ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХОД АШИГЛАСАН МАШИН, ТЕХНИКИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО
2019-06-19 15:16:36 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын өнөөдрийн /2019.06.19/ хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд тогтоол гаргалаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийхдээ хэд хэдэн анхаарал татахуйц, ноцтой тоо баримтыг дэлгэсэн юм. Тухайлбал, өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнээс 25.8 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бөгөөд 12 хүн амь насаа алджээ. Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч ослууд гарсаар байна. Энэ онд л гэхэд Эко алтан заамар, Пентатерра компаниудад гарсан ослын улмаас таван хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амь эрсэдсэн осол гарлаа. Хүний аминаас үнэтэй барилга байгууламж, орд уурхай гэж байхгүй. Тиймээс осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтээрээ анхаарал тавих цаг болоод байна хэмээсэн юм. Шадар сайдын энэхүү мэдээллийн мөрөөр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг шийдвэрлэжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчаас гаргаж хүргүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох эрх зүйн зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт, аймаг нийслэл, сум дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгов. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагыг нэн шаардлагатай хяналт шалгалтын тоног төхөөрөмжөөр хангах, хөдөлмөрийн, өргөх механизмын, газрын тос, хийн хяналтын, геологи, уул уурхайн зэрэг хяналтын улсын байцаагчдын орон тоог нэмэгдүүлэхээр болов. Монголд 1500 гаруй ШТС, хийгээр цэнэглэх станц, шатахууны агуулах үйл ажиллагаа явуулдаг байтал Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд энэ чиглэлийн 3 улсын байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн 3 улсын байцаагч хяналт тавьдаг байна. Улсын хэмжээнд 80 гаруй мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ердөө 66 байдаг аж.
АЗИД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ (CICA) БАГА ХУРЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ТАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ
2019-06-19 09:26:03 Нийтлэгдсэн: Улс төрАзид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний тав дахь удаагийн уулзалт Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо 6 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас Тажикистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Душанбе хотноо болсон дээд хэмжээний энэ удаагийн уулзалтад 30 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсоноос 20 гаруй орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага зэрэг Азид төдийгүй дэлхийд голлох үүрэг гүйцэтгэж буй томоохон улс орнуудын төлөөлөгчид, улс төрийн лидерүүд хүрэлцэн ирж оролцов. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Ази тивийн аюулгүй байдлын салбар дахь хамгийн өргөн хүрээний олон талт уулзалт бөгөөд үүгээр дамжуулан Азийн орнууд харилцаа холбоогоо эрчимжүүлэх, тус бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулах талаар хэлэлцэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (CICA) гишүүн орнуудад Азербайжан, Афганистан, Бахрейн, Вьетнам, Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Казакстан, Камбодж, БНКирУ, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Таджикистан, Тайланд, Турк, Узбекстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 27 улс орон байдаг бөгөөд энэ нь Ази тивийн хүн амын болон газар нутгийн 90 гаруй хувийг эзэлж байна. Мөн АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайзи, Украйн, Филиппин, Япон зэрэг ажиглагч орон багтдаг. Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгал орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий АХАИББХ-ын дээд түвшний анхдугаар уулзалт 2002 оны зургадугаар сарын 4-нд БНКазУ-ын Алматы хотод болж АХАИББХ-ын дүрэм-Алматын Тунхаглал хэмээх үндсэн баримт бичигт гарын үсэг зурж байжээ.
Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгов
2019-06-19 09:21:30 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.06.18) хуралдаан 17 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар ил санал хураалт явуулж олонхийн саналаар сонгож Байнгын хороо тогтоол гаргана хэмээн заасан байдаг. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн нь 2004-2008 он, 2008-2012 он, 2012-2016 он, 2016 онд тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж буй туршлагатай парламентчийн хувиар Ёс зүйн дэд хороог удирдаж авч явах чадвартай хэмээн үзэж нэрийг дэвшүүлж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Уг танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ёс зүйн дэд хорооны чиг үүргийн талаар онцлон дурдаад, нэг үетэйгээ харьцуулахад УИХ-ын хуралдааны үйл ажиллагаанд дэвшил гарсан гэдгийг хэллээ. Цаашид сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага бий гэдгийг хэлж, амжилт хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн нэр хүндийг өргөх үүднээс ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах шаардлагатай. Цаашид УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, хуралдааны ирцийг бүрдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад Ёс зүйн дэд хорооны даргын үүрэг ихээхэн чухал. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад харъяалах Дэд хороонд хүргүүлсэн. Мөн Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад хүргүүлсэн байгаа. Эдгээрийг ойрын хугацаанд хэлэлцэн батлахаас Дэд хорооны даргын ажил эхлэх учиртай хэмээгээд Б.Бат-Эрдэнэ гишүүнд ажлын амжилт хүслээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Иймд Дэд хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг С.Бямбацогт дарга танилцуулав. Уг танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжснээр Байнгын хорооны тогтоолыг батлагдав.
Хятадын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна. Энэ тухай Хятадын Коммунист намаас Ши Жиньпин дарга пүрэв, баасан гарагт Умард Солонгост албан ёсны айлчлал хийнэ гэж мэдээлснийг төв телевизээр нь дамжуулжээ. Ши Жиньпин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, хоёр улсын 70 жилийн харилцааг эргэн харж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно гэсэн мэдээлэл байна. Мөн Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх улс төрийн шийдвэрүүд, арга замын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Ажиглагчид энэ талаар Хятадын тал энэ сарын сүүлчээр Осака хотод болох Их-20-ийн уулзалтын үеэр байр сууриа өсгөж харуулахыг хүсч байна гэж тайлбарлаж буй юм байна. Энэ зуурт Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ши Жиньпиний айлчлалыг Хятадын талаас зарласан хугацаанд болно гэж мэдээлсэн байна. Мөн удирдагч Ким Жон Уны урилгаар айлчилна гэсэн байна. Хятадын дарга Ши Жиньпин Умардад хийх айлчлал түүнийг 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш, мөн Хятадын даргын хувьд сүүлийн 14 жилийн хугацаанд хийж байгаа анхны айлчлал болох юм байна.
МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
2019-06-17 09:01:21 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв. Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж буйг дурдав. Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжиж, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэн бүтцийг төрөлжүүлэхэд Япон Улсын Засгийн газар сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл-ийн 1 дүгээр шатыг амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглээд, хоёр дахь шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгоход дэмжлэг хүсэв. Монголын тал Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буй гээд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг хийх санал тавилаа. Гадаад хэргийн сайд Т.Коно хоёр орны худалдааг хоёр урсгалд тэлэх шаардлагатай байгааг дурдаад цаашид энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Монголын тал Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж ирсэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээл төслийн дараачийн шатыг хэрэгжүүлэх хүсэлт тавив. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал-ын концессын гэрээ байгуулах яриа хэлэлцээ амжилттай болж, талууд зарчмын тохиролцоонд хүрээд буйг хоёр тал сайшааж, нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар эрчимтэй ажиллахаар тохиров. Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол, Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа Сайд Т.Коно баяртай буйгаа илэрхийлж, монголын тал энэхүү эмнэлэг нь манай анаагах ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь оруулахыг талархан тэмдэглэв. Манай тал Монгол Улсын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт Японы техникийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүс нутгийн тээвэр, логистик, эрчим хүчний сүлжээг сайжруулахад чиглэсэн санаачилгууд, хөрөнгө оруулалтын төслүүдэд оновчтой байдлаар оролцох сонирхолтой байгаагаа нотоллоо. Энэ оны 4 дүгээр сард Монгол Улсаас Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх тухай хамтын ажиллагааны баримт бичгийг хоёр тал байгуулсныг сайшааж, цаашид тууштай хэрэгжүүлж ажиллахаар болов. Хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар тогтлоо. Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ойн энэ онд тохиож буйг талууд тэмдэглэж, уг ойн хүрээнд болон 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж, соёл, урлаг, биеийн тамир, спортын солилцоог өргөжүүлэхээр ярилцлаа. Сайд Т.Коно Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож буйг Япон Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэгийг тэмдэглээд энэ хүрээнд манай Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Энэ удаагийн Хааны эрэлд 2019 олон улсын хамтарсан хээрийн сургуулилтад Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчнийхэнээс өнөөг хүртэлх хамгийн өргөн буюу 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буйг мөн тэмдэглэв. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотолж, бүс нутаг, олон улсын талбар дахь хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж ажиллахаар тогтов. Яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй