Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийв

​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН: Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсангэдгийг онцлон хэлье. Тэртээх үеэс Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын харилцааг бүх чиглэлээр цаашид гүнзгийрүүлэх тодорхой чиглэлүүдийг тусгасан. Оросын Холбооны Улс нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд Роснефть компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. Энэхүү хоолой нь Оросын Сибирийн хүч-2 хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна. Оросын Холбооны Улс, Монгол Улс аюулгүй байдлын салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ ажил хэрэгч, эерэг уур амьсгалд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхлүүлж буйд баяртай байна гэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны түүхт 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна. Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл, эх орны дайны он жилүүд, энх цагийн их бүтээн байгуулалтын үед ч Монгол, Оросын ард түмэн хамтдаа байж, харилцан туслалцаж хамтдаа хөгжиж ирсэн гэгээн сайхан уламжлалыг хоёр улсын төрийн тэргүүн нар бахархан тэмдэглэж, бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэхээ илэрхийлж байна. Бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн манай хоёр орны найрамдал, нөхөрлөл бол улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай түүхэн уламжлалт харилцаа билээ. Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад 2019 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь манай хоёр орны шинэ зууны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн үндэс суурь болж байгааг хоёр улсын төрийн тэргүүн нар дахин нотоллоо. Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж байна. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг далайцтай нэмэгдүүлж, шинэ шатанд гаргах шаардлагатай гэж бид санал нэгтэй үзэж байна. Айлчлалын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын томоохон төслүүдэд оросын талыг идэвхтэй хамтран ажиллахыг урьж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийллээ. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын хил дамнасан хамтын ажиллагааны бүс байгуулах талаар харилцан санал солилцлоо. Талууд 2016 онд байгуулсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр-ийн хэрэгжилтийг хангах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих 3 улсын хамтарсан төслийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байна. Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, Транзит Монгол болох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ коридор бий болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар санал солилцлоо. Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлал бий. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны квотыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байна. Манай хоёр улс бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Хоёр тал НҮБ, АСЕМ, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаа нотоллоо. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины дэвшүүлсэн Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Оросын Холбооны Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал-ыг гаргаж, хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж байна. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшлан хөгжиж байна. Ковид-19 цар тахлын энэ цаг үеийн сорилт, бэрхшээлийг аль болох хурдан даван туулж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, шинэ агуулгаар баяжуулан харилцан ашигтай хөгжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотолж байна. Миний бие өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шинэ түвшинд гаргахад хүчин чармайлт гаргаж буй эрхэм хүндэт Владимир Владимирович Танд болон агуу түүхт, мөнхийн хөрш Оросын ард түмэнд, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе гэлээ.

Кибер аюулгүй байдлын тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна

Кибер аюулгүй байдлын тухай зэрэг цахим мэдээлэлтэй холбоотой 4 хууль Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас батлагдсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байнаКибер аюулгүй байдлын тухай зэрэг цахим мэдээлэлтэй холбоотой 4 хууль Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас батлагдсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна

Ж.Чинбүрэн: Омикрон Монголд орж ирвэл давалгаа нь дельтаг бодвол арай зөөлөн явагдах болов уу гэдэг таамаглал байна

​ Цар тахлын Омикрон хувилбарын талаар болон уг хувилбар Монголд орж ирж тархвал ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар өчигдөр (2021.12.14) Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаанаар Эрүүл мэндийн сайд, эрдэмтдийн багийн мэдээллийг сонссон юм. Үүнийг Улсын Их Хурлаас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгээс зохион байгуулжээ. Хуралдаан дууссаны дараа Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс зарим мэдээллийг тодруулж, хариулт авлаа. -Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаагийн хувьд, мөн эмч хүний хувьд та 2022 онд манай улс цар тахлын эсрэг, тэр дундаа омикроны эсрэг хэрхэн ажиллаж, урьдчилан сэргийлэх, эмчлэх, ард иргэдээ хамгаалах талаар ямар төсөөлэлтэй байна вэ. Байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох үеэр энэ талаар юу гэж яригдсан талаар мэдээллийг уншигчдад хүргэхгүй юу?-Хуралдааны мэдээллийг базаад дүгнэхэд нэгдүгээрт, омикрон маш хурдацтай тархаж байгаа. Дэлхийн 70 гаруй оронд тархсан байна. Өчигдөр хамгийн их тархалттай байгаа Их Британид омикроны шалтгаантай нас барсан анхны хүн бүртгэгдлээ. Тус улсад цар тахлын халдварын 40 орчим хувийг омикрон эзэлж байна. Энэ тоон дээр үндэслээд омикрон ямар зан авиртай вирус юм, нийгэм, эрүүл мэндийн салбарт үзүүлэх нөлөөлөл нь юу юм бэ гэдгийг одоогоор урьдчилан хэлэх боломжтой мэдээлэл нотолгоог бид судалж байна. Гол хэлж байгаа санаа нь юу байна гэхээр энэ вирус өөрөө байгалийн жамаараа эзэн биеэ үхүүлэх буюу устгах чиглэлдээ арай сул, харин хөнгөн байдлаар олон хүнд тархах сонирхолтой вирус. Өөрөөр хэлбэл, вирусийг ухаантай гэж үзэх юм бол энэ вирусийн өөрийнх нь амьдрах хүсэл нь эзэн биеэ бага үхүүлж, хөнгөн буюу хамрын ханиад байдлаар хүмүүст тархаад, олшрох хүсэлтэй вирус. Хамар битүүрэх, нус гоожих, бие шархирч өвдөх, бага зэргийн халуурах гэсэн шинж тэмдгүүд илүү давамгайлдаг юм байна. Мутацлагдсан омикрон хувилбарыг харах юм бол аль болох хөнгөн, хамрын ханиад мэтээр тархах зан авир гаргаж байгаа нь энэ вирус цаашид хөнөөлтэй биш буюу томуу төстэй, улирлын чанартай байх таамаглалд хүргэж байна. Хоёрдугаарт, вакцины идэвхжүүлэх III тунд хамрагдсан байх нь энэ вирусээс хамгаалах боломжийг улам нэмэгдүүлдэг юм байна. Тухайлбал хүндрэх, эсвэл хүндэрсэн хүн эндэх эрсдэлийг бууруулж буйг олон тоо баримтаас харж болж байна. Астра зенека хоёр тун хийлгээд гурав дахь тундаа файзер хийлгэсэн бол омикроноос 70 хувь, харин гурван тунгаа гурвууланг нь файзер хийлгэсэн бол 75 хувь хамгаалж байна. Манай улсын иргэдийн бараг 80 гаруй хувь нь хятад вакцин буюу Синофарм-ийн хоёр тун вакцин хийлгээд, гурав дахь тундаа файзер хийлгэсэн. Энэ хувилбар буюу синофарм хоёр удаа, файзер нэг удаагийн вакцин нь улс орнуудад иргэдийг омикроноос хэрхэн хамгаалж байгаа талаар судалгааны дүн хараахан байхгүй ч Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаярын хэлж байгаагаар хоёр тун синофарм, нэмэх нь файзер байх нь омикроноос хамгаалах хамгийн сайн хувилбар байхыг үгүйсгэхгүй гэж байна. Гэхдээ үүнд илүү нотолгоо хэрэгтэй. -Хэрвээ манай улсад омикрон орж ирвэл давалгаа нь хэрхэн явагдах төсөөлөл байна вэ?-Омикрон орж ирвэл эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ дельта хувилбарыг бодвол давалгаа нь арай зөөлөн явагдах болов уу гэж таамаглаж байна. -Омикроныг өөрөө өөрийгөө сөнөөх вирус гэсэн таатай мэдээлэл түгчихээд байгаа. Энэ талаар таньд эмч хүний хувьд судалж, мэдсэн зүйл юу байна вэ, уншигчидтай хуваалцахгүй юу?-Вируслог чиглэлийн эрдэмтэд энэ вирус тийм удаан оршин тогтнож чадахгүй л гэж үзэж байх шиг байна. Вирус эзэн биетэйгээ буюу хүнтэй дасан зохицох ёстой. Гэтэл энэ мутацлагдсан омикрон хувилбарыг харах юм бол аль болох хөнгөн, хамрын ханиад мэтээр тархах зан авир гаргаж байгаа нь энэ вирус цаашид хөнөөлтэй биш буюу томуу төстэй, улирлын чанартай байх таамаглалд хүргэж байна. Үүнээс илүү хоруу чанартай байж чадахгүй гэсэн үг. -Өмнөх альфа, дельта хувилбар тархаж байхад манай улсад нөхцөл байдал тун хүнд л болсон шүү дээ. Та яриандаа омикроныг тийм ч их хөнөөлтэй вирус биш гэж хэлж буй ч байдал хэцүүдэх л байх гэж бодогдож байна?-Олон хүн зэрэг томуу төст шинж тэмдгээр өвдөөд ирвэл мэдээж сандралдана шүү дээ. Найдаж байгаа нэг зүйл нь гэвэл дельта гэдэг хэцүү давалгааг бид туулаад гарч байна. Хамгийн өндөр ачаалалтай үедээ зөвхөн коронагаар өвчилсөн хүмүүст зориулж 23 мянган ор дэлгэсэн. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хувьд маш их ачаалалтай ажилласан. Энэ утгаараа бэлтгэгдсэн гэж хэлж болохоор байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. -Омикрон Монголд орж ирээд, нөхцөл байдал хүндэрлээ гэхэд өвчтөнүүдийг хэрхэн тусгаарлах, эмчлэх удирдамж заавар шинээр гарсан уу. Өмнөх шигээ утсаар асуумж авч хүнд, хөнгөнөөр эрэмбэлж явах уу. Эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж, шинээр хэрэглээнд нэвтрүүлж буй эмүүдийг оруулж ирэх талаар юу хийж байна вэ гэдгийг та хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайдаас асууж, хариулт авч байсан. Энэ талаар?-Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас шинэ хувилбарт нөлөөлөх буюу эмчлэх эмүүдийг татваргүйгээр оруулж ирэх зөвшөөрлийг гаргасан байна. Дөрвөн эмийг баталж, тогтоол гаргажээ. Үүнийг манайд бэлтгэл ажил хийгдэж байна л гэж харж байна. Юун түрүүн айдаст автах шаардлагагүй. Монгол шиг вакцинд сайн хамрагдсан улс орнууд тийм муу байдалд орохгүй байгаа нь гарч буй тоо баримтаас харагдаж байна. -Хоёр тун синофарм, нэг тун файзер вакцин омикроны эсрэг хамгийн сайн хувилбар байх магадлалтай гэж эрдэмтдийн зөвлөлөөс хэлсэн талаар та түрүүн ярилаа. Онолын хувьд яагаад гэдгийг та эмч хүний хувьд тайлбарлаж хэлэхгүй юу?-Хятад вакцин вирусийг үржих чадваргүй болгоод хүний биед хийчихэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн вакцинд хүний биеийн эс рүү нэвтэрдэг S, N, N2, B гээд дөрвөн төрлийн уураг байна. Хятадаас бусад бүх вакцин S уургийн эсрэг. Гэтэл энэ мутац болсон вирус S уураггүй. Хятадаас бусад бүх вакцин S уургийн эсрэг тул үйлчлэхгүй гэж бодогдохоор байгаа биз. Гэтэл эдгээр Pfizer, AstraZeneca, Sputnik зэрэг вакцин 70-75 хувь нь хамгаалж байна гэсэн тоо баримт байгаа нь эсийн дархлаажуулалтаас гадна шингэний дархлаа гэж чухал хамгаалах тогтолцоо хүний биед байдагтай холбоотой. -Ард иргэдэд омикроноос хэрхэн сэрэмжлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?-Юун түрүүн айдаст автах шаардлагагүй. Монгол шиг вакцинд сайн хамрагдсан улс орнууд тийм муу байдалд орохгүй байгаа нь гарч буй тоо баримтаас харагдаж байна. Мэдээж хэрэг иргэд эрүүл ахуйн хамгаалалтаа орхигдуулж болохгүй. Сайн амны хаалт зүү, зайгаа барь, олон хүн цугласан газар очихгүй дэглэмээ мөрдөөрэй. Гол урьдчилан сэргийлэлт бол вакцин. Олон нийтийн сүлжээгээр вакциныг эсэргүүцэж явуулж байгаа мэдээлэлд автахгүйгээр гурав дахь тундаа хамрагдаарай. -Хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулахдаа магадгүй дөрөв дэх тун вакцины асуудал ч яригдана гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлж байна. Ингэж их олон вакцин тариулаад байх нь хэр зөв байдаг юм бэ, хүний биед?-Корона вирусийн эсрэг вакцины төрөл нь өөрөө S уураг л байгаа шүү дээ. Тэр нь өөрөө хүний генийн удмын санг эвдэх боломж байхгүй. Удмын мэдээлэл эвдэж, хүнд ноцтой үр дүн өгнө гэж харагдахгүй байгаа. Гэхдээ үүний том шалгуур нь цаг хугацаа.Нэг зүйлийг хэлэхэд бид томуугийн эсрэг вакциныг улирал бүр хийлгэдэг. Үүнтэй холбоотойгоор хүний бие организмд ноцтой өөрчлөлт орсон зүйл харагддаггүй. -Мэдээлэл өгсөнд баярлалаа. Жич. Манай улс хилийн боомтуудад тандалтыг эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд Чингис хаанбоомтод илэрсэн ковидын 17 эерэг тохиолдлоос омикрон хувилбар генийн дараалал тогтоох шинжилгээгээр илрээгүй байна гэсэн мэдээллийг хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд гишүүдэд өгч байв. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэлийн алба

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал эхэллээ

​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын Внуково-2 нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр мөн Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

​ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.