“Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2019-12-18 09:45:24 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Зөв амьдрах ухаан нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон менежер Г.Амарсайхан нарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Хотын Захирагчийн хамт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд байлцав. Зөв Амьдрах Ухаан ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодисонд донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэлзүйн сургалт олгож, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байгууллага аж. Тус төрийн бус байгууллагын удирдлагын зүгээс өөрсдийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлд холбогдох хууль дүрмийн дагуу туслалцаа үзүүлэхийг Хотын Захирагчид уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийгэмд тустай ажил хийж, олон иргэдийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Нийслэлийн зүгээс шаардлагатай зүйлээр тусалж ажиллах боломжтой гээд холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтийг нь хүлээн авч хууль, дүрмийн дагуу асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын захирагч С.Амарсайхан уулзлаа
2019-12-18 09:30:30 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа.Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ. Хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын өмнө шийдвэрлэх олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгөний боломж хязгаарлагдмал байдаг учраас бид гадна дотны хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллаж байна.Эрхэм Элчин сайдууд та бүхэнтэй хамтарч, үр ашигтай ажиллах боломжийг эрэлхийлж байна. Ойрын таван жилийн хугацаанд нийслэлийн дэд бүтэц, хот байгуулалтын асуудлыг шинэ шатанд гаргахад ойролцоогоор 20 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. Үүнээс хамгийн багадаа 10 хувийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэдгийг онцлоод Нийслэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Уулзалтын үеэр Япон, Унгар, Казахстан зэрэг улсад суугаа Элчин сайдууд Улаанбаатар хотын хог хаягдал, нийтийн тээвэр,оршуулгын газрыг цэцэрлэгжүүлэх зэрэг ажилд хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцов. Хотын захирагч С.Амарсайхан бүх салбарт хамтран ажиллахад нээлттэй гэв. Улаанбаатар хот дэлхийн 42 хоттой хамтын ажиллагаатай ажилладаг юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дипломат болон Консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад дэмжихээ илэрхийлэв
2019-12-17 09:07:13 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзалт хийлээ. Эхэнд нь, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 2019 он дуусахад цөөхөн хэдхэн хоног үлдсэн энэ үед Улсын Их Хурлаас болон тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн тодорхой ажлын талаар мэдээлэл хүргэх зорилгоор уулзалтад урьсныг тэмдэглэв. Тэрбээр дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарт Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын хяналтад орсонтой холбогдуулан хийж байгаа ажлын талаар болон Монгол Улсын үндсэн хуульд оруусан нэмэлт, өөрчлөлт, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын талаар мэдээлэл өгөв. Мөн Улсын Их Хурлаар соёрхон баталж байгаа харилцааны хэлэлцээр, зээлийн хэлэлцээр, хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Мэдээлэл өгснийхөө дараа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын саналыг сонсож, харилцан санал солилцох энэ үеэрээ гаргасан саналын дагуу Байнгын хороо болон Улсын Их Хурал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарахад дэмжиж ажиллана хэмээн саналаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар тодруулж, асуув. Тухайлбал, шүүхийн хариуцлагын зөвлөл, байгалийн баялаг ашиглахтай холбоотой заалтын талаар сонирхосноос гадна Улсын Их Хурлын ирэх оны сонгуулийг ямар тогтолцоогоор хийхээр хуулийн төсөлд тусгаж байгаа зэрэг чиглэлээр асууж, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хариулт өглөөгэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ЦЕГ: Есөн эрдэний Жадамба гэх судар хулгайлсан этгээдийг илрүүллээ
2019-12-17 09:03:40 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2018 он 2019 оны 9, 10 дугаар саруудад бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан нэг бүлэг 2 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүллээ. Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял, шийтгэл эдэлж байсан. Гэмт хэрэгтэн Б нь 2009 онд орон нутгийн банкуудруу нэвтрэн орж сефи хулгайлж байсан хэргээр 10 жилийн ял эдэлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн мөн Ш, Б нар нь урьдчилсан мэдүүлэгтээ нийт хулгайн 40 үйлдлийг мэдүүлээд байгаа юм. Дээрх 2 этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг энэ сарын 15-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран илрүүллээ. Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Мөн уг судрыг ашиг олох зорилгоор худалдан авсан нийслэл хотод оршин суух хаягтай М, М нарыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эх сурвалж: ЦЕГ
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд буюу ирэх баасан гарагт товлогджээ. Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт болно. Хууль, хяналтын байгууллагаас З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй