Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар ажилласан байна. Хууль санаачлагч оюуны өмчийг бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад үзүүлэх төрийн дэмжлэг зэргийг төсөлд тусгажээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан байна. Хуулийн төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасгийг орон нутагт байгуулах боломжийг нээх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн оролцооны хүрээнд хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх, тэрхүү үнэлгээг хийх эрх бүхий субьект үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрхэн авах, түүний үйл ажиллагааг чиг үүргээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлсон байна. Ийн зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналыг томъёолсон болохыг Н.Оюундарь гишүүн танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгын дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сан Франциско хотод суух ерөнхий консулд патент гардуулав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт консулын патентыг гардуулав. Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв. АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта мужууд хамаарч байна.

"Хүүхдийн байгууллага, ХЭҮК-ынхон “Захирамжийн дагуу хүүхдээ харьяалалд нь авъя” гээд очихоор Загдаа гуай өгдөггүй"

Нийслэлийн хүн амын 65 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлдэг. Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуус руу чиглэсэн ямар бодлого нийслэлээс баримталж буй талаар болон цаг үеийн асуудлаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуултай ярилцлаа. -Танд шинэ оны мэнд дэвшүүлье. Нийслэлийн хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлдэг хүүхэд, залуусын хөгжил, хамгааллын асуудалд өнгөрсөн 2019 онд ямар ахиц дэвшил гарав гэдгээс яриагаа эхэлье? -Нийслэлчүүддээ, хүүхэд багачууд, оюутан залуустаа, нийт гэр бүлүүддээ шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг болон Засгийн газрын 210 дугаар тогтоолоор 2019, 2020 оныг Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил болгон зарласан. Тодруулбал, энэ хоёр жилийн хугацаанд улс орон даяараа хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах тал дээр салбар бүрт эрчимтэй ажиллаж, нэлээд ахиц дэвшил гаргахаар томоохон зорилт дэвшүүлсэн. Хүүхдийн тухайд гурван үндсэн ойлголт байдаг. Нэгдүгээрт, хүүхэд хамгааллын асуудал байна. Хүүхдийг таван орчинд (гэр бүл, сургуулийн орчинд, олон нийтийн газарт гэх мэт), дөрвөн зүйлээс (бие махбодийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл) хамгаалах асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хуульд маш тодорхой заасан байдаг.Хүүхэд хамгааллын асуудал гэдэг бол гэр бүл, багш, анги хамт олон, иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага гээд нийгмийн бүх талын оролцооноос шалтгаалдагзүйл. Хоёрдугаарт, хүүхдийн оролцоог дэмжих гэж чухал ухагдахуун бий. Тухайн хүүхдийг яаж хөгжүүлж, яаж хамгаалах вэ гэдэг бол хүүхдийн өөрийнх нь оролцооноос ихээхэн хамаардаг учраас тэр боломжийг нь хангаж, оролцоог нь дэмжиж өгөхөд анхаардаг. Гуравдугаарт, хүүхдийг хөгжүүлэх асуудал. Өнгөрсөн 2019 онд бид хүүхэд хөгжлийн чиглэлээр нэлээд ахиц дэвшил гаргалаа. Тухайлбал, Би нар төслийг алслагдсан дүүрэг, хорооны хүүхдүүдийг хамруулан хэрэгжүүлж, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээн төвийн төрөл бүрийн дугуйлан секцийг хичээллүүлсэн нь их үр дүнтэй ажил байсан. -Нийслэлд хагас сая орчим хүүхэд амьдарч байгаа гэдэг. Манайхан хүүхдийн асуудал гэхээр эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хамгаалах тухай л түлхүү ярьдаг. Гэтэл цаана нь хүүхдийн оролцоог дэмжих, хүүхдийг хөгжүүлэх гэж хоёр том ойлголт орхигдоод байдаг нь үнэн л дээ... -Яг тийм. 2019 оны байдлаар Улаанбаатар хотод 463,000 гаруй хүүхэд амьдарч байгаа. Манай байгууллагын эрсдлийн программд 18,000 хүүхдийн мэдээлэл бий. Алслагдсан дүүрэг, хороонд амьдардаг учраас янз бүрийн дугуйланд явж хөгжих эрх нь механикаар зөрчигдсөн, оролцоог нь хангах боломжгүй, халамж анхаарал шаардлагатай хүүхдүүдийн мэдээлэл. Тэднээсэрх нь зөрчигдсөн, төрийн хараа хяналт, хамгаалал шаардлагатай нь 5,000 гаруй хүүхэд бий.Тэдэн рүү чиглэсэн бодлогыг Засгийн газраас ч, нийслэл хотоос ч авч хэрэгжүүлсээр ирсэн. Үүний хажуугаар нийт хүүхдүүдийнхээ оролцоог хангах, тэднийг хөгжүүлэх талын бодлогын ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.Өөрөөр хэлбэл, тулгын гурван чулуу гэдэг шиг гурван талтай зүйлээс нэгийг нь онцлоод байж болохгүй биз дээ. Гэвч нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд энэ жилээс л хоёр ээлжинд шилжлээ. Ийм нөхцөлд сургууль дээр хүүхэд хөгжүүлэх секц дугуйлан хичээллүүлэх анги танхимын хүрэлцээ үнэхээр байдаггүйг хэн хүнгүй мэднэ. Харин Би нар төслийг таван дүүргийн 18 хороонд хэрэгжүүлж эхэлснээр нийслэл хотын хүүхэд багачууд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан секцэнд хамрагдах боломжтой болсон. Одоо манайд байгаа хүүхэд хөгжүүлэх мэргэжлийн хамгийн том хоёр байгууллага болох Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээн төвийн дугуйланд өнгөрсөн жил 2,400 гаруй хүүхэд хамрагдлаа. Гэр хорооллын алслагдсан хороодын хүүхдүүдэд хөгжих боломжийг нь олговол нуугдмал авьяас, ур чадвар нь яаж хөгжиж, хэрхэн нээгдэж болдгийг бид ирэх зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордонд тоглолт хийж олон нийтэд бодитоор харуулна. 2020 ондоо бид дээрх дугуйлангуудын үйл ажиллагааг илүү өргөжүүлж, цар хүрээг нь тэлнэ. Үүнээс гадна хүүхэд хөгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг хувийн секц дугуйлангуудыг дэмжиж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Тухайлбал, тодорхой нэг агуулга бүхий нэгдсэн хөтөлбөртэй болгоод, түүнийг нь бодлогоор дэмжих юм. Түүнчлэн хүүхдүүдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэх үүднээс хотын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 20 зуслантай бид хамтран өнгөрсөн зунаас Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлсэн. Бүх зуслангуудын өөрсдийн боловсруулсан хөтөлбөрийн агуулга дээр нь нэмэлтээр хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг оруулаад, түүнд шаардлагатай төсөв хөрөнгийг нь бид шийдэж өгсөн байгаа.Өнгөрсөн зун Найрамдал-аас бусад хотын ногоон бүс дэх зуслангуудад 24,450 хүүхэд 10 ээлжээр амарсан нь өмнөх жилтэй харьцуулахад 20 гаруй хувиар өссөнүзүүлэлт юм. -Та түрүүн хувийн дугуйлан секцүүдийг хөтөлбөрөөр нь дэмжинэ гэсэн. Тухайлбал яаж? -Залуу зохион бүтээгчдийн ордон шиг ч юм уу, томоохон цогцолбор нэн даруй байгуулаад ажиллуулах боломж нөхцөл одоохондоо манайд алга. Тиймээс нэгэнт хувь хүмүүс, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд тодорхой тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, дугуйлан секц нь олонд хүрчихсэн байгаа учраас тэдэнтэй хамтраад, хөтөлбөрийг нь баяжуулах тал дээр анхаарч байна. Манай газрын Залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийнхэн тэдгээр клубийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй хамтарсан ажлын хэсэг гаргаад, яаж дэмжих, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцаж байгаа. Мөн бид нийслэлийн Боловсролын газартай хамтраад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр клубүүд ажиллуулах талаар ярилцаж, сургуулиудын захирлуудтай уулзалт хийсэн. Өөрөөр хэлбэл, сургууль болгон дэргэдээ хэд хэдэн чиглэлээр клуб байгуулаад, манай хоёр газраас баталж өгсөн удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх юм.Үлгэр жишээ сайн үйл ажиллагаа явуулсан клубүүдийг урамшуулах, алдаршуулах ажлыг манайх хариуцна.Индексийн урамшуулал олгох шалгуур үзүүлэлтүүдийн дунд энэхүү клубүүдийн үйл ажиллагааг хэр дэмжсэн бэ гэдгийг нэг шалгуур болгон оруулж тооцох талаар нийслэлийн Боловсролын газар ажиллаж байгаа. -Өнөө цагт хүүхдийн хөгжилд гэр бүл, аав, ээжийн үүрэг оролцоо ямар байх ёстой вэ гэдгийг танаас асуулгүй өнгөрч болохгүй байх? -Өнгөрсөн жилийн долдугаар сард манай байгууллагаас Би хариуцлагатай аав, ээж аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Жилийн хугацаатай хэрэгжих энэ аяны гол зорилго нь хүүхдийг хөгжүүлэхэд, хүүхдийг хамгаалахад аав, ээжийнх нь үүрэг хариуцлага, оролцоо хамгийн чухал гэдгийг ойлгуулж ухамсарлуулах. Аав, ээж болгон хариуцлагатай байвал хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж торнихоос гадна илүү сайн хөгжиж төлөвших оролцоо нь хангагдана. Одоогийн хүүхдүүд нэг л биш ээ гээд шүүмжлээд суух биш одоогийн аав, ээжүүдийг хариуцлагатай болгох, ирээдүйн аав, ээжүүдийг бэлтгэхэд анхаарах нь манай байгууллагын маш том бодлогын зорилт юм. Ирээдүйн аав, ээжүүдийг бэлтгэхэд анхаарах нь манай байгууллагын маш том бодлогын зорилт Тийм ч учраас 2020 онд бид өсвөр үеийнхэн, оюутан залуучууд, залуу гэр бүлүүд рүү чиглэсэн, гэр бүлийн боловсролын талаар нэлээд далайцтай цогц ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 5-6 хос гэр бүлээ цуцлуулдаг гэсэн харамсалтай статистик мэдээлэл байна. Өнөөгийн монголчуудын нийтлэг дүр зургаас харж байхад залуус албан ёсоор гэр бүл болохоосоо өмнө үр хүүхэдтэй болчихдог. Үүнийгээ дагаад хагас өнчин хүүхдүүдийн тоо автоматаар өсдөг. -Үүнтэй холбогдуулаад нэг зүйл асууя. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа янз бүрийн мэдээлэл түгээх боллоо. Тэнд амьдарч байгаа өнчин ядуу хүүхдүүдийг нийслэл дэмжихгүй, эрх ашгийг нь зөрчөөд байна гэдэг мэдээлэл хэр бодитой юм бэ? -Зөв амьдрах ухаан гээд төрийн бус байгууллага 14 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн жил энэ байгууллага Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний магадлан итгэмжлэл авсан. Өөрөөр хэлбэл, Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага бол хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь асрамжийн газар шиг хүүхдүүдийг байнга байлгана гэсэн үг биш. Энэ бол хоёр тусдаа ойлголт гэдгийг Загдаа гуай мэдсээр байж Би тусгай зөвшөөрөлтэй байхад та нар боож хаалаа гээд мэдэн будилаад яваа юм. Асрамж, халамжийн төвийн тусгай зөвшөөрлийг харьяа яамнаас л олгодог.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хүргүүлсэн саналын дагуу судалж үзээд, ХНХЯ-наас зөвшөөрөл олгоно. Асрамж, халамжийн төвийн тусгай зөвшөөрөл аваагүй л бол төрийн байгууллага байна уу, төрийн бус байгууллага байна уу, хэн ч байсан хүүхдийг байнга байршуулж болдоггүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаарУлаанбаатар хотод 17 байгууллагын 27 асрамж, халамжийн төвд 968 хүүхэд байнгын үйлчилгээ авдаг. Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын хашаанд одоо 65 хүүхэд, 62 насанд хүрсэн хүн амьдарч байгаа. Насанд хүрсэн хүнийг, тухайлбал архины хамааралтай хүмүүсийг ийм газарт ингэж байршуулж, нөхөн сэргээх эмчилгээ хийсний дараа амьдралд нь гаргана гэх мэт эрх зүйн зохицуулалт Монголд одоогоор байхгүй. Тиймээс тэнд байгаа насанд хүрсэн хүмүүсийн тухайд бид юу ч ярихгүй. Харин Хүүхэд хамгааллын тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуульд заасан Асрамж халамжийн төвийн эрхгүй субъект ийм төрлийн үйл ажиллагаа явуулаад байгаа учраас Монгол Улсын хуулийн дагуу зөвшөөрлөө авчихаа гэдэг шаардлагаа л тавьсан. Гэтэл Хүүхдийн байгууллага нь ажлаа хийхгүй. Би өмнөөс нь ажиллаж байхад намайг ингэлээ гээд олон нийтэд зориуд буруу мэдээлэл түгээгээд байгааг нь үнэндээ гайхаж байна. -Тусгай зөвшөөрөлгүй байгууллагад яагаад 65 хүүхэд өдий хүртэл амьдраад байсан юм бол? -Тус төвийн хашаанд амьдарч байгаа 65 хүүхдээс олонх нь эцэг, эхтэйгээ хамт байдаг юм билээ. Одоо тэнд 16 хүүхэд эцэг, эхгүйгээр амьдарч байгаа. Заримынх нь аав, ээж хүүхдээ тэнд байгааг олж мэдээд авъя гэхээр өгдөггүй. Чи архины хамааралтай учраас хүүхдийг чинь өгөхгүй гэдэг. Эсвэл Чи шоронд суусан учраас хүүхдийг чинь өгөхгүй гэдэг. Ийм бодит жишээ цөөнгүй байна. Хэн ч алдаж, онодог. Гэхдээ ямар ч бэрхшээл зовлонгоос өөрийгөө татаж аваад амьдралаа өөд татсан, ажилтай, орлоготой хүмүүсийн хүүхдийг хүртэл өгдөггүй. Шоронд орсон хүн, архи уусан хүн хүүхэдтэйгээ амьдарч болохгүй гэсэн тийм хууль хаана ч байхгүй биз дээ. Тэр байтугай, хэд хэдэн өөр асрамж, халамжийн газарт амьдрах ёстой гээд захирамж нь гарсан хүүхдүүд хүртэл тэнд амьдарч байгаа. Тиймээс хүүхдийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссынхон Захирамжийн дагуу хүүхдээ авъя аа гээд очихоор өгдөггүй. Хүүхдийг асрамжийн газарт аваачих процесс гэж бий. Эцэг эх, асран хамгаалагчгүй, хараа хяналтгүй, эсвэл эцэг, эх байх эрхээ хасуулсан гэр бүлүүдийн хүүхдийг олж аваад, нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр хүүхдийн эрхийн улсын байцаагч дүгнэлтээ гаргадаг. Энэ дүгнэлтийг үндэслэн тухайн харьяалах аймаг, дүүрэг орон нутгийн Засаг дарга захирамж гаргаж, аль асрамжийн төвд байлгахаа шийддэг. Манай байгууллагын хувьд ийм захирамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 27 асрамж, халамжийн төвд тухайн хүүхдийг хүргэж өгдөг. Энэ 27 дотор Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага байхгүй. -Нэгэнт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн юм бол төр төмөр нүүрээ харуулж болохгүй гэж үү? -Шууд тэгж ойлгож бас болохгүй юм аа. Тэнд байгаа хүүхдүүдийн тухайд бид тусгай зөвшөөрөл гэдэг зарчмын шаардлага л тавьж байгаа. Харин Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд нийгмийн сүүдэртэй талд амьдарч байгаа хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ үзүүлж, амьдрах итгэл, урам зориг өгч ирснийг үгүйсгэж болохгүй. Архины гүн хамааралтай болсон, амьдрах итгэлээ алдсан хүмүүсийг хүүхэд, гэр бүл дотор нь үе шаттайгаар засан хүмүүжүүлж, ажил хөдөлмөр эрхлээд өөрсдийгөө аваад явах хэмжээнд аваачиж байгаа нь их зөв загвар. Хэдийгээр энэ талын хууль эрх зүйн зохицуулалт, туршлага манайд байхгүй ч иймэрхүү зөв үлгэр дуурайлыг цааш илүү дэлгэрүүлэх шаардлага нийгэмд байна уу гэвэл тийм. Цагдаагийн байгууллагатай хамтраад бид улирал тутамд Тэнэмэл, Илрүүлэлт гэдэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Хамгийн сүүлийн илрүүлэлтээр гудамжны нөхцөлд амьдарч байгаа 78 хүүхэд байснаас 60 гаруйг нь ар гэрт нь эргэн нэгтгэж, зөвлөмж зөвлөгөө өгсөн. Найман хүүхдийг асрамж, халамжийн төвд шилжүүлсэн. Хөдөө орон нутгийн харьяалалтайг нь нутаг оронд нь хүлээлгэн өгсөн. Үүнтэй адилхан сүүлд зохион байгуулсан арга хэмжээнийүеэр гудамжны нөхцөлд аж төрдөг, архины гүн хамааралтай 1,200 гаруй хүн байгааг илрүүлсэн.Эдгээр хүмүүсийг Загдаа гуайн төв шиг гэр бүлийнх нь хамтаар нийгэмшүүлэх арга зүйн дэмжлэг туслалцаа үгүйлэгдэж байна. Үүнийгээ ч Загдаа гуайд хэлсэн. Насанд хүрсэн хүмүүстэй ажиллаж байгаа танай байгууллагын загвар туршлагыг өөр газруудад нэвтрүүлэх тал дээр бид дэмжлэг үзүүлэхэд хэзээд бэлэн гэж. Яагаад гэвэл насанд хүрсэн хүмүүс гэдэг бол хүүхдүүдийн аав, ээжүүд. Энэ хүмүүсийн асуудлыг шийдчихвэл цаана нь байгаа хүүхдүүдийнасуудлыг давхар шийдэх учраас тодорхой хэсгүүдэд газар олгож тэнэмэл иргэдийг төвлөрүүлэн нийгэмшүүлэх байдлаар ажиллуулах гэхчлэн нийслэлийн зүгээс боломжит хувилбаруудаар дэмжинэ гэдгээ хэлж, ойлголцсон байгаа. Угаас энэ байгууллагатай хамтарч ажиллан, үйл ажиллагааг нь дэмжиж ирсэн түүхэн баримтууд Засгийн газар болон нийслэл хотод өчнөөн бий. Ерөнхий сайдаасаа эхлээд харьяалах яам, агентлаг, нийслэлийн ЗДТГ гээд бүх шатандаа дэмжиж ирсэн. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

МОНГОЛ, АНУ, ЯПОНЫ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛНО

2020 оны 1 дүгээр сарын 10-нд Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцоно. Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцана.

Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Засгийн газрын хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээгээ хангаж чадахгүй учир дахин зээл авч өрийн цагирагт орон, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад ордог гэж үзжээ. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Салхитын ордоос олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төлөвлөсөн байна. Салхитын орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд цэвэр ашиг нь 1050.4 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ. Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох төлөвтэй байна. Хуулийн төслөөр бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээл авсан иргэдийн зээлийг тэглэх юм. Тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэгдлийг нь барагдуулахаар тусгажээ. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь доод хэмжээ буюу 270-310 мянган төгрөг авч байна. Экологийн цагдаагийн алба байгуулав Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийг нэгтгэн Экологийн цагдаагийн алба байгуулав. Энэ алба хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ. Мөн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар, алба хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар, дээд шатны байгууллага, албан тушаалтныг бодит мэдээ, мэдээллээр хангах зэрэг үүрэг хүлээжээ. УИХ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр ажиллах 170 хүний орон тоо болон шаардагдах зардлыг баталсан юм. Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах нь зүйтэй гэж үзэв. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их гэсэн үг юм. Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусын хоруу чанар нэмэгдэж, уушигны хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яам үзжээ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ. Архангай_ Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна. Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хоригложээ. Энэ жил сайжруулсан шахмал түлшний нэг үйлдвэр барина Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих талаар сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг Эрдэнэс Тавантолгой компани гаргах юм. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхэлж эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх юм. 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Үүнд: - Улаанбаатар. Баянгол дүүрэг Тэргүүн трейд ХХК Спирт - Баян-Өлгий аймаг Азык ХХК Архи - Дархан-Уул аймаг Дарханмоунтайнс ХХК Архи - Төв аймаг Хүнс төв ХХК Архи - Сэлэнгэ аймаг Сэлэнгэ шим ХХК Архи - Улаанбаатар. Баянгол дүүрэг Бенедакт ХХК Архи - Улаанбаатар. Баянгол дүүрэг Трансинкосульт ХХК Архи - Улаанбаатар. Баянгол дүүрэг Энигма ХХК Архи - Говь-Алтай аймаг Ентүм ХХК Архи - Улаанбаатар. Баянгол дүүрэг Түшиг тулга трейд ХХК Архи - Улаанбаатар. Баянгол дүүрэг Ази инвестмент капитал групп ХХК Шар айраг - Улаанбаатар. Чингэлтэй дүүрэг Мини макро ХХК Шар айраг -- Улаанбаатар. Хан-Уул дүүрэг Интер стандарт брьюри ХХКШар айраг - Завхан аймаг Завхан баялаг ХХК Шар айраг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 2019 оны 03 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 25-ны хооронд шалгалт хийсэн байна. Үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргалаа. Мөн хүсэлтийг нь харгалзан Мөнх болор ХХК-ийн Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Баянгол дүүрэгт үйлдвэрлэх зөвшөөрөл олгов. Товч мэдээ - Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна. Компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. - Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан Мичидтраст, Эх жаргалан трейд компанийн тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Дээрх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн байна. - Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан талбайн хяналт, хамгаалалтыг орон нутаг хариуцах болсон. Үүнтэй холбогдуулан хяналтын постын зориулалттай, хүйтний улиралд ашиглаж болох тоноглолтой явуулын чиргүүл худалдан авах хөрөнгийг шийдэхийг сайд Н.Цэрэнбатад, хууль бусаар алт олборлохыг таслан зогсоох ажлаа эрчимжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт даалгав. - Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам-д Жил бүр тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, шилдэг уран бүтээлч төрөл тус бүрт нэг хүнийг шалгаруулна гэсэн өөрчлөлт оруулав. Засгийн газар өнгөрсөн 11 жилийн хугацаанд шилдэгээр шалгарсан 77 уран бүтээлчид 231 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.