хэрэглэснээс бөөрийг өвчлүүлдэг гэсэн байгаа бөгөөд ураны өдөрт авч болох тунг 1-4 г/өдөр гэж тогтоосон байна. Тэгэхээр ураны агууламж хамгийн өндөр илэрсэн 0.33 мг/л худгийн усыг 1 хүн өдөрт 2 л ууна гэж үзвэл, 0.66 мг буюу 660 г болно. Энэ нь өдөрт авах тунгаас 660 160 дахин их байна гэсэн үг юм. Хүнцэл бол мэдрэлийн системд нөлөөлдөг, уушиг, арьс, элэг, бөөр, цус, түрүү булчирхайн гэх мэт олон төрлийн хавдар үүсгэдэг онцгой хортой бодис. Хүнцлийн нөлөөлөлд өртсөн тохиолдолд илэрдэг гол шинж тэмдэг бол арьсан дээр толбо үүсэх. Иймээс шинжилгээгээр стандартаас олон дахин давсан үзүүлэлттэй худгийн усыг байнга хэрэглэж болохгүй гэдгийг ард иргэд сайн ойлгох хэрэгтэй. -Уран болон бусад хүнд металл зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь геологийн тогтоцтой холбоотой гэж дүгнэсэн байсан. Тэгэхээр энэ нь манай орны ураны орд бүхий бусад газарт ижил байх магадлалтай гэсэн үг үү? Газрын доорх ч бай, гол нуур, булаг шандын ус л бол ууж болдог стандартын ундны ус байдаггүй. Монгол орны хувьд хүнцэл гэх мэт хүнд металл, фтор, бор зэрэг элемент ихээр агуулсан ус их байдаг, ялангуяа говийн бүсэд. Монгол орны ус ураны агуулга харьцангуй ихтэй байгааг эрдэмтэд тогтоосон байдаг. -Ажлын хэсэг дүнгээ танилцуулахдаа Уранаас шалтгаалж хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг хэлсэн. Гэвч зарим нэг ТББ-ынхан энэ дүгнэлтэд төдийлөн итгэхгүй байгааг сэтгэгдлүүдээс харж болохоор байгаа. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ? Өмнө нь 2013 онд Засгийн газрын 47 дугаар тогтоолоор яг ийм томоохон бүрэлдэхүүнтэй, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг багтаасан ажлын хэсэг байгуулагдаж, газар дээр нь хяналт, шалгалт хийсэн байдаг. Уг судалгаагаар яг л ийм хариунууд гарсан. Төрийн байгууллагынхан тэнд компанийн нөлөөнд автана гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа, хөрс, усны дэд ажлын хэсэг дээжүүдэд хийсэн итгэмжлэгдсэн лабораториудынхаа шинжилгээний үр дүнг харьцуулснаар дүгнэлт гаргаж байгаа. Харьцуулсан судалгаа гэж онцолж байгаагийн учир нь нэг булгаас хоёр дээж аваад итгэмжлэгдсэн хоёр өөр лабораторид ижил үзүүлэлтээр өгөхөд лаборатори хоорондын хариуны зөрүү маш бага гарсан. -2013 онд байгуулагдсан ажлын хэсэг шинжилгээнүүдийнхээ хариу, дээжүүдээсээ БНСУ-руу давхар явуулж, дүнгүүдээ нягталсан юм билээ. Энэ удаа гадаад руу шинжилгээний хариуг баталгаажуулахаар явуулах уу? Тэгэх шаардлагагүй. 2013 оны тухайд лабораториудын хүчин чадал тааруу, хар тугалга гэгчлэн цөөхөн элемент үзэж байсан бол энэ удаа хөрс, усны чиглэлд өндөр мэдрэг багаж ашиглаж, илүү нарийвчлалтайгаар 20 гаруй элементийг шинжилсэн. Тиймээс гадагш явуулах шаардлагагүй. -Баруунбаян булгийн усыг ашиглахгүй байх зөвлөмж өгсөн байсан. Энэ нь яг юу гэсэн зөвлөмж вэ? Баруунбаян булгийн ус нь байгалиасаа маш их хэмжээгээр магни, хлор, сульфат уран, хүнцэл агуулсан тул хүн ам, мал аж ахуйд хэрэглэхэд нэн тохиромжгүй. Энэхүү булгийн уснаас мал уусан тохиолдолд туулгах буюу үхэлд хүргэх ч аюултай. Иймээс хашиж хамгаалах шаардлагатай тухай зөвлөмжийг компани болон орон нутагт нь өгсөн. Компанийн тухайд эдгээр хөрс, усны үзүүлэлт тус компанийн олборлолттой холбоотой бус, геологийн эрдэсжилттэй холбоотой учир нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр ойр орчмын гүний худгаа цэвэршүүлэx, ашиглахгүй байх, Баруунбаянгийн булгийг хашаажуулах шаардлагатай гэдэг зөвлөмж л өгч байгаа. Ерөнхийдөө газрын доорх усны хяналт мониторингийн хөтөлбөрт дээр дурдсан худаг, булгийн усыг тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг сав газрын захиргаа болон холбогдох төрийн захиргааны байгууллагуудад улирал тутам хүргүүлж байх, уран болон хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан Гүнсухайт, Хонгорын ус, Дэнгийн ус, Өвгөн мод, Цагаан эрэг, Наймаа, Булаг шандын худгийн усыг цэвэршүүлж ашиглах, Баруунбаянгийн булгийн усыг хашиж хамгаалах арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх боломжтой гэж зөвлөсөн. Эх сурвалж: Ikon.mn М.Ганцэцэг

Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ. Шалгалтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 9-нийг дуустал хугацаанд зохион байгуулна. Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь болон байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулав. Улаанбаатар хотод л гэхэд энэ удаагийн шалгалтад 7,773 оролцохоор бүртгүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулж, боловсронгуй болгон эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулж, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх өргөн хүрээтэй шат дараатай ажлуудыг хийсэн талаар ТАЗ онцлоод буй. Шалгалтын сорилыг олон улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг онлайн хэлбэрээр хүргэж, шалгалтад бэлтгэгчдэд мэдлэг, чадвараа цахим орчинд сорихыг бүрдүүлэн ажиллажээ.

Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатарт нээгдлээ

Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатар хотод өчигдөрнээгдсэн байна. ХБНГУ-ын ЭСЯ 2020 гарснаас хойш Австрийн визийн мэдүүлгийг хүлээн авахаа зогсоогоод байсан бөгөөд ийнхүү Австри улсад зорчих иргэд тус виз мэдүүлгийн төвд Шенгенийн C, үндэсний удаан хугацааны D ангиллын визийг мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Улаанбаатар дахь Австрийн виз мэдүүлгийн төв нь дараах журмын дагуу үйл ажиллагаа явуулна. Бээжин хот дахь Австрийн ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон мэдүүлгийн төвөөс гаргаж буй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, Визийн мэдүүлэг, үнэ, биеийн давхцахгүй өгөгдөл /biometric data/ зэргийг ЭСЯ-наас өгсөн зааварчилгааны дагуу авах, Эрх бүхий этгээдэд паспортуудыг буцаан олгох, Визийн үйлчилгээний хөлс 75 евро, Визийн төлбөрийн хувьд ангиллаас хамааран харилцан адилгүй байна. Австрийн виз мэдүүлэх төвийн цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд өглөөний 09.00-15.00 цаг хүртэл /нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй/ Хамтарсан виз мэдүүлгийн төв, Сүхбаатар дүүрэг, DHL барилгын 2 давхарт Утас:+976 7010 0152 Эх сурвалж:ГХЯ-ны Консулын газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.