
Хотод амьдрах хүмүүсийн тоо өдөр бүр хэдэн мянгаар өсөж, шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсээр өдгөө Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Энэ хэрээр нийслэлийн хот төлөвлөлтөд асуудал үүсэж, Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрэв. Улаанбаатар хотын дэд бүтцийг жилээс жилд сайжруулж байгаа ч гэрлийн хурдаар өсөж буй хүн амын шилжилт хөдөлгөөн улам ч түвэгтэй байдал руу шилжүүлж байна. Улаанбаатар хотын хүн амын тоо 2000 оноос хойш жил бүр дөрвөөс илүү хувиар өсөж, шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хот Монголын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын талаас илүү нь амьдарч буй юм. Энэ байдал улам өсөн нэмэгдэх бөгөөд урьдчилсан тооцоогоор 2045 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.8 саяад хүрэх бөгөөд үүнийг дагаад авто замын ачаалал эрс нэмэгдэж, Улаанбаатар хотын авто замд зорчих хурд 30 хувиар буурах тооцоо бий. Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хотын иргэдийн эрүүл, цэвэр, амьдралын таатай орчинг бий болгохоор дэвшүүлжээ. Энэ хүрээнд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн нөхцөлийг сайжруулж, олон жил хог дарж булсан ландфилын талбайг үе шаттайгаар хэсэгчлэн нөхөн сэргээлт хийнэ. Мөн гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэхэд эдийн засгийн дэмжлэг үзүүлж, бохир цуглуулж, тээвэрлэх, байгальд ээлтэй аргаар устгах арга технологийг нэвтрүүлэн хөрсний бохирдлыг багасгахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Нийслэлийн Монгол Ардын Нам Улаанбаатар хотод хог хаягдлын шинэ тогтолцоог нэвтрүүлэх замаар нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлээд буй олон чухал асуудлыг шийдэхээр зорьж байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн тээврийн автобус, автобусны буудал, зогсоол, тохижилтын элементүүдэд угаалга, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй, цэвэр, амьдрахад таатай орчинтой болгохоор Нийслэлийн Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Монгол Ардын Нам өндөр өндөр шилэн барилга, ганган хээнцэр автомашин, үйлдвэр үйлчилгээний төвүүд байрласан хот бус амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй шийдлийг цогцлоосон хот байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайг 10-аад га-гаар нэмэгдүүлэв. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай, Хөрөнгийн биржийн урд талын авто зам, Богд хааны ордон музей, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Чойжин ламын сүм музейн өмнөх талбай, Ахмадын холбооны нэртэй газар гээд хотын төвийн А зэрэглэлийн алд газар, сул зай, нүх сүв болгоныг хувийн хэвшлийнхэнд эзэмшүүлчихсэн, заримыг нь бүр банкны барьцаанд тавьчихсан байсныг нийтийн эзэмшилд авав. Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайг хот буцааж авахдаа ногоон байгууламжийн автомат усалгааны системтэй, усан оргилуур бүхий нийтийн эзэмшлийн талбай болгож тохижуулав. 2015 оны сүүлчээр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 1.7 ам метр байсныг өнгөрсөн 4 жилд алхам алхмаар нэмэгдүүлсээр 2019 он гэхэд 4.3 ам метрт хүргээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн ихэнх хотууд хүн амьдрахад ая тухтай, эрүүл, цэвэр, аюулгүй хотыг бүтээх ажиллаж байна. Жишээ дурдахад, дэлхийн хамгийн ая тухтай хотоор шалгарсан Австрийн Вена хотын хувьд нийтдээ 90 гаруй ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн хамгийн таатай хотоор шалгаруулахад гол нөлөө үзүүлсэн байдаг.

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл-ийн санхүүжилтийн хэлэлцээр,Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр,Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо хоорондын Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл-ийн санхүүжилтийн хэлэлцээр КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм. Төслийн гол зорилго нь дотоодын ажил горилогч болон бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, гарцыг өргөжүүлэх болон хөдөлмөр эрхлэгчдэд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Төсөл нь: 1.Харилцагч-төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжиж,мэдээллийн хомсдол болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх; 2. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлж, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх; Ур чадварын шинэчлэл хөтөлбөр хэрэгжүүлэх; 3. Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээ ба төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх 4. КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан ажилчдад түр хугацааны дэмжлэг олгох гэсэн 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Төслийг хэрэгжүүлэгч төв байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байх бөгөөд Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгоно. Зээлийн хүү 1.25%, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн телбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. 2.Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор зохих эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр багц арга хэмжээг хэрэгжүүлж, улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байна. Цар тахлын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлага бий болсон. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ хүрээнд 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлаар тус банктай тохиролцож, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг байгуулсан. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдоно. Зээлийн нөхцөлийн хувьд эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүүLIBOR+ 0.85%байх юм. 3.Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо хоорондын Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэхМонгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухайерөнхий хэлэлцээр Монгол Улсын Засгийнгазар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцож, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурж, байгуулсан. Төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм. Буцалтгүйтусламж олгохтой холбогдуулан Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны зургадугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь Европын Холбоо тусламж олгож буй улсуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр бөгөөд хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөх юм.

Японы цаг уурын албаныхны мэдээлж буйгаар энэ сарын 9-11-ний өдрүүдэд далайн хар салхи Чан-хом тус улсад ойртон, баруун болон зүүн бүс нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна гэж мэдэгдлээ. Тус хар салхи нь өнөөдөр өглөөний байдлаар Японы өмнөд хэсгийн далай далайд Кочи мужаас 270 км-ийн зайтай баруун хойд зүгийг чиглэн 10 км цагийн хурдтай наашилж байгаа юм байна. Дээрх хар салхи нь 965 гектопаскальийн атмосферийн даралттай, гол төвдөө 126 км цагийн салхины дээд хурдтай байгаа юм байна. Шикоку бүс нутгийн Кочи хавийн далайн давалгаа 8.8 метр-т хүрэх төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Шизуока мужид 48 цагийн хугацаанд 700 миллиметр хур тунадас орох бол Токио хотод 48 цагийн хугацаанд 300 миллиметр хур тунадас орох төлөвтэй байна. Далайн хар салхи нь 10-ны Бямба гаригт Японы баруун хэсэгт хүрч, тус өдрийн оройноос 11-ний Ням гариг руу шилжин Японы зүүн хэсгээр дайрахаар байгаа тул хүчтэй салхи, далайн өндөр давалгаа, хөрсний гулгалт, нам дор газар усанд автах болон голын ай сав газрууд эргээсээ халих эрсдэлтэй байгаа тул Шикоку, Кансай, Токай, Канто бүс нутагт оршин сууж буй иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байхад анхаарна уу. ТОКИО ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ УЛААНБААТАР ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДЛОО
2020-10-09 09:26:39 Нийтлэгдсэн: Улс төр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ УЛААНБААТАР ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДЛОО Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээж, ашиглалтад хүлээж авлаа. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд/2016-2020 онд/ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн 95 сум, 5 хилийн боомтыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбожээ. Өнөөдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг хүлээж авснаар 21 аймгаа нийслэлтэйгээ хатуу хучилттай авто замаар холбож чадлаа. 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Мянганы замын төслийн хэвтээ тэнхлэгийн автозам гүйцлээ. Энэ зам ашиглалтад орсноор нийгэм, эдийн засгийн олон сайн үзүүлэлт, үр өгөөжийг дагуулах юм. Иргэд, зорчигдын аюулгүй байдал, ая тухтай байдлыг хангаж, техник, эдийн засгийн хувьд хэмнэлт авч ирэх нь гарцаагүй. Үндэсний компани түүний инженер, техникийн ажилчид өөрийн хүчээр бие даан жил хүрэхгүй хугацаанд чанар стандартад нийцсэн хатуу хучилттай автозамыг концессын гэрээгээр хийлээ. Үндэсний бүтээн байгуулагч Макс рөүд ХХК, хяналт тавьж, зөвлөн тусалж ажилласан Аварга зам ХХК-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэлээ. Тус А0303 дугаартай улсын чанартай авто замын хэсэг Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд концессын Барих-Шилжүүлэх гэрээний дагуу барьж ашиглалтад оруулж байна. Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Засгийн газрын 2015 оны 87-р тогтоолын дагуу Эрчим хүчний барилга угсралтын тресст ХХК барилгын ажлыг эхлүүлжээ. Зарим шалтгааны улмаас барилга угсралтын ажил түр зогсож 2018 оны хавраас үргэлжлэн тус онд 6,9%-ийн гүйцэтгэл хийсэн бол 2019 онд холбогдох этгээдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцож, концесс эзэмшигчийн эрх, үүргийг Макс рөүд ХХК-д шилжүүлжээ. Ингэснээр барилга угсралтын гүйцэтгэлийг эрчимжүүлж, Аварга зам ХХК зөвлөхөөр ажиллаж, нийт ажлын 45% буюу эхний 30 км авто замыг мөн ондоо ашиглалтад оруулсан бол үлдсэн хэсгийг ийнхүү энэ онд багтаан барьж, дуусгалаа. Зам барилгын ажилд 800 гаруй хүн хүч, 400 гаруй машин механизм, чулуу бутлуур, холигч, асфальтбетон завод зэрэг 10 үйлдвэр 11 сарын хугацаанд ажилласан байна. Баянхонгор-Алтай чиглэлийн энэхүү хатуу хучилттай авто зам баригдсанаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож эдгээр аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагч, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх зэргээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Тодруулвал баруун чиглэлд зорчиж буй иргэдийн техникийн шатахуун зарцуулалтыг 30-40%, цаг хугацааг хоёр дахин хэмнэх аж гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад өнөөдөр айлчилна. Түүний айлчлал аравдугаар сарын 9-10-ны хооронд үргэлжлэх ба тэрээр өнөөдөр 14:00 цагт ирнэ. Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүманай улсад он дараалж айлчилж байгаа юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм. Гадаадаас ирж байгаа зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байгааг албаныхан хэлсэн юм. Япон улс манай улсын хувьд худалдааны чухал түнш бөгөөд 2016 оноос хойш хийсэн Монголтой хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байна. Худалдааны эргэлт 600 сая орчим ам.доллар, хөрөнгө оруулалт 900 сая орчим ам.доллар байгаа ба айлчлалын үеэрх хэлэлцээрээр эдгээрийг хэрхэн өсгөх, Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хэрхэн хамтран ажиллах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар хэлэлцэх аж. Бид айлчлалын талаарх мэдээллийг тухай бүрт нь өгөх болно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй