Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг (2019.12.16) Төрийн ордонд зохион байгууллаа. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд болон холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. Нийтийн сонсголын тухай хуульд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тухайн хууль тогтоомж хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор явуулахаар заасан байдаг. Мөн Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоорерөнхийхяналтын сонсголыг явуулахаар хуульчилсан. Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд хуулийг дагаж мөрдөх нийт 13 журмыг баталжээ. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сонсголын эхэнд салбарын хүрээнд хийгдсэн ажлуудын талаар танилцуулга хийв. Тэрбээр, Зам барилгын ажлын чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зам барилгын ажлын баталгаат засварын хугацааг гүйцэтгэгч байгууллага болоод тухайн зам барилгын ажилд хяналт тавих зөвлөх компанид тус бүр 3 жил байхаар хуульчилсан. Хууль хүчин төгөлдөр болсноос хойш нийт 109 зам барилгын ажлын гэрээнд авто замын баталгаат засварын хугацааг 3 жил байхаар тусгасан. Энэ хүрээнд авто замын гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын авто замын барилгын ажлыг үр дүнтэй, чанартай гүйцэтгэх ёс зүй, хариуцлагад тодорхой ахиц дэвшил гарч байна. Авто зам, замын байгууламжийн чанарт нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болох тухайн байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны үндсэн дээр хийгддэг зураг төсөл болон техник, технологийн шийдэл байдаг. Зураг төсөл болон магадлалын ажилд тавигдах шаардлага, хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, тодорхой болгох зорилгоор хуулийн 19.4-д Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулна, 19.5-д зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна гэж зааж өгсөн. Ингэснээр авто зам, замын байгууламжийн чанар, үр ашиг сайжирч байна. Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах эрхтэй 39 компани байгаа. 2019 онд Зам тээврийн хөгжлийн төвөөс 187 зураг төсөлд магадлал хийсэн хэмээн танилцуулгадаа дурдав. Авто замын арчлалт, засварын ажилд 2017 онд 20 байршилд, 2018 онд 19 байршилд, 2019 онд 21 байршил их хэмжээний эвдрэл гарч 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг зам хариуцагч 32 байгууллага засварлажээ. Харин Авто замын санд олон улсын, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг 19 цэгээр дамжуулан зохион байгуулдаг бөгөөд 2018 онд 7.6 тэрбум төгрөг, 2019 оны эхний 11 сарын байдлаар 8.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Тус сангийн хөрөнгөөр нийт 6293 ширхэг тэмдэг шинээр байрлуулж, 170 км хэвтээ тэмдэглэгээг сэргээх ажлыг хийжээ. Тодруулбал, анхааруулах тэмдэг 2368, хориглох тэмдэг 1680, мэдээлэх тэмдэг 2070, заах самбар 175 ширхгийг байрлуулсан байна. Мөн салбарын сайдын 2018 оны 41 дүгээр тушаал, 2019 оны 109 дүгээр болон 283 дугаар тушаалын дагуу холбогдох төрийн өмчит зам хариуцагч байгууллагуудын машин механизмыг шинэчлэхэд зарцуулжээ. Авто замын тухай хууль нь 10 бүлэг, 36 зүйл, 167 заалттайгаас өнөөдрийн байдлаар 95 хувийн хэрэгжилттэй. 9 зүйлийн 29 заалт хэрэгжээгүй болон хагас хэрэгжилттэй байгааг салбарын яамнаас танилцуулсан. Харин Монголын автозамчдын холбоо төрийн бус байгууллагынхан 34 заалт буюу 13.5 хувь нь хэрэгжихгүй байна гэлээ. Сонсголд оролцогчид хуулийн зүйл заалтын хэрэгжилтийг хуурай тоогоор илэрхийлэхгүйгээр бодит нөхцөл байдалд тулгамдаж байгаа асуудлыг нь нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг хөндөж байлаа. Тухайлбал, Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замынзурвасгазрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замынзурвасгазрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ тус тус байхаар хуульд заасан ч бодит байдалд хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд халдах болдог. Мөн барилгын компаниудын хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал тулгардаг. Кареерын зөвшөөрөл авах гэхээр лицензийн асуудал яригддаг учраас цаг хугацаа алддаг, хоёр, гурван яам дамжиж зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Гэтэл Авто замын тухай хуульд ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Түүнчлэн Авто замын зөвлөлийг ажиллуулах боломжийг өргөн хүрээнд нээж, хяналтын тогтолцоог сайжруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг оролцогчид хэлж байлаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Дархан Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцын талаарх асуултад Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарсны улмаас төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон. Гэрээнд зааснаар бол 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан. Харин Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталсан. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер зарлагдсан байгаа хэмээн хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар хариуцлага, хяналтын тогтолцоо тодорхойгүй, зохион байгуулалт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гишүүд хойд чиглэлийн гол магистрал зам болох Дархан -Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлыг түргэн шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа. Энэхүү ерөнхий хяналтын сонсголоос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Засгийн газраар дамжуулан ирүүлэх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Г.Занданшатар: Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2019.12.16) Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов. Төрийн албаны шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор холбогдох хууль, журмуудыг өөрчлөн шинэчлэх ажлууд хийгдэж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-ний жил болгон зарлаж, 10 үр дүнд хүрэх зорилтыг дэвшүүлжээ. Төрийн албаны шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрөгч 11 дүгээр сард анхны төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулсан. Цахимаар бүртгэл явуулж, нийт 8894 хүн бүртгүүлсэн бөгөөд эхний шатны шалгаруулалтад 1588 хүн, хоёр дахь шатны шалгаруулалтад 1443 хүн тэнцсэн. Үүнээс эцсийн шатны шалгаруулалтаар 1116 хүн тэнцэж төрийн албаны нөөцөд багтсан байна. Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлж төрийн албаны чадахуйн зарчмыг баримталж байгаагийн зэрэгцээ ёс зүйн ур чадварыг чухалчилж үзснээ Төрийн албаны зөвлөлөөс танилцуулж байлаа. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 11 сарын хугацаанд төрийн захиргааны 14 байгууллагад хяналт шалгалт хийжээ. Дээрх байгууллагуудад нийтлэгээр төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон, төрийн жинхэнэ албан тушаалд гэрээгээр ажиллуулах, Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаарыг хэтрүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэх, сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль журмыг зөрчиж ногдуулах, төрийн албан хаагчдад хуульд заагаагүй нэмэгдэл олгох зэрэг зөрчил илэрчээ. Мөн шүүхээс ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан багагүй албан хаагчид байгаа аж. Төрд учруулсан хохирол их хэмжээтэй байгаад анхаарах шаардлагатай байгааг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун танилцуулгадаа онцолсон юм. Тухайлбал, зөвхөн 2018 онд гэхэд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ. Иймд цаашид төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хуульчлах, зарим хуульд байгаа зөрчлүүдийг арилгах, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг наашлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг мөн хэлж байсан юм. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов. Тэрбээр үгийнхээ эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэж байгааг онцоллоо. Мөн төрийн албанд танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг ажиллуулж, хууль журмаа чандлан мөрдөж ажиллахыг төрийн байгууллагуудад үүрэг чиглэл болгосон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар 2017 оноос хойш Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг сүүлийн гурван жилийн турш Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулсан байна. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх юм байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хордлогод өртсөн 12 хүнийг сум дундын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс таван толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвдсөн гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас баг томилогдон газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МХЕГ-аас мэргэжил, арга зүйгээр тогтмол ханган ажиллаж байгаа бөгөөд хордлого халдвар гарсан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 19 арчдас, шинжилгээ, 3 цэгээс ундны усны дээж, 46 бүтээгдэхүүн, 25 хоолны дээжийг тус тус авч МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүллээ. Мөн малын гаралтай 8 төрлийн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэв. Хордлого, халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдолын 9 хүн, гал тогооны 15 ажилчдаас шинжилгээг авч аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторит хүргүүлэн шинжилгээ хийгдэж байна. Хэвтэн эмчлүүлж буй 12 өвчтөн, өвчний сэжиг бүхий тусгаарласан 9 хүний эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээ, эмнэлгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХХК, TTJVCO ХХК, IDMN ХХК-ийн эмч, эрүүл ахуйч нарт Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар-аар мэдээлэл өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөв. Мөн эдгээр компанийн удирдлагуудын түвшинд шуурхай хурал зохион байгуулж үүссэн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Өнөөдөр буюу 12.14-ний өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдал дунд, эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны гадна хүний амь хөнөөсөн Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан. Уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурал нийт долоон удаа хойшлогдсон уг хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхардсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн юм. Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гараад байна.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар асуулт асууж тодрууллаа. Өмгөөллийн тухай хуулиар Өмгөөлөгчдийн холбоо-г байгуулж буй ч хоригт дурдагдаж буй шиг Хуульчдын холбоог татан буулгах асуудал дээрх хуульд огт тусгагдаагүй гэдгийг Ц.Мөнх-оргил гишүүн хэллээ. Эдгээр холбооны үйл ажиллагаа, гишүүнчлэлийн татвар зэргийг давхардуулахгүй байх зохицуулалт хийнэ гэдгийг хэллээ. Нэг чиглэлийн гэж тодотгоод байгаа хэдий ч хийж буй ажил, чиглэл нь өөр, нөгөөтэйгүүр Хуульчдын холбооны зарим шийдвэр Үндсэн хуулийн зохицуулалттай, Ерөнхийлөгчийн зарлигаас давсан зохицуулалттай байх нөхцөл үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласан. Өмгөөллийн тухай хуулийн гол зорилго бол иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах бөгөөд үүний тулд эрх зүйн зохицуулалт шаардлагатай байсан. Өмгөөллийн тухай хууль болохоос өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Өмгөөлөгчдийг хариуцлагажуулах, иргэд эрх, хүний үндсэн эрхийг хамгаалахад шаардлагатай механизм нь Өмгөөлөгчдийн холбоо-г бие даан байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ц.Мөнх-оргил гишүүн хэлж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурийг тодорхой хэлж, НҮБ-аас 1990 онд батлагдсан Өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчим, Олон Улсын барын холбооны дүрэмд ч эдгээр зохицуулалт бий гэдгийг тайлбарласан юм. Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх үзлээ. Иймд энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжсэн тул УИХ-ын тогтоол батлагдав.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.