Ц.Гарамжав: Засгийн газар мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ОюуТолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав үг хэллээ. Тэрээр Оюу Толгойн орд нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Бид ОюуТолгойн ордоо зөвөөр эзэмшиж, хамтран ажиллах гэрээ байгуулсан бол Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн хямрал байтугай дэлхийн хөгжингүй улсуудын тэргүүн эгнээнд жагсах байсан байх. Эдийн засгийн асар их үр өгөөжтэй орд. Монгол Улсад маш их хохиролтой болсон ОюуТолгойн гэрээг 2008-2009 оны Засгийн газар байгуулсан. Мэдээлэл, мэдлэггүйгээсээ болоод ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай. Одоогоос 40-өөд жилийн өмнө манайд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад өнөөдрийн Монголыг тэжээгээд явж байгаа. Дэд бүтцийг нь байгуулж, Эрдэнэт хотыг бий болгосон. Уул уурхайн томоохон ордыг түшиглээд яаж улс орондоо ашигтай гэрээ хэлцэл хийж болдгийг Эрдэнэт үйлдвэрийн гэрээнээс харж болно. Эрдэнэт үйлдвэрийн жишгээр ОюуТолгойн гэрээг хийж болох байсан. Хэрэв Эрдэнэтээс жишиг авч гэрээг хийсэн бол 49/51 хувиар эзэмших, цаашлаад үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтыг нөхөсний дараагаар 51/49 хувь болгох боломж байсан. 2009 онд ТЭЗҮ нь батлагдаагүй байхад ОюуТолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн байдаг. Энэ нь Монголын Уул уурхай ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн . ТЭЗҮ-ээр тэр ордод хичнээн тэрбум тоннын нөөцтэй зэс, алт, мөнгө молибден байгааг мэдэх ёстой. Баялагийг ямар хөрөнгө оруулалтаар ашиглаж болох , хэдэн жил ашиглах вэ гэсэн тоон үзүүлэлтийг гаргасан уул уурхайн хууль эрх зүйн баримт бичиг нь байдаг. Гэтэл тэнд юу байгаагаа мэдэхгүйгээр ханцуйн дотроо наймаалцсан ноён урваач гэдэг шиг улс орныхоо эрх ашгийг хохироосон гэрээг 2008-2009 оны төр засгийн нөхдүүд хийснээс өнөөдрийг хүртэл, ОюуТолгой ордыг тойрсон зөрчил маргаан, эх захгүй олон улсын хэрүүл болж байна. Хэрэв өнөөдөр Монгол Улс эдийн засгийн байдал хямралгүй, ард түмэн ядууралгүй байсан бол энэ гэрээ хэлэлцээр дээр тэсвэртэй тэвчээртэй үр дүнг нь хараад байж болох байсан. Гэвч сүүлийн үеийн ажлын хэсгүүдийн тогтоосон шалгалтын үр дүнгүүдээс харахад асуудал хүндрэх шинжтэй байна. Жишээ нь ОюуТолгой ордын анх тохирсон гэрээгээр 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт орно гэж заасан байсан. 2018 онд 11.1 тэрбум доллар болтлоо өссөн. Энэ яагаад ингэж өссөн нь тодорхойгүй. Анхны тойм судалгаа тооцоо хаана байна. Дараа нь Дубайн гэрээгээр ордуудынхаа лицензүүдийг газар нутагтайгаа алдах байдалд хүрсэн. Ийм дордуулсан гэрээ хийж банкны өндөр хүүтэй зээлийг хөрөнгө оруулагчаас авч өнөөдрийн байдлаар ямар ч ашиггүй ажиллаж байгаа. 34 хувьцааныхаа өр хүүгийн хамт 1.5 тэрбум доллар орчихсон байгаа байдлаа ирээдүйн ноогдол ашигт суутгаснаар үзэх юм бол 2039 онд ойролцоогоор 1 тэрбум долларын өртэй үлдэх тооцоолол гарч байгаа юм. Тэгэхээр үүнд Монгол Улсын эрх ашиг хохирохоос гадна гэрээг дахин яаралтай шинэчлэх, засах, хөрөнгө оруулагч нартай хамтран ярилцах зайлшгүй асуудал үүсч байна. Их хурлын даргын тогтоол захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маш сайн ажиллаж олон заалттай ОюуТолгойн гэрээ дээр байгаа зөрчил дутагдлуудыг илрүүлж дүгнэлт гаргасан. Мөн Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж УИХ-аас Засгийн газарт өгөх тогтоолын төслийг боловсруулсан. Төсөлд гарч байгаа зөрчил, ТЭЗҮ-ийг дахин тодруулан боловсруулах. Мөн Оюу Толгой орчмын байгаль орчны байдлыг дахин нарийвчилсан үнэлгээ хийлгэх. Улмаар Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төсөл байна. гэв.

Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 17,5 км автозамыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж дууслаа. ЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 15-ны 359 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын комисс орон нутагт ажиллаж хүлээн авч байнгын ашиглалтанд орууллаа. Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажилласан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн 2 үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологийг нэвтрүүлж, нутагшуулсан. Энэхүү замаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг зөөхөд ямар ч заадгүй, эвдрэл гэмтэлгүй ашиглагдах боломжтой юм. Мөн орон нутгийн чанартай автозам барих төсвөөр хүнд даацын, тусгай зориулалтын замыг барьж болдог, 36 хувь илүү газар шорооны ажил хийсэн ч ямар нэг алдагдалгүй дотоод нөөц боломжоо ашиглан ажлаа чанартай гүйцэтгэж дууссан байна. Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах 240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориуулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэжшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн байна.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнээс 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлснээс 8 албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлснээс ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, яамны газар хэлтсийн дарга 2 болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зэрэг албан тушаалтнууд байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

Замын тээврийн ослоор таван хүүхэд бэртжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.18-21-ний өдрүүдэд нийт 1279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2.5 дахин өссөн бол гэмтсэн хүний тоо 36 хувиар, ноцтой зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон хүн алга байна. Нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн автобус буудал руу бүрэн орж зогссоны дараа бууж, суух, автобус буудал руу орж зогсоогүй байхад тээврийн хэрэгслийн өөдөөс гүйхгүй байхыг анхааруулж байна. Тээврийн цагдаагийн алба

ЖДҮ эрхлэгчид нэгдэн “Coop” хамтын дэлгүүрээ нээлээ

Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгч компаниуд нэгдэн Coop хамтын дэлгүүр байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд ЖДҮ-ийг дэмжин ажилладаг УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ оролцож, үг хэлсэн байна. Гадаадын орнуудын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, фермерүүд нэгдэж Coop story буюу хамтын нэрийн дэлгүүрийг байгуулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хүргэдэг туршлага байдаг ажээ. Энэ жишиг дагуу монголын жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдэн өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд сурталчлах, үйлдвэрийн үнээр борлуулах цэг болох дээрх хамтын дэлгүүрээ нээж байгаа юм байна. Санаачлагчид хамтын нэрийн дэлгүүрийг дотооддоо дэлгэрүүлэх, хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хүргэх, гадаад зах зээлд хамтын бараа бүтээгдэхүүнээ гаргах зэрэг олон зорилго тавьжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.