10 дугаар сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундаа зарах болон олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно

Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. Иргэд саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт, иргэний үнэмлэх хоёроо заавал авчрах шаардлагатай СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал бол саналын хуудас хэвлэх, санал авах байр бэлдэх ажлууд байдаг. Дүүргүүд иргэддээ тухайн хороонд нэр дэвшиж байгаа дэвшигчдийг маш сайн танилцуулах хэрэгтэй. Сонгууль зохион байгуулагдахтай холбоотой мэдээллээ маш сайн өгч ажилла. Мөн иргэддээ саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт, иргэний үнэмлэх хоёроо заавал авчрах шаардлагатай гэдгийг нь сануулаарай. Зохион байгуулалтын ажлыг сайн хийж, хүмүүсээ мэдээллээр бүрэн хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах хэрэгтэй. Дүүргүүд баримт бичгийн бүрдлээ сайн хангаарай гэлээ. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавина Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн УИХ-ын сонгуулийн үеэр 222 улсын байцаагч хяналт тавьж ажилласан. Сонгуулийн санал авах байранд тавигдах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллана хэмээв. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд: 69 дүгээр зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа 69.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана: 69.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; 69.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; 69.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах гэж заасны дагуу хориглосон байдаг. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа И.Баттөгс Хамгаалалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа. Санал авах байранд үзлэг шалгалт хийх саналыг нийслэлийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Мөн санал авах байрны камержуулалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн холбогдох бүх мэргэжлийн байгууллагууд сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллүүдээ танилцуулав. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, иргэдийн биеийн халууныг хэмжих, амны хаалт зүүлгэх, санал авах байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийлгэж ажиллах шаардлагатай гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэргэжлийн байгууллагуудад анхааруулж хэллээ. Мөн сонгуулийн санал авах байртай холбоотой асуудал болон бусад ажлуудыг хуулийн хугацаанд сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов. Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллахаар боллоо

​ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар энэ сарын 06-ны өдөр Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманнтай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллаж ирсэн уламжлалыг тэмдэглээд ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх үеэр хамтран ажиллаж байснаа санан дурсахад таатай байдаг хэмээв. Түүнчлэн тэрбээр, Монгол Улс парламентын засаглал, парламентат ёсыг сонгосон сонголтдоо үнэнч байх ёстой гэсэн байр суурь баримталдгаа илэрхийлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу улстөрийн нам, улстөрийн намын санхүүжилт, ашигт малтмал, өмчтэй холбоотой хуулиудыг боловсруулахад шаардлагатай судалгаануудыг хийхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын шинэ тутам байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл өгч, Парламентын судалгааны хүрээлэн ХБНГУ-ын Бундестагийн Судалгааны хүрээлэнтэй байнгын хамтын ажиллагаа тогтоон, хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар саналаа хэлэв. Энэ үеэрээ Улсын Их Хурлын Тамгын газар Конрад-Аденауэр сантай уламжлалт харилцаагаа улам ахиулж, өргөжүүлэн хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол-Германы парламентын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөнийг тэмдэглэсэн юм. Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманн Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн зорилгууд Конрад-Аденауэр сангийн ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх зорилготой нийцэж буйг тэмдэглээд, хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх саналыг таатай хүлээн авч буйгаа онцолсон юм. Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Хүрээлэн байгуулагдаад удаагүй учир чадавх бэхжүүлэх, олон нийтэд парламентын боловсрол түгээх, хуулийн төсөл боловсруулах шатны болон бусад судалгааны чиглэлээр хамтарч ажиллах саналаа мөн илэрхийллээ. Ийнхүү талууд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Германы Бундестагийн Судалгааны хүрээлэн хамтарч ажиллах чиглэлүүдийн талаар тодорхой санал солилцохын зэрэгцээ УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллахаар ярилцлаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзана

​ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзана. Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх уулзалт: 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 12:00 цагаас, 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрт 17:00 цагаас тус тус болно хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, хүлцэл өчив

​ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр Монгол Улс нь гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш байлгах сонирхолтой байдгийг илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар түлхүү хөгжүүлэх нөөц, боломжуудын талаар санал солилцлоо. Тухайлбал, АНУ-ын Конгресст өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, оёдлын болон сүлжмэлийн салбарын хөгжлийг урагшлуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих чухал ач холбогдолтой болох талаар ярилцаж, энэ чиглэлд болон Монгол Улс-АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв. Ярианы төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нарыг түргэн эдгэхийг хүсэж байгааг монголын ард түмний өмнөөс уламжилж өгөхийг хүссэн байна.

Усан цахилгааны станцын чиглэлээр Япон улсад мэргэжилтэн сургана

​ Япон улсад усан цахилгаан станцын чиглэлээр тодорхой тооны мэргэжилтэн бэлтгэх боломжтой болохыг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки мэдэгджээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг өгчээ. Уулзалтын эхэнд элчин сайд Кобаяши Хироюки чухал хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд манай хоёр улсын найрамдалт харилцаа 1990 оноос хойш хөгжиж, түншийн харилцаа өргөжин бэхжиж ирсэн ба Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд ТЭЦ-IV ТӨХК-д дэмжлэг тусламж үзүүлж ирсэнийг дурдав. Хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, нар салхины станц байгуулах төслүүдийн талаар харилцан үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улс нь манай улсын томоохон хандивлагчийн нэг бөгөөд Монгол Улсын хөгжилд бодитой тус нэмэр оруулж байдагт талархлаа илэрхийлэв. Цаашид эрчим хүчний томоохон эх үүсвэр өргөтгөх төслүүд болон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн гэжЭрчим хүчний яамнаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.