ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ АРМЕНИ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын парламентын дэд дарга Микаэл Мелкумян тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтын үеэр Монгол, Арменийн уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэх, соёл, боловсролын хамтын ажиллагааг сэргээх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар Монголын олон оюутан залуус Ереваны их дээд сургуулиудад суралцаж байсныг онцлоод Монгол, Арменийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулах саналыг манай талаас тавьж, энэ чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцлоо. Хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаа, барилга байгууламжийн байдалтай танилцаж, урлаг соёлын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ Соёл урлагийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй ч Засгийн газрын түвшинд олон асуудал шийдэгдэж эхэлсэн. Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейг шинээр барихаар газрыг сонгож, зураг төсөлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн. Улсын Филармоны хөгжим зэмсгийг шинэчлэн, театруудыг автобустай болгосон зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийдсэн. Ирэх онуудад УДЭТ, ДБЭТ-ыг шинэчлэн хуучин загвараар нь барих, түүхэн болон хүмүүжлийн ач холбогдол бүхий кино захиалгаар бүтээлгэх, соён гэгээрүүлэх ажилд багш нарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын ажлууд хийгдэх болно. Соёл урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Ард түмнээ соён гэгээрүүлэхгүйгээр бид хөгжихгүй. Монголын төрт ёсонд иргэдээ гаднаас засдаг хууль цааз, дотоод сэтгэлийг нь засдаг номын засаг гэдэг хосолмол засаглалаар удирддаг байж. Номын засаглал гэдэг нь хүн ардаа эрүүл биетэй, саруул ухаантай хүнлэг нинжин сэтгэлтэй эх орондоо хайртай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх бодлого аж. Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна. Цаашид иргэдээ соён гэгээрүүлэх явдлыг бүх нийтийн үйл хэрэг болгох ёстой. Үүнд урлаг соёл, спортынхон та бүгдээс Монгол Улсын Засгийн газар дэмжлэг хүсч байна. Соёл урлагийн Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх нийтийг соён гэгээрүүлэх энэхүү ажлыг хийх хэрэгтэй. Засгийн газар бодлогын суурь баримт бичигүүдийг боловсруулан батлуулахаас гадна дэд бүтцийн асуудлууд тэр дундаа барилга байгууламжуудыг шинээр барих, техник хэрэгслийг шинэчлэх гэх мэт богино хугацааны урьдчилсан арга хэмжээг ч орхигдуулалгүй авч ажилласаар байна гэв. Засгийн газраас урлаг, соёлын салбарт анхаарал хандуулж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн гэж Мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл, Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн гишүүд мэдэгдлээ. 2019 оноос Мэргэжлийн урлагийн байгууллагууд үйл ажиллагааны орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон нь уран бүтээлчдийн бүтээх туурвих соён гэгээрүүлэх ажиллагаанд дэмжлэг болж, цаг алдалгүй шинэ бүтээл гаргах боломж олгож, санхүүгийн хүндрэлээс гаргажээ. Соёл урлагийн Үндэсний зөвлөл Бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Соёлын өвийг хадгалах, түүнийг түгээн дэлгэрүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Сонгодог болон орчин үеийн урлагийг дэмжин ажиллах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагааны чиглэлээ төлөвлөснөөс олонх нь хэрэгжиж эхэлжээ. Дөрвөн дэд ажлын хэсэг байгуулагдан 100 гаруй санал гаргасныг нэгтгэн төлөвлөгөөнд тусгасан байнагэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төсөл хүлээн авах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй олгох зээлийн төсөл хүлээн авах ажиллагаа 05 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд амжилттай зохион байгуулагдлсан талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг нар мэдээлэл хийлээ. Төсөл хүлээн авах ажиллагааг 21 аймаг, Улаанбаатар хотын 3 цэг дээр зохион байгуулалтын өндөр түвшинд нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгжийн 487,196.3 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, цахим системд бүртгэлээ. Үүнээс хөдөө, орон нутагт 20.0 сая-200.0 сая төгрөгийн 1,341 иргэн, аж ахуйн нэгжийн 105,930,4 сая төгрөгийн зээлийн хүсэлт, Улаанбаатар хот буюу ЖДҮХСан дээр 1,411 иргэн, аж ахуйн нэгжийн 381,265.9 сая төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна. Энэ жилийн төсөл хүлээн авах ажиллагаа олон нийтэд ил тод, мэдээлэл сайтай, бүх талын зөвлөгөө дэмжлэгийг тухай бүрт үзүүлж ажилласнаар өмнөх жилүүдээс төсвийн хэмжээ 2 дахин буурсан ч иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн зээлийн хүсэлт 1.8 дахин нэмэгдсэн байна. Зээлийн хүсэлтийн дүнг батлагдсантай төсөвтэй харьцуулахад 10.3 дахин их буюу 440.2 тэрбум төгрөгийн илүүдэл эрэлт бий болсон байгаа нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр, бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бодлогоор дэмжихэд ихээхэн хөрөнгө шаардлагатай, мөн өрсөлдөөн ихтэй байгааг харж болохоор байна. Энэ удаагийн ЖДҮХСангаас 1,429 аж ахуйн нэгж, 1,323 иргэн зээл хүссэн байна. Үүнээс, орон нутагт 828 иргэн, Улаанбаатарт 495 иргэн төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байгаа нь өмнөх онуудаас 2-3 дахин ихэссэн байгаа нь мэдээлэл ил тод, нээлттэй, зохион байгуулалт сайтай байсны дүнд жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамрагдах нөхцөл бүрдсэн байна. Дунд болон томоохон зээл хүссэн буюу банкаар дамжуулах 11 иргэний 11.3 тэрбум төгрөгийн, 186 аж ахуйн нэгжийн 137.9 тэрбум төгрөгийн нийт 143,497.0 сая төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХС-д бүртгэгдээд сонгон шалгаруулалтанд оролцоход бэлэн болоод байна. Дараагийн шатанд батлагдсан дүрэм журмын хүрээнд төсөлд тавигдах шаардлага болон төслийн иж бүрдэлийг зэрэг шалгах бөгөөд ЗГ-н тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, Нийтийн ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулийн 20.2-т заасан эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий гишүүдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгж төсөл сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй шууд хасагдах нөхцөл байдал бий болно. Эхний шатны төсөлд тавигдах шаардлага, иж бүрдлийн шаардлага хангасан төслийг ЖДҮХСан болон Аймгийн ХХААГазар тус хариуцан журмын хүрээнд дараагийн төслийн шатны шалгаруулалтанд автоматаар шилжүүлэн тухай бүрт олон нийтийн мэдээлэлээр мэдээлж ажиллах болно. Мөн өмнө нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцож байсан зарим нэг албан тушаалтаны хариуцлагагүй, ёс зүйгүй байдлын улмаас ах, дүү амраг садандаа төсөл авч өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон дээрх байдалд хяналт тавьж ажиллаагүй албан хаагчид шат шатны хариуцлагын арга хэмжээг авах болно. Цаашид төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод зохион байгуулах тал дээр ХХААХҮЯам, ЖДҮСХСан ихээхэн анхааран ажиллах болно гэж ХХААХҮСайд болон холбогдох албан тушаалтнууд мэдээллээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ынХууль зүйн байнгын хорооны 2019 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарӨмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Мурат, Х.Нямбаатар нар ажилласан байна. Хоёр удаа ажлын хэсэг хуралдсан бөгөөд дараах санал, дүгнэлтийг боловсруулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах талаар хуульчлахаар санал гаргасан байна. Ингэснээр иргэн өөрийгөө өмгөөлөх сонголт хийсэн тохиолдолд төсөлд заасан өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргээс тодорхой эрхийг эдэлж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг бүрдүүлнэ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой тодорхой саналыг тусгасан гэв. Өмгөөлөгч нийгмийн хариуцлагын хүрээнд нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөлөх үйл ажиллагааг явуулах бөгөөд зохион байгуулах үүргийг Өмгөөлөгчдийн холбоо хариуцах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмгөөллийн үйл ажиллагааны амин сүнс болсон үйлчлүүлэгч-өмгөөлөгчийн хоорондын харилцааг тодорхой болгож үйлчлүүлэгчийн эрхийг хангах талаар тодорхой саналуудыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, иргэд өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар өмгөөллийн үйл ажиллагаа эхэлсэнд тооцдог бус, өөрийн нууцаа, мэдээллээ, хүсэлтээ өмгөөлөгчид гаргаж ярьснаар өмгөөлөгчийн үйлчлүүлэгч болсонд тооцдог зохицуулалтыг оруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг томъёолсон байна. Өмгөөллийн нууцлалтай холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарч, өмгөөллийн нууцад үйлчлүүлэгчид үзүүлж буй хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн холбоотой бүхий л баримт сэлт, мэдээллийг хамруулах, өмгөөлөгч өмгөөллийн нууцыг хадгалах өмгөөллийн үйл ажиллагааны зарчим, өмгөөлөгчийн үүрэгт нэмж, үйлчлүүлэгчийг хамгаалах, өмгөөллийн нууцыг задруулахыг хориглохоор төсөл тусгасан байна. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзвэл мэдээлэл, лавлагааг төрийн болон төрийн бус байгууллагаас гаргуулах эрхтэй байх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Энэ хүрээнд холбогдох албан тушаалтан тухайн мэдээлэл, баримт сэлтийг гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэх, холбогдох хуулиар нууцад хамааралтай асуудлаар өмгөөлөгч нууцын баталгаа гаргасны үндсэн дээр танилцах боломжтой байхаар төсөлд тусгажээ. Иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцааг чанартай, шуурхай үзүүлэх, түүнчлэн өмгөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс өмгөөллийн үйл ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тодорхой тусгах, үүнд өмгөөлөгч хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалан зохих бэлтгэлтэй оролцох, үйлчлүүлэгчидтэй хүндэтгэлтэй харилцах, гарсан нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг үүргийг нэмсэн байна. Өмгөөлөгчөөс иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах үндсийг бүрдүүлэх үүднээс өмгөөлөгчөөр ажиллах эрх авахдаа мэргэжлийн шалгалт өгдөг байх нь энэ хуульчийн мэргэжлийн шалгалтаас онцлог буюу мэргэжлийн бэлтгэл, ёс зүй, мэтгэлцэх ур чадвар зэрэг өмгөөлөгчөөр ажиллахад шаардлагатай ур чадварыг шалгах агуулгатай байхаар тусгасан болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор нь шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг бөгөөд энэ нь шүүхийн өмнө оролцогчдыг тэгш бус эрхтэй мэт харагдуулдаг тул үүнийг хэлбэрийг хувьд засах, өмгөөлөгч прокурортой тэгш мэтгэлцэж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх, нөгөө талаар иргэний захиргааны хэрэгт мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж байгаа этгээдээс ялгах үүднээс өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Иймд өмгөөлөгчийн тусгай өмсгөлийн загвар, хийц, холбогдох журмыг Өмгөөлөгчдийн холбоо батлах аж. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг нөхөрлөл байхаар төсөлд тусгасан байсныг өргөжүүлж хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл-ийн хэлбэрээр эрхэлж болохоор буюу өмгөөллийн хуулийн этгээд зах зээлийн зарчмаараа хөгжих боломжийг нээх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн байна. Мөн Өмгөөлөгчдийн холбооны чиг үүргийг тодорхой болгох, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах нөхцөлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналыг нэгбүрчлэн хэлэлцэж төсөлд тусгасан гэв. Ийнхүү зарчмын зөрүүтэй 45, найруулгын шинжтэй багцалсан 3, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар 7 саналыг тус тус бэлтгэн томъёолсон байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хувь мэргэжилтэн, байгууллагын төлбөрийн баримтын талаар болон өмгөөллийн хөлстэй холбоотой ямар нэг зохицуулалт төсөлд бий эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төсөл дэх өмгөөллийн даатгалтай холбоотой зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав өмгөөлөгчдийн ёс зүй, өмгөөллийн нууцыг чандлахтай холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өмгөөлөгчид болон өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын татвар төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тоон мэдээллийг тус тус тодруулж, ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм. Ингээд ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарГэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр 2018 онд тус Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Улсын Их Хурал, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн хэд, хэдэн гэрээ байгуулснаа дурдав. Энэ үеэр Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг байгуулахаар тохиролцсон гэлээ. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг. Дээрх гэрээ нь 22 зүйлтэй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд дурдав. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 3 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг энэ үеэр танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.