“Хүний эрхийн үндэсний форум-2021” болно

​​ Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой Хүний эрхийн үндэсний форум-2021 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл уриатай зохион байгуулах форумаар: Иргэний болон улс төрийн эрх; Эдийн засаг, нийгмийн эрх; Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо; Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм. Энэ хүрээнд Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх, Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл, Хууль тогтоох эрх мэдэл ба хүний эрх, Хүний эрхийн төлөв байдал, Хүний эрх ба шүүх эрх мэдэл, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө зэргийн талаар илтгэл сонсож хэлэлцүүлнэ. Үндэсний форумаас зөвлөмж гарган Улсын Их Хурал болон бусад холбогдох байгууллагад хүргүүлэхээр төлөвлөжээ. Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил, хүний эрхийн үндэсний хараат бус байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон зарим хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

​ ​ УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.09 нэгдсэн хуралдаан 10.15 цагт 51.3 хувьтайгаар эхэлж, баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо. Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлсэн бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Эцэст нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Н.Учрал, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд шилжүүлэх санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн нэр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэх, хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн хэмээн танилцуулсан юм. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөөхэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

​ Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарЧингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас тодрууллаа. -Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу явагдаж буй нөхөн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, 2020-2021 онд хэрэгжиж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэдэг нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ юм. -Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр иргэнд ямар ач холбогдолтой вэ? -Иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил нь хүрэхгүй байх, шимтгэл төлөлтүүд нь дундаа тасрах, ингэснээр тэтгэвэр тогтоох дундаж цалин буурах зэрэг асуудлууд үүсэж, хохирох тохиолдол их байдаг. Уг хууль батлагдаж, иргэд тасарсан хугацаагаа нөхөж төлснөөр 1995-2019 он хүртэлх тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа буюу нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. -Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж буй иргэд заавал харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандах уу. Ямар материал бүрдүүлж өгөх вэ? -Тийм ээ. Өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандан нөхөн даатгалд хамрагдаж болно. Уг хуулийн дагуу зөвхөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь 1995-2019 он хүртэлх хугацаанд 11 төрлийн албан татвар төлсөн байх ёстой. Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж байгаа иргэн заавал татварын хэлтэс дээр очиж лавлагаа авах шаардлагагүй. Харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд, татвар төлж байсан эсэх, нөхөн даатгалд хамрагдаж болох үгүйгээ шалгуулна. -Тэгэхээр хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань заавал нааш цаашаа явах, татвар төлсөн лавлагаа авах шаардлагагүй юм байна? -Тийм ээ. Шууд харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд нөхөн даатгалд хамрагдах боломжтой эсэхээ шалгуулна. Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд НДЕГ болон ТЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу дундын мэдээллийн баазаас иргэний регистрийн дугаараар нягтлан шалгаж, нөхөн даатгалд хамруулж байгаа. Малчин даатгуулагч иргэн нь нөхөн даатгалд хамрагдахын тулд: Өргөдөл Тухайн нөхөн тооцуулж авах онуудын Мал тооллогын А данс Харьяа баг/ хорооны Засаг даргын тодорхойлолт Мөнгө тушаасан баримт зэрэг материал бүрдүүлж, харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандана. -Энэ хуулиар шимтгэл нөхөн төлөх нэг иргэн дунджаар хэдэн төгрөг төлж, нөхөн даатгалд хамрагдах боломжтой вэ? -Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр мянган) төгрөг байна. Жишээ нь, тухайн иргэн тасарсан нэг жилээ нөхөж авахад нийт 504,000 төгрөг, 10 жилээ нөхөж авахад нийт 5,400,000 төгрөг төлнө. Өмнөх онууд буюу 1995-2019 оны тасарсан хугацаагаа нөхөж авч байгаа хэдий ч одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,000 төгрөг)-ээс тооцож төлнө гэсэн үг -Нөхөн даатгалд одоо ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд хамрагдах боломжтой юу? -1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлнэ.Тэгэхээр одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь хамаагүй 15-60 насны иргэд бүгд хамрагдаж болно. Гол нь1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй буюу тасарсан иргэд байх ёстой. -Танай дүүргийн хэмжээнд хэчнээн хүн нөхөн даатгалд хамрагдаад байна вэ.Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ? -Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 2021 онд уг журмын хэрэгжилтийг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 62 иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн байна. № Он Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нөхөн даатгалд хамруулсан байдал Хувиараа хөдөлмөр эрхлэгч Малчин Нийт Хүний тоо Мөнгөн дүн /мян төгрөг/ Хүний тоо Мөнгөн дүн /мян төгрөг/ Хүний тоо Мөнгөн дүн /мян төгрөг/ 1 2020 28 34,000,000 22 24,000,000 50 58,000,000 2 2021 27 32,641,000 5 16,247,000 32 48,888,000 Нөхөн даатгалд хамрагдсан 62 иргэний ихэнх нь 50-иас дээш насны иргэд бөгөөд уг хуулийн дагуу нөхөн тооцуулсны үндсэн дээр тэтгэвэр тоолгосон байгаа. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн дагуу 15-60 насны иргэд хамрагдах боломжтой учраас залуучууд түлхүү хамрагдсанаар өөрсдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэнэ. -Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ? -Хуулийн хугацаа одоо 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Дахин энэ хуулийн үйлчлэлийг сунгах эсэх нь тодорхойгүй байна. Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань амжиж нөхөн даатгалд хамрагдаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Менежмент-Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан" сэдэвт сургалт боллоо

​ УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг чиглүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд ажилтнуудад зориулсан ээлжит сургалтыг энэ сарын 06-ны өдөр Менежмент-Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан сэдвээр танхим болон цахимаар зохион байгуулав. Сургалтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах аргачлалын талаар, мөн тус газрын референт Д.Бямбадулам төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлалын талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөв. Мөн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтанхуяг УИХ-ын Тамгын газрын стратеги төлөвлөгөө болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн бол ахлах референт Ж.Даваахүү төрийн захиргааны албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл өглөө. Тус сургалтад УИХ-ын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчид оролцож, сэдвүүдийн хүрээнд асуулт, хариулт өрнөлөө6 Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.