Б.Наранхүү хүртэл Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсгээ зурсан гэнэ
2012-07-09 17:28:54 Нийтлэгдсэн: Улс төрӨнгөрсөн амралтын өдрүүдэд Х.Баттулга тэргүүтэй МОАХ-ныхон амралтгүй, ихэд сайн ажиллажээ. Тодруулбал АН-ын даргыг унагах ажлаа эрчимжүүлж, Ардчиллын цагаан ордондоо гишүүдээ дуудан гарын үсэг зуруулсан байна. МоАХ-ны бүх гишүүд ирж, гарын үсэг зурсан төдийгүй саяхан АН-д элссэн, элсэнгүүтээ УИХ-ын гишүүн болсон Б.Наранхүү хүртэл намынхаа даргыг суудлаас нь унагах цуглуулгад гарын үсэг нэмэрлэсэн сурагтай. МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулын тухайд АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг өнгөрсөн парламентын үеэс л ярьж байсан. Энэ асуудлаа шинэ парламентын суурь тавигдангуут эхлүүлсэн нь зуулт хатуутайг илэрхийлж байна. Н.Алтанхуягийг огцруулах Х.Баттулга тэргүүтнүүд МАН хоёр задарч, МАН, МАХН болчихоод байхад намаа ялуулж, олонх болгож чадсангүй гэдгээр барьцаалж, намын даргаас нь унагахаар зүтгээд байгаа билээ.
Нэг хэсэг Иргэний хөдөлгөөн хэмээн явж түүнийхээ гайгаар Ганц худагт хүртэл орсон О.Магнайд ганцыхан их юм зааж өгч хэмээн ярилцдаг. Үнэндээ тэрбээр 7 дугаар сарын 1-ний хэргээр Ганцад суугаад гарч ирсэн цагаас хойш хэлэх ярих үгээ цэгнэж, цахим ертөнцөөр шулагнах болсон. Мөн Ардчилсан намыг бараадаж, нөмөр доор нь явах болсон гэхэд ч болно. Тэрбээр уг нь энэ удаагийн сонгуульд АН-ы листэнд бичигдэж УИХ-д орохоор зэхсэн ч жаахан хойгуур бичигдсэний улмаас гоц мөргөчихөөд байгаа. Гэвч тэрбээр хэдэн жил хамгаалуулж явсан намаасаа абшиг хүртэх бололтой. Түүнийг Ч.Ганхуягийн орыг залгаж магадгүй гэсэн яриа тархаад байна. Өөрөөр хэлбэл тэрбээр Сангийн дэд сайд болж Монгол улсын мөнгөний нэг хэсгийг атгах гэнэ. Хэдэн жил ард түмэн гэж гүйж явсаны ашгийг одоо л хүртэх нь дээ, О.Магнай.
Сүхбаатар дүүргийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг энэ сарын 18-нд хэлэлцэхээр товлочихоод буй. МАХН-ынхны хувьд даргад нь холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгоно хэмээн найдаж байгаа гэнэ. Тэд одоогоос гурван сарын өмнө намын даргыг нь хууль хяналтынхан эрх баригдчын захиалгаар улс төрийн зорилготой, зохиомол хэрэгт холбогдуулан хүч хэрэглэж, баривчилсан гэж үзэж буйгаа мэдэгдэж байлаа. Эрх баригчид Н.Энхбаярыг сонгуулиас өмнө яллахаар санаархсан ч бүтэлгүйтсэн. Тиймээс одоо түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээн намынхан нөхөд үзэж буй гэнэ. Б.Хэрлэн
Ардчилсан нам хууль зөрчсөн нэр бүхий гишүүдтэй хамт тангараг өргөхөөс татгалзжээ
2012-07-06 10:08:08 Нийтлэгдсэн: Улс төрСЕХ-ноос 2012 оны 7 дугаар сарын 04-ний орой хуралдсан хуралдаанаараа Увс, Орхон, Өвөрхангай аймгийн сонгуулийн хэсгийн хороо болон МАН-аас нэр дэвшигчдийн гаргасан зөрчилтэй холбогдуулан эдгээр нэр дэвшигчдийг түр түдгэлзүүлээд байсан билээ. Учир нь Увс аймагт Ардын намаас нэр дэвшсэн Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар нь иргэд сонгогчдод гэрээ хийх нэрийдлээр бэлэн мөнгө тараасан нь үйлдэл дээрээ баригдаж өнөөдөр Хүрэлбаатарын туслах залуу хоригдоод байгаа билээ. Өвөрхангай аймагт Ардын намаас нэр дэвшсэн Чинзориг болон Төмөрхүү, Орхон аймагт нэр дэвшсэн Содбилиг нар ч мөн үйлдэл дээрээ баригдаж мөнгө тараасан үйлдэл нь баримтаар нотлогдоод байгаа тул СЕХ-ноос шүүх болон бусад асуудлаар шийдэгдтэл дээрх таван хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээс түр татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Гэтэл маргааш өглөө нь ахин хуралдаж энэхүү шийдвэрээ хүчингүй болгож, Увс аймагт нэр дэвшсэн Хүрэлбаатар болон Чойжилсүрэн, Орхон аймагт нэр дэвшсэн Содбилиг нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Ардын намын зүгээс Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлтэл чуулганы хаалт нээлтэнд оролцохгүй гэсэн шийдвэрийг өчигдөр бүлгийн хуралдаанаараа гаргасан. Ардчилсан намын зүгээс ч СЕХ-ны 2012-7-5-ны өдөр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, мөнгө тарааж хууль бусаар гишүүн болох гэж буй дээрх гишүүдтэй хамт тангарах өргөхөөс татгалзаж байгаа аж. Тэд энэхүү хууль бус үйлдлээ эргэн харж засч залруулах хүсэлтээ СЕХ-нд гаргасан байна.
Асуудал шийдвэрлүүлэх тухай Сонгуулийн Ерөнхий Хороо 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн дүнг авч хэлэлцсэн байна. Энэ хуралдаанаар УИХ-ын сонгуулийн Увс, Орхон, Өвөрхангай аймаг дахь 10, 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн үйлдлүүдийг сонгуулийн тойргийн хороо, шүүх, цагдаа зэрэг хууль хяналтын зохих байгууллагуудаар хянаж хууль зөрчсөнийг нь тогтоосон тул асуудлыг хуульд заасны дагуу эцэслэн шийдэгдэх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгах Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулахгүй байх шийдвэр гаргажээ. УИХ-ын сонгуулийн Увс, Орхон, Өвөрхангай аймаг дахь 10, 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн илэрхий булхайтай үйлдлүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрч, иргэд, сонгогчид энэ тухай хангалттай мэдээлэл авсан билээ. Гэтэл Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр буюу 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өглөө дахин хуралдаж өмнөх өдөр гаргасан шийдвэрээ үндэслэлгүйгээр өөрчилж УИХ-ын сонгуулийн Увс, Орхон аймаг дахь 15, 20-р тойргуудын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгах Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулжээ. Ардчилсан Нам УИХ-ын сонгуулийн Увс, Орхон аймаг дахь сонгуулийн 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн илэрхий булхайтай үйлдлүүдийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулиудад заасны дагуу шударгаар шийдвэрлэх, Сонгуулийн Ерөнхий Хороо энэ талаар 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрээ хадгалах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд УИХ-ын сонгуулийн Увс аймаг дахь 15-р тойргийн дүнг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулан Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгасан шийдвэрээ татан авч дахин хянаж шийдвэрлэнэ үү. АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй