МОНГОЛ УЛСАД БУСАД ОРНУУДААС  3-5ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ЭМ БОРЛУУЛАГДАЖ БАЙНА!!!

Томуугийн улирал эхэлж том жижиггүй л ханиад хатгаанд харвуулчих гээд настнуудынх хууч өвчнүүд нь сэдэрч хөдлөөд л Монголчууд бид хатуухан л байгалийн шалгаруулалттай тулгардаг. Бид эдгээр өвчлөлөөс сэргийлэхийн тулд ихэнх нь эм хэмээх ид шидтэнд өөрсдийгөө даатгадаг ч эмийн үнэ хэмээх мангастай нүүр тулан шогширох нь шогширч эрүүл мэндийн даатгалд хамрагдсан цөөн тооны эмийг авах гэж дажин болохоо шахдаг шүү дээ. Иймд ЭМДЕГ-аас эм ханган нийлүүлэх байгууллагуудын оруулж ирж буй эмнүүдийн гаалийн бичигтэй танилцаж даатгалаар хөнгөлөлттэй олгогдох эмүүдийн дээд хягзгаарыг тогтоож өгсөн нь иргэдийнхэө нимгэн халаасанд яв цав нийцсэн ажил болсон боловч эрх хүүхэд шиг эмийн байгууллагууд эрс татгалзав. Гэтэл эмийн компаниуд эдгээр эмийг оруулж ирээд 20-30% биш 200-300%-ын ашиг харж иргэдээ биш мөнгө цагаан нүд улаан гэгчээр улайрдгийг ЭМДЕГ-аас тогтоогоод байхад л хэвлэлийн бага хурал хийж гүтгэлэг хийлээ. Доод талын эмийн ашиг 90-100% гэхээр тэдэн шиг амар хялбар бизнес хийж байгаа салбар одоогоор алга. Тэд зөвхөн даатгалд хамрагддаг л эмэнд нь хязгаар тогтооход ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийж эхэллээ. Манай улсад хууль гууль болсон тод жишээ энэ. Мэргэжлийн хяналт нь халаас нимгэн хэдэн эмчээ л хяргах гээд байдаг болов чиг эмийн компаниудын энэ бусармаг үйлдлийг зүгээр л нүдээ аниад өнгөрөөдөг. Мөнгө хүчтэй эд шүү. Тэр шударга царайлаад сошиал энэ тэрээр томроод байдаг нөгөө НМХГ-ын дарга хүүхэн ажлаа хийж энэ мэт үйлдлийг зогсоож иргэдийнхээ талд ажилламаар байна. Тэгээд энэ эмийн компаниудад ашиглагддаг худалдагддаг манай салбарын акулууд байгаад байдаг нь үнэхээр харамсалтай. Ноднин жилийн өдийд интерферон эмийг хориглосонтой холбоотойгоор АШУҮИС-ын захирал асан Батбаатар багш тэргүүтэй нөлөө бүхий 5 доктор энэ эмийг цээжээрээ хамгаалж тангаргаа умартсан. Гэтэл энэ жил Монфа компанийн захирал эм зүйн шинжлэх ухааны доктор Д. Цэндээхүү гуай энэ удаад бас л эмийн дээд хягаарыг эсэргүүцэж ийм хямдхан зарах боломжгүй хэмээн бусдыгаа төлөөлөн ээлжит гүтгэлэг хийж хэвлэлийнхнийг цуглуулж гэмгүй царайлав. Доктор Д.Цэндээхүү нь ЭМЯ-ны дэргэдэх хүний эмийн зөвлөлд ажиллаж мөн Мэргэжлийн хяналтын байгууллагад лабораторийн эрхлэгчээр ауиллаж эм үйлдвэрлэлд эрх олгож байсан бөгөөд тангаргаа умартан зөвхөн өөрсдийн эрх ашгаа бодон ард түмний эсрэг мэдэгдэл хийлээ. УГ НЬ ИРГЭДИЙНХЭЭ ТАЛД Л АЖИЛЛАХ ХЭМЖЭЭНИЙ АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН БАЙДАГ. Энэ удаагийн даатгалаар олгогдох эмийн жагсаалтыг ДЭМБ-ээс ирсэн зөвлөмжийн дагуу ЭМДЕГ санал гаргаж үндэсний зөвлөлтэйгээ хамтран шийдвэрт хүрсэн бөгөөд мэдээж сайд баталгаажуулан г арын үсэг зурсан. Энэ шийдвэр нь халаас нимгэн иргэддээ хямд эм авах боломжийг нээж өгсөн шийдвэр байлаа. Гэвч юуны тулд тэд ханцуй дотроо ийнхүү наймаалцах болов!!! Хууль гууль болсон энэ оронд мөнгө хүүлэгч компаниуд ингэж л зоргоороо авирлан дур мэдэн үнээ нэмдэг зарахгүй гэж боодог юм байна. Өвчтэй хүмүүсийг гуд шулан ядууруулж буй иймэрхүү компаниуд борооны дараах мөөг лугаа олширчихжээ. Иргэд нь олигтойхон эм битгий хоолны махаа ч авч хүчрэхгүй байхад эмийн компаниуд нь даварч л байдаг яачихсан нийгэм бэ!!! ТЭД БОЛ ЖИНХЭНЭ МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД.

Торгуулийн мэдээлэл гар утсанд нь ирдэг болно

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөрчлийн мэдээллийг шууд хүргэх, давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөрчлийн мэдээллийг Мессеж-ээр мэдэгдэх ажлыг 2019 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлж эхлээд байна. Дээрх ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Албан журмын даатгагчдын холбоо-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачилгын хүрээнд уг хамтран ажиллах гэрээг байгуулснаар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан иргэдийн мэдээлэл, мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, гэрээний хугацаа дууссан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон мэдээллийг солилцох боломжтой болох юм. Түүнчлэн барьцаанд байгаа болон лизингийн үйлчилгээнд хамрагдсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөрчлийг өмчлөгч биш эзэмшигчид шууд хүрдэг болгох, осол гарган даатгалын үйлчилгээг хүлээн замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсгэдэг байдлыг зарим тохиолдолд газар дээр шуурхай шийдвэрлэж замын зорчих хэсгийг түргэн чөлөөлүүлж замын ачааллыг буруулах зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлснээр жолооч нарт үүсдэг хүндрэлүүдийг багасгана гэж талууд үзжээ гэжЗамын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

УИХ Стратеги төлөвлөгөөгөө шинэчилнэ

Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга, тус төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө-г анх 2002 онд баталсан бөгөөд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс: -стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй; -үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус; -хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй; -хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус; -стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй; -биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. -Стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээс хойш 17 жилийн хугацаа өнгөрсөн тул орчны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн; -Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр төрийн албаны шинэчлэлийн нэгэн үе эхэлж байгаа тул төрийн тогтолцоог бүрдүүлэгч субъектүүд стратегиа шинэчлэн тодорхойлох хэрэгтэй болсон; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль 2015 онд батлагдаж, бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, хөгжлийн бодлого төлөвлөлтөд баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, нэгдсэн тогтолцоо бүрдэх эх үндэс тавигдсан; -Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтууд тусгагдсан зэрэг нь Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах нөхцөл, шаардлага болсон байна. Монгол Улсын Их Хурлын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Батболдтой хамтран боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн барилаа. Улсын Их Хурлаас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр-т Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн юм. Түүнчлэн 2018 онд УИХ-аас баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд шинээр банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан. Мөн Монголбанкнаас Азийн хөгжлийн банктай хамтран 2017 онд Санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмж гаргасан байна. Хууль, хөтөлбөрийн эдгээр шаардлага, зөвлөмжтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан байна. Хэрэглэгч-санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх мэдлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг бууруулж, тэнцвэртэй байдал хангагдсанаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төдийгүй хэрэглэгчийг хамгаалах боломж бүрдэх юм. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээнээс ашиг тус хүртэх, сайн мэдлэг, мэдээлэл олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох боломж бүрдүүлэх, салбарын итгэлцлийг дээшлүүлэх, эрүүл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход энэхүү хуулийн ач холбогдол оршино гэж төсөл санаачлагчид үзэж байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 2-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсад УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв. Хамгийн сүүлд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан бөгөөд уг хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хуулийн дагуу УИХ-ын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байсан байна. Дээрх 3 төрлийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай бөгөөд тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ. Иймээс УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн, - Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; - Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх; - Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх; - Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; - Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.