Мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж дөрвөн хүн хорджээ
2019-11-29 13:24:59 Нийтлэгдсэн: Халуун сэдэвӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн Өв-Эко Мийт ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлага өчигдөр 12.40 цагт тус аймгийн онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, Тагнуулын хэлтсийн гурван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн ажилтан, нийт 34 хүн, 9 автомашинтай гурван км замыг туулан 12.43 цагт очиж, Газтек агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргажээ. Тус үйлдвэрийн 216м2 талбайд усаар саармагжуулалт хийж хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан бөгөөд нийт 5 цаг 57 минут ажиллаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн обьектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгсөн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д өнөөдөр хүргүүлнэ. Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан дөрвөн ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаасан байна.
Хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах аянд нэгдэхийг уриалж байна
2019-11-29 13:08:14 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЖендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ)тэмцэх 16 хоногийн аян ОйлГОЁ ХҮНдэлье уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн билээ. Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм. НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан байдаг. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулсан юм. Иймд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуй нэгжүүд та бүхнийг эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн эрхийг хүндэлж, хамгаалсан хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах аянд нэгдэхийг уриалж байна.
Япон улсын Үндэсний архивын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2019-11-29 11:48:12 Нийтлэгдсэн: Улс төрАрхив, албан хэрэг хөтлөлтийн салбарт хамтран ажиллахаар АЕГ-ын дарга С.Энхбаатар, Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Като Такэо нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Япон улсын Токио хотноо санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд Олон улсын архивын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сейлис Антеа, мөн зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сангмин Лии, Япон улс болон Монголын архивын байгууллагын төлөөлөл оролцлоо. Санамж бичгийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт харилцан туршлага солилцох, хоёр орны түүх, соёлд холбогдох архивын баримт материалыг судлах, судлаачдад туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох зэрэг ажлыг хийнэ. Талууд хамтран ажиллах талаар 6 жилийн өмнө анх санаачилга гарч, энэ онд бодитоор хэрэгжиж, архивын байгууллагууд хамтран ажиллахаар болсонд баяртай байгаагаа ноён Като Такэо илэрхийлж, санамж бичгээр харилцан тохиролцсон ажлууд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна гэв. Эх сурвалж: Архивын ерөнхий газар
АБГББХ: Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019-11-29 11:39:33 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.29/ хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хороотой зөвшилцөхөөр өргөн мэдүүлээд байна гэж салбарын сайд Д.Цогтбаатар танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар нар асуулт асууж хариулт авав. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Монгол, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2019-11-29 11:32:15 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Нго Суан Личийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн айлчлалын хүрээнд БНСВУ-ын Засгийн газрын Байнгийн шадар сайд Чыөнг Хоа Биньд бараалхаж хоёр улсын харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ жил БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд тус улсад айлчилж Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж харилцаагаа шинэ шатанд гаргасан нь онцлог боллоо. Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал үргэлжилж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй