С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив

УИХ-ынТөрийн байгуулалтын хорооны энэ сарын 11-ний өдрийнхуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. УИХдахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буй талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Тэрбээр 1998-2000 онд Ховдын өргөө ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд Нью Прогресс ХХК-ийн захирал, 2006-2008 онд Нью Прогресс группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд Нью Прогресс группын ерөнхийлөгчөөр ажиллажээ. Улмаар 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны2019 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарӨргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм. Манай улсын хувьдөргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өөрчлөгдөж байна. Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд төсөлдхуулийн зорилт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ,хуулийн нэр томъёоны тодорхойлолт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд баримтлах зарчим, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах үндэслэл, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглохзохицуулалтыг тусгасан гэдгийг илтгэгч дурдав. Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч болон радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг нарийвчлан зааж өгсөн байна.Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид ньүнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх; зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах; гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх; хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох; нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх; хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх;дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлдтөрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ;өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага тодорхой болж, радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно; сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна. Өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам тодорхой болж,өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулжээ. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Содбилэг нар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү, Я.Содбаатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийг төслийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж тал талын төлөөллийг оролцуулан нухацтай хэлэлцэх шаардлагатай, мөн монгол контентыг дэмжих, хэрэглэгчдэд дарамт учруулахгүйгээр асуудлыг зохицуулж шийдэхэд анхаарах, тэрчлэн хуулийн төслийн нэр томьёо, бичиглэл, гадаад үг хэллэгийг эргэж харах шаардлагатайг хэлж байв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Төрийн тэргүүн айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна. Мөн ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөсөн бөгөөд ШХАБ-ын уулзалтын дараа Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт 5-р уулзалт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.

Н.Доржгочоо: Технологийн шийдлүүдийг ашиглаад төлбөртэй зогсоолын үйлчилгээг шинэ түвшинд гаргана

Нэг сая гаруй хүн байнга оршин суудаг Улаанбаатар хот 501,000 тээврийн хэрэгсэлтэй /2018 оны наймдугаар сарын байдлаар/. Үүний 400,000 нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд 130,000 автомашин өдөржин зам дээр байдаг бол үлдсэн нь зогсоолд тавигддаг байна. Зогсоолын хүрэлцээ маш муу, тэр дундаа хотын төвд байрлах төрийн үйлчилгээний байгууллагуудын ойролцоо зогсоол олддоггүйгээс үүдэн бага тойруу орчмын замын хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсдэг. Түүнчлэн зогсоолгүй газар автомашинаа тавиад ачуулах нь иргэдийг нэлээд бухимдуулдаг. Тэгвэл уг асуудлыг шийдэх ухаалаг авто зогсоолын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй залуусын төлөөлөл, УБ Паркинг амар зогсоол төслийн санаачлагчдын нэг Н.Доржгочоотой ярилцсан юм. Жолооч нэг товчлуур дарж зогсоолоо нээхээс өөр ямар ч үйлдэл хийхгүй - Хотын төвд зогсоол олж машинаа тавиад ажил хөөцөлдөнө гэдэг маш хүндрэлтэй. Уг асуудлыг шийдэх ухаалаг зогсоолын санааг хэзээ гаргасан бэ? - Яг тийм. Д.Сүхбаатарын талбай тойрсон төрийн үйлчилгээний байгууллагууд, хувийн хэвшлээр ажил хөөцөлдөөд явахаар хамгийн хүнд асуудал зогсоол байдаг. Гэсэн ч зогсоол олддоггүй тэр байдалтай эвлэрээд яваад л байна. Уг нь шийдэх боломжтой шүү дээ. Одоогоос хоёр жилийн өмнө би Соёлын төв өргөөний ойролцоо 14:00 цагт хүнтэй уулзахаар товлоод явж байв. Тухайн үед нэг найз маань залгаад Чамтай уулзах хэрэг байна. Нэг төсөл дээр IT-н салбарын хүн хэрэгтэй байна гэсэн юм. Би ч За тэгье. Соёлын төв өргөө орчимд уулзъя гэж тохирсон. Ингээд төв рүү орж ирээд түгжрээд, зогсоол хайгаад явсаар байтал цаг 14:30 болчихов. Соёлын төв өргөөний арын зогсоолд машинаа тавих гээд л бухимдаад байж байтал найз маань ч ирлээ. 14:00 цагт товлосон уулзалтаасаа хоцорчихсон, зогсоол гарахыг хүлээгээд бухимдангуй байж байтал найз маань бараг нэг минутад багтаагаад л зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх төслийн санаагаа хэллээ. Тухайн үед шууд л төсөөлөл орж ирсэн. Бизнес талаасаа ч байж болохоор, хамгийн гол нь олон хүнд өдөр тутам тулгамддаг асуудлыг шийдэх боломжтой төсөл байсан тул шууд л Тэгье гээд ажлаа эхлүүлэхээр болсон. - УБ Паркинг амар зогсоол гэх төслийн нэр болон ухаалаг гэх тодотголоос харахад зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл ухаалаг утас болон аппликэшн дээр суурилсан болов уу гэх ойлголт төрж байна. Энэ тухайд тодруулж тайлбарлаач? - Ер нь үйлчилгээ гэдэг утгаараа хэрэглэгчдэд таатай, амар хялбар, ойлгомжтой байх ёстой. Тиймээс ухаалаг утас болон аппликэшн дээр суурилсан шийдлийг сонгосон. Техникийн өндөр хөгжил, технологийн шийдлүүдийг ашиглаад төлбөртэй зогсоолын үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Зогсоолууд дээр ухаалаг төхөөрөмж байрлуулж байгаа. Төхөөрөмжүүд бүгдээрээ интернетэд холбогдчихсон бөгөөд гар утсан дээрээ аппликэшн татаадзогсоол ОЛЛОО, ОРЛОО, ГАРЛАА гэсэн энгийн үйлдлийг хийх юм. Гар утсан дээрээ аппликэшн татмагц таны нэрийн данс үүсэж тухайн дансаа автобусны карт цэнэглэдэгтэй адил цэнэглэнэ. Ингэхдээ заавал карт цэнэглэдэг нэгж дээр биш онлайнаар цэнэглэх боломжтой бөгөөд завтай үедээ хаанаас ч хамаагүй цэнэглэчихнэ. Зогсоолын байрлал, тухайн зогсоолд зай байна уу гэдэг үндсэн мэдээлэл хэрэглэгчдэд хамгийн хэрэгтэй байдаг. Яг энэ хоёр мэдээллийг аппликэшнд багтаасан бөгөөд маш энгийн бүтэцтэй. Зогсоол тус бүрт хэдэн машин тавих зай байгаа талаар мэдээлэл тодорхой харагдана. Зогсоолоо олчихсон, дансаа цэнэглэчихсэн бол сонгосон зогсоол дээрээ очлоо, аппликэшн дээрээс товчлуур дарж зогсоолоо нээлээ. Машинаа тавиад хэсэг хугацааны дараа гарлаа гэхэд зогсоолын ухаалаг төхөөрөмж зогссон хугацааг тооцоолоод төлбөр данснаас тань хасагдчихна. Тэр даруйд мөн танд дансны мэдээлэл ирнэ. Жолооч нэг товчлуур дарж зогсоолоо нээхээс өөр ямар ч үйлдэл хийхгүй. Төлбөр төлөх, ямар нэгэн юм тооцоолох үйлдэл хийх шаардлагагүй учраас АМАР гэдгийг тодотгож байгаа юм. Энэ сарын дундуур УБ Паркинг амар зогсоол хоёр байршилд ажиллаж эхэлнэ - Үйлчилгээ бүхэлдээ ухаалаг утасны аппликэшн дээр суурилна гэж ойлголоо. Интернэтгүй үед ухаалаг зогсоолыг ашиглах боломжтой юу? - Хэрэглэгч байнга интернет орчинд байдаг бол аппликэшнээр дамжуулан машинаа хэр хугацаагаар зогсоолд тавиад байгаа талаар мэдээллийг 30 минут тутамд авах боломжтой. Гэхдээ утас цэнэггүй болох, утсаа хаях, алдах ч юм уу асуудал гарсан тохиолдолд 144441 тусгай дугаарт мессеж бичээд зогсоолын дугаараа илгээн үйлчилгээ авах боломжтой. Аппликэшнийг утсандаа татаж суулгахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар манай систем дээр хадгалагдаж ашиглагдана гэсэн үг. Харин аппликэшнийг татаагүй бол амар зогсоолоор үйлчлүүлэх боломжгүй. - Ухаалаг аппликэшнийг зөвхөн төлбөртэй зогсоолын хэрэглээнд ашиглах уу? - Эхний ээлжинд төлбөртэй зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой хялбар аппликэшнийг систем дээрээ хөгжүүлж байна. Манай залуучууд системийн хөгжүүлэлтээ өөрсдөө хийж байгаа учраас цаашид өөр үйлчилгээнүүдийг үүн дээрээ байршуулах боломжтой. Тухайлбал, Зогсоол хуваалцах үйлчилгээг нэвтрүүлж болно. Хотын төвд гэртэй, зогсоолтой хүн зогсоолоо оройн 19:00 цагаас өглөөний 07:00цаг хүртэл ашигладаг. Бусад үед зогсоол хоосон байдаг учраас хотын төвд ажилтай өөр нэгэнтэй хуваалцаж болох юм. Гэвч тэдгээр иргэд бие биенээ олоход хүндрэлтэй. Тиймээс аппликэшнээр дамжуулан тэднийг холбож болно. Бид маш том систем дээр байнгын хөгжүүлэлт хийгээд явж байгаа бөгөөд өөрсдөө хийж байгаа гэдэг нь цаашид олон талаар ашиглах боломж, давуу талыг бий болгож байгаа юм. Аппликэшн бол хөгжүүлж буй системийн нэг хэсэггэж хэлж болно. - Одоогоор хэдэн зогсоол дээр ухаалаг төхөөрөмж суурилуулаад байгаа вэ.Хэрэглэгчид хэзээнээс аппликэшнийг ашиглаж болох вэ? - Хөрөнгө оруулалтаа өөрсдөө шийдчихсэн, системийн хөгжүүлэлтээ ч тасралтгүй хийгээд явж байгаа учраас нийслэлээс манай төслийг дэмжсэн болов уу. Эхний ээлжид биднийг дэмжиж хоёр байршилд зогсоолын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоод байна. Гутлын 22 буюу Хангарди ордны баруун хойд талын зогсоол, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоол дээр хоёр зогсоолоо ажиллуулахад бэлэн болоод байгаа. Одоогоор системээ тестлэх ажил үргэлжилж байна. Энэ сарын дундуур зогсоолуудаа нээхээр төлөвлөж байгаа. Энэ хоёр байршил маань нийлээд 100 машины зогсоолтой. Ачаалал ихтэй бүсэд цөөхөн машины зогсоолыг шийдлээ гээд замын хөдөлгөөнд үзүүлэх нөлөө нь бага байна байх. Тиймээс аль болохоор өргөн цар хүрээг хамарч ажиллахыг зорьж байна. Зогсоолын асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадвал тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг 30 орчим хувиар бууруулдаг - Ухаалаг зогсоол ямар гол гол давуу талыг авчрах вэ? - Ухаалаг зогсоолын зорилго хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна өөр олон эерэг өөрчлөлтийг авчирна.Тухайлбал,зогсоолын төлбөр 100 хувь бэлэн бус гүйлгээгээр хийгдэж байгаа учраас төлөгдөх ёстой мөнгө төлөгдөж, тодорхой хувь нь журмын дагуу нийслэлийн автозамын санд хуримтлагдана. Мөн иргэд НӨАТ-ын баримтаа авчихна. Зогсоолд хэр хугацаагаар зогссонтой холбогдох элдэв маргаан гарахгүй. Хүртээмж хэрхэн нэмэгдэхийг жишээгээр тайлбарлая.НИТХ-аас гаргасан журмын дагуу нийтийн эзэмшлийн талбай дахь төлбөртэй авто зогсоолд автомашиныг хамгийн дээд тал нь хоёр цаг байрлуулж болно хэмээн заасан байдаг ч энэ нь хэрэгждэггүй. Харин ухаалаг амар зогсоол уг журмыг хэрэгжүүлнэ. Журмыг зөрчвөл торгоно. Бид хөрөнгийн биржийн урд талын зогсоолд хэдэн өдрийн ажиглалт хийж үзсэн. Ингэхэд 40 машины зогсоол дээрх 35 машин өдрийн турш огт хөдлөөгүй. Үлдсэн таван зогсоол хоёр, гурван удаа сэлгэсэн.Тэгэхээр өдрийн туршид 50 машин л уг зогсоолыг ашигласан гэсэн үг. Харин ухаалаг зогсоол ажиллаж эхэлснээр өглөө 08:00-20:00 цагийн хоорондох 12 цагт л гэхэд 240 машинд үйлчлэх боломж нээгдэнэ. Үүнийг тэнд байнга машины тавьдаг тэр хавьд ажилтай 35 хүн эсэргүүцэх байх. Гэхдээ тэр 35 хүний эрх ашиг уу эсвэл хотын төвөөр ажил хөөцөлдөж яваа 240 болон түүнээс дээш тооны иргэний эрх ашиг уу гэх асуулт гарч ирнэ. Нийслэл хотод 50 гаруй байршилд нийт 1,500 орчим автомашины төлбөртэй зогсоол бий. Энэ тоог нэмэгдүүлэх боломж одоохондоо алга. Энэ нөхцөлд хүртээмжээ нэмэгдүүлэх нь л чухал болоод байгаа юм. Түүнчлэн зогсоолын асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадвал тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг 30 орчим хувиар бууруулдаг талаар гадны судалгаанууд байдаг. Манай жолооч нар хаана зогсоол байгааг мэдэхгүй зогсоолоо хайгаад тойроод л хөдөлгөөн удаашруулаад яваад байдаг.Харин аль зогсоолд зай байгааг мэдчихвэл тэгж явах шаардлагагүй болно. - Зогсоолын төлбөр хэд байх вэ, ухаалаг амар хялбар, технологийн давуу талууд орсон гэдэг утгаараа үнэ нь өндөр байх уу? - НИТХ-аас баталсан журмаар зогсоолын төлбөр зохицуулагддаг. Тус журамд төлбөртэй зогсоолын нэг цагийн төлбөр 1,000 төгрөг байна хэмээн заасан байдаг. Бидний хувьд харин ч илүү хямд нөхцөлийг санал болгож байгаа. Тодруулбал, ухаалаг зогсоолоор үйлчлүүлээд 30 минутын дотор гарвал 500 төгрөг байх юм. Түүнчлэн оройн 20:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл, амралтын болон баярын өдрүүдээр зогсоол төлбөргүй байна. Нэг зогсоолд автомашиныг хоёр цагаас илүү хугацаагаар байршуулах боломжгүй бөгөөд илүү хугацаагаар байлгасан тохиолдолд торгуультай талаар дээр дурдсан. Үүнээс гадна төлбөртэй холбоотой бас нэг зүйл бий. Хэрэглэгчийн дансанд хамгийн багадаа 3,000 төгрөгийн үлдэгдэлтэй үед зогсоолд орох эрх нээгдэнэ. Магадгүй ажлын шаардлагаас болоод төлбөр 3,000 төгрөгөөс давсан тохиолдолд тухайн данс хасах үлдэгдэлтэй болно. Ингээд дараагийн цэнэглэлтээс суутгагдаад явах юм. - Зогсоолын тохижилтын тухайд нэмж тодруулбал? - Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэтээр олон улсын стандартын дагуу тоноглогдсон. Дугуй тээглүүлэгчтэй учраас машинаа зогсоолоос илүү гаргаж тавих, явган хүний замыг хаах боломжгүй. Явган хүний зам руу гаргаад тавьсан машины хажуугаар хүүхдээ тэргэн дээр тавиад түрж яваа ээжид ямар хүндрэл учирдгийг бид мэднэ. Түүнчлэн зогсоол дээр машин шүргэх эсвэл шүргүүлэх асуудал гардаг. Тийм тохиолдол гаргахгүйн тулд зогсоолыг хэрхэн оновчтой төлөвлөх талаар бид олон улсын туршлагыг судлан, хэрэгжүүлж байна. Мэдээж хэрэг гэрэлтүүлэг маш сайн, камержуулалт бүрэн хийгдсэн учраас зогсоол дээр гарсан хэрэг, зөрчлийг камерын хяналтаар илрүүлэх боломжтой. Автомашины хэрэглээг багасгах тал руугаа анхаарч байгаа болохоор дугуйн хэрэглээг дэмжиж дугуйн зогсоолууд мөн хийсэн. Автомашины эко, зохистой хэрэглээг дэмжиж цахилгаан машин цэнэглэх станц цаашид байрлуулахаар ажиллаж байна. Манай баг хамт олны авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг багасгах зорилгоор өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа санаачлагыг төрийн байгууллагууд, оффис, үйлчилгээний газрууд, иргэд минь идэвхтэй дэмжиж, хамтарч ажиллаарай хэмээн уриалмаар байна. Бидэнтэй7714 4411дугаар,фэйсбүүк хуудас, и-мэйл /[email protected]/ гэх мэт бүхий л сувгаар холбогдох боломжтой. Олон талууд энэ төсөл дээр хамтарч ажилласнаар төслийн үр дүн төдий чинээ өндөр болж нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан нэг ч гэсэн асуудлыг шийдэх боломж нээгдэнэ хэмээн харж байгаа. - Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна. Тус албан ёсны айлчлалын дараа буюу 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцоно

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.