“АЛСЫН ХАРАА 2050”-ИЙГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
2020-01-06 12:22:24 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий Сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн ажилласан юм. Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн үүнд ихээхэн анхаарч салбар, салбарт хэрэгжсэн бүх төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг үүн дээр суурилж, олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан бөгөөд салбар салбарын баримт бичгүүдийг шинэ оны өмнөхөн нэгтгэн боловсруулж дууссан юм. Ингээд 2020 оны эхэнд буюу 01 дүгээр сарын 03-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ажлын хэсгийнхэн Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө. Энэ үеэр бодлогын баримт бичгийн гол агуулга болон онцлогийг ЗГХЭГ-ын дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хариуцсан салбартай нь холбоотой бодлогын баримт бичигт тусгагдсан онцлог, шинэлэг ялгааны талаар Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар товч тайлбарласан. Эдийн засгийн сарбарт л гэхэд ирэх 30 жилд тэргүүлэх чиглэлүүдээр Уул уурхай түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Хөдөө аж ахуй, түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Сэргээгдэх эрчим хүч, Тээвэр, логистик, Төрөлжсөн аялал жуулчлал, Мэдлэг шингэсэн бүтээлч эдийн засаг (Creative industries) гэж зэргээр тусгасан байгаа аж. Иймэрхүү байдлаар бүх салбарын хөгжлийн бодлого, хэрэгжих үндэслэл, суурь судалгаа, ТЭЗҮ зэргийг бодлогын баримт бичигт нарийвчлан тусгасан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өнгөрсөн 7 сарын туршид энэхүү ажлын хэсэгт орж ажилласан 1500 гаруй эрдэмтэн, судлаачид, төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлд бүгдэд нь хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Мөн 2050 он хүртэлх хөгжлийн баримт бичигт өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо үнэлж дүгнээд тусгасан нь ихээхэн сайшаалтай байна гээд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн АЛТАНГАДАС нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно хэмээн тодорхойлсон юм. Энэхүү Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих аж.
ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ
2020-01-03 17:04:24 Нийтлэгдсэн: Улс төрУ.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа сахилга бат дэг журам тогтооно гэж байв. Үүний үр дүнд 2019 онд томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд түүхэндээ хамгийн өндөр үр ашигтай ажилласан байна. Үүнд: Эрдэнэт үйлдвэр 2016 онд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ жил түүхэн дээд амжилт тогтоож 936 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр энэ жилийн тендер, худалдан авалтаасаа анх удаа 54 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Сануулахад 2019 оны 3 сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон өөрчлөгдөж онц дэглэм тогтоон 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм. Засгийн газар сүүлийн гучин жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, менежментийг хэлэлцэн нягт хамтарч ажилласан юм. Эрдэнэс Тавантолгой ТӨҮГ мөн түүхэн дээд амжилт тогтоож 2019 онд 1 тэрбум ам долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монголдоо анхдагч боллоо. Тус компани 2010 оноос хойш Чалко компанид болон бусад компаниудад бүх өр төлбөр болох 680 сая ам долларын өрийг төлж дуусгаад байгаа юм. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлж байсан юм. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК компани олон улсын чиглэлд түүхэндээ хамгийн олон удаа хуваарьт нислэг үйлджээ. 2016 онд алдагдалтай ажиллаж байсан бол 2019 онд 484.3 тэрбумын орлоготой бөгөөд 30.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 2019 онд олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нийт 2590 удаагийн аяллаар 18200 цагийн нислэг үйлдэж 785.000 зорчигч тээвэрлэжээ. Эндээс харахад эдгээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүд урьд өмнө нь ч ингэж өндөр үр ашигтай ажиллах боломж байсаар байхад зориуд ашиггүй ажилласан болж харагдуулан хөрөнгө завшдаг байсан гэх хардлага төрж байна. 1990 оны өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авахын тулд зориуд алдагдалтай ажилладаг тайлан гаргуулж, тэр ч бүү хэл өөрийнх нь кассанд байсан мөнгөөр өөрийг нь худалдаж авсан луйвар, булхай ихээр гарч байсан нь түүх болон үлджээ.
Т.Жанабазар: Гадаад харилцааны сайд нар утсаар ярьсан нь харилцааны шинэлэг хэлбэр болсон
2020-01-03 16:54:13 Нийтлэгдсэн: Улс төрГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазартай хийсэн ярилцлага -Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон. Энэ ойг хоёр тал хэрхэн тэмдэглэсэн талаар мэдээлэл өгнө үү? - Энэ 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх байгуулсны 25 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 5 жил-ийн ой тус тус тохиосон онцлог жил байлаа. Энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр орны дипломат харилцааны 70 жилийн ойг жилийн туршид хамтран тэмдэглэх 70 арга хэмжээ бүхий төлөвлөгөөнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан. Уг төлөвлөгөөний дагуу улс төр, эдийн засаг, хүмүүнлэг болон орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр 70 арга хэмжээг хоёр тал амжилттай зохион байгууллаа. Тухайлбал, улс төрийн салбарт дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжаа хадгалж, дээр дурдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас гадна БНХАУ-ын дэд дарга Ван Чишань 7 дугаар сард Монгол Улсад найрсагаар зочилсон. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 3 дугаар сард Хятадад айлчиллаа. Эдгээр айлчлалын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон чухал үр дүнд хүрснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Мөн хоёр талын салбарын сайд, удирдлагуудын харилцан айлчлал ч идэвхтэй өрнөсөн. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны дарга Бу Шяолин тэргүүтэй төлөөлөгчид айлчилж харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцлаа. Өвөр Монгол бол Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны нэг чухал талбар, гүүр болж байдгийг манай уншигчид сайн мэднэ. Худалдаа, эдийн засаг, бизнес, соёл, хүмүүнлэгийн олон салбарын харилцаа Өвөр Монголын оролцоотойгоор дамжин хэрэгждэг. Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, спортын сайд Ё.Баатарбилэг нар тус тус БНХАУ-д айлчилж, салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, олон чухал асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрлээ. Саяхан хоёр улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ван И нар утсаар ярьж, харилцааны өнөөгийн байдал, жилийн туршид хамтран тэмдэглэсэн 70 жилийн ойн арга хэмжээний хэрэгжилтийг дүгнэсэн. Гадаад харилцааны сайд нар утсаар ярьсан нь харилцааны нэг шинэлэг хэлбэр болж байна. Улс орнуудын удирдагчид, салбарын сайд нар тэмдэглэлт үйл явдал, чухал цаг үед шууд шуурхай холбогдож санал солилцдог хэлбэр нь чухал ач холбогдолтой юм. Ойг тэмдэглэх төлөвлөгөөний олон арга хэмжээ нь соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарын арга хэмжээнүүд байсан нь ойлгомжтой. Энэ хүрээнд хоёр талд соёлын өдрүүд зохион байгуулсан. Энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод Хятадын соёлын өдрүүд болсон бол 12 дугаар сард Бээжин хот болон бусад орон нутагт Монголын соёлын өдрүүд амжилттай болж өнгөрлөө. Соёлын өдрүүдийн хүрээнд гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэн, киноны өдрүүд, үндэсний урлагийн тоглолт зэрэг баялаг утга агуулгатай олон ажил, арга хэмжээг талууд хамтран зохион байгуулсан. Энэ бүхний дүнд хоёр ард түмний найрамдал нөхөрлөл бэхжиж, харилцан итгэлцэл ойлголцол нэмэгдсэн нь лавтай. -Манай хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай орнууд. Энэ харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж байна вэ? -2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлал үеэр хоёр тал харилцааныхаа түвшинг шат ахиулан тодорхойлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн тунхагласан юм.Өнөөдөр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбар чиглэлд амжилттай, идэвхтэй өрнөж байна. Монгол, Хятад хоёр улс, Монгол, Хятадын хоёр ард түмэн түүхийн урт хугацааны туршид зэрэгцэн оршиж, идэвхтэй харилцаж ирсэн. Хоёр орны харилцааны 70 жил гэдэг бол хүний амьдралаар жишихэд нэг бүхэл үе. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа янз бүрийн бэрхшээл, сорилтыг давж, төлөвшиж ирсэн. Хоёр тал харилцаа, хамтын ажиллагааны түүхээ хамтдаа бүтээж, өнөөгийн түвшинд хүрсэн. Нэг үгээр хэлэхэд, манай харилцаа бол цагийн шалгуур, түүхийн шалгуурыг туулж ирсэн гэж хэлж болно. Өнөөдөр хоёр улсын хооронд шийдэгдээгүй, маргаантай асуудал байхгүй, хоёр улсын харилцаа түүхэн дэх хамгийн таатай цаг үедээ ороод байна гэж хэлж болно. Ийм таатай үндэс суурьт тулгуурлан олон салбар чиглэлээр бодитой, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнөн үргэлжилж байна. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр тал зөвхөн нийслэл хотуудын хэмжээнд төдийгүй, хоёр талын орон нутгийн түвшинд хамтран ажиллаж, цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тэдгээрийн заримаас дурдахад, найрсаг харилцаатай байдаг аймаг, мужуудын харилцаа, солилцоо энэ онд идэвхтэй өрнөлөө. Манай Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төлөөлөгчид Хятадын найрсаг харилцаатай мужуудад айлчилсан бол Хятадын Хайнань, Хармөрөн, Жилин, Өвөр Монгол, Шинжаан, Төвөд зэрэг муж, Өөртөө Засах Орны төлөөлөгчид Монголд Улсад айлчилсан. Баруун 5 аймгийн удирдлага хил залгаа Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Оронд айлчилж, тус тусын хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажилласан зэрэг олон жишээ дурдаж болох байна. -Хоёр орны харилцаа, тэр дундаа худалдаа эдийн засгийн харилцаа өргөн хүрээнд хөгжүүлэхэд ямар ахиц дэвшил гарсан бэ? Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бол Монгол Улс, БНХАУ-ын харилцааны хамгийн чухал чиглэл. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой үр дүн бүхий бодит хамтын ажиллагаа хэрэгжиж байгааг хэлмээр байна. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслүүдэд ахиц гарч, зарим нь амжилттай ашиглалтад орсон. Зээл, тусламжийн эдгээр төсөл хөтөлбөрүүд манай нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, илтгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байдаг. 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийт 523 гаруй сая ам.долларын 8 төсөл хэрэгжиж, ашиглалтад ороод байна. Тухайлбал, энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордны цогцолбор,Монголын анхны өндөр хурдны зам болох Улаанбаатарын шинэ нисэх буудал хүртэлх 34 км өндөр хурдны авто зам, Замын цагдаагийн газрын дэргэдэх гүүрэн замын зорчих хэсэг, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замыг шинэчлэх төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжсэн. Эдгээр нь нийслэл хотын дэд бүтэц, авто замын хөгжилд чухал ач холбогдолтой болж, замын түгжрэлийг зохих хэмжээгээр шийдэх томоохон хувь нэмэр болж байна.Хөдөө орон нутагт хэрэгжсэн төслийн хувьд Улаанбаатар-Мандалговь чиглэлийн өндөр хүчдэлийн шугам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам зэрэг олон бүтээн байгуулалтыг дурдаж болно. -Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааны хүрсэн ололт амжилт юу байв? 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа харилцан хүлээн зөвшөөрч, эрх тэгш, харилцан ашигтайхамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирч дипломат харилцаа тогтоосон явдал нь хоёр ард түмний хоорондын айл хөршийн сайн харилцааны шинэ үеийг нээсэн юм.Энэ харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд тасралтгүй урагшлан хөгжиж, бүс нутгийн түвшинд үлгэр жишээ болохуйц хөршийн харилцаа болон хөгжиж буй гэж талууд санал нэгтэй онцлон тэмдэглэсэн. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, хууль тогтоох байгууллага болон худалдаа, эдийн засаг, бизнес, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирлээ. Дипломат харилцааны энэхүү түүхэн ойн босгон дээр талууд 70 жилийн харилцаагаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны алс ирээдүйн чиглэлээ дээд түвшинд хэлэлцэж тодорхойлсон. Өнөөдөр манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлээ бүхий л салбарт амжилттай хөгжүүлж буй нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энхтайван, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байна. -Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын стратегийн түншлэлийн харилцааг хэрхэн харж байна вэ? Дээр дурдсан хамтын ажиллагааны өргөн цар хүрээ нь зөвхөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаагаар хязгаарлагдалгүй, бүс нутаг, тив, дэлхий, олон улсын тавцанд ч идэвхтэй хамтрах боломжийг олгож байна. Тухайлбал, Монгол, Орос, Хятад гурван улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам эрчимжиж ирлээ. Ялангуяа гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж, олон том төсөл амжилттай хэрэгжих таатай боломжууд бий болж байгааг дурдахыг хүсч байна. Ирэх жилүүдэд ч гурван талын хүрээнд томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжинэ гэж найдаж байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын шалгалтад бүдэрч, түүнийгээ арилгуулах, бага хэмжээний мөнгөөр торгуулахын тулд хахууль өгсөн этгээдүүдийг ялласан байна. Тодруулбал, Бүрд худалдааны төвийн үйл ажиллагаа эрхэлдэг, Говь-Түшээ ХХК-ийн захирал ажилтай Д.Амарсайхан, тус компанийн нягтлан бодогч М.Чимгээ нар нь бүлэглэн уг хэргийг үйлдсэн байна. Иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан хэрнээ түүнийгээ нуун далдлах үүднээс Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийн дансанд 2018 оны 4-р сар, 12 дугаар сард тус тус нэг сая төгрөг шилжүүлсэн байжээ. Дээрх хоёр албан тушаалтнуудын хахууль өгсөн нь нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.700.000 төгрөгөөр торгожээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй