СЕХ өчигдөр орой хуралдаж, зарим маргаантай асуудлыг хэлэлцжээ. Энэ хурлаар УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан гэх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Учир нь тэднийг сонгуулийн өмнө мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авсан баримтыг Увс аймгийн Ардчилсан намаас дэлгэж, СЕХ-нд хандаад буй юм. Тэдний энэ үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэдгийн аймгийн прокурор, Тагнуулын газрууд нотлоод буй юм. Тиймээс ч тойргийн хороонд энэ асуудлыг шийдвэрлэхийг удаа дараа сануулж байсан юм. Харин тойргийн хорооны МАН-ын төлөөлөл болох зургаан гишүүн энэ хууль бус ажиллагааг хамгаалсан шийдвэр гаргаж байв. Тиймээс Увс аймгийн Ардчилсан нам энэ хэргийг СЕХ-нд, мөн шүүхт өгчээ. Ямартай ч Увсад МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэдгийг зарлахаас татгалзаад байна. Тэд Сонгуулийн хуулийг зөрчсөн учраас хасагдах бололтой. Л.Халиу
УИХ, Нийслэлийн сонгуульд ялагдсан МАН-ынхан ууртай байна. Мэдээж, яагаад гэдэг нь мэдээж ойлгомжтой. Сонгуулийн өмнө намынхаа нэрийг сольж, хэдэн хөөрүү залуучуудаар удирдуулж, намаар тоглосонд гишүүд нь бухимдаж сууна. Шинэчлэгдэж байна гэж удирдлагуудаа залуучуудаар цус сэлбэсэн нь Сахил хүртээд шал дордов гэдэг л болчихлоо гэцгээж байна. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл гээд бүх бүтцээ өөрчилж, шинэчилсэн гэх боловч байдал улам дордож, гутамшигтайгаар ялагдсан тул дарга нартайгаа хариуцлага тооцох ёстой гэцгээв. Буруу менежментээр явсны гай нь сонгуулиар гарлаа хэмээн үзэж хариуцлага тооцох хугацааг тун удахгүй зарлах бололтой. Тиймээс МАН-ынхан энэ сард багтаан Бага хурлаа хуралдуулж, олон асуудал авч хэлэлцүүлэх гэнэ. Хурлын уур амьсгал ч халуун тогоон дотор байгаа мэт болох таамаг аль хэдийнэ гарчээ. Бага хурлаар сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагыг тооцох, намын удирдлагуудыг өөрчлөх, улмаар Их хурлаа хуралдуулах асуудлыг ч тавих аж. Юутай ч энэ мэдээлэлтэй зэрэгцээд одооноос намын дарга болоод генсек, нарийн бичгийн дарга нарт хүч үзэх хүмүүсийн кампанит ажил эхэлж. Намын гол ажлыг нугалах ёстой генсект БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарын нэр яригдаж эхэлжээ. Тэд энэ сонгуульд нэр дэвшин өрсөлдөөгүй учир ямар нэг хариуцлага нэхэх үндэслэлгүй гэж үзсэнийх бололтой. Магадгүй алсыг харан дараагийн төлөвлөгөөгөө ийнхүү боловсруулсан ч байх талтай. МАН-ын дарга нар сонгуульд нэр дэвшүүлэхдээ хамгийн оновчгүй сонголт хийж, алдаа гаргасан гэж гишүүд нь үзэж байгаа аж. Тухайлбал, тойрогт хэнийг явуулах, жагсаалтад хэнийг бичихээ буруу шийдсэн. Тухайн тойрогтоо иргэдийн дунд нэр хүндтэй байсан хүмүүсийг өрсөлдүүлэхгүй хэтэрхий мөнгө харсан хуваарилалт болсон гэж буй. Буруу хүмүүсээ буруу тойрогт хуваарилснаас ялах магадлалтай газартаа өвдөг шороодлоо гэв. Түүнчлэн намын 28-ын жагсаалтыг нийгэмд нэр хүнд муутай болсон хүмүүсээр толгойлуулснаас бүх зүйл буруугаар эргэсэн гэцгээж байна. МАН-ын гишүүд намын жагсаалтын эхний 10-т улс төрд улиг болтлоо явж, одоо олны эгдүүцлийг төрүүлэх болсон гишүүдийг бичсэн нь хамгийн том алдаа гэж үзжээ. Гэтэл Ардчилсан нам жагсаалтын эхний 10-т залуучууд, эмэгтэйчүүд хууччуул гээд зөв хуваарилалт хийсэн байгааг ч сануулаад байгаа аж. Ардчилсан нам хоёр ч эмэгтэй нэр дэвшигчээ жагсаалтын дээгүүрт оруулсан байтал МАН-ынхан олонд танигдсан эмэгтэйчүүдээ жагсаалтын хойгуур оруулж, аль мөнгө их төлснийг нь дээгүүр жагсаасан гэсэн санал, гомдол хэлэх хүн олон гарчээ. Зарим нэр хүндтэй эмэгтэй гишүүдээ торгуулийн батальон болсон тойрогт илгээж золигт гаргалаа гэв. Намын нэр сольноос болж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээнэ гэж хэвлэл мэдээллээр нэг амлаж байсан У.Хүрэлсүх генсектэй хамгийн эхэнд хариуцлага тооцох гэнэ. Намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-д суух болчихоод байгаа атлаа өдий болтол алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад бухимдсан гишүүд МАН-аар дүүрэн байгаа аж. Иймээс Бага хурлыг долдугаар сард яаралтай хуралдуулж, ялагдалд оруулсан намын дарга нартай хариуцлага тооцуулж, цаашид тэдэнд итгэл үзүүлэхгүй байх мессэж МАН-д маш хүчтэй тарж эхэлжээ. Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөгчид тодорч эхэлсэн бол цаашид МАН-ыг авч явах дарга болчих нэр хүндтэй лидер хэн байх талаар таамаг өрнөөд эхэлчихсэн сурагтай. Зарим нэг нь намын даргад өөрийгөө сойх тухай ч чих дэлсэв. Юутай ч, сонгуулиас өмнө АНУ-ыг зорьсон С.Баяр удахгүй эргэн ирж, Бага хуралд оролцох мэдээлэл байна. Өмнөх сонгуулиар ялалт байгуулахад МАН-ыг удирдаж байсан гэдгээр нь С.Баярыг эргээд намын удирдлагыг гартаа авах санал гишүүдээс нь гарсан гэх. Түүнээс гадна Шадар сайд М.Энхболдыг намын даргад нэрээ дэвшүүлэх санал гишүүдийн зүгээс хүчтэй явж байгаа ч гэсэн мэдээлэл байгаа. Удтал бухимдалтай байсан МАН-ынхан удахгүй тэсэрч, маш том дуулиантай өөрчлөлт хийж магадгүй Бага хурал энэ сарын хамгийн том сенсаац болох нь ээ.
Монгол Улсын шинэ парламент, Засгийн газар баяр наадмын өмнө эмхлэн байгуулагдаж ирэх дөрвөн жилийн их ажлын гараанаас гарах нь. Сонгуулийн үр дүнд УИХ-д баттай олонхи болчихнам байхгүй. АН 33, МАН 29 суудалтай болсон бол МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс тойргоос дөрөв, жагсаалтаар зургаа, нийт 10 гишүүн орж ирж бүлэг байгуулахуйц сөрөг хүчин бүрэлдээд байна. Дээр нь ИЗН-ын С.Оюун, дөрвөн бие даагч нэмэгдсэнээр парламентын 76 суудал бүрдэж байна. Нэгэнт АН олонхи болж Засгийн газраа дангаараа бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй учир аль нэг улстөрийн хзүчинтэй эвсэж ажиллах нь тодорхой. Харин парламентын босго давчихаад байгаа гурван улстөрийн хүчний алинтай нь эвсэх нь АН-ын улстөрийн карьерт ихээр нөлөөлөх юм. 29 суудалтай МАН-тай эвслээ гэхэд ах нар маш том, хатуу болзол тавина. Цаашлаад өнөөдөр байгаа ТӨХ, Эрдэнэт зэрэг томоохон суудлуудаа авч үлдэх гэнэ. Энэ мэтээр 10 гаруй жилийн дараа арай гэж олдсон ялалтын бялууны ихэнх хувийг хүртэх гээд зүтгэнэ. Хамгийн гол нь өнгөрсөн дөрвөн жил хангалттай муу хэлүүлсэн өнөөх МАНАН бүлэглэл эргээд нэгдлээ, улстөрийн манан ахин татлаа гэсэн ард түмний дундах шүүмжлэл өрнөж, итгэл нь алдарна. ИЗНН-тай эвсэе гэхээр суудлын тоо хүрэхгүй. Уг нь хамгийн боломжийн хувилбар байх байлаа. Ингээд адаг сүүлд нь МАХН-МҮАН шударга ёс эвсэл үлдэж байна. Яаж ч бултаад, аргаад нэмэргүй энэ хувилбарыг сонгохдоо хэрхэн уран бэрийн нүүдлийг хийх вэ гэдэг л байгаа. Намынхаа нэрийн цаанаа үлдсэн экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг од болгочихгүйн тулд хамгийн зөв тохироог хийх хэрэгтэй болж байна. Сонгуулиас хойшхи хэд хоногт ийм сонголтыг хийн МАХН-МҮАН эвсэлд эхний саналаа хүргүүлсэн. Энэ эвслийнхэн ч тэднийг удаан хүлээлгэж тэвдүүлэлгүй саналыг хүлээж авсан байна. АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар холбоо барьж дараа нь биечлэн уулзалт хийсэн гэх. Н.Алтанхуягийн санаачлагыг Н.Энхбаяр тун болгоомжтой хүлээн авч, нөхцөл байдлыг сайн шинжлэх ёстой гэсэн байр суурийг баримталж буй бол ядарсан үед нь тус болсон намынх нь нөхөд тун ч баяртай байгаа гэнэ. Тиймээс л УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтнүүд яаран сандран хэвлэлийн хурал зарлаж шинээр байгуулагдах Засгийн газарт уриалгахан орно гэдгээ мэдэгдээд авав. Харин тэдний энэ шийдвэрийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таатай хүлээн авахгүй байгаа гэх. Тиймээс АН-ын удирдлагуудыг дуудан уулзаж МАХН-МҮАН-тай юу бодож эвсэж байна? Эвслээ ч танай Засгийн газрын хувь заяа бүрхэг байна. Тэгээд ч ирэх 2013 онд эвслээс би ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Та нар намайг дэмжих гээд байна уу? Н.Энхбаярыг дэмжих гээд байна уу? гээд бодлогоо тодорхой болгоорой. Ийм хэлэлцээр хийхийн оронд МАН-ын удирдлагатай учраа ол гэсэн утгатай заавар зөвлөгөөг өгсөн гэсэн яриа саарал ордноор таржээ. Саарал ордноор тэнэсэн бор шувуу хоосон худал жиргэдэггүй гэдэг. Ямартай ч тэдний эвсэл тийм ч дардан байхгүй нь. Шинэ спикерээр З.Энхболд очих нь Энэ намын хувьд олон намын нэгдлээс бүрдсэн учир үүзнээс улбаатай олон фракцитай. УИХ-ын гишүүн тодорсон эрхмүүдийн хэн нь ямар фракцид хамааралтайг авч үзвэл Алтангадас фракцид ерөнхийдөө экс социал демократууд буюу АН-ын дарга Н.Алтанхуяг, эрхэм гишүүн Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, шинээр парламентад орж ирж буй Я.Санжмятав, А.Бакей, Б.Наранхүү нар багтаж байна. Хуучны Монголын үндэсний дэвшлийн намынхан болох мүдняк фракцийг Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Б.Болор, Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар төлөөлж буй. МоАХ гэж нөлөө бүхий фракц бий. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орохгүй хэмээн мэдэгдэж байсан нэлээд тэмцэгч тус жигүүрт Х.Баттулга, Д.Ганбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хамаарна. Гол төлөв залуу гишүүдээс бүрддэг, нэлээд хожуу мэндэлсэн Шонхор фракцид Д.Ганхуяг, С.Эрдэнэ, С.Одонтуяа, З.Энхболд, Г.Баярсайхан, М.Зоригт, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, М.Батчимэг нар орж байна. Эдгээр фракцуудын төлөөлөл Засгийн газарт эн тэнцүү багтах магадлалтай. АН-ын бүрэлдэхүүн дотор Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, үе үеийн Засгийн газрын гишүүн асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Батбаяр, Х.Баттулга, Ш.Түвдэндорж, Л.Болд нарын хүмүүс бий. Алтангадас фракцийнхнаас бусад нь Шударга ёс эвсэлтэй нэгдэж доошоо орохыг хүсэхгүй байгаа гэсэн яриа гарсан байна. Ямартай ч Өнгөрсөн парламентын хугацаанд байгуулагдаж намынхаа удирдлагуудыг хэдэнтээ дэнжигнүүлээд авсан Шонхор фракцийнхан олуулаа болж чадсан. Дээр нь ерөнхийлөгч тэдэнтэй ойр. Тэгэхээр санаачлагыг гартаа авахын тулд хамгийн их үүрэг гүйцэтгэх хүмүүс. Баттай бус эх сурвалжуудын ярьж буйгаар УИХ-ын даргаар З.Энхболд очих нь тодорхой болж байгаа гэх. Тэгэхээр хууль тогтоох байгууллагынхаа тамгыг гартаа оруулж байга агэснэ үг. Дараа нь Засгийн газрын бүрэлдэхүүнд хэдэн гишүүнээ оруулахыг нь харах үлдэж байна. Мэдээж Алтангадасынхан гүйцэтгэх засаглалаа гартаа оруулахыг хүснэ. Шударга ёс эвсэлд гурван сайдын суудал хуваариласан болохоор үлдсэн суудлыг хагарал үүсэхгүйгээр хуваарилах нь чухал байгаа. Ц.Ургамал www.times.mn
Хүн тоолоод будлиулаад байсан учраас компьютер сонгоогүй билүү...
2012-06-29 11:13:54 Нийтлэгдсэн: Улс төрСЕХ албан ёсоор мээдэлэл хийгээгүй байна. Саналыг дахин гараар тоолох тухай маргаантай хэвээр байгаа билээ. Урьдчилсан дүнгээр бол АН энэ удаагийн сонгуулийг өнгөлж явна. Тэр дундаа нийслэлийнхэн АН-д илүү итгэж байгаагаа харууллаа. АН саналын хуудсыг дахин гараар тоолуулах тал дээр эсрэг байр суурьтай байгаа бол МАН болоод бусад жижиг нам эвсэлүүд гараар тоолуулах хүсэлтэй байгаа билээ. Цахим санал хураалтанд зарим хүмүүс итгэхгүй байгаагаа илэрхийлж байгаа юм. Өмнөх сонгуулиудыг гараар тоолж байсан төдийгүй үргэлж маргаантай будлиантай асуудал яригддаг байсан. Тийм ч учраас энэ удаагийн сонгуулийг маргаангүй болгохын тулд цахим хэлбэрт шилжүүлсэн. Энгийн логикоор бодоход гараар тоолоод дүнг нь тулгачихмаар харагдаж байгаа боловч ачир дээрээ тийм биш гэдгийг өнгөрсөн сонгуулиудын үр дүн бэнлхнээ харуулж байсан. Хэрвээ саналыг гараар тоолох дээрээ тулбал сонгуулийн хэсгийн хороод дээр ажиллаж байгаа хүмүүс тоолж таарна. Төрийн албан хаагчид энэхүү саналыг тоолохдоо будлхиан хийхгүй гэх газаргүй. Яагаад гэвэл хэсгийн хороод болгон дээр МАН-ын засгийн газрын төийн албан хаагч нар ажиллаж байгаа. Саналын хуудсыг хүчингүй болгодог шилэгдсэн аргаа дахин хэрэглэх боломжийг МАН-д олгодог юм бол өчнөөн зардал гаргаж цахим хэлбэрт шилжүүлэх ач тус нь хаанаа гарах юм. Цахим машинд бус хүн нь илүү найдвартай гэж үзэх хүмүүс байна. Гэтэл машин нь уг нь нам эвсэл гэсэн сонголт хийхгүй шүү дээ. Хүмүүс л үүнийг хийдэг. Бид банкны гүйлгээгээ гар утас, компютрээр хийдэг болоод нэлээд хэдэн жил боллоо. Гэтэл энэ хэмжээний зүйл дээр эргэлзэх хэрэггүй баймаар санагдах юм.Гараар тоолуулах дээрээ тулбал маш өндөр хяналттай зохион байгуулах ёстой. Гэтэл бид сонгуулийн хуулиндаа энэ үйлдлийг хуульчилж оруулаагүй байдаг. Дээрээс нь нэмж хэлэхд МАН ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа дүр зураг нийгэмд харагдаж байна. Хэрвээ тэд ялсан бол өдийд намын байран дотроо шампаснкаа буудуулаад сууж байх байсан. Хар 7 сарын 1-ний эхлэлийг тавьсан 2008 оны 28-ны сонгууль дээр тэгж байгаагүй гэж үү. Намын байрных нь гадаа ард түмэн жагсаж байхад тэд тогойгоо ч цухуйлгаагүй биз дээ. Үнэхээр АН цахим аргаар луйвардсан юм бол АН-ын байрны гадаа иргэд бухимдал дүүрэн жагсаж байрыг нь яагаад шатаахгүй байгаа юм бол... Б.Инжир
Өнөөдөр 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөөний 07 цагаас эхэлж, 20 цагийн хооронд амжилттай болж дууслаа. Сонгуулийн Ерөнхий хорооноос болж буй үйл явдлын талаар давтамжтайгаар мэдээлэл өгч байв. Хамгийн сүүлийн мэдээллийг 21 цагт өгнө гэж мэдээлсэн ч тодорхой хугацаагаар хойшлон 21 цаг хагасын үед СЕХ-ны дарга Н.Лувсанжамц сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сонгогчдын ирц хамгийн сүүлийн албан ёсны мэдээгээр буюу 20.00 цагийн байдлаар мэдээллээ. Улсын хэмжээнд нийт 1833478 иргэн санал өгөхөөс 1198086 нь саналаа өгснөөр ирц 65,24 хувьтай гарчээ. Хөдөө, орон нутагт сонгуулийн ирц 66,8 хувьтай, харин нийслэлд 63,24 хувьтай байжээ. Энэ дүнг СЕХ-ны дарга Лувсанжамц тайлбарлахдаа, шинэ технологи ашигласан нь сонгогчдын санал өгөх хугацаанд нөлөөлснөөс гадна хуучин өгч байсан хугацаанаас 2 цагийн өмнө санал хураалтыг дуусгасан, гэхдээ энэ оны сонгогчдын санал өгсөн байдал харьцангуй идэвхтэй байсан гэж мэдээлэв. Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын албан ёсны дүнг 10 хоногийн дотор багтаан зарлана гэдгээ мэдэгдсэн. СЕХ-ны мэдээллийн дараачаар намууд урьдчилсан дүн мэдээг гаргаж эхлээд байна. Харин энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав хэлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос гарч байгаа мэдээлэл бол албан ёсных. Урдьчилсан дүнг бид тодорхой мэдээлэл авсаны үндсэн дээр гарах байх. Үүнээс өмнө гарч байгаа дүн бол албан ёсны бус мэдээлэл юм. Санал хураалтын дүнг одоогоор мэдээлэх боломжгүй. Мэдээ дамжуулах асуудал бол үүрэн телефоны сүлжээтэй холбоотой. 400 гаруй газар хэсгийн тоог авахгүйгээр урьдчилж дүн гаргах боломжгүй гэв. Яг одоогоор намуудын урьдчилсан мэдээлэл маш олон янзаар гарч байгаа юм. Жишээ нь твиттер буюу жиргээчид ялангуяа мэдээллийн олон байдлаар зарлаж байна. Зарим нэг эх сурвалжууд харин сонгуулийн санал хураалтын штаб болон намын ажиглагч нарын мэдээлэлд тулгуурлан урьдчилсан мэдээ өгч байгаа аж. Ямартаа ч Сонгуулийн Ерөнхий хорооноос энэ удаагийн УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнг зарлах учир сонгогч та бүхэн аливаа нэг зүйлд туйлширалгүй, саналын үр дүнг албан ёсны мэдээллээр хүлээн авах нь зүйтэй болов уу. С.Отгонбаяр
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй